П.Эрдэнэтуяа: Монголбанкинд АЛТ ТУШААЛТ ЭНЭ ОНД ӨСНӨ
2018 оны Mayын 24

Алт болон бусад үнэт металлын сорьц, шинжилгээний талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн Монголбанкны алт худалдан авалт он гарсаар хэдий хэмжээнд хүрээд байна вэ?

-Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн бөгөөд энэ онд өнгөрсөн оныхоос өснө гэж тооцож байна. Оны эхний гүйцэтгэлүүд ч өмнөх оны мөн үеэс өндөр байгаа. Түүнчлэн алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг орон нутагт байгуулахаар зорьж байна. Одоогоор иргэд, аж ахуйн нэгжүүд орон нутгаас Улаанбаатар хотод ирж, алтаа сорьцлуулаад, төв банкинд тушааж байгаа. Энэ үйл ажиллагааг орон нутагт бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр байгууллага, иргэд алтаа орон нутагт сорьцлуулж, орон нутаг дахь Монголбанкны салбар, банкинд худалдах боломжтой болно. Иргэд, байгууллагуудын зардал, чирэгдэл багасч цаг хугацааг хэмнэх юм.

-Аль аймагт сорьцын лаборатори байгуулахаар болсон бэ? Ер нь энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Баянхонгор, Дархан-Уул аймагт үнэт металлын сорьцын лаборатори байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Эдгээр сорьцын лабораторийг ирэх наймдугаар сард багтаан нээхээр зорьж ажиллаж байна. Монгол Улсад ганцхан байдаг Үнэт металл, сорьцын хяналтын газрын бүтэц нь Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд байдаг. Тиймээс Стандартчилал, хэмжил зүйн газарт орон нутагт салбар байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол хүлээгдэж байгаа.

-Алт тушаалтын ирэх онуудын төлөв ямар байна вэ?

-Хууль эрхзүй болон хайгуулын бодлогоос хамаарахаар байгаа. Учир нь алтны шороон ордын нөөц дуусч байгаа. Тиймээс үндсэн ордын үйл ажиллагааг төрийн дэмжих, хувийн хэвшлийн холбогдох зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын асуудал гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнээс гадна хайгуулын нэгдсэн бодлого шаардлагатай гэдгийг салбарынхан ч хэлдэг.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувьтай байгаа. Энэ хувь хэмжээг мөрдөх хугацаа ирэх оноос дуусна. Хувь хэмжээг өөрчлөх үү?

– Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-д “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү” гэж заасан бөгөөд 2019.01.01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр байгаа. Энэ төлбөрийн хувь хэмжээг хэвээр байлгах тухай  “Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шинэчилсэн найруулгын төсөл”-д санал хүргүүлсэн.  Татвар, төлбөрийн хэмжээг нэмэхээс илүү аль болох  бодитой тогтоож, тогтвортой байх, мөн иргэд, аж ахуй нэгж татвараа цаг хугацаанд нь төлөх, тайлагнах нь чухал байдаг.

Мөн “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулан ажиллаж байна.  Уг өөрчлөлтөд үнэт металл, үнэт чулууг сорьцлох үйл явцыг зөвхөн нэг байгууллагад хариуцуулахгүй байхаар тусгаж, олон улсын стандартад нийцсэн энэ чиглэлийн лабораторуудыг нэмэгдүүлэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл, нэг байгууллага бүх үнэт металл, чулууг сорьцолж байгаа нь хэт төвлөрсөн бүтэц.

-Одоогоор үнэт металлд сорьцлох үйл явц зарим талаар замбараагүй, баталгаагүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

-Сорьцлох үйл ажиллагаа зарим хэсэгт албан бусаар үргэлжилж буй. Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар Урт цагаан орчим эсвэл орон нутагт ченжүүд буюу хувиараа бизнес эрхлэгчид алт сорьцолж байгаа. Гэхдээ энэ нь баталгаагүй. Тиймээс Монголбанк зөвхөн Үнэт металл, сорьцын хяналтын газрын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг. Цаашид холбогдох хуулиудыг өөрчилж, сорьцлох зөвшөөрлийг хувийн хэвшилд олгосноор олон улсын стандарт хангасан лабораториуд бий болно гэж үзэж байгаа. Ингэснээр энэ чиглэл илүү хөгжиж, үнэт металлын худалдан авалт Улаанбаатарт төвлөрөх шаардлагагүй болно.

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага