Оюутолгойн өөрийнхөө талбайд ДЦС барина гэвэл Засгийн газарт хориглох эрх байхгүй
2018 оны Mayын 24

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй Тавантолгойн цахилгаан станцын асуудлаар ярилцлаа.

-ГЭРЭЭНИЙХЭЭ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛ ГЭСЭН ШААРДЛАГАА ТАВИАД ЯВНА-

-Засгийн газраас өмнөд бүсийн эрчим хүчний гэрээг цуцлаад удлаа. Гэрээнд заасан хугацаандаа амжин цахилгаан станцаа барих асуудал ямар түвшинд яригдаж байна вэ?

-Цахилгаан станц барих хугацаа өөрөө дөрвөн жил юм. Өнөөдрөөс тооцоход 2020 онд хугацаа нь дуусна. Хугацаа нь ийм байгаа учраас жил алдагдуулчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс гэрээний заалтын хэрэгжилтийн талаар нэлээд асуудал хөндье гэсэн бодолтой байна.

-Хөрөнгө оруулагчийн зүгээс цахилгаан станц барих асуудлаар ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Мэдээж хэрэг худалдах, худалдан авах асуудал хамгийн чухал. Тийм учраас “Та бүхэн яг тогтвортой байдлаар эрчим хүч худалдаж авах уу” гэдэг асуудлыг “Рио Тинто”, Оюутолгой компаниас шаардаж байгаа байх. Санхүүгийн баталгааны хугацааны жаахан асуудалтай байсан юм билээ. Түүнийгээ шийдсэн юм байна гэж ойлгосон.

-Тогтвортой байдлаар эрчим хүчээ авах зохицуулалтыг хэрхэн хийж өгөх ёстой юм бол?

-Тэр бол компани хоорондын л асуудал. Засгийн газар бол дөрвөн жилийн дотор эрчим хүчээ манайхаас авах ёстой. Гэрээнийхээ заалтыг хэрэгжүүл гэсэн шаардлагаа тавиад л явна. Бид холбогдох журмын дагуу тусгай зөвшөөрлүүдээ өгөх ёстой.

-Цахилгаан станцыг Оюутолгой өөрсдийнхөө талбай дээр барих гэрээний үүрэг хүлээж байгаа юу?

-Цахилгаан станц барих гурван хувилбар байгаагийн нэг нь өөр дээрээ цахилгаан станц барих явдал. Тусгай зөвшөөрлөө энэ чиглэлд авсан ч хугацаа нь дууссан. Тэгэхээр сунгуулах асуудал яригдах байх. ТЭЗҮ-гээ боловсруулна гэдэг чинь өөрөө хугацаа шаардсан ажил. Томоохон эрчим хүчний станцын зураг төслийг боловсруулна гэхээр нэлээд удна. Тиймээс бэлэн байгаа төслүүд дээрээ ажиллаад явах нь илүү зохимжтой гэж Засгийн газар үзэж байгаа. Ингэж байж дөрвөн жил дотроо амжих нөхцөл бүрдэнэ.

-Оюутолгой өөрийн талбай дээрээ цахилгаан станц барих нь Засгийн газрын бодлоготой хэр нийцэж байгаа вэ?

-Гэрээн дээрээ нэгэнт Оюутолгойг өөрийн талбай дээрээ цахилгаан станц барихыг зөвшөөрчихсөн. Гэрээнд ингээд тусгагдчихсан учраас бид яах билээ. Ерөөсөө л цахилгаан станцаа өөрсдөө барь, эсвэл Монголын талаас ав. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдээс эрчим хүчээ авч болно гэсэн байдлаар гэрээнд тусгаж өгсөн байдаг. Тийм учраас Оюутолгойн өөрийнхөө талбайд ДЦС барина гэвэл Засгийн газарт хориглох эрх байхгүй.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг Засгийн газрын хүрээнд өөрчилж, цаг хугацаа алдсан явдлын тухайд та юу хэлэх вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр дөрвөн жилийн хугацаанд буюу 2017 оны долдугаар сард Монголоос эрчим хүчээ авч эхлэхээр тусгаж өгсөн байсан. Үүнийг Өмнөд бүсийн эрчим хүчний гэрээгээр түдгэлзүүлсэн байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар батлагдсан гэрээгээ  Засгийн газрын түвшинд яриад, өөрчлөлт оруулчихсан. Ингэж болохгүй. Хууль зөрчсөн байдлаар явсаар ирсэн. Харин үүнийг нь хүчингүй болгосноор Оюутолгой эрчим хүчний хэрэглээгээ Монголоос авах учиртай гэсэн хөрөнгө оруулалтын гэрээний заалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Ерөөсөө л ийм зүйл.

-Цахилгаан станц барих асуудлаарх “Рио Тинто” группийн санал, холбогдох ажлуудыг гацаасан, удаашруулсан тохиолдол Засгийн газарт, тэр дундаа танай яаманд байгаа юу?

-Гацаасан гэж хэлж байгаа бол зүгээр л шалтаг.

-ОЮУТОЛГОЙН ТУЗ-Д СУУЖ БУЙ ХҮМҮҮС ХЯНАЛТАА САЙН ТАВИХ ЁСТОЙ-

Засгийн газраас Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудлыг ажил хэрэг болгоно гэж мэдэгдлээ. Тэгэхээр Тавантолгойн бүлэг орд дээр бас нэг цахилгаан тсанц барих шаардлага үүснэ. Бодлогын энэ давхардлыг хэрхэн зохицуулах вэ?

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэл дэх төмөр замын асуудлыг шийдсэн. Тээвэрлэх хоёр дахь гарцыг нээх бодлогыг Засгийн газраас барьж байна гэсэн үг. Харин станцын хувьд Тавантолгойн дээр дахин баригдлаа гэхэд хэрэглэгчээ сайн тооцох шаардлага үүснэ.Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч нүүрсний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд зэргээр эрчим хүчний хэрэглээ тэнд байгаа нь үнэн. Тэгэхээр бид станцынхаа асуудлыг аль болох хугацаа алдахгүй л шийдэх ёстой юм. Гэтэл  эрчим хүчний гол хэрэглэгч цахилгаанаа хаанаас авах гээд байгаа нь өнөө хэр мэдэгдэхгүй байна. Цахилгаан станцаа барих ч юм шиг, барихгүй юм ч юм шиг дүлэгнээд байна шүү дээ. Ийм байдла үзүүлээд байгаа нь буруу. Тиймээс бид Тавантолгой төслөөс үл шалтгаалж, Оюутолгойг цахилгаан станцаа барих эсэх шийдийг нь энэ ондоо багтааж сонсох хэрэгтэй байгаа юм.

-Цахилгаан станцаа барихгүй гэвэл яах вэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зөрчигдөж байгаа бодит нөхцөл байдал бол энэ юм. Тэгэхээр Засгийн газраас маш сайн шахалт үзүүлнэ. Энэ чигээрээ Рио-Тинтотой муур хулгана болоод, яваад байж болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ чигээрээ яваад л байх юм бол нэг л мэдэхэд 2020 он болчихно. Тэр үед хамаг баялгаа аваад, гараад явахад бэлэн болчихсон байхыг ч үгүйсгэхгүй.

-Та Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь янз бүрийн олон хувилбар яригдсаар ирсэн. Одоо бол төр 51 хувиа эзэмших хувилбар яригдаж байгааг би хувьдаа зөв гэж харж байгаа. Үнэхээр байгалийн баялаг Монголын ард түмний эзэмшилд байх ёстой нь үнэн юм бол заавал төр хувиа эзэмшээд явах учиртай. Одоо Оюутолгойг хар. 51 хувиа төр эзэмшиж чадахгүй байгаа учраас өнөөдрийн бүх асуудал үүсч байна. Тэгэхээр гаднаас санхүүжилт татна уу, 49 хувиа зарна уу. Энэ бүх боломжоо ашиглах л хэрэгтэй. Өмнөх парламентын үед Тавантолгойн төслийн талаар нэлээд гишүүд нэгдэж, төр зайлшгүй 51 хувиа эзэмших ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Энэ бол маш зөв алхам байсан. Харин 49 хувь дотроо менежментээ шийдэх хэрэгцээ шаардлага байгаа.

-Өнгөрсөн онд нүүрсний салбар эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлж, “Эрдэнэт” үйлдвэр ч харьцангуй өндөр татвар төлсөн. Харин Оюутолгойн зарим төрлийн татвар буурсан нь ямар учиртай юм бэ?

-Тавантолгой бол үнэхээр гайхамшигтай орд. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л Тавантолгойн нүүрс бий болгосон. Монгол Улсын экспортын орлого 2016 онд 4.9 тэрбум ам.доллар байсан. Харин 2017 оны сүүлчээр 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Нэг жилийн дотор 1.3 тэрбум ам.доллараар экспорт өссөн. Үүнийг нүүрс л өсгөсөн юм. Энэ тоо өнөөдөр бидэнд амсхийх боломж бий болгож, эдийн засгийн өсөлтийг авчирлаа. Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэр 520 гаруй тэрбум төгрөгийн татварыг 2017 онд төлсөн. Энд ганц буурсан үзүүлэлттэй компани байгаа. Тэр нь Оюутолгой. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөөд байсан мөртлөө Оюутолгойн татвар буурчихсан байгаа юм. Өмнөх жилүүдэд Оюутолгой ААНОАТ-т 140-160 тэрбум төлдөг байсан. Гэтэл 2017 онд 19 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Энэ нь зардлаа өссөнийг л харуулж байгаа. Зардал өсөхөөр орлогын албан татвар нь буурчихаж байгаа юм.

-Зардлын хэтрэлтийн асуудлаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд хяналт  тавьж ажиллах ёстой биз дээ?

-Зардал өсөөд байгаа асуудалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгойн ТУЗ-д сууж буй хүмүүс анхаарах ёстой. Хяналтаа тавиад явах ёстой. Үүнийхээ төлөө тэд цалин авч байгаа. Төрийн төлөөллөө хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэс Монгол”-той маш сайн хамтарч ажиллаж, санал санаачлага гарах учиртай. Сангийн яам, УУХҮ-ийн яаманд тодорхой мэдээлэл өгч байх хэрэгтэй. Түүнээс биш цалин авчихаад л, тэндээ бөөцийгөөд суугаад байж болохгүй.

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт саяхан өөрчлөлт орж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хүртэл багтлаа. Ер нь энэ парламентын үед Оюутолгойн асуудалд тодорхой өөрчлөлт гарна гэсэн итгэл үнэмшил танд байгаа юу?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сүүлд шинэчилсэн. Тэгэхээр тодорхой асуудлуудаа гаргаад ирэх болов уу гэсэн горьдлоготой байгаа. Энэ асуудлаар харьцангуй зөв байдлаар тогтвортой байр сууриа илэрхийлдэг хүмүүс ажлын хэсэгт багтсан байна билээ. Тийм учраас ард түмэнд ашигтай байдлаар асуудал эргэх болов уу гэсэн хүлээлттэй л байна.

Ж.МЯДАГБАДАМ

эх сурвалж: medee.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага