“Зарлаагүй дайн” ба Монгол Улсын тусгаар тогтнолыг их гэрийн бат бөхөөр ханаар дүрсэлсэн Баянцагааны нуруунд байрлах “Ханан хөшөө”
2018 оны Mayын 31

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ҮНЭН ТҮҮХ БА ХЭЭРИЙН МУЗЕЙ БАЙГУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ /нийтлэл/

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн дайсныг бут цохьсон түүхэн Ялалтын өлгий нутаг Дорнод аймгийн Халхгол суманд “Халхын голын дайны хээрийн хээрийн үзүүллэг”-ийн нээлтэд оролцож, 3 өдрийн турш хүйтэн дайны балраагүй мөрөөр аялсан тэмдэглэлээ нийтлэл болгон та бүхэндээ хүргэж байна.

Японы эзлэн түрэмгийлэгчид Монгол орны алс зүүн хязгаар Халхын голын хилээр нэвтрэн орж, 1939 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Дэлхийн 2 дугаар дайны эхлэл болох “Зарлаагүй дайн”-ыг өдүүлсэн түүхтэй. Халхын голын дайнд агаарын болон хуурай замын талбарт, Ази-Номхон далайг “дайнч бодлого”, зэр зэвсгийн хүчээр ноёрхогч Японы милитарист хүчний эсрэг Монгол-Зөвлөлтийн цэргүүд гарамгай байлдаж, баатарлаг ялалт байгуулсан түүхэн гавъяаг бид мартах учиргүй.

Тиймээс 2019 онд тохиох Халхын голын түүхэн Ялалтын 80 жилийн ойг угтан Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Халхгол сумын “Ялалт” музейн хамт олон “Халхын голын дайны хээрийн үзүүллэг” төслийг санаачлан 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн эхлэл болох “Халхын голын дайны хээрийн үзүүллэг” –ийн нээлтийг Халхгол сумын төвөөс 12 км-ийн зайд Хайлааст манханд орших Ремизовын өндөрлөгт 3.5 километрийн радиуст сөнөөгч онгоцны тал бие, далавч, хуягт, танк, их бууны хэлтэрхий зэрэг дайны ул мөрийг гэрчлэх баримт, эд өлгийн зүйлүүдийг олон улсын болон бүс нутгийн музейчдэд дэлгэж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал хүсэлт, зөвлөмжийг авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахаар төлөвлөж, музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Аяллын эхний өдөр Одоогоос 79 жилийн тэртээх дайны тэсрэх бөмбөг, исгэрий сумны шарх аниагүй Халхын голын буурал талд байрлах Монгол-Зөвлөлтийн эрэлхэг баатруудын үүрд нойрсож буй чулуун хөшөөнүүдийг зорилоо.

Халхын голын дайнд баатарлаг гавъяа байгуулсан 17 дугаар морьт хорооны сумангийн захирагч М. Экейн хөшөө, Монгол Улсын тусгаар тогтнолыг их гэрийн бат бөхөөр ханаар дүрсэлсэн Баянцагааны нуруунд байрлах “Ханан хөшөө”, Зөвлөлт Холбоот Улсын баатар Яковын хөшөө, Монгол ардын хувьсгалт цэргийн 6, 8 дугаар морьт дивиз, хуягт бригад, их буу, нисэх хороо, хилийн цэргийн 24, 27, 31 дүгээр зэрэг нэгтгэл, анги салбарын дайчдын байгуулсан баатарлаг гавъяаг мөнхжүүлэн босгосон 80 баатрын хөшөө, Энх тайвныг эрмэлзэгч Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө Японы түрэмгийлэгчидтэй байлдаж амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн баатруудын гэгээн дурсгалд зориулан босгосон алдарт 90 баатрын хөшөөгөөр аяллаа.

Цэл залуугаараа эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн Монгол улсын баатарлаг цэргүүд, манай орны дархан хилийг хамгаалан тулалдаж, амь эрсэдсэн Зөвлөлтийн дайчин эрсийн булш, бунхан өнөөдрийн бидний амьдарч буй эх нутаг, газар шороо минь ямар үнээр олдсоныг бэлхнээ гэрчилж, “Монгол улс үүрд оршин тогтнохын утга учир”-ын талаар нэгийг өгүүлж байсан юм.

Дараачийн өдөр бид Халхгол сумын байлдааны чиглэлээр дагнасан үзвэр, түүхэн олдвор бүхий “Ялалт музей”-г үзэж, сонирхсон бөгөөд Халхгол сумын Музейн дарга Л.Мягмарсүрэн гуай зочид, төлөөлөгчдөд музейн олдвор, үзвэрийн талаар тодорхой тайлбарлаж, музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, залуу тайлбарлагчийг сургаж, музейн залгамж халааг бэлтгэж байгаа талаар дурьдаж байв.

Аяллын хамгийн оргил хэсэг нь Тэнгэр бүүдийж, салхи сэвэлзэн, хаа нэг утаа суунагласан аймшигт дайны нэг өдрийг санагдуулам 05 дугаар сарын 19-ний өглөө Халхын голын дайны хамгийн ширүүн тулалдаан болсон Ремизовын өндөрлөгт орших Хайлааст манханд дайны гашуун мөрөөр хийсэн явган аялал байлаа.

Ремизовын өндөрлөгт 3.5 километрийн радиуст байрлах сөнөөгч онгоцны тал бие, далавч, хуягт, танк, их бууны хэлтэрхий зэрэг дайны ул мөрийг гэрчлэх баримтуудыг үзэж сонирхон, хүслээ гүйцээж амжаагүй хаа нэгтээ хэвтэх тэсрээгүй гранатаас болгоомжлон явахдаа энхийн цагт атгахан зүрх минь ингэж түгшиж байхад дарийн утаа үнэртсэн дайны талбарт гүйж явахдаа тэд эх орныхоо төлөө алтан амиа өргөхөө зөвхөн хүн байх заяанд нь олдоогүй амар амгалан амьдрал, тайван цаг үеийг мөрөөдсөөр л одсон байх даа гэсэн харамсал өөрийн эрхгүй төрж билээ

Дайны жилүүдэд хэрэглэж байсан тогоонд хээрийн хоол хийж, дайны сэдэвт богино хэмжээний кино үзүүлж, дайны аймшигт дурсамжуудыг мэдрүүлж, хор уршигийн талаар сэтгэлд, зүрхэнд, тархинд хүртэл мэдрүүлсэн, хүн бүрт мэдрүүлэхийн төлөө зорьж буй тэр эрхэм бол Халхгол сумын Цэргийн гавъяаны улаан тугийн одонт “Ялалт” музейн дарга Л.Мягмарсүрэн гуай юм.

Халхын голын дайны гашуун үнэнийг өгүүлэх үзвэр, олдвор бүхий Монгол улсын цор ганц музейг удирдан яваа түүний гол зорилго нь соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, дайны ул мөрийг гэрчлэх эд өлгийн зүйлээр гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татах, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгийн чухал нь энэ эх орон чинь бидэнд ямар их үнэ цэнээр олдсоныг хүн бүрт мэдрүүлэхийг л зорьсон нь түүний үг, үйлдэл бүрээс тодхон илрэх аж.

“Халхын голын дайны хээрийн үзүүллэг” төслийн хоёрдугаар шат 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэх бөгөөд судалгаа шинжилгээний ажил дахин үргэлжилж, танк, хуягт, онгоц болон дайны үеийн түүхэн олдворуудыг нэмэдүүлэхээр зорьж байгаа аж. Харин гуравдугаар үе шат нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хэрэгжиж дуусах ба бүтээн байгуулалтын ажлууд бүрэн эхэлж, хээрийн үзүүлгийн зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах, мөн маршрутын дагуух замын аюулгүй байдал харуул хамгаалалтын асуудлаа шийдвэрлэх юм.

Монгол Улсад анх удаа “Халхын голын дайны хээрийн үзүүллэг”-ийг байгуулж, олон мянган залуусын зүрх сэтгэлд эх орноо хайрлах, хамгаалах, ямар их үнэ цэнээр эрх чөлөө, тусгаар тогтнол, энэ уудам тал нутаг бидэнд олдсоныг мэдрүүлэх, олон жилийн өмнөх түүхийг бодитоор мэдэрч үзэх боломжийг олгох, аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхийг зорьж буй шинийг санаачлагч, шинийг эрэлхийлэгч Халхгол сумын “Ялалт” музейн хамт олноор бахархаж байна.

Эх оронч, эрэмгий дайчин эрсийнхээ алдар гавъяагаар бахархах, эх нутаг, газар шорооны үнэ цэнийг мэдрүүлэх Халхын голын хүйтэн дайны мөрөөр аялаж, хэзээ ч үл мартагдах түүхийн үнэнийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд бид өнөөдөр Ялалт музейн хамт олны санаачилсан энэхүү ажлыг дэмжиж, хамтран ажиллахад эх орныхоо бодит түүх, соёлын давтагдашгүй өвийг хамгаалахад орууж буй үнэтэй хувь нэмэр болох биз ээ.

Залуучууддаа хандаж өгүүлэхэд: 79 жилийн тэртээд ээж аавын хөвгүүд, эгэл баатрууд эх орноо алтан амиараа хамгаалаагүй бол бид өнөөдөр….. Тэгш талдаа дураар давхиж, цэнгэг усаа хүслээрээ ундаалж, уул хаданд ханатлаа авирч, уудам Монгол орондоо эзэн сууж чадах байсан уу?…… Магадгүй 3 алхаад өндөр байшинд тулаад, бохир ус уугаад бахархах түүхгүй, овоглох нэргүй, зориод очих шүтээнгүй, зориглоод хэлчих үггүй л байх байсан даа. Энэ эрх чөлөө энэ амар амгалан чинь Хайлааст манханы талд цусаа урсгаж, Халхын голын хөвөөнд хүйтэн чулуунд нойрсох мянга мянган цэргүүдийн эр зориг, эх орноо гэсэн сэтгэлийн хүчээр олдсон юм.

Тиймээс хичнээн зуун жил өнгөрсөн ч бид тэр гашуун түүхийг хэзээ ч мартаж болохгүй… Өчигдөр болсон юм шиг санаж, маргааш болох юм шиг болгоомжилж, цаг үргэлж, эх орноо хайрлаж, хамгаалж, эх нутгаа, үнэн түүхтэйгээ хамт үр хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө бид өнөөдөр өөрсдөө бодит түүхэндээ эзэн байхыг Халхголын хүйтэн дайны балраагүй ул мөр нотолж байна.

Дарийн утаа үнэрлэж, дайны сум исгэрсэн, гранат нь бүрэн тэсрээгүй, газрын шарх нь аниагүй Халхын голын дайны мөрөөр аялсан тэмдэглэл минь энэ хүрээд өндөрлөж байна.

Цаг зав гаргаж, нийтлэлийг минь уншсан эрхэм танд баярлалаа. Удахгүй бүрэн хэмжээний нэвтрүүлэг гарна. Та бүхэн хүлээн авч үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага