Монголын цэрэг эрсийн бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын буухиаг энэ цаг мөчид Та нар залгамжлан авч байна
2018 оны Juneын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЭГНЭЭНД ТАВТАЙ МОРИЛ

ҮБХИС-ийн 88 дахь удаагийн төгсөлт жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлага, албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Цэргийн урлагийн олон мянган жилийн түүхтэй эх орны минь Зэвсэгт хүчин өнөөдөр шинэ залуу дайчдаар хүчээ нэмж байгаад баяртай байна. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, 1921 онд гадаадын эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Ардын засгийг тогтоосон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1950-1960 оны энх цагийн бүтээн байгуулалтад алдар гавьяагаа дуурсгасан Монголын цэрэг эрсийн бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын буухиаг энэ цаг мөчид Та нар залгамжлан авч байна. Монгол цэрэг олон улсад нэрээ дуурсгаж, энхийг сахиулах үйлсэд манлайлж байгаа энэ цаг үед та бүхэн сургуулиа төгслөө. Ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд хүчин зүтгэж, эх орныхоо нэрийг өндөрт цуурайтуулаарай. Зэвсэгт хүчний эгнээнд тавтай морил” гэж хэлсэн юм.
БНСУ-ын Зэвсэгт хүчний хошууч Ким Хен Сү “БХУА-ийг онц дүнтэй төгссөндөө баяртай байна. Хагас жилийн хугацаанд Монголын багш нараас их зүйл сурлаа. Удахгүй эх орондоо очоод Хуурай замын цэргийн сургалтын төвд багшлах болно. Цаашдаа Монгол Улсад цэргийн атташегаар ажиллах хүсэлтэй. Хүсэл минь биелнэ гэдэгт итгэж байна” гэв.
Энэ жил 400 гаруй офицер, ахлагч ҮБХИС-ийг төгссөн бөгөөд хошууч Г.Уранжаргал, Ким Хен Сү, дэслэгч Г.Энхмэнд, Э.Өнөрбаян, дэд ахлагч Б.Энхтүвшин, Д.Булгантамир, Ц.Бат-Эрдэнэ нар онц төгсөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс улаан дипломоо гардан авсан юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага