Н.Батсайхан: Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкны хувьцаа эзэмшигчид нь алдагдлаа хүлээх ёстойг хуульд тодорхой зааж өгсөн
2018 оны Septemberын 13

Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар Банкны салбарын тогтвортой байлын тухай хууль батлагдсантай холбогдуулж Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.

Энэ хуулиар банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд чухам ямар зохицуулалтыг эрх зүйн хувьд шийдэж өгч байна вэ?

Монголбанк  банкуудад активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэн үр дүнг энэ оны 1 дүгээр сард танилцуулсаныг олон нийт мэдэж байгаа.  Активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 онд багтаан өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх үүрэг, даалгаварыг Монголбанкнаас өгсөн.

Энэхүү хуулиар банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд шат дараалсан арга хэмжээг авах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өглөө. Юуны түрүүнд, активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан системд нөлөө бүхий банкууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан дутагдсан хөрөнгөө нөхөх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Хэрэв банкууд дутагдсан өөрийн хөрөнгөө өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан нөхөж чадахгүй бол хувийн салбараас хөрөнгө босгох, бусад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхнө. Банкууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад, бусад хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татсан ч дутагдсан хөрөнгөө бүрэн нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсвэл төрөөс банкны хувьцааг түр хугацаанд эзэмшиж, удирдах эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгасан.

Банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх дээрх бүх үе шатуудад банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөхгүй, эрсдэлд орохгүй юм. Ингэж байж л банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкны салбарт итгэх итгэл үнэмшлээ хэвээр хадгалж чадна шүү дээ. Харилцагч, хадгаламж эзэмшигч, цаашлаад нийгэм бүхэлдээ итгэл, үнэмшилтэй байх нь банкны салбар тогтвортой ажиллах хамгийн чухал нөхцөл болдог.

Тэгэхээр энэ хуулийг товчхон дүгнээд хэлэхэд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны ирээдүйн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил, банкны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой ийм хууль болсон.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн нэр өөрчлөгдөж батлагдсан байна. Хуулийн төсөлд ямар өөрчлөлтууд орж батлагдсан тухай тайлбар мэдээлэл өгнө үү?

Хуулийн үндсэн зорилго нь банкууд өөрсдийн нөөц бололцоогоор, эсвэл хувийн хөрөнгө оруулагч шинээр татаж, өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх замаар банкны салбарын тогтвортой байдлыг хангахад орших юм. Иймд хуулийн  зорилготойгоо нийцүүлэн, хуулийн нэрээ Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль хэмээн өөрчилсөн. Харин хуулийн агуулга, зохицуулалтын хувьд, өргөн барьсан төсөлд өөрчлөлт ороогүй.

Зайлшгүй байх ёстой хууль эсэх дээр та ямар тайлбар өгөх вэ?

Банкууд өөрсдийн нөөц бололцоогоор өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй бол яах бол гэсэн айдас, эргэлзээ банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд төрөх нь зүйн хэрэг. Тэгэхээр өөрсдийн нөөц бололцоогоо шавхаад ч хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй байгаа банкуудад төрөөс оролцон, зохицуулах эрх зүйн харилцааг энэ хуульд тусгасан. Ингэж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид эрсдэлээс хамгаалагдаж, тэдний банкны салбарт итгэх итгэл үнэмшил хадгалагдсанаар банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйгээс төдийгүй зайлшгүй байх ёстой хууль.

Энэ хуулийн төслийн нэр нь Банкийг дахин хөрөнгөжүүлэх гэж байсан шүү дээ. Нэр өөрчлөгдсөн ч доголдсон үед төсвөөс хөрөнгө оруулалт хийж тогтворжуулах арга хэмжээг авна гэж ойлголоо. Үүний цаана нэгэнт ийм хуультай болсон юм чинь өөрийн хөрөнгийн дутагдлаа төрөөр нөхүүлэх гэсэн оролдлого гарах вий гэсэн хардлагыг зарим эдийн засагчид дэвшүүлж байсан. Та бүхэн хууль санаачлагчийн хувьд энэ мэт байж  болох эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

Харин ч эсрэгээрээ, энэ хууль гарснаар банкууд өөрсдийн нөөц бололцоогоороо, мөн хувийн салбараас бусад хөрөнгө оруулагчдыг татах замаар өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөхийг хичээх болно гэсэн итгэлтэй байна. Учир нь банкууд дотоод нөөцөө ашиглаад ч, хувийн хөрөнгө оруулалт нэмж татаад ч өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж чадахгүй байх тохиолдолд төр банкны хувьцаа эзэмшигч болж, банкны үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн саналын эрхтэй оролцох болно. Мөн төр хувьцааны саналын эрхийн тооноос үл хамааран банкны тодорхой шийдвэрүүдэд хориг тавих эрхтэй байгаа. Үүнээс гадна энэ хуулийн хүрээнд төр оролцсон банкинд Монголбанкнаас нэмэлт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх юм. Ийм учраас банкны одоогийн хувьцаа эзэмшигчид аль болох өөрсдийн хүчин чадлаар өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх, төрийн оролцоог хамгийн бага байлгахыг л мэрийх болно.

Энэ хууль нь өөрөө банкийг хариуцлагажуулах хөшүүрэг болж байгааг тайлбарлана уу?

Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкны хувьцаа эзэмшигчид нь алдагдлаа хүлээх ёстой гэдгийг хууль тодорхой зааж өгсөн. Мөн төрөөс оролцсон банк нь үйл ажиллагаагаа тогтворжуулах, хэвийн явуулах төлөвлөгөөг боловсруулна.Төлөвлөгөөнийх нь биелэлтэд төр хяналт тавьж, харин Монголбанкны зүгээс энэ мэт банкинд Банкны тухай хуульд зааснаас гадна нэмэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх тул энэ хууль банкны хариуцлагыг нэмэгдүүлж өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага