Б.Баярсайхан: Японы чанарын шаардлагыг хангаж чадвал дэлхийн зах зээл бидэнд нээлттэй гэсэн үг
2018 оны Juneын 28

Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлогыг танилцуулж, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг сурталчлах, Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” сэдэвт чуулга уулзалтыг энэ долоо хоногийн эхээр зохион байгуулсан юм. Энэ үеэр тус чуулга уулзалтыг хамтран зохион байгуулсан Үндэсний хөгжлийн газрын дарга Б.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын үндсэн гол санаа нь чухам юу юм бэ. Тэднийг яаж дэмжих вэ?

-Засгийн газраас дэвшүүлсэн Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг боловсруулахаар тусгасан. Энэ дагуу ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсныг миний бие ахалж байна. Мөн Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр дэд ахлагчаар ажиллаж, хоёр тал харилцан ойлголцож хамтран хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэ явцад баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлаа ярилцаж, үүнийг шийдэх арга замын талаар хэлэлцүүлж байна. Одоо байгаа Концессын тухай хуулийг Төр, хувийн хэвшлийн тухай гэхчлэн нэр томьёог өөрчлөх, улам өргөн дэлгэр хүрээг хамруулах, компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг тодорхойлох гээд хийж боловсруулах ажил их байгаа юм.

-Түүний дотор мэргэжлийн холбоодын тухай, тэднээр төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэх талаар нэлээд чухалчлан ярилцаж байх шиг байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Одоогоор төрийн бус байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа холбоо олон байна. Тиймээс тэднийг аль болох мэргэжлийн чиглэлээр нь төвлөрүүлж нэгтгэх үүднээс Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, тэдгээр нь төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэмжээнд хүргэхэд анхаарах шаардлага байгаа юм. Тиймээс үүнийг хуульчилж өгнө гэж бодож байна. Эдгээр баримт бичгийг ирэх аравдугаар сарын 1-ний дотор ЗГХЭГ-т хүргүүлэхээр шуурхайлан ажиллаж байна. Ер нь Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан ажилгүйдэл, Б.Баярсайхан: ядуурлыг багасгах, ажлын байр бий болгох, нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа гэж ойлгож болно. Энэ хүрээнд төр, засгаас хийж гүйцэтгэж чадахгүй байгаа дэд бүтцийн томоохон төслүүд, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг хурдасгахыг хичээж байна. Мөн мэргэжлийн холбоодыг тухайн салбарын яам, холбогдох байгууллагатай хэрхэн уялдуулж холбох асуудлыг шийдэх гол зорилготой юм.

-Чуулга уулзалтын “Экспортын арга замууд” хэсэгт Монгол, Японы эдийн засгийн харилцаанд голлон анхаарч байгаа бололтой. Хоёр орны энэ талын харилцаа ямар төвшинд байна вэ?

-Гадаад худалдаа, экспортыг дэмжих асуудлыг Гадаад харилцааны яам хариуцдаг. Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй байгаа юм. Дэлхийд эдийн засгаараа гуравт ордог том улстай ийм хэлэлцээртэй байна гэдэг нь манайд маш чухал ач холбогдолтой. Тухайн зах зээлд тавигддаг чанарын шаардлагыг хангасан тохиолдолд бидэнд дэлхийн эдийн засаг, зах зээл нээлттэй болно гэж ойлгож болох юм. Өнөөдөр манай чуулга уулзалтад тусгай зочноор оролцож байгаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато гуай өнгөрсөн онд тус улстай хийсэн худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 124 хувиар өссөн дүнтэй байгааг онцлон сайшааж байна. Үүнийг цаашид тогтвортой байлгах, нэмэгдүүлэх дотоодод түүхий эдээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжиж, экспортын арга зам, гарцыг нээж өгөхийн төлөө ажиллах шаардлагатай байгаа юм. Японы тал ч үүнд санал санаачилгатай, идэвхтэй хамтарч байна. Тухайлбал, ирэх долоодугаар сарын 1-нд силикат тоосгоны түүхий эд олборлох үйлдвэр нээлтээ хийх гэж байна. Тэд зөвхөн байгалийн түүхий эдийг олборлож экспортлоод зогсохгүй компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсэд шинэ ажлын байр бий болгох, мод бут тарьж нөхөн сэргээлт хийх зэрэг ажлыг хийх юм.

-Европын холбооны улсуудад манай улс 7000 гаруй нэрийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй экспортлох тухай гэрээ хэлэлцээр байдаг. Үүнийг хэр ашиглаж байна вэ?

-Тухайн бүсийн орнуудтай хийх худалдааг хөнгөвчлөх, дэмжих томоохон ажлыг Үндэсний хөгжлийн газраас Гадаад харилцааны яамтай хамтран явуулж байна. Дэлхийн худалдааны байгууллага ч үүнд анхаарч, 2019-2020 онд гадаад худалдааны эргэлт, транзит тээврийн зохион байгуулалтыг сайжруулах ажлыг шат дараатай хийж байгаа юм. Энэ талын томоохон төсөл ГХЯ-нд хэрэгжиж байна.

Д.Мөнх

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага