С.Даваасүрэн: Цаашид ипотекийн зээлээр баталгаажсан бондоо гадаадын зах зээл рүү гаргах шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй
2018 оны Julyын 5

“Тогтмол хүүтэй, урт хугацааны орон сууцны санхүүжилт бол зөвхөн санхүүгийн зах зээлийн төдийгүй Монгол улсын эдийн засгийн хөгжил, тэр дундаа орлогын хуваарилалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн чухал суваг юм. Энэ сувгийг яаж өргөтгөх, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хороо холбогдох судалгаа, тооцооллыг хийж байна”.

Өчигдөр болсон Азийн Тогтмол орлоготой үнэт цаасны V чуулга уулзалт (AFIS)-ын үдээс хойно болсон “Азийн хөрөнгийн зах зээлийн боломжууд” хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн ийн мэдэгдсэн юм. Тэрээр Хорооны хийсэн судалгаа, тооцоололд тулгуурлан олон улсын моргейжийн зээлийн санхүүжилтийн загварууд, эдгээрээс Акийн улсуудад хэрэглэж буй хувилбаруудыг тоймлон танилцуулсан юм.

Тэрээр, Ази тивд хүн төрөлхтний ихэнх нь буюу 4.5 тэрбум хүн амьдарч буйн дээр ДНБ-ий хэмжээ 28.5 их наяд ам.долларт хүрсэн, эдийн засгийн асар том чадавхи хуримтлагдаж байгааг онцлоод, энэ чадавхийг хэрхэн зохицуулах, тэр дундаа Монгол Улс, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэрхэн уялдуулах вэ гэсэн асуултыг чуулга уулзалтын оролцогчдод дэлгэн тавьсан юм. Ингэхдээ тэрээр хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн Япон, Хонгконг, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд бидэнд ойр, нэг бүс нутагт оршин байгаа, хил дамнасан хяналт шалгалтыг өргөн хийж болох, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг хүртэх боломж бийг онцлолоо. Тэрээр, “Орон сууцны ипотекийн зээл, тэр дундаа энэхүү урт хугацааны үйл явцыг хэрхэн яаж хангах вэ гэсэн зорилтын цаана байгаа хамгийн чухал асуудал бол энэ бүхэн баталгаатай байх ёстой. Баталгаажсан байхын тулд даатгагдсан байх хэрэгтэй. Урт хугацаандаа даатгагдсан, найдвартай байх явдал бол хамгийн чухал зүйл” гэж чухалчлан тэмдэглэв.

Чуулга уулзалтын “Азийн хөрөнгийн зах зээлийн боломжууд” хэлэлцүүлгийн эхэнд Азийн хөгжлийн банкны санхүүгийн салбарын багийн ахлагч ноён Норитика Акамацү, мөн багийн мэргэжилтэн Ное Сиякхачан нар Азийн бондын зах зээлийн санаачилга хөтөбөрийн хэрэгжилт, цаашид дэвшүүлэн тавьж буй шинэ зорилт болон Азийн орнуудад тухайн улсын валютаар гаргах ногоон бондын санаачилгыг дэмжих чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тиймээс хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн гол асуудлуудын нэг нь ногооны бондын сэдэв байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжилгээ хийж байсан туршлагадаа тулгуурлан эдийн засгийг “ногооруулах” нийтлэг хандлагыг тайлбарлаж, Монгол Улс цаашдаа байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн бүхий л салбартаа улам бүр ногоон, үр ашигтай болох, эко болох чиглэлийг тууштай баримтлах нь зүйтэй гэлээ.

Тэрээр Монгол Улсын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн хөгжлийн төсөөллийг үлгэрлэх үүднээс компанийн бондыг жишээ болгон ярив. Манай үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр нийт арилжаалагдсан бондын дөнгөж 0.35 хувь нь компаний бонд байгааг тэрээр дурдаж, энэ бол дотоодын компаниудын хөрөнгийн захх зээлд оролцох оролцооны идэвх хэр байгааг харуулсан үзүүлэлт болохыг онцлов. Гэтэл Олон улсын бондуудыг гаргасан үзүүлэлтээр Азидаа тэргүүлдэг Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр дотоод болон гадаадын аль ч хөрөнгө оруулагч, компаниуд бондоо гадаад валютаар гаргах боломжтой байдгийг тэрээр дурдаж, тухайлбал үүнийг манай зах зээл дээр нээж өгөх боломж байна уу, үгүй юү, ингэж хөрөнгө оруулалт татах боломж хэр зэрэг байна вэ гэдгийг судалж үзэх шаардлагатайг онцолсон юм.

Сингапурын хөрөнгийн зах зээлд ам.доллараар бонд гаргахыг зөвшөөрч байгаа болон нийт бондын ¼-ийг гадаадын аж ахуйн нэгжүүд гаргасан, Азид тэргүүлдэг Токиогийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ нь 2018 оны тадугаар сарын байдлаар 6.7 их наяд ам.доллар байгаа ба компаний бондыг тодорхой хэмжээнд хязгаарладаг, Өмнөд Солонгосын зах зээл дээр компанийн бондын 80 орчим хувь нь биржийн бус зах зээл дээр арилжаалагддаг гэх мэт үзүүлэлтүүдийг тэрээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай ойролцоо хэрэгслийн хувьд жишээлэн дурдлаа.

Эцэст нь тэрээр, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12 хувь, зээлийн хүү дунджаар 18-19 хувь байгаа манай санхүүгийн зах зээл дээр 8.0 хувийн хүүтэй гарсан ипотекийн зээлээр баталгаажсан бондыг чухам хэн авах вэ гэдгийг бодолцож үзэх цаг нэгэнт болсныг тэмдэглэж, магадгүй цаашид ипотекийн зээлээр баталгаажсан бондоо гадаадын зах зээл рүү гаргах шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй гэлээ.

Азийн Тогтмол орлоготой үнэт цаасны V чуулга уулзалт ихээхэн үр дүнтэй болсныг оролцогчид дор бүрнээ онцолж байв. Энэ үеэр чуулга уулзалтын зохион зохион байгуулагч МИК ОССК ХХК БНСУ-ын ОССК “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулав. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, цагаа олсон энэхүү чухал чуулга уулзалт бидний цаашдын хамтын ажиллагаа, итгэлцлийг бий болгох, санхүүжилт татах, санхүүгийн салбарын хөгжлийг хангахад томоохон алхам болж үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага