ИНФЛЯЦИЙН ТАЙЛАН: Эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахаар байна
2018 оны Julyын 6

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын
 хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл  2018 оны 2-р улирлын инфляцийн тайланг танилцууллаа. 

 

Инфляци зорилтот түвшний орчим хадгалагдаж байна. Инфляцийн өнөөгийн түвшинд нэг
удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлийн нөлөө өндөр байна. Харин бусад
бүтээгдэхүүний үнэ, ялангуяа импортын барааны үнийн өсөлтийн хурд саарч байна. Тайлант улиралд инфляци хүлээгдэж байснаас бага зэрэг өндөр гарсан нь тухайлсан нэг бүтээгдэхүүний үнэ буюу хатуу түлшний үнийн өсөлттэй холбоотой. Цаашид эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэх хүлээлттэй байгаа ч ирэх онуудад харьцангуй тогтвортой байж, зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байна.
Зах зээлд оролцогчдын итгэл сэргэж, уул уурхайн салбарт бүтээн байгуулалт үргэлжлэн,
гадаад орчин таатай байгаатай холбогдуулан эдийн засаг эрчимжсэн хэвээр байна. Хөрөнгө
оруулалт, өрхийн хэрэглээ, экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг эрэлт талаас голлон бүрдүүллээ.
Харин эдийн засгийн сэргэлт, уул уурхайн хөрөнгө оруулалт, экспортын өсөлттэй холбоотойгоор импортын өсөлт өндөр байлаа. Зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, уул уурхайн салбар дахь бүтээн байгуулалт нь хөрөнгө оруулалтын өсөлтийг бүрдүүлсэн бол өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн 5 улирал дараалан алгуур нэмэгдэж байгаа нь өрхийн хэрэглээ өсөхөд нөлөөллөө. Мөн экспортын үнийн таатай түвшин нь экспортын орлого нэмэгдэхэд нөлөөлж байна. Эдийн засгийн идэвхжилд үйлдвэрлэл талаас уул уурхай, худалдаа, санхүү, даатгалын үйлчилгээний салбарууд голлон нөлөөллөө.


Хөдөлмөрийн захад сэргэлт үргэлжилж сайжирч байна. Эдийн засгийн идэвхитэй хүн ам өсч,
улмаар ажиллах хүчний оролцооны түвшин өслөө. Хөдөө аж ахуйн салбарт ажил эрхлэлт буурсан ч хөдөлмөрийн бүтээмж харьцангуй өндөр салбаруудад ажиллагчдын тоо өссөн байна.

Тухайлбал, уул уурхай, боловсруулах, барилга, тээврийн салбаруудад ажил эрхлэлт нэмэгдээд байна. Харин хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарсантай холбоотойгоор тайлант улиралд тус салбарт ажиллагчдын тоо буурлаа.

Хөдөлмөрийн нийлүүлэлттэй холбоотойгоор уул уурхайн салбарын цалин буурсан бол
барилга, худалдаа, боловсруулах, хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин өссөн. Өрхийн орлого өсч байгаа хэдий ч улсын дундаж цалингийн өсөлтийн хурд үнийн өсөлтөөс бага байсантай холбоотойгоор бодит цалин өмнөх оны мөн үеэс буурсан байна.


Гадаад худалдааны нөхцөл хүлээлтээс бага зэрэг муудсан боловч худалдааны түнш
орнуудын эдийн засгийн өсөлт буюу гадаад эрэлт хүлээлтээс сайжирсан. 2018 оны I улиралд АНУ, Евро бүс, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс нэмэгдэж, ОХУ-ын өсөлт хүлээлтээс саарлаа.
БНХАУ-ын хувьд жижиглэн худалдааны салбар, хувийн болон үл хөдлөх хөрөнгө оруулалт өссөн нь тус эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөллөө. Евро бүсийн ДНБ-ий хувьд Испани, Финляндын эдийн засаг хүлээж байснаас идэвхжиж хүлээлтээс давлаа. АНУ-ын хувьд хөдөлмөрийн зах идэвхжин, дотоод эрэлт нь эрчимжиж байна. Харин AНУ-аас ОХУ-д тавьсан хоригоо чангаруулсан нь ОХУ-ын хөрөнгө оруулагчдын итгэл саарахад нөлөөлж тус эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага гарлаа.


Монгол улсын экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн үнэ үргэлжлэн өсч
байна. Зэсийн зах зээлийн хувьд зэсийн нийлүүлэлт хумигдах хүлээлт үүссэнтэй зэрэгцэн Хятадын эрэлт сайн байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлж байна. Нэг талаас геополитикийн эрсдэл хэвээр байгаа, нөгөө талаас улс орнуудын мөнгөний бодлогын нөхцөл байдлаас үүдэн алтанд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа нь дунд хугацаанд алтны үнэд эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна. Хятадын дотоод бодлого болон нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалж нүүрсний үнэ тайлант улиралд өссөн. Энэ хандлага богино хугацаанд үргэлжлэх боловч дунд хугацаанд эрэлтийн болон нийлүүлэлтийн аль аль хүчин зүйлсээс шалтгаалж үнэ бага зэрэг буурах төлөв ажиглагдахаар байна. Төмрийн хүдрийн үнийн хувьд тайлант улиралд буурсан бол төсөөллийн хугацаанд бууралт үргэлжилэхээр байна. Хятадын ган бүтээгдэхүүнүүдийн нөөц нэмэгдсэн болон зарим уурхайнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан  болохоор байна.


 

АНУ-аас баримталж буй бодлоготой холбоотойгоор газрын тосны үнийн өсөлт үргэлжилж байгаа ба цаашид үнэ хэрхэн өөрчлөгдөх нь нилээд тодорхой бус байдлыг дагуулж байна.
Урсгал ба хөрөнгийн дансны алдагдал нэмэгдсэн хэдий ч санхүүгийн дансны ашиг өндөр
байсан нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны мөн үеэс сайжирахад нөлөөллөө. Экспортын дийлэнх бүтээгдэхүүний орлого нэмэгдэж, өндөр түвшинд хадгалагдсан боловч дотоод эрэлт, уул уурхайн бүтээн байгуулалт, ургацын гол бүтээгдэхүүний дутагдал үүссэн зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр импорт хурдацтай нэмэгдсэн нь барааны дансны ашиг буурахад нөлөөлөв.

Нөгөөтэйгүүр,  тээвэр, санхүүгийн үйлчилгээтэй холбоотой гарах урсгал өссөнөөр үйлчилгээний данс; гадаад зээл, бондуудын хүүгийн төлбөр өссөнөөр орлогын дансны алдагдал нэмэгдэж, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүллээ. Уул уурхайн салбарт хөрөнгийн урсгал нэмэгдсэн нь санхүүгийн дансны ашгийг тэлэхэд голлон нөлөөлж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс буурахад нөлөөлөв.


Төсвийн алдагдал өмнөх оноос сайжирч, төсвийн бодлого үргэлжлэн чангарах төлөвтэй
байна. Гадаад болон дотоод эдийн засгийн орчин сайжирч, зарим төрлийн импортын бараа,
бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээ нэмэгдсэн нөлөөгөөр төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өсч, төлөвлөгөөнөөс давсан бүрдүүлэлттэй байна. Хөрөнгийн болон урсгал шилжүүлэг, тэр дундаа тэтгэвэр, амьжиргааг дэмжих халамжийн зориулалттай зардлын өсөлт төсвийн зардлыг энэ онд нэмэгдүүлэх гол хүчин зүйлс болж байна. Орлого төлөвлөгөөнөөс давж байгаа нь төсвийн алдагдлыг энэ онд батлагдсан түвшнээс буурах нөхцөлийг бий болгож байгаа тул төсвийн импульс өмнөх оноос сайжрахаар байна. Төсвийн алдагдал цаашид буурах нь өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өрийг ирэх онуудад хуульд заасан хязгаарын түвшинд хадгалах нөхцөл болно.


Мөнгөний үзүүлэлтүүдийн өсөлт үргэлжлэн эрчимжиж, хадгаламжийн байгууллагуудын
зээл олголт алгуур нэмэгдэж байгаа ч хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл буурахгүй байна.
Хөрөнгө оруулагчидын итгэл сэргэж, валютын дотогшлох урсгал сайн байгаа, төсвийн дотоод
санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ буурч, улмаар банкуудын зээл олгох эх үүсвэр нэмэгдсэн нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байна. Харин банкны системийн эх үүсвэр талаас эдийн засагт хүлээлт тогтворжиж, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзэл буурсантай холбоотойгоор валютын хадгаламжаас илүүтэйгээр төгрөгийн хадгаламж нэмэгдэж байна. Хадгаламжийн байгууллагуудаас иргэдэд хэрэглээний зориулалттай олгосон зээл болон уул уурхай, худалдааны салбарт гадаад валютаар олгосон зээлийн өсөлт эрчимжиж байна. Гэвч худалдаанаас бусад салбаруудад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байна.
Төгрөгийн зээлийн хүү өсч, хадгаламжийн хүү буурснаар хүүний зөрүү тайлант улиралд
ялимгүй нэмэгдсэн. Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах мөнгөний бодлогын шийдвэр 3-р сард гарсантай уялдан банк хоорондын зах дээрх репо хэлцэл, ТБҮЦ, овернаит зээл, хадгаламжийн хүү буураад байгаа бол богино хугацаат ЗГҮЦ-ны хоёрдогч зах дээр арилжаалагдсан хүү мөн багасчээ.
Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү тайлант улиралд өмнөх улиралтай ойролцоо
түвшинд хадгалагдаж, хадгаламжийн хүү багассанаар хүүний зөрүү тэлсэн бол гадаад валютаар олгосон зээл, хадгаламжийн хүүний аль аль нь өмнөх улирлаас буураад байна.
Төгрөгийн ханшийн сулрах дарамт буурч, харьцангуй тогтвортой байв. Нэгдүгээр улирлын
байдлаар БНХАУ-ын зүгээс юанийн ханшийг чангаруулах бодлого баримталсантай холбоотойгоор төгрөгийн юаньтай харьцах ханш оны эхнээс суларч, улмаар төгрөгийн нэрлэсэн үйлчилж буй ханш сулрахад нөлөөлсөн. Харин харьцангуй үнэ нэмэгдсэнээр төгрөгийн бодит үйлчилж буй ханш чангарсан. Төгрөгийн харьцангуй өгөөж 2017 он гарсаар дийлэнх хугацаанд эерэг түвшинд хадгалагдаж байна.


Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр иргэдийн орон сууц худалдан авах эрэлт төдийлөн
сэргээгүй байна. Сүүлийн 3 жилийн турш уналттай байсан орон сууц худалдан авах үнэ 2017 оны сүүлийн хагасаас эхлэн харьцангуй тогтворжоод байгаа бол орон сууц түрээслэх үнэ сүүлийн улирлуудад буурах хандлагатай байна. Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь иргэдийн орон сууц худалдан авах чадвар сайжирч байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр эрэлт сул хэвээр байна.
Сүүлийн 2-3 жилийн турш идэвхжил нь саараад байсан хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд 2017 оны сүүлийн хагасаас огцом сайжирч эхэлсэн бөгөөд тайлант улиралд томоохон хувьцаат компаниудын хөрөнгийн зах дээрх үнэлгээ өмнөх улирлаас бага зэрэг буурсан байна.
Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжихээр байна. Экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний
үнэ 2018 онд өндөр түвшинд хадгалагдах, зэсийн баяжмал дахь металлын агууламж нэмэгдэх нь уул уурхайн салбарын өсөлтийг нэмэгдүүлэхээр байна. Гадаад шууд хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжлэх, уул уурхайн салбарын дам нөлөө нэмэгдэх, банкны салбар дахь тодорхой бус байдал бууран санхүүгийн зуучлал сайжирснаар эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдахаар байна.


Улс орнуудын хоорондын улс төр, геополитикийн асуудлууд, хориг арга хэмжээнүүд түүнээс
улбаатай эрдэсийн үнийн төлөв, манай экспортын бүтээгдэхүүний эрэлт зэрэг нь гадаад орчины
тодорхой бус байдлыг бий болгож байна. Дотоод эдийн засаг талаас зуншлага, өвөлжилт зэрэг цаг
агаарын хүчин зүйлээс гадна томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтууд хэрхэн шийдэгдэх нь
төсөөллийн тодорхой бус байдлыг бүрдүүлж байна.

дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага