Д.Сарангэрэл: М.Билэгт гишүүний эмнэлгийг төрд авах саналыг Засгийн газарт оруулна
2018 оны Julyын 27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд сүүлийн үед орсон усархаг борооны улмаас ХСҮТ-ийн өргөтгөлийн хонгил усанд нэвчиж, Австрийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр авсан тоног төхөөрөмжийн суурь эвдэрсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мөн тус төвийн ачааллыг бууруулахын тулд хашаанд нь баригдсан УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн эмнэлгийг төрд авна гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс дараахь мэдээллийг тодрууллаа.

-Өнөөдөр гучин ортойгоор гурван сая хүнд үйлчилж байгаа ХСҮТ-ийн ачаалал маш их. Тиймээс тус төвийн хашаанд баригдаж буй УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн эмнэлгийг улсын эмнэлэг болгон төрд худалдаж авах талаар санал гаргана гэж байсан. Та үүнд тайлбар өгнө үү?
-ХСҮТ-ийн хашаанд дэлхийн жишигт нийцсэн хавдрын стандартын эмнэлгийг хувийн хэвшлийн төлөөлөл барьж байгуулж байна. Үүнийг нууж хаагаад байх юм байхгүй. М.Билэгт гишүүн УИХ-д бизнесийн төлөөлөл болж байдаг. Тэрээр төрд энэ эмнэлгийг өгөх зориулалтаар бариагүй нь тодорхой шүү дээ. Эрүүл мэндийн салбарт эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд хавдрын чиглэлээр хувийн эмнэлэг барих зорилт тавьсан юм билээ. Өнөөдөр манай улсын хэмжээнд хавдар судлалын үндэсний цорын ганц төвтэй. Хавдрын шалтгаант өвчлөл өндөр байна. Манай улс 2017 онд 1614 хүнээ хавдраар алдлаа. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд хавдраас үүдэлтэй нас баралт дэлхий нийтэд нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь байгаль, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн амьдралын хэвшилтэй холбоотой. Хамгийн гол нь шинжлэх ухааны техникийн хөгжилтэй зэрэгцэн хавдрын илрүүлэг маш их сайжирч байна.

Өнөөдөр ХСҮТ байгуулагдаад 20 гаруй жил болжээ. 2010 оноос тус төвийг өргөтгөх шаардлагатай хэмээн 3 блок барьж эхэлсэн. Харамсалтай нь энэ нь 8 жил сунжирч байж сая ашиглалтад орох болж байна. Ингээд хүлээж авах гэхээр стандартын шаардлага хангадаггүй, үйл ажиллагаа эхлээгүй байтал хана туурга нь цуурсан, борооны ус нэвчдэг хэцүү нөхцөл байдал үүсч байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдалтай нь хүлээж аваад цааш үргэлжлүүлэхэд хавдрын чиглэлийн тусламж үйлчилгээг ард иргэддээ хүссэн хэмжээнд нь үзүүлэх боломжгүй.  Өнөөдөр хавдрын эмчилгээ, мэс заслын хүлээгдэл нэг сарын хугацаатай байна. Тиймээс эмнэлгийг муу үйл ажиллагаатай байна гэж хэлж буруутгаж үндэслэлгүй. Тиймээс 8 жил хүлээгдсэн 3 блокын оронд ирэх 9 дүгээр сард ашиглалтад орох гэж байгаа, дэлхийн стандартад нийцсэн, 12 давхар, хавдрын эмнэлэг бэлэн байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд хавдрын нөхцөл хүнд байхад төр дүлий байж болохгүй. Ялангуяа Эрүүл мэндийн сайд харахгүй, сонсоогүй мэт байх эрхгүй гэж бодож байна. Тиймээс энэ  эмнэлгийг мэргэжлийн хяналтын байгууллага, үнэлдэг газрууд нь ажлын хэсэг гараад, үнэлээд, тооцоод төрд авах саналыг Засгийн газарт оруулна. Түүнээс биш УИХ-ын гишүүд бие биенийхээ бизнесийг дэмжээд, Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаад байгаа гэдэг зүйл огт байхгүй.  Сүүлийн үед ингэж яригдаж байна билээ. Хүчтэй аадар борооны улмаас ХСҮТ-ийн шинэ өргөтгөл усанд автаж байгаа байдал, хавдраар өвчилж буй үзүүлэлтийн хувь хэмжээ өндөр байгаа нөхцөл байдал нь төр, эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг харуулж байна. Энэ үүднээс дэлхийн стандартад нийцсэн бэлээхэн эмнэлэг байхад  бид хүлээж аваад,  Австрийн 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр авсан тоног төхөөрөмжөө суурилуулаад хавдраар шаналж буй ард иргэддээ яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд санаачилгатай ажиллах ёстой гэсэн үүднээс энэ асуудлыг тавих байр суурьтай байна.

-Та хувь хүнийхээ үүднээс энэ асуудлыг УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярьсан болов уу. Хандлага нь ямар байгаа бол?

Би М.Билэгт гишүүнтэй энэ асуудлыг яриагүй. Үүнийг төр засгийн түвшнээс хуульд нийцүүлэн зөвшөөрөл авсны дараа гишүүнтэй ярина.  Хувийн хэвшлээс төрд өмч худалдаж авах тухай асуудлыг би ганцаараа бие дааж шийдвэрлэх эрхгүй. Тиймээс урьдчилж ярьсан зүйл байхгүй. Сая би ХСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллах үеэрээ хашаанд нь баригдаж буй энэ хувийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тухайн үед ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж, төрд авахсан гэсэндээ үнэхээр миний амбиц, шунал хөдөлсөн. ХСҮТ-ийн 20 гаруй эмч, ажилтнуудтай энэ эмнэлгийн барилгатай танилцах үеэрээ “Та бүхэн энэ барилгыг авах хүсэл байна уу” гэхэд “Маш их хүсэл байна” гэж хариулсан. ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд маань Монгол Улсынхаа ард иргэдийн дунд зонхилж буй хавдрын өвчлөлийг ойлгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чин хүсэлтэй. Харамсалтай нь өнөөдөр орон барилга, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд дутагдалтай байна.  Энэ бол төрийн үүрэг. Бид Үндсэн хуулиар ард түмэндээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн. “Монгол хүн амьд явах эрхтэй” гэж Үндсэн хуульд заасан. Тэгвэл эрүүл мэндээсээ болоод хохироод, хохирох гэж буй нөхцөл байдлыг мэдсээр байж хөдлөхгүй, шийдэл гаргахгүй байх эрхгүй.

-Салбарын яамнаас өчигдөр ХСҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ байгууллага улсад ганцхан байдаг онцгой объект учраас хэвтэн эмчлүүлэгчдэд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг яамны зүгээс хэрхэн шийдвэрлэх  болов?

– Долдугаар сарын 10-нд орсон усархаг бороо ХСҮТ-ийг гамшгийн хэмжээнд хүргээгүй гэдгийг тодруулж хэлмээр байна. Өнөөдөр тус төвийн үйл ажиллагаа хэвийн зогсолтгүй явж байна. Харин Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр авсан 7 сая еврогийн тоног төхөөрөмжийг өргөтгөлийн байранд байрлуулах асуудал яригдаж байгаа. Эхний ээлжинд 2 туяаны аппаратыг байрлуулж эхэлсэн. Туяаны аппаратны суурь байрлуулсан нэг өрөөнд нь хөлний шагайгаар татсан ус орсон бол нөгөө өрөөнд нь ус ороогүй. Зөвхөн туяаны аппаратны суурийг байрлуулсан байсан. Харин нэг ч тоног төхөөрөмж суурилуулаагүй, аюулд өртөөгүй. Аппаратны суурь усанд автсан гэдгийг мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэх ёстой. Түүнээс биш зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа шиг, сошиал орчинд шуугиад байгаа шиг 7 сая еврогийн тоног төхөөрөмж, эсвэл туяаны 3 сая еврогийн  өртөгтэй 2 тоног төхөөрөмж эвдрээд ашиглалтын шаардлага хангахгүй боллоо гэсэн асуудал биш. Мэргэжлийн байгууллага, ялангуяа тоног төхөөрөмжийг нийлүүлсэн АНУ-ын “Варян” гэдэг үйлдвэрлэгч компанийн төлөөлөл инженерүүд ирж хохирлын хэмжээг тогтооно уу гэхээс биш хэн нэгэн хараад, “Сууринд нь хохирол учирсан байна, 400 мянган ам.доллар” гэдэг асуудал ярьж болохгүй шүү дээ. Бодит мэдээлэл аваагүй байж эрүүл мэндийн салбарын тухай цуурхал тараадаг хандлага сүүлийн үед их гарч байна. Тиймээс ард иргэд, сошиал орчныхон, хэвлэл мэдээллийнхэн бодит мэдээлэл авсны дараа мэдээлэл түгээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл хүмүүсийн сэтгэл санааг тогтворгүй болгодог, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Австри зэрэг оронд эрүүл мэндийн салбартай холбоотой батлагдаагүй мэдээллийг түгээхийг хуулиар хориглодог. Харин манайд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин болон тэр бүү хэл төрийн өндөр албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд мэдээллийг хяналтгүй түгээж байна. Түүний нэг илрэл нь “Түлэнхийн төвийн барилга урагшаа явахаа болилоо, зогссон” гэх мэдээлэл байна. Энэ бол ташаа мэдээлэл.
<-Тэгвэл Түлэнхийн төв хэзээ ашиглалтад орох вэ?
<>-Түлэнхийн төвийг 2018 оны 9 дүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна. Барилгын салбартаа туршлагатайд тооцогддог “Цаст констракшн”, “Нутгийн зам” компани ажиллаж байна. Үйл ажиллагаа нь цаг хугацаандаа, чанарын өндөр түвшинд явж байгаа гэдгийг Барилгын хөгжлийн төв бидэнд баталж хэлж байгаа. Сангийн яам Түлэнхийн төвийн санхүүжилтийг зогсоосон зүйл байхгүй. Үүний санхүүжилт зогсох үндэслэлгүй. Яагаад гэвэл Кувейтийн Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлж байгаа. Би өнгөрсөн дөрвөн жил парламентад ажиллаж байхдаа эмэгтэй гишүүдийн хамтаар  Түлэнхийн төв барих саналыг гаргаж байсан. Үүнийг 2016 онд сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Түлэнхийн төв” барих шийдвэрийг гаргасан юм. Ингээд хоёр жилийн дотор Түлэнхийн төвтэй болох төлөвлөгөөтэй явж байна.
-Түлэнхийн төвийн барилгын ажил өнөөдөр хэдэн хувьтай байна вэ. Хэдийгээр үйл ажиллагаа нь эхэлж, иргэдэд үйлчлэх вэ?
-Барилгын ажил 40 гаруй хувьтай явж байна гэдгийг Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа маш хүнд байгаа. Анх 2000 оноос Түлэнхийн төвийн барилгын ажлыг барьж байгуулъя гэдэг асуудал эхэлж байсан. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан ч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй явсаар 2005 оныг хүрсэн. Ингээд 2005 оноос барилгын хана нурж эхэлснээр хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үеэс Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэгт байр түрээслүүлж ажиллуулсан байдаг. Гэвч түрээсийн төлбөр өндөр байсан учир ГССҮТ-д ажиллуулж байгаа юм. Тиймээс Түлэнхийн төвд зөвхөн түлэнхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна арьсны донор, арьсны банктай болъё гэдэг асуудал ярьж байгаа. Нэн шаардлагатай үед арьс нөхдөг, арьсны банктай болох чиглэлтэй байна. Түүнээс гадна мэс заслын дараах хүндрэлүүдийг энэ төвдөө эмчлэх зорилттой байна.Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг

One thought on “Д.Сарангэрэл: М.Билэгт гишүүний эмнэлгийг төрд авах саналыг Засгийн газарт оруулна

  1. Irgen

    Neg negniihee l biznesed tusaljiin tsever tord shahaa hiij bga biz belen bson 3 blok bairiig yahiin heden terbum togrog ulsaas garsiin terni mungiig yahiin tulenhiin toviin barilga 40% tai yum bol yaj 09 sard ordiin anduursan blgui de

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага