Д.Сарангэрэл: М.Билэгт гишүүний 12 давхар эмнэлгийг төрд авах саналыг Засгийн газарт оруулна
2018 оны Augustын 8

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын хонгил усанд автаж, үүнийг дагаад өргөтгөлийн барилгын чанар, стандарт шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээ дагуулах болсон. Удтал дуншиж ашиглалтад орох болсон уг барилгад эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.

-Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга удаан хүлээсний эцэст ашиглалтад орохоор болсон ч стандарт шаардлага бүрэн хангаагүй гэх маргаан дагуулах боллоо. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг төрд авах нь зүйтэй гэх яриа гарч байна. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төв байгуулагдаад 20 гаран жилийн хугацаа болсон. 2010 оноос эхлэн өргөтгөл барих шаардлагатай хэмээн гурван блокийн ажил эхлүүлсэн ч найман жил сунжирч байж энэ жил ашиглалтад орохоор болж байна. Гэтэл барилгыг хүлээж авах гэтэл стандартын шаардлага хангаагүй, үйл ажиллагаа эхлээгүй байхад хана, туурга нь цуурсан, борооны ус нэвчдэг гээд маш олон асуудал байна. Өргөтгөлийн барилгыг ийм нөхцөлтэй хүлээн авч цаашид эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна. Хавдартай хүмүүс мэс засалд орох хүлээгдэл нэг сар байна. Эмнэлэг муу ажиллаж байгаа юм биш. Хүчин чадал нь ийм байна.

Есдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой 12 давхар дэлхийн стандартад нийцсэн хавдрын эмнэлэг байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа хүний хувьд, хавдрын нөхцөл байдал ийм байхад дуугүй өнгөрч болохгүй. Тиймээс энэ эмнэлгийг холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлтээ өгч боломжтой бол төрд авах саналыг Засгийн газарт оруулна.

УИХ-ын гишүүд нэгнийхээ бизнесийг дэмжиж байна эсвэл М.Билэгт гишүүн төрд эмнэлгээ шахаж байна гэсэн зүйл байхгүй. Өргөтгөлийн барилгын хонгилд ус орсноос эхлээд иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч тэр энэ эмнэлгийг төрд авах нь зүйтэй гэж бодож байна.

-М.Билэгт гишүүнтэй энэ асуудлыг ярилцсан болов уу?

-Хуульд нийцүүлэн зөвшөөрөл авсны дараа энэ талаар ярина. Хувийн хэвшлээс төрд хөрөнгө шилжүүлэн авах тухайд санхүүтэй холбоотой асуудлыг би ярих нь зохисгүй. Ямартай ч олон улсын стандартад нийцсэн бэлэн эмнэлэг байхад бид энэ барилгад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах ёстой болов уу гэж бодож байна.

-ХСҮТ-ийн эмч ажилчид энэ талаар ямар байр суурьтай байгааг та сонирхов уу?

-Эмнэлэгтэй өөрийн биеэр танилцсан. Үнэхээр энэ эмнэлгийг төрд авч, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юмсан гэсэн шунал үнэхээр төрсөн. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай уулзаж, энэ шинэ эмнэлгийн байранд орох талаар саналыг нь сонсоход “Маш их хүсэж байна” гэсэн хариултыг өгсөн.


Р.Адъяасүрэн GoGo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага