Амбулатороор өдөрт 500 өвчтөн, жилдээ 150.000 өвчтөнд үйлчлэх, жилдээ 30000 өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай ШИНЭ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ-ийн гүйцэтгэл 80 хувьд хүрчээ
2018 оны Augustын 10

Амбулаторийн өвчтөний тоо тухайн хэлтэс, албан хаагчдын тоо, эмнэлгийн хүчин чадал дээр тулгуурлан: Өдөр тутам 500 өвчтөнд жилдээ 150.000 өвчтөнд үйлчлэх, жилдээ 30000 өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтайгаар ТЭЗҮ-д тооцоологдсон юм байна. Жилдээ 50000 өвчтөн эмчлүүлнэ. Өвчиндөө шаналсан мөн ч олон иргэндээ буян болох Шинэ Хавдрын эмнэлэг удахгүй ашиглалтад орох нь. Юутай ч олон улсын стандартад нийцсэн  эмнэлэгт Төрийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн төлөөх бүхий л талаар тултал дэмжиж ажиллах хэрэгтэй. ТӨР Ч ТҮМЭН ОЛОНД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ энэ Шинэ Хавдрын эмнэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна.  

Уншигч та бүхэндээ бид энэ онд ашиглалтад орох Хавдар судлалын цоо шинэ эмнэлгээр аялсан сурвалжлагаа хүргэхээр бэлдлээ. Улсдаа ганц байдаг ХСҮТ эмнэлэг маань анх 1.5 сая хүнтэй байхад байгуулагджээ. Гурван сая болсон монголчуудыг оношилж, эмчлэхэд хуучин эмнэлгийн хүчин чадал даанч хүрэлцэхээ байсан энэ үед шинээр баригдаж буй ХАВДРЫН ЭМНЭЛЭГ олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй юм.

-ЗӨВХӨН ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ ЗОРИУЛАГДСАН СТАНДАРТААР БАРЬЖ БАЙНА-

Шинээр байгуулагдаж байгаа энэ эмнэлэг нийт 12 давхар. Биднийг очиход дотор монтаж, цахилгаан, хийн шугам, сангийн асуудлуудаа 80 хувийн гүйцэтгэлтэйгээр шийдэж дуусаад байв. Инженерүүд тус тусын ажлаа хийгээд тун завгүй байхад нь энэ эмнэлгийг хэрхэн бүтээн босгож буй талаар нь цөөн хором ярилцлаа. Эмнэлгийн зураг, төсөл, систем бүгдийг япон инженерүүд гаргаж, гүйцэтгэлийг нь монгол инженерүүд хийж буй юм байна. Байнгын харилцаа холбоотой байгаа учраас ямар нэгэн хүндрэлгүй гэж тэд хэлж байна.

Энэ 12 давхар эмнэлэг өрөө бүр, ор бүр агааржуулалтын болон хөргөлтийн системтэй, орчноо мэдэрч стандарт хэмжээнд барих ухаалаг программчлалтай аж. Өрөөний болон давхрын температурыг нэгдсэн системээр хянаж, олон өвчтөнтэй бол агаараа илүү хурдан цэвэршүүлж, сэрүүн агаараар сэлгэх орчин үеийн технологиор тоноглогдож байна. Эвдрэл гэмтэл гарвал хаана гарсныг нь хайж явдаг цаг ч өнгөрч. Хаана эвдэрснийг нь автоматаар компьютерт мэдээллэгдэж, автоматаар засах горимд шилжиж, болохгүй бол механикаар ч засах боломжтой ажээ.

Гал гарвал хаана гарсныг хэдхэн секундэд тогтоож, бусад давхар руу утаа орохгүй, шууд гадагшлуулдаг хамгаалалтын систем суурилуулж байгаа юм байна. Хөргөлт, халаалтын систем нь орчноо мэдэрч унтарч асдаг учраас цахилгаан бага идэж, байгаль орчинд ч ээлтэй.

Гол нь барилга тэр чигтээ зөвхөн хавдрын эмнэлэгт зориулсан стандартаар баригдаж байгаа нь маш сонирхолтой. Хавдрын эмчилгээ хийхэд хэрэг болдог хийн системүүдийг Монголдоо байхгүйгээр шийдсэн гэж байна. Хуучин эмнэлгүүд маань хүчилтөрөгч, вакум гэсэн хоёр л хийн системтэй. Харин энд таван ч хийн систем байгаа нь олон төрлийн хагалгааг хямд зардлаар хийхэд тус болдог аж.

“Петро Хими” компанийн захирал Э.Ган-Эрдэнэ даралт, шугам хоолойн угсралтыг хариуцан ажиллаж буй инженер юм.

ЭНЭ ЭМНЭЛЭГ ШИГ ТАВАН ТӨРЛИЙН ХИЙН ХООЛОЙТОЙ ЭМНЭЛЭГ ХОВОР-

-Та улсын эмнэлгүүдэд ийм хийн хоолой хоёр л байдаг гэсэн. Харин энэ эмнэлэгт хэдэн хоолой суурилуулж байгаа вэ?

-Энэ эмнэлгийн хувьд мэс заслын өрөө, сэхээн амьдруулах өрөө, хэвтэн эмчлүүлэх өрөө гэх мэт өрөөнүүдэд таван төрлийн хийн шугам холбож өгч байна. Та бүхний харж байгаачлан энэ зэс шугамуудыг бид суурилуулж байгаа. Хоёр төрлийн шугам гарч байгаа бол дараах давхарт хоёр төрлийн хий, таван төрлийн шугам гарсан байвал таван төрлийн хий тухайн давхар руу шахна гэсэн үг. Хэдэн төрлийн ямар мэс заслын өрөө байна гэдгээс шалтгаалж Б1 давхраас 12 давхар хүртэл суурилуулсан. Тухайлбал, энд агаар, вакум, хүчилтөрөгч, азотны исэл, нүүрсхүчлийн хий гэсэн таван шугам доороосоо дээшээ явна.

-Хавдрын эмнэлгийн шугамын холболт яг юугаараа онцлогтой байдаг юм бэ?

-Хавдар бол хавдар, арьс өнгөний эмнэлэг бол арьс өнгөний чиглэлээр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шугам холболттой байх ёстой. Энэ эмнэлгийн хувьд хагалгаа, оношлогоо, эмчилгээ бүгд байх учраас олон төрлийн хий ашиглаж байна. Эмнэлгүүд хийн системтэй байдаг ч таван төрөлтэй тэр бүр байгаад байдаггүй, хоёроос гурав л байдаг. Тухайлбал, Нэгдүгээр төрөхөд хагалгаанд орж байхад хүчилтөрөгч, гараад ирэхэд нь вакум гэх хоёр төрлийн л хий хэрэг болдог. Намхан барилгуудын хийн системийг тооцоолоход хялбар байдаг бол өндөр болох тусам тооцоолол улам нарийсдаг. Манай компанийн хувьд өөрөө тооцоо хийдэг ч яг япончуудын гаргаж өгсөн зураг, системийн дагуу ажиллаж байна.

-Энэ хийнүүд яг юунд хэрэг болдог талаар хэлж өгөхгүй юү?

-Нүүрсхүчлийн хий гэхэд дурангийн хагалгаанд хэрэг болдог, азотын хий байрын хэсгийг мэдээ алдуулж бага зардлаар жижиг мэс ажилбар хийдэг байх жишээтэй. Шүд авахад соруулаад байдаг жижиг төхөөрөмжийг тогоор биш, хийгээр ажиллуулдаг шүү дээ. Мэс засал хийхэд хүний биеийн доторх хоёр ханыг хийгээр үлээлгэж хөндийрүүлж байж эмч хүн мэс заслаа хийдэг. Тэгэхээр аль болох олон хий орох тусам бага зардлаар, олон төрлийн хагалгаа хийх боломжтой гэсэн үг юм.

-Мэдээж эмнэлгийн барилга учир удаан ашиглагдах материал сонгох байх?

-Тийм. Манайх Орос, Хятад гэсэн хоёр томоохон үйлдвэрлэгч орны дунд байдаг. Өнөөдрийн байдлаар Орос зэс ч, Хятад зэс ч сайн. Зэс хоолой дотроо усных, ахуйн, химийнх, тоног төхөөрөмжийнх гэх мэт олон төрөл байдаг. Энэ хоолой бол зөвхөн эмнэлгийн зориулалттай тусгай хоолой. Бид Оросод хямд сайн хоолой байвал Оросоос, Хятадад сайн нь байвал тэндээс нь л авдаг. Энэ хоолойг би Хятадаас сонгож авсан.

“Хаппи сити констракшн”-ийн Ерөнхий инженер М.Машбаяр эмнэлгийн хөргөлт, агааржуулалтын ажлыг хариуцаж байна.

-ӨРӨӨ ТУС БҮРИЙН АГААРЫГ МЭДЭРЧ АВТОМАТААР ЦЭВЭРЛЭЖ, ХӨРГӨНӨ-

-Энэ эмнэлгийн агааржуулалтын системийн онцлогийг та тайлбарлахгүй юу?

-Манай Монголд олон улсын стандартын шаардлага хангасан эмнэлэг ховор гэдгийг хүн бүр мэдэх байх. Энэ төслийн онцлог нь агааржуулалтыг давхар хөргөлттэй нь шийдэж өгч байна. Эмч, эмчлүүлэгч, өвчтөнүүдэд агаарыг маш сайн шүүхийн зэрэгцээ агаар сэлгэлтийг маш сайн хийж өгдөг.

-Агааржуулагч болон хөргөгч өрөө болгонд бий юу?

-Тийм ээ, өрөө бүр хөргөлт, агааржуулалттай. Гэхдээ манай энэ төхөөрөмжүүд энгийн ч төхөөрөмжүүд биш, давхар гурван шүүлтүүртэй. Гаднах агаарыг ганц шүүх биш гурван дамжлагат шүүлтүүрээр шүүнэ. Нөгөөтэйгүүр агаарыг сэлгээд байгаа боловч бүгчим агаартай байгаад байдаг шүү дээ. Үүнийг бид усан хөргөлтийн системээр шийдэж өгч байна. Энэ нь өрөөний хэмийг төхөөрөмж өөрөө мэдрээд яг стандартын дагуу барих бөгөөд агаарын цэвэр байдлыг ч мөн ийм байдлаар мэдрэн цэвэршүүлнэ.

-Цахилгаанд их хэмнэлттэй байх нь ээ?

-Тийм ээ, 100 хувь эко систем гэж үздэг.

-ГАЛ ГАРАХ ҮЕД БУСАД ДАВХАР РУУ УТАА ГАРГАХГҮЙ, ШУУД ГАДАГШ ЗАЙЛУУЛАХ ТЕХНОЛОГИТОЙ-

-Аюулгүй байдлын талаар асуулгүй өнгөрч чадсангүй. Манайхан эмнэлгийг цөөн давхар байдгаар нь төсөөлөөд 12 давхар эмнэлэг гэхээр аюулгүй ажиллагаа талаас жаахан айдастай байна. Тухайлбал, эмнэлэгт гал гарах үед өвчтөнүүдийг хэрхэн аюулгүй байлгах вэ?

-Аюулгүй байдлыг энэ эмнэлэг маш сайн шийдэж өгсөн. Нэгдүгээрт, хоёр талдаа аваарийн гарц, шаттай. Хоёрдугаарт, гал гарсан үед аваарийн дохиог хяналтын систем автоматаар хүлээн авч тухайн давхраас бусад давхар руу утааг гаргахгүй, шууд гадагш зайлуулах тоног төхөөрөмжөөр шийдэж өгсөн. Энэ хугацаанд аваарийн гарцуудаар хүмүүс аюулгүй газарт очино. Хяналтын өрөөнд байнга 3-4 хүн хянаж суух бөгөөд хяналтын программ ч хүнээс шалтгаалахгүйгээр өөрөө дохио өгч, хамгаалалтын горимд шилжиж чаддаг. Алдаа гарах юм бол шууд автоматаар зогсолт хийж, алдаа хаана гарсныг мэдээлдэг гэх мэт олон давуу талтай.

-Хэдэн ширхэг цахилгаан шат шийдэж өгсөн бэ?

-Үйлчилгээний хоёр цахилгаан шат, үйлчлүүлэгчдийн орж гарах хоёр цахилгаан шат, эмч болон өвчтөнүүдийн зорчих нэг цахилгаан шат шийдэж өгсөн.

“Хаппи сити” констракшны автоматикийн инженер С.Мөнхтулгатай цөөн хором ярилцлаа.

-ГАДНАХ АГААРЫГ ӨВЧТӨНИЙ ӨРӨӨ РҮҮ ГУРВАН ДАВХАР ШҮҮЛТҮҮРЭЭР ШҮҮЖ ОРУУЛНА-

-Агааржуулалтын талаар Ерөнхий инженер хэлэхдээ өрөө бүрийг байнга хянаж, тохируулж байхаар шийдсэн гэсэн. Яг яаж шийдсэн юм бэ?

-Өвөл, зуны туршид халуун болон сэрүүн агаарыг үлээлгэх системийг оператор нэгдсэн байдлаар 24 цаг хянаж, өвчтөнүүдийн байгаа байдал, ачааллаас хамаараад тухайн давхрын температурыг барьж байх боломжтой. Тухайлбал, хагалгаа хийж байгаа давхар өндөр температуртай байх шаардлагагүй бол өвчтөнүүдийн байрлаж буй давхар 20 хэм, агуулахын хэсэг 11 хэм гэх мэт байдлаар тохируулах боломжтой. Мөн зургаагаас дээш давхарт буюу өвчтөнүүдийн байнгын байрлах давхруудад агаарын чанарын удирдлага хийж байгаа. Олон өвчтөн байх тусам агаарын чанар муудах тул дотор агаарыг байнгын сэлгэлт хийнэ. Нөгөөтэйгүүр гаднах агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүж оруулна. Энэ бүхнийг цогцоор нь хэлэхэд Монголоор “ухаалаг барилга” гэдэг нэршил бүхий шат руу ахиад байна. Зургийг маань япон инженерүүд хийж, гүйцэтгэлүүдийг мөн хянаж байгаа.

-Ийм агааржуулалт хөргөлтийг манай Монгол улсад өөр ямар эмнэлгүүдэд шийдэж өгсөн талаар дуулж байв уу?

-Би дуулж байгаагүй юм байна. Харин үйлчилгээний төвүүдээс дурдвал, Бодь цамхаг, Улаанбаатар их дэлгүүр зэрэг барилгуудад ийм агааржуулалтыг шийдэж өгсөн. Харин CO2-ын хувьд нилээд шинэлэг гэж хэлэхээр байна. Эмнэлэг гэдэг утгаараа агаарын чанарт ихээхэн анхаарч үүнийг шийдэж өгсөн. Хүмүүс гоё цонх, гоё хаалга хийсэн бол “хөөх” гээд хараад мэддэг. Харин энэ мэт шийдлүүд хүний нүдэнд харагддаггүй ч дандаа оюуны бүтээл байдаг учраас өртөг өндөртэй. Тиймээс л газруудад хийгддэггүй.

-Эрсдэлийг тооцож үзвэл, тог тасрахад энэ бүх систем ажиллах уу?

-Барилга өөрөө нэгдүгээр зэрэглэлийн барилга учраас хоёр талын эх үүсвэртэй, генератортай, серверийн тоног төхөөрөмжүүд өөрсдөө тог баригчтай. Ер нь байнгын ажиллагаатай байхаар зохион байгуулж байна.

Сантехник хөргөлтийн инженер С.Болдсайхантай ярилцлаа.

-ЦААШИД СТАНДАРТ ЭМНЭЛЭГ БАРИХ ЧАДВАРТАЙ БҮХЭЛ БҮТЭН БАГ БҮРДЛЭЭ-

-Би инженерийн чиглэлээр 20 гаруй ажиллаж байгаагийн 15 жилд нь улсад ажилласан хүн. Энэ хугацаанд нилээд хэдэн удаа улсын болон орон нутгийн чанартай хэд хэдэн объектуудыг улсын комисст орж хүлээж авч байсан. Энэ эмнэлгийн хувьд дэлхийн жишигт нийцсэн гэдэг утгаараа бүх технологи, хийж буй аргачлал нь хамгийн сүүлийн үеийн технологийг авч ашиглаж байгаагаараа их онцлогтой. Гол нь хөрөнгө оруулалт нь улсаас биш бүтээн байгуулалтыг хувь хүн өөрөө хөдөлгөж, авч явж байгаад их учир бий.

-Дэлхийн жишиг л гэж бид яриад байдаг. Гэтэл энэ үгээр яг юуг илэрхийлдэг юм бэ?

-Хоёр үгээр тодорхойлогдоно. Нэгдүгээрт, инженерийн шугам сүлжээ талаасаа хагалгаа хийх өрөө, ариутгалын өрөө гэх мэт бүх юм нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ирэх учраас аюулгүй байдал, ариун цэвэр талаас нь яаж хангах вэ, энэ барилгад олон дахин засвар үйлчилгээ хийхгүйн тулд ямар тоног төхөөрөмж сонгох вэ гэдэг талаас нь ажиллаж байна. Хоёрдугаарт, барууны ч юм уу Азийн өндөр хөгжилтэй улс орнуудаас өндөр мэргэжлийн эмч нар ирж ажиллахад бүх тоног төхөөрөмж байрлал, зохион байгуулалтын хувьд шаардлагыг нь хангасан байх хэрэгтэй.

-Одоогоор эмнэлгийн инженерийн шугам сүлжээний ажил хэдэн хувьтай байна вэ?

-80 хувьтай байна. Одоо гол төхөөрөмж, хөргөлтийн тоног төхөөрөмжөө суулгаад шалгалт туршилтын ажлаа хийгээд энэ есдүгээр сард дуусгаж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Японы стандартаар эмнэлэг барихад хүндрэлтэй зүйл байв уу?

-Хүндрэлтэй гэхээсээ илүүтэй манай бүх инженерийн баг маш их зүйлийг сурж, туршлага хуримтлууллаа. Энэ шаардлагад нийцүүлж ажлаа хийхийн тулд олон ч зүйлийг нэмж судлаж, суралцсан байна. Нэмж хэлэхэд, хүмүүс энэ эмнэлэгийг барилга, хөрөнгө мөнгө гэдэг утгаар нь хараад байх шиг. Энэ барилгыг түшиглээдн бүхэл бүтэн эмнэлэг барьж байгуулах мэргэжлийн баг бүрдэж байна. Манай өвчтөнүүдийг гадаадаас сайн дурын баг ирж эмчлэх гэхэд орчин нь байдаггүй. Одоо харин энэ орчин бий болж буй учраас иргэдэд маш их боломж нээгдэж байна. Тэр утгаараа энэ объектыг хөрөнгө оруулалт гэдэг утгаараа биш боловсон хүчний маш том суурь бүрэлдэн чуулах газар болж байгаагаараа гайхалтай хөрөнгө оруулалт юм. Энэ өнцгөөс нь хүмүүсийг харж яваасай гэж хүсч байна.

Төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ГАВЬЯАТ ЭМЧЭЭС ЭМНЭЛГИЙНХЭЭ ГАЗРЫГ ХУДАЛДАЖ АВСАН-

-Шууд л маргаантай асуудлаас яриагаа эхлэх үү. Барилга эхлэх газраа та яаж авч байсан юм бэ? Хавдрын эмнэлгийн хашаанд болохоор их хардлага сэрдлэгтэй байдаг юм билээ.

-Р.Сандуйжав, Б.Дагвадорж гэж Хавдрын эмнэлгийн хоёр гавьяат эмч эмнэлгийн барилга барина гэж эндэхийн газрыг анх авсан юм билээ. Харин Б.Дагвадоржийнх нь газар дээр одоо орон сууц баригдчихсан байгааг та харж байна. Харин Р.Сандуйжав гуай 2003 оноос хойш надтай уулзах хүртлээ буюу 2011 он хүртэл энэ газартаа эмнэлгийн байгууламж барих хөрөнгө оруулагч хайгаад л, хадгалаад хүлээгээд байж. Гэтэл 2008 онд нэг залуу энэ газар дээр эмнэлэг барина гэж ирээд газар дээр нь барилгын суурь хийчихсэн байсан. Тэгэх тэгэхдээ эмнэлгийн барилга биш, 12 давхар орон сууцны барилгын суурь тавьчихаад “За бидний хөрөнгө энд байгаа шүү, одоо газраа шилжүүлж өг” гэсэн байдлаар тулгасан байгаа юм. Газраа нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан үед юм байна. Тэгэхээр нь Р.Сандуйжав гуай “Үгүй ээ, би энд орон сууц бариулахгүй, эмнэлэг л бариулах гэж энэ олон жил төлбөрийг нь төлөөд хадгалаад байж байсан юм гээд газраа шилжүүлэхгүй гурван жил хүлээлгэсэн байж. Яг энэ үед нь би холбоо барьж, Мэргэжлийн хяналтад хандаж, энэ барилгын эхлэх зөвшөөрөл, барилгын зураг төсөл байна уу, төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан уу гэдгийг судуултал байгаагүй. Мэргэжлийн хяналт ямар ч зөвшөөрөлгүй барилга эхэлсэн гэдгийг нь судлаад дүгнэлт гаргаад ирсэн. Харин би энэ суурийг хүчитгээд эмнэлэг барих боломж байна уу гэж ахин судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулж байж зөвшөөрлөө авч, газрыг худалдан авч байлаа.

-Эмнэлгийн барилгын ажил эхлэхэд асуудал гарсан уу?

-2012 онд зөвшөөрлөө олж авсны дараа олон улсын эмнэлгүүдийн менежментийг судалж байгаад Япон улсыг сонгож, тэднээс зөвлөгөө авахаар шийдсэн. Гэтэл Монголдоо хийлгэсэн барилгын зургийг минь тэд харчихаад “Өө энэ барилгын агаарын урсгал, төлөвлөлт болохгүй байна. Төлөвлөлт буруу байгаа учраас энэ эмнэлгийн барилга чинь хичнээн том байгаад ч нэмэргүй, зүгээр л араг яс” гэж хэлээд тоодоггүй шүү. Нэгэнт багананууд босчихсон байсан учраас япончуудаар дотор төлөвлөлтөөр урсгалаа зөв болгох боломжийг эрэлхийлж, тэд ч хийж чадсан. Тухайн үед 60 гаруй настай, Япон улсад Элчин сайд хийж байсан С.Хүрэлбаатар гэж хүн надад маш их тус хүргэсэн дээ. Төслийн минь тухай сонсоод надад мэргэжлийн орчуулагч, дэлхийн 100 гаруй оронд салбартай групптэй намайг холбож өгсөн. Энэ группэд элчин сайд маань их зөв ойлгуулж байж ТЭЗҮ-гээ гаргуулах гарцыг нээж өгсөн юм. Эндээсээ бид “Капитал медика” ХХК гэж яг Японы эрүүл мэндийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газартай холбогдож зураг төслөө үзүүлтэл “Энэ эмнэлгийн 11 мянган м.кв зай талбайг бага байна, Япон улсад хамгийн багадаа 20 мянган м.кв зай тайлбайтай байдаг” гэдэг юм. Бага зай талбайд манай технологийг нутагшуулбал их зардал гарч, өндөр өртөгтэй болдог гэсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон ч удаа Япон явж, Япон инженерүүдийг энд авч ирэн, олон ч эмнэлэгүүдээр явж үзсэн дээ. 2012 оноос хойш зургаан жил яг л энэ асуудлаар явсаар өнөөдөр эмнэлгийн мэргэжилтэн шахуу болоод байна шүү (инээв. сурв).

-Тэгээд энэ асуудлаа шийдэж чадав уу та?

-Нэгэнт 11 мянган м.кв учраас би энэ эмнэлгийнхээ яг залгаа газрыг авч дахин шинэ эмнэлэг бариад япончуудын хэлээд байгаа тэр стандартыг тэр чигээр нь буулгахыг хүссэн. Энэ залгаа газар бол 2340 м.кв газар юм шүү дээ. 80 гаруй гараж байсныг бүгдийг нь худалдаж авч нураагаад, эмнэлгийнхээ суурийг тавьсан. Тэгэхдээ бүр эхнээс нь япончуудтай ажиллаж, яг л тэдний стандартаар явж байна. Энэ өргөтгөл 26 мянган м.кв шүү. Тиймээс ч япончууд надтай хамтран ажиллахыг зөвшөөрч, гэрээ хийгээд эхэлсэн байдаг. Ингээд өргөтгөлийн барилга 2014 оны 6 дугаар сард эхэллээ.

-Эмнэлгийн өргөтгөл баригдаж эхлэхэд нилээд шуугиан дэгдэж байсан. Яг юунаас болсон юм бэ?

-2014 онд өргөтгөлөө бариад эхлэх гэтэл “176 шүүгч амьдрах орон сууцны минь хажууд эмнэлгийн барилга барьж зүрхэлж байгаа Билэгтийг шүүгч нар яаж дарахыг хараарай” гэсэн мессэж явуулаад эхэлсэн. Тэнд ч иргэний шүүхэд нэг хэсэг нь хандаж, энд ч захиргааны хэргийн шүүхэд нэг хэсэг нь хандсанаас болоод миний ажил зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн дээ. Эхний барилга 2015 онд ашиглалтанд орох ёстой байсан боловч шүүхийн асуудлаас болоод япончууд ч гэрээний асуудалд түдгэлзэж бүх ажил нэг ёсондоо нам зогссон. Гурван жил огт хөдөлгөөгүй. Энэ хугацаанд өчнөөн төгрөгийн зээл авчихсан намайг юу гэж шантаажилж байсан гэхээр “Чи жилдээ нэг сая ам.долларын зээлийн хүү төлж байхаар тэр мөнгөө бидэнд өгчих, тэгвэл бид шүүх дээрх маргаанаа татаад авчихъя” гэсэн. Ингэж л хөрөнгө оруулагчдаас мөнгө салгадаг юм шүү дээ. Гэтэл би ямар сая доллараа өгөх билээ дээ. Тэгээд ч нэгэнд нь өгвөл дараагийнхд нь ч бас өгөх л хэрэг болно. Харин энэ бүхний эцэст, гурван жилийн дараа Билэгт энэ барилгыг авахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй юм байна гэдгийг шүүх нотолж гаргасан.

-Ийм хэцүү үед танд энэ асуудлыг шийдэх, төслийг тань дэмжих хүн, байгууллага байгаагүй юу Та төрд хандаж үзсэн үү?

-Би Засгийн газарт хандаж үзсэн. Хэрэв Монгол улсын Хөгжлийн банк Монгол улсад хэрэгтэй, Монголын ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтын зээл олгох зорилготой юм бол “Би ийм төсөл хэрэгжүүлж байна, ийм хэмжээнд босоод ирсэн юм” гэдэг бичгүүдийг өгч байсан. Тэд хэзээ ч “үгүй” гэж хэлдэггүй, дандаа л судла гэдэг, дэмжинэ гэдэг ч хэзээ ч мөнгө шийдэж өгч байсангүй. Арга ч үгүй биздээ, шүүхээр явж байсан үе юм. Харин энэ үед Худалдаа хөгжлийн банк л надад зээлийг минь сунгаж өгч тусладаг байсан шүү, үүнийг би цохож хэлмээр байна. Харин 2017 онд захиргааны шүүхийн шийдвэр гарч ирсэн учраас би Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зээлээ авах нөхцөл бүрдсэн.

-Найман жилийн хугацаанд шүүх дээр дуудагдаж, гацаанд орж, бүх зүйлээ дэнчин тавьж энэ бүхнийг хийж байхад танд мэдээж “больдог ч юм билүү” гэж бодогдох үе байсан болов уу?

-Шантрах үе маш их. Гэхдээ надад буцах зам байгаагүй. Бүхэл бүтэн барилга босчихсон, дараагийн барилгын ажил эхэлчихсэн байсан үе шүү дээ. Энэ үед монголчуудынхаа эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилгоосоо буцахыг би хүсээгүй. Хэзээ нэгэн цагт энэ ажил минь Монголчуудад үр өгөөжөө өгч, хүсэл минь биелэх болно гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан. Дотор давчдаад уйлах ч үе зөндөө. Гэхдээ гагц төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албаныхан, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд энэ төслийг дэмжихгүйгээр “Иргэд эсэргүүцэж байна” гэдэг шалтгаанаар гацаадаг байсан (хэсэг азнав. сурв). Энэ үед л миний хоолой зангирч, гашуу оргиж, нулимс гардаг байсан. Төрийн албан хаагч хүн ийм байдаг юм уу, ийм сэтгэлгүй хүмүүс төрд алба хашдаг юм уу гэж бодогдож, зүрхийг минь мохоож, элгийг минь эмтэлдэг. Хэдэн хүнийг ч болов амьд үлдээж, хэдэн гэр бүлийг ч болтугай элэг бүтэн амьдруулж болох, хэдэн хүнийг ч болов аз жаргалтай байлгах энэ төслийг минь дэмжээгүйд би гомдохдоо л нулимс унагадаг байсан даа. Шударга зөв сэтгэлтэй хүмүүс байлгүй л яах вэ, гэхдээ тэд тэнд үгээ хэлвэл ажлаасаа халагдана шүү дээ. Тиймээс тэд дуугүй л байдаг.

-Шулуухан асуухад та яагаад орон сууц бариагүй юм бэ? Энэ асуултыг танаас олон ч хүн асуусан байх.

-Би энэ эмнэлгийг барихын тулд ар гэрээ ч золиослож ажилласан юм шүү дээ. Хорин хэдэн жил өөрийнхөө ажиллаж байж олсон бүх зүйлээ дэнчин тавьж, энэ бүхнээ эхлүүлсэн. Нөхөр маань намайг хэцүү байдалд орж, хэдэн жилээр гацаанд ороход “Чи зүгээр л орон сууц барихгүй дээ” гэж хэлнэ. Гэтэл би яах гэж “таван” төгрөгтэй болох гэж хорин хэдэн жил зүтгэсэн юм. Хичнээн их мөнгөтэй байгаад сайхан зүйл бүтээхгүй юм бол мөнгөтэй байж яах юм. Бүх зүйл гацаанд орчихоод яах нь мэдэгдэхгүй, хэцүү байдалд байх үед би хоёр хүүхэддээ хүртэл “За та хоёрыг би боловсролтой, орон байртай болголоо. Одоо энэ компанийн ашгаас хүртэнэ гэж саналтгүй боллоо. Орон сууцуудыг чинь би өөр өөрсдийн чинь нэр дээр шилжүүлж өгье, өөр надаас харах юмгүй ч болох нь. Ээж нь хорин хэдэн жил ажилласан бүхнээрээ дэнчин тавьж, эрүүл мэндийн салбарт ийм юм хийж яваа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд хэрэгтэй юм болно байх аа” гэж хэлж байлаа.

-ТА ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭД ТУСЛААЧ ГЭСЭН-

-Хүнд хэцүү цаг үеийг туулж байж бэлэн болж байгаа эмнэлгийг тань төр авна гэсэн саналтай байгааг та мэдээж дуулсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ төсөл дээр хамтраад хөрөнгө оруулалт хийе гэдэг саналууд сүүлд нилээд ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь хурдхан бариад, мөнгө олъё гэж би энэ эмнэлгийг бариагүй. Яг л стандартын дагуу, яг л хүний төлөө эмнэлэг болоосой гэж хүсч байна. Харин Д.Сарангэрэл сайд “Энэ эмнэлгийг авч өгнө, хавдартай иргэдэд энэ эмнэлэг хэрэгтэй төсөл байна” гэж зоригтой ярьж байгаад би талархаж байгаа. Учир нь энэ хүн энэ салбарт өвчтэй иргэдэд туслах хэмжээний сэтгэл гаргаад байна шүү дээ. Өмнөх удирдлагууд харин “надад ямар ашигтай юм бэ” гэдэг өнцгөөс л хандаж байсан нь үнэн.

-Д.Сарангэрэл сайдыг ч мөн тантай үгсэж, төрд байшингаа “шахах” гэлээ гэх хардлага байна?

-Үгүй шүү дээ. 2017 оны сүүлээр хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа 11 сар гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд надад хүсэлт тавьж эхэлсэн байдаг. Японоос мэргэжилтнүүд эмнэлэгийн барилгын ажилтай танилцах гэж, судалгаа хийх гэж, ТЭЗҮ хийх гэж хоёр жил ирэн очин байхдаа дандаа хавдрын мэргэжлийн эмч нартай уулзаж, хуралддаг байсан. Нөгөөтэйгүүр яг дэргэд нь энэ барилга баригдаж байгаа шүү дээ. Тэр тоолонд л тэд “Ямар сайхан юм бэ” гэж уулга алдана. Ингээд л тэд “Та хавдрын эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд туслаж энэ барилгаа өгчихөөч, үнэхээр хэрэгтэй байна. Хэрэв төрд авчихвал өвчтөнүүд эрүүл мэндийн даатгалаараа арай хямд эмчлүүлж чадна” гэсэн. Тэгэхэд нь би “үгүй” гэж хэлэх хэцүү. Хавдрын өвчтэй хүмүүст ямар хэцүү байдгийг би өөрөө мэднэ шүү дээ. Гэтэл би энэ эмнэлгийг ийм их зүйл туулж байж бүтээсэн, би өөрөө энд нь өрөөтэй болж сууна, тэндэхийг ч ингэж зохион байгуулна гээд шалных нь хадааснаас эхлээд оролцож явсан болохоор шууд л “тийм” гэж хэлэхэд хэцүү. Бас үлдсэн амьдралдаа дахиад ийм төсөл аваад эхлүүлж чадахгүй ч би “Татгалзаж чадахгүй нь ээ” гэж хэлсэн. Тэгээд л тэд зориг гаргаад төрд хүсэлтээ өглөө гэж хэлээд, ЭМЯ-ны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад тус тус бичиг өгсөн юм билээ. Гэтэл тун удахгүй олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Билэгт байшингаа шахах гэлээ” гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Ард түмэн ийм юм хийхгүй шүү дээ, захиалгаар л ийм зүйл хийсэн байх. Ингээд би Д.Сарангэрэл сайдад “Би энэ барилгыг заавал аваачээ гэж тулгаагүй шүү дээ, би болилоо” гэдэг байр сууриа хэвлэлд ярилцлага өгөөд мэдэгдчихсэн. Ингээд л ажил минь буцаад жигдэрсэн байна даа. Юу ч болсон ажлаа дуусгана, эмнэлэгийнхээ нээлтийг хийх тэр сайхан өдрийг хуруу даран, төсөөлөн хүлээж сууна. Одоо би эхний барилгаа 2018 оны есдүгээр сарын сүүлч гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна.


Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ХҮЧИТБААТАР

One thought on “Амбулатороор өдөрт 500 өвчтөн, жилдээ 150.000 өвчтөнд үйлчлэх, жилдээ 30000 өвчтөн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай ШИНЭ ХАВДРЫН ЭМНЭЛЭГ-ийн гүйцэтгэл 80 хувьд хүрчээ

  1. Иргэн

    Хөгжингүй орныхон өөрийнхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх гэж хөгжиж байгаа буурай орнуудад хөнгөлөлттэй Хөрөнгө оруулалтын зээл олгож Өөрийн орны компаниудаар гүйцэтгүүлэх, бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлтэйгээр Монгол улсад бүтээн байгуулалтын хөнгөлөлттэй зээл олгож төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэтэл энэ ард түмэндээ хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн Монголынхоо баялаг бүтээгчдийг үзэн ядаад эсэргүүцээд элдвээр доромжлоод байгаа нөхдүүд хэний даалгавараар яагаад нийгмийг талцуулаад байдаг байнаа. Ингэж Монголын баялаг бүтээгчдээ эсэргүүцэж доромжлоод байгаа нөхдүүд эх орон ард түмнийхээ эсрэг Монголын ард түмнээ ядууруулах ажилгүй байлгах сэтгэхүйтэй гэж хархаас өөр яах билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага