Гүрвэлийн цуснаас антибиотик гарган авчээ
2018 оны Augustын 11

Америкийн биохимичид Индонезийн Комодо арал дээр амьдардаг аварга том хонин гүрвэлийн цуснаас шархны эдгэрэлтийг хурдасгадаг антибиотик гарган авч чаджээ. Энэ төрлийн гүрвэл нь дэлхий дээр одоо байгаа гүрвэлүүдээс хамгийн том нь бөгөөд түүнийг “Комод арлын луу” гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн зарим гүрвэлийн биеийн урт 3 метрт хүрч 80 гаруй кг жин татдаг байна. Аварга том хонин гүрвэл нь устан мөхөж буй төрөл зүйлийн амьтан учраас Жорж Мейсоны их сургуулийн эрдэмтэд Флорида муж улсын амьтны хүрээлэнд байгаа гүрвэлээс цусыг нь авчээ. Уг аварга хонин гүрвэлийн цуснаас гаргаж авсан бодис нь нянгийн халдварыг устгах үйлчилгээ маш сайтай болох нь тогтоогджээ.
Эрдэмтэн Моника ван Хайк, Барни Бишоп нар уг бодистой төстэй бодисыг лабораторийн нөхцөлд гарган авч, түүнийгээ DRGN-1 гэж нэрлэжээ. Хулгана дээр туршиж үзэхэд уг бодис ил шархны анилт эдгэрэлтийг хавьгүй илүү хурдасгаж байгаа төдийгүй грамо сөрөг болон грамо эерэг нянг устгадаг, мөн нянгийн мембраныг уусгадаг нь болохыг тогтоожээ. Уг судалгааны ажлын үр дүнг Америкийн цэргийнхэн сонирхож эхэлсэн ба Цэргийн аюулыг бууруулах агентлагаар (Defence Thereat Reduction Agency) дамжуулан уг төслийг санхүүжүүлжээ. Эрдэмтэд судалгаандаа зэрлэг аварга хонин гүрвэлийн цусыг авч ашиглахыг илүүд үзэж байгаа аж. Учир нь зэрлэг гүрвэлийн цус найрлагын хувьд амьтны хүрээлэнд байдаг гүрвэлийнхээс өөр байж магадгүй гэж үзэж байгаа юм. “Зэрлэг аварга гүрвэлийн биеийн дархлаа нь илүү хүчтэй байж ч мэднэ, бид зэрлэг аварга гүрвэлийн цусыг авахаас татгалзахгүй, гэхдээ биоэтикийн хэм хэмжээг баримтлан авсан нөхцөлд шүү” хэмээн Барни Бишоп ярьжээ.
Шинэ төрлийн антибиотик гарган авах асуудал өнөө үед онцгой ач холбогдолтой болж байгаагийн учир нь одоо хэрэглэж буй эм бэлдмэлүүдэд дарагддаггүй шинэ төрлийн нянгууд олноор бий болж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага энэ оны 2-р сард антибиотикт хамгийн их тэсвэртэй бичил биетүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг устгахын тулд шинэ бэлдмэл гарган авахыг судлаачдад уриалжээ. ДЭМБ-ын таамаглаж байгаагаар, халдварууд антибиотикт тэсвэртэй болж байгаа явдал нь ойрын хэдэн арван жилийн хугацаанд газар авч, 2050 он гэхэд эдгэшгүй өвчнөөр жилд бараг 10 сая хүн нас барахаар байгаа нь одоогийнхоос 14 дахин их тоо ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага