Дмитрий Медведев: ОХУ болон барууны орнуудын харилцаа сайжрах итгэл алга
2018 оны Augustын 15

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн өнгөрсөн долоо хоногт “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-2008 оны Орос, Гүржийн дайн үнэхээр зайлшгүй, гарах гарцгүй байсан учраас үүссэн гэж олон хүн үздэг. Та ч гэсэн үүнтэй санал нийлдэг үү?

-Үгүй ээ, энэ бол зайлшгүй зүйл биш байсан юм. Саакашвили болон түүний дэмжигчдийн хариуцлага, ёс суртахуунгүй байдлаас үүссэн. Мэдээж байдал нэлээд хурцадсан. Гэхдээ бүх зүйл 2008 онд эхэлчихсэн юм биш. ЗХУ-ын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүн дэх орнуудын хоорондох зөрчилдөөн үүнээс өмнө байсан ч бүх зүйл 1991 онд эхэлсэн. Гэхдээ энэ бүх чичирхийллийг 2008 он хүртэл намжаагаад байлаа. Харин 2008 онд Гүржийн Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газар бүх зүйлийг эхлүүлсэн. Энэ зайлшгүй болох ёстой зүйл биш.

-Маш олон хүн ОХУ болон барууны орнуудын харилцаа яагаад ийм байдалд хүрэв гэдгийг сонирхдог. Ерөнхийлөгч Барак Обамагийн үед хоёр орны харилцаа харьцангуй тогтвортой байсан?

-Ерөнхийлөгч Жорж Бушийн үед ч харьцангуй тогтвортой байж, 2008 онд бид уулзсан. Тэр Гүрж, Өмнөд Осет, Абхазитай холбоотой асуудлыг огт дурдаагүй.

-Барууны орнууд болон ОХУ- ын харилцааны одоогийн гол сөргөлдөөн нь Украин. 2008 оны Гүржийн хямралаас яагаад сургамж авч чадсангүй вэ?

-Энэ бол хоёр өөр нөхцөл.

-Украин, Гүржийн хямралаас ОХУ юу хожсон бэ?

-ОХУ иргэдээ хамгаалж, энхтайван тогтоосон.

-Сирийн дайн, Украины зөрчил зэргээс болж Европын холбоо болон АНУ-тай харилцаагаа муутгасан ОХУ цаашид ямар гадаад бодлого баримтлах вэ?

-Ямар нэг зүйлд шинэчлэл хийх хэрэгтэй бол тэс өөр суурь зарчимд үндэслэнэ гэсэн үг. Бид АНУ ба Европын холбоотой харилцаагаа шинэ төвшинд хүргэхийг хүсч байна. Европын холбоо бол бидэнтэй ижил үнэт зүйл, түүхийг хуваалцдаг орнуудын нэгдэл. Нэг тивд оршин тогтнож байгаа болохоор хамгийн чухал худалдааны хамтрагч мөн. Одоо үргэлжилж байгаа энэ хүйтэн харилцаа аль алинд маань сайн үр дүн авчрахгүй. Бидний хувьд ямар ч асуудлын талаар хэлэлцэхэд бэлэн.

-ОХУ-д тавьсан хоригоос болж олон үр дагавар гарсан ч хамгийн хүндээр туссан нь эдийн засгийн хямрал. Засгийн газраас хоригийг цуцлах талаар арга хэмжээ авах уу?

-Европын холбоо болон ОХУ-ын худалдааны эргэлт 450 тэрбум еврогоор хэмжигддэг байсан бол 217 тэрбум болтлоо буурсан. Орос руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан олон компани үүнд яагаад тайлбар хийсэнгүй вэ. Иргэд, ажилчдад таагүй байгаа нь тодорхой. Дахиад л энэ хэргийг эхлүүлсэн нь бид биш. Тийм учраас хариу арга хэмжээ авна гэж хүлээх хэрэггүй. Бүр ЗХУ-ын үед ч элдэв хоригоо тавьдаг л байсан. Биднийг айлган сүрдүүлэх оролдлого бүр талаар өнгөрч байсан гэдгийг дурдъя. Тэд ашиг олдоггүй, харин алдагдалтай л буцдаг. Одоо ч тэр байдал давтагдаж байна.

-ОХУ болон барууны орнуудын харилцаа хэзээ нэгэн цагт хэвийн байдалд орох болов уу?

-Таагүй харилцаа үргэлжилсээр тулж очих цэг гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч улаан шугам байхгүй цаашид хэрхэн яаж өөрчлөгдөх нь таашгүй. Ямартай ч сайн тал руугаа өөрчлөгдөнө гэсэн итгэл алга. ОХУ болон Европын орнуудын харилцааны түүхээс харахад харилцаа тогтворжиж, хамтын ажиллагаа өргөжүүлсэн тохиолдол олон байдаг. Гэхдээ энэ таагүй харилцаа ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Ерөнхийлөгч Путин ОХУ АНУ-тай хамтран ажиллахад ямагт нээлттэй байж, харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ олон удаа илэрхийлж байсан. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноор хоёр улсын харилцаанд ямар ч дэвшил гарсангүй.

-ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Үнэндээ АНУ-ын батлан хамгаалах салбартаа зарцуулж буй хөрөнгө дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсвөөс хэд дахин илүү байдаг. Мэдээж энэ их төсвийн тодорхой хувь нь НАТО-д зарцуулагдаж байгаа байх. НАТО- гийн удирдлагууд наанаа ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулах талаар ярьдаг ч цаанаа цэргийн зардлаа нэмэгдүүлсээр байна. Хэний эсрэг тэд тэмцэх гэж байгаа юм бэ. Хэдийгээр энэ бидний асуудал биш ч НАТО дотроо зөрчилтэй гэдэг нь олон зүйлээс харагдаж байна. Бид хэзээд хамтран ажиллахад бэлэн байсан. Одоо хэн ямар шийдвэр гаргахыг хүлээх үлдсэн.

-Терроризмын эсрэг ОХУ болон барууныхан нэгдэн тэмцэхэд Крымийн хойгийн асуудал саад болж байна. Баруунтай хамтран ажиллахаа золиослохоор Крым тийм үнэтэй гэж үү?

-Энэ бол 2.5 сая хүний тухай асуудал. Тэд Украинд гарсан төрийн эргэлтээс айж мэгдсэн хүмүүс. Киевт төрийн эргэлт гарсны дараа хэт үндсэрхэг үзэлт хүчнүүд тэндхийн хүмүүсийг дур зоргоороо заналхийлж эхэлсэн. Тэд орос хүн, орос хэлээр харилцагч ард түмэнд заналхийлсэн. Бидний хувьд дайн хийж, эзлэн түрэмгийлээгүй. Крым ОХУ-д шилжих үйл явцад нэг ч удаа буун дуу гарч хүний амь хохироогүй. Бид зөвхөн Украины тусгай албаны 20 мянган цэргийг тогтоон барьж, Крымийн хойгийн оршин суугчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан. Тэд ОХУ-ын нэг хэсэг байхыг хүссэн.

-ОХУ-ын эдийн засаг ямар байгаа вэ?

-Оросын эдийн засагт үүссэн зогсонги байдал арилж, бид өсөлтийн үе шат руу шилжжээ гэдгийг бодит баримтууд харуулж байна. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэлд дурдсанаар ДНБ гурван улирал дараалан өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 0.7 хувьтай гараад байгаа. Түүнчлэн Төвбанкны алт, валютын нөөц болон гадаадад байршуулсан нөөц нэмэгдсэн. Өнгөрсөн онд нөөцийн нийтийн хэмжээ 368 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны сүүлчээр 378 тэрбум ам.доллар, өнгөрсөн онд 405 тэрбум ам.доллар болж өссөн. Автомашины борлуулалт болон ипотекийн зээл олголт нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хүн ардын амьдралын төвшин дээшилж байгааг харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага