Н.Учрал: М.Билэгт гишүүний ажлыг би зөв л гэж хэлнэ. Хүн өөрөө бусдад нэг ч зүйл өгч чадаагүй байж хүний өгч байгааг битгий шүүмжлэ
2018 оны Augustын 29

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Чуулган завсарласан, ойрд ажил гайгүй байв уу?

-Чуулганы завсарлагаанаар тойргийн иргэдтэйгээ уулзах ажлыг зохион байгуулж байна. Мөн ирэх намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль намрын чуулганаар хэлэлцэгдэхтэй холбогдуулан энэ талаар мэдээлэл судалж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулагдсан. Үүний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, холбогдох хууль, дүрэм журмууд дээр нэлээд ажиллаж байна. Намрын чуулгантай зэрэгцэн түр хорооныхоо ажлыг эрчимжүүлэхээс гадна улсын хэмжээнд хэрэгжиж байгаа IT-тай холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгахаар УИХ-ын Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгтэй хамтраад төрийн байгууллагуудад шалгалт зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. Мөн саяхан Английн Засгийн газрын шугамаар олон улсын манлайлагчдын хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Энэ үеэр Кембрижийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээний талаар мөн манай улсын хөрөнгийн бирж дээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийн талаар томоохон уулзалтууд хийж тодорхой санал солилцсон. Манайд сонгуулиас сонгуулийн хооронд төрийн аппарат байнга солигддогоос үүдэж гаднын хөрөнгө оруулалтын ажлууд маш их гацдаг, хийгдсэн ажлууд нь царцсан гээд олон асуудал байна.

-Тухайлбал?

– Ялангуяа боловсролын салбарт хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөр гацсан байдалтай байгаа. Манайхан эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүллээ гэхэд эргэж шалгадаггүй, холбогдох албан тушаалтнууд нь байнга солигддогоос үүдэж олон улсад манай улсын нэр хүнд унаж байна гэдгийг олж харлаа. Төрийн албаны дээд түвшин гэхээс илүүтэй газрын дарга нар, мэргэжилтнүүдийг чадваржуулах ажлуудыг сайн зохион байгуулахгүй бол төрийн албаны анхан шатны ажилчдын уршгаар маш олон ажлууд гацаж байна. Гаднынхан аливаа сургалтын жишээндээ Сири, Монгол улс шиг гэж манай улсыг дурддаг болсон. Бид өөрсдийгөө ардчилсан орны үлгэр загвар болсон улс гэж ярих дуртай. Гэтэл олон улс биднийг харах түвшин доогуур гэдгийг эргэж харахгүй бол цаашлаад гаднын хөрөнгө оруулагчид, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно. Жишээ нь Английн хөрөнгийн бирж дээр очоод уулзахад С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед манай улс Лондонгийн хөрөнгийн биржийн IT технологийг Монголдоо хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Гэтэл өнөөдөр танай улс Эрдэнэс Тавантолгой компанийнхаа хувьцааны 30 хувийг яагаад ХонгКонгийн хөрөнгийн биржээр гаргах асуудлыг ярьж байгаа юм гэдэг байдлаар бидэнд хандаж байна. Бодлого ингэж алдагдаж байгаагийн уршиг нь мэдээж нэг нам засгийн эрхэд гарахаараа өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлыг нь зогсоодог. Гэтэл үүний цаана нь Монгол гэдэг том эрх ашиг явж байдаг гэдгийг хаана хаанаа бодох цаг ирсэн.

“Ц.ЦОГЗОЛМАА САЙД АЖЛАА МЭДДЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮЛСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ«

-Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил жилийн намар бид цэцэрлэгийн бүртгэл, их дээд сургуулиудын сургалтын төлбөрөө ярьсаар сургалтын чанарын асуудлаа орхигдуулсаар ирсэн. Боловсролын салбарыг мэддэг гишүүний хувьд асуухад, манай улсын боловсролын тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-2018 оны сүүл гэхэд манай улсын бүх ЕБС-дад Кембрижийн хөтөлбөр хэрэгжсэн байх ёстой байтал өнөөдөр тун бүрхэг харагдаж байна. Тус хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх үү, гэрээгээ сунгах уу үгүй юу гэдгээ тодорхой болгомоор байна. Ер нь өрнөдийн системээр явах уу, үгүй юу гэдгээ шийдэх шаардлага бидэнд тулгарч байна. Боловсролын салбарт өөрийн гэсэн концепц гэж үгүй болсон. Ямар ч улс оронд боловсролдоо хандах өөрийн гэсэн философи гэж байдаг. Монгол Улс боловсролын ямар философитой орон юм бэ гэхээр хариулах эзэн байдаггүй. Бид өнөөдөр Их Британийн боловсролын системийг нэвтрүүлэх гэж байгаа бол тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдөр ЕБС-иудад Кембрижийн хөтөлбөр, их дээд сургуулиудыг Америкийн магадлан итгэмжлэлд оруулна гээд яам нь шахдаг. ЕБС нь нэг өөр, их дээд сургууль мөн өөр систем хэрэгжинэ гэдэг бол боловсролын салбарын залгамж чанар байхгүй болсныг илтгэнэ. Үнэхээр бид үндэснийхээ онцлогийг ярих гэж байгаа бол хүссэн ч эс хүссэн ч өрнөдийн эсвэл барууны системийн алинаар нь явах уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдөр энэ хэвээрээ явах юм бол Монголын боловсролын салбар дампуурахад ойрхон байна. Боловсролын салбараа өөрчилж, шинэчлэхгүйгээр бусад ямар ч салбар явах боломжгүй. Бид сайн мэргэжилтнийг бэлтгэхгүй бол манай улсын том том төслүүд хөдлөхөд ажиллах мэргэжилтэн байхгүйд хүрнэ. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаатай ажиллаж чаддаггүй. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэр байгаагаас шалтгаалж боловсролын салбар нь нийлүүлэлтээ хангадаг байх. Өөрөөр хэлбэл, энэ жил ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ гэдгийг тодорхойлж байж боловсролын зээлийн сан нь оюутны зээлийг хэрхэн олгох уу гэдгээ шийддэг байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ бүх судалгаа нь алга, шинжлэх ухаан ч бодлого байхгүй учраас бид урсгалаараа л явж байна. Дээр нь дээд боловсрол эзэмшээгүй хүн зөөгч хийж болохгүй гэдэг шаардлага тавьчихсан учраас хүн бүр ямар ч хамаагүй дээд боловсрол эзэмших гэж улайрдаг болчихсон.

Мөн залуусыг МСҮТ-д суралц гэж шахдаг мөртлөө МСҮТ-дээ дэмждэггүй. Хуучин МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгодог байсан бол одоо больсон. Ингэснээр МСҮТ-дэд суралцах оюутны тоо багассан. Төгслөө гэхэд ажлын байраар хангагдаж чаддаггүй. МСҮТ-ийг дэмжихийн тулд компаниудад боломж өгөх хэрэгтэй. Хувийн томоохон компаниуд дэргэдээ МСҮТ байгуулаад төгсөгчдөө ажлын байраар хангана гэдэг хариуцлагыг хүлээх ёстой. Энэ систем нэвтэрвэл хүн бүр дээд боловсролтой болъё гэж зүтгэхгүй. Их, дээд сургуулиудыг хаана гэх уриа лоозон ярьсан хүмүүсийг би гайхдаг юм. Боловсролын салбарыг ойлгохгүйгээр шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Миний хувьд энэ салбарын жаргал, зовлонг тодорхой хэмжээгээр мэддэг хүн. Дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа явж байгааг би мэдэрч ярьж байгаа болохоос бус асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж ярьдаггүй. Хэрэв их, дээд сургуулиуд хаалгаа барчихвал гэмт хэргийн тоо өснө гэдгийг Цагдаагийн байгууллагаас хүртэл хэлж байгаа шүү дээ.

– Таны хэлж буй дээрх асуудлуудад салбарын яам нь хэр анхаарч байх шиг байна?

-Анхаарах нь байтугай өнөөдөр БСШУСЯ-ны газрын дарга нарт хүнд суртлын механизм нүүрлэчихсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн том зорилт нь гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагүй болгоно гэж тусгасан атал өнөөдөр байдал хэвээр л байна. Энэ онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэг байхгүй.

Яагаад гэвэл БСШУСЯ тендерээ зарлаж чадахаа болчихсон. Явууллаа гэхэд дандаа ашиг сонирхол дор тендер явагддаг. Ах дүү, амраг садангийнхаа компанийг оруулах нэрийдлээр тендерийг гацааж оройтуулж зарлаж байгаа нь улсын ажлыг хойш чангааж байна. Ард түмний халааснаас авсан мөнгөөр Засгийн газар төсвийг нь гаргаад өгчихсөн байтал яамны хэдэн нөхөд нь ажлаа ер хийдэггүй. Уг нь тендерийн ажлыг нийслэл, дүүрэгт нь шилжүүлчихвэл ажил хурдан явна. 2018 оны төсөвт суулгасан мөнгө ингэж л царцдагийн нэг жишээ нь энэ. Байж байж нэг тендер зарлана түүнийг шударга явуулж чадаагүй учраас тендерт оролцсон компаниуд нь гомдол гаргадаг. Ингээд дахин тендер зарлагддаг. Яаманд зохион байгуулах бүтэц нь байхгүй атал бүх тендерийг өөр дээрээ авчихсан.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг долоон сургуулийн нэг нь манай тойрогт бий. Мөн нийслэлд хоёр хороо сургууль, цэцэрлэггүй. Үүний нэг хороо нь мөн манай тойргийнх. Өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдаагүй байгаа сургууль, цэцэрлэг энэ жил баригдах нь тун эргэлзээтэй. Аргаа бараад би Сонгинохайрхан дүүрэгт байрлах ИЗИС-ынхаа таван ангид тойргийнхоо хүүхдүүдийг хичээллүүлэх гэж байна. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал улсын ажил гацааж байгааг цаашид засч, залруулахгүй л юм бол төсөв батлаад ч хэрэггүй. Эхлээд Тендерийн тухай хуулиа өөрчилье, хоёрдугаарт чаддаг, мэддэг хүмүүсээр нь төрийн ажлыг хийлгэе, нам хамаарахгүйгээр. Өнөөдрийнх шиг дүр зураглалаар сайдыг дагаж ирсэн хэдэн нөхдүүд төрийн албыг замхруулснаар эцэстээ ард түмэн л хохирч үлдэж байна. Яг ийм байдалтайгаар төрийн ажил 28 жил явж ирлээ шүү дээ.

-Та БСШУСЯ-ны Ц.Цогзолмаа сайдад сэтгэл дундуур байгаа бололтой, тийм үү?

-Ц.Цогзолмаа сайдыг би намын эмэгтэйчүүдийн холбоог удирддаг, ажил хэрэгч эмэгтэй гэж хүндэтгэж ирсэн. Ц.Цогзолмаа сайд ажлаа мэддэггүй, чадваргүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь харамсалтай. Сайдад хавь ойрын хүмүүс нь буруу мэдээлэл өгснөөс буруу шийдвэр гаргаж байна. Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж, бодит нөхцөл байдалтай танилцаж, явж ажилламаар байна. Энгийн сургуулийн нэг багштай уулзаад нөхцөл байдалтай нь танилц л даа. Багшийн хөгжлийн тухай хуулийг батлахдаа насаараа Монголын төрд ажилласан хүмүүсийг хал гэж тусгаагүй. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид шинэ бүтцээр ажиллаад шинэ мэргэжилтнүүдтэй байх ёстой гэж дарга нь яриад байгаатай нь би огт санал нийлэхгүй. Ер нь бол менежер хүн бусдаар ажлаа зөв хийлгэдэг байх ёстой.

-Та Ц.Цогзолмаа сайдад зөвлөх, туслах үе бий юу?

-Би Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулж маш том тус хүргэсэн. Уг хуульд асар чухал бодлогын концепц суусан. Төрийн албаны тухай хуульд ч ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг тусгаагүй байдаг. Тэгвэл Багшийн хөгжлийг дэмжих тухайн хуульд ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системд суурилсан урамшууллыг бий болгосон. Энэ хуулийн хэрэгжилтийг яамнаас шахаад ажиллачихвал боловсролын салбарын ажил урагш явна. Авах цалин оруулж байгаа хувь нэмэр хоёр нь тэнцүү байх ёстой гэдэг шударга байдлын онол гэж бий. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр цалинг бодитойгоор нэмж байгаа ойлголт биш. Харин инфляцад сөргөөр нөлөөлж байгаа хэрэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тусам халамжийн бодлогод сөргөөр нөлөөлдөг. Цалинг нэмэхдээ урамшууллын тогтолцоогоор өөрчилж нэмэх ёстой гэж би Засгийн газарт удаа дараа санал тавьж байсан.

“ГИШҮҮД ТОЙРОГТОО БЭЛЭГ ТАРААХ НЬ БАЙХ ЁСТОЙ Л ҮЗЭГДЭЛ«

–Хоёулаа боловсролын асуудлаар нэлээд ярилцлаа. Ярианы сэдвээ одоо өөрчилье. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудал нь МАН-ын дотоод хямрал, төрийн албан хаагчдад нь хүртэл “халдварлалаа” гэж олон нийт үзэх боллоо. Энэ үйл явцад та дүгнэлт хийж байгаа байх?

-МАН-ын эв нэгдэлгүйгээс болж хоёр газрын дарга нарын хооронд үл ойлголцол гараагүй гэж би хувьдаа ойлгож байгаа. Хувь хүмүүсийн хоорондын асуудал. Гэхдээ бид эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллага дотор ийм ёс зүйгүй, хариуцлагагүй нөхдүүд ажилладаг болохыг харууллаа. Ажлаа хийж байсан залууг хэрцгийгээр ажлын байрны дарамт үзүүлж амь насанд нь халдана гэдэг бол бид олон улсаас ичих асуудал. 28 жилийн хугацаанд төрийн алба ингэж л ялзарсан байна.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг дэмжээд би гарын үсгээ зурсан. Ээлжит бус чуулганаар замхарсан олон асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай байна. Ялангуяа Монголбанкны асуудал, Стандарт банк зэрэг нийгэмд сенсаци дагуулсан олон хэргүүдийг шалга гэсэн л шаардлага тавьж байгаа.

–Эрдэнэтийн 51 хувийг алдах эрсдэл бий болчихсон байгааг та мэдэж байгаа байх. Гэвч Засгийн газраас уг асуудлаар байр сууриа өнөө хэр илэрхийлээгүй. Та Эрдэнэтийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэн нэгэн хүний хариуцлагагүй үйлдлээс бий болгосон өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь байж болзошгүй асуудал. Үүнийг шалгаж буруутай этгээдийг нь тогтоох хэрэгтэй. Уг нь АТГ-ын л хийх ажил нь шүү дээ.

-АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцрох ёстой гэж үзcэн. Нэг сайд нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа. Энэ мэт улс төрийн хүрээнд өрнөж байгаа зарим асуудлаас болж дахин Засгийн газар ганхах нөхцөл байдалд хүрч болзошгүй болчихлоо гэж харах хүмүүс олон байх шиг байна?

-Засгийн газар солигдлоо гээд үр дүнд хүрэх боломж байхгүй. Нэг сайдыг солилоо гээд ч өөрчлөгдөхгүй. Үүний оронд шахан шаардаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Засаг солигдсоноор хэн хохирч үлдэх үү гэхээр ард түмэн л хохирно. Одоо хугацаа ч алга. Нэг сайдыг нь ч сольё гэсэн бодол надад алга.

-Та УИХ-ын гишүүнээр ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сайн сайхан, саар муу гээд юу эсийг үзэхэв. Хамгийн хүндрэлтэй тал нь юу байв?

– УИХ-ын гишүүн гэхээр иргэдийн дунд маш их эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаалтан гэж ойлгогддог, тэр ч утгаар нь сонгодог. Гэтэл яг одоо асуудлыг барьж аваад шийдье гэхээр ганц гишүүн асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байдаг юм байна. Манайд тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой юм байна гэдгийг энэ хугацаанд олж харлаа. Цаашид дүүргүүдээс сонгогдсон төлөөлөгчдийг илүү их ажилд нь оруулах шаардлага байна. Жишээ нь Япон, Америкт төлөөлөгчдийн танхим гэж байдаг. Дүүрэг, орон нутгийн төлөөлөгчдийг иргэдтэйгээ ойр ажиллах бололцоогоор нь хангаж, төвлөрөлийг сааруулж эрх мэдлийг нь дүүрэг, орон нутагт нь өгөхгүй бол Засгийн газарт хэт их эрх мэдлийг төвлөрүүлэх нь эргээд иргэдийн гомдол , бухимдлыг шийдэхэд цаг хугацаа алддаг тал байна. Ер нь цаашид мэргэжлийн парламентчдын кабинетаас гадна төлөөлөгчдийн танхимаас бүрдсэн хоёр танхимтай парламенттай болох нь манай улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг гэж би хувьдаа ойлгож байгаа. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийг тойрогтоо бэлэг сэлт тараалаа гэж ихэд шүүмжлэлтэй ханддаг болсон. Энэ бол байх ёстой л үзэгдэл, гэхдээ өнөөдрийн түвшинд. Ард түмний амьдрал бэрхшээлтэй, хүнд хүчир байгаа учир миний хувьд шаардлагатай үед мөн баяруудаар тойргийнхоо иргэдэд тусламж үзүүлдэг. Үүнийг болъё гэсэн ч иргэд өөрсдөө хүлээдэг. Амьжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг бэлдээд өгөхөд маш их дэм болдог. Зургаан сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг тарааж, урлагийн багахан тоглолт өгөхөд хүүхдүүд маш их баярладаг. Надаас тусламж хүссэн өргөдлүүд ч иргэдээс ирдэг. Өвчин зовлонд шаналсан нэгнээс тусламж хүссэн тохиолдолд цалингаасаа 50 мянган төгрөг өгөх бол миний хийдэг л ажил. Би үүнээсээ санаа зовдог ч үгүй. Энэ бол миний хийх ёстой ажлын нэг нь. Өвөл би нүүрс тараана. Тойргийнхоо иргэдийг даарч суухыг хараад надад хамаагүй, би хууль санаачлагч хүн гэж хэлээд суухад өнөөдрийн нийгэмд болохгүй байна.

-Гэхдээ энэ нийгмийг өөрчил гэж ард түмэн төлөөллөө УИХ-д сонгодог шүү дээ?

-Өнөөдөр түлэх түлээгүй сууж байхыг нь харчхаад би 20 жилийн дараах нийгмийг бүтээх гэж байна гээд суух ёс зүй надад байхгүй. Мэдээж өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй биш, хийж л явна. Миний санаачилсан хуулиуд бүгд ирээдүйг харсан. Би хуулиа санаачилж байна, цагаан сараа өөрсдөө болго гээд нүүр буруулах эрхгүй л дээ, бид. Цагаан сараар 1000 ахмадаа хүлээн авч тэдэндээ хүндэтгэл үзүүлдэг монгол ёс заншлаа би алдахгүй. Гишүүд тойрогтоо бэлэг тараах явдал гаднын өндөр хөгжилтэй орнуудад ч байдаг л үзэгдэл. Дэлхийн өндөр хөгжилтэй орны УИХ-ын гишүүн хүртэл өөрийнхөө зурагтай хичээлийн хэрэглэл тойрогтоо тараасан байсан. М.Билэгт гишүүний ажлыг би зөв л гэж хэлнэ. Хувин, данх хөдөөний айлд хэрэгтэй зүйл нь. Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хүн өөрөө бусдад нэг ч зүйл өгч чадаагүй байж хүний өгч байгааг битгий шүүмжлэ. Авч, өгч байгаа хоёр нь дуртай л байгаа шүү дээ.

One thought on “Н.Учрал: М.Билэгт гишүүний ажлыг би зөв л гэж хэлнэ. Хүн өөрөө бусдад нэг ч зүйл өгч чадаагүй байж хүний өгч байгааг битгий шүүмжлэ

  1. ХУЦ

    ТЭГЭЭД АВИЛГА ӨГӨХ НЬ ЗӨВ ГЭЖ БАЛААРЧ БГАА ЮМУУ??? ЧИЧ МӨНДӨӨ??? МУУ НУСГАЙ БАЦААН БӨГСӨӨ АРЧИЖ СУР???????

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага