В.Энхбаатар: СЗХ-ны дарга С.Даваасүрэн Дэлхийн бодлогын чуулганд инновацын асуудлаар илтгэл тавина
2018 оны Septemberын 4

ОХУ-ын Сочи хотноо өчигдөр эхэлсэн Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн (СХН)-ийн Дэлхийн бодлогын чуулганд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй  төлөөлөгчид оролцож байна. Энэ талаар тус хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатараас тодрууллаа.

Санхүүгийн Хүртээмжийн Нийгэмлэгийн Дэлхийн бодлогын чуулган (ДБЧ) өчигдөр эхэллээ. Тус нийгэмлэгт хэдэн улс гишүүнчлэлтэй вэ?

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (The Alliance for Financial Inclusion-AFI) нь 2008 онд “Билл, Мелинда Гэйтс сан”-гийн санаачилгаар байгуулагдаж, өдгөө дэлхийн 92 орны 107 Төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагыг  нэгтгэсэн томоохон бүтэц болсон. Санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч энэхүү олон улсын байгууллагад Монгол Улсын СЗХ 2010 онд гишүүнээр элссэн. Дэлхийн бодлогын чуулганыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд болох үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн тус байгууллагын Захирлуудын зөвлөлд Төв Азийг төлөөлсөн гишүүнээр сонгогдон, ажиллаж байна.

Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болох вэ. Хэлэлцэх асуудлуудын талаар мэдээлэл өгнө үү.

Энэ удаагийн чуулганыг СХН болон ОХУ-ын Төвбанк хамтран “Инновац, хүртээмж, нөлөөлөл” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа. Тиймээс санхүүгийн зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх финтек, блокчейн, биометрийн тодорхойлолт болон бусад технологид суурилсан арга ажиллагаа, хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг чухал сэдвээр чуулганы оролцогчид хэлэлцэнэ гэсэн үг. Түүнээс гадна энэ жил дээрх нийгэмлэгийн 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс энэ удаагийн чуулганаар нийгэмлэг өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн ажлаа бүх гишүүддээ тайлагнахын зэрэгцээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж, ямар амжилтад хүрснээ гишүүддээ танилцуулж, дараагийн 10 жилийн дунд хугацааны бодлого, стратегиа тодорхойлохоороо онцлог болох юм. Оролцогчдын хувьд гишүүн улсуудын 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Түүнчлэн шинээр бүс нутгийн зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэнэ. СХН-ийн дэргэд бүс нутгийн дөрвөн зөвлөл ажилладаг. Зүүн Европын болон Төв Азийн бүс нутгийн нийгэмлэгийн гишүүн улсууд бүсийн зөвлөл байгуулах санаачилгыг дэвшүүлснээр энэ оны зургаадугаар сард зохион байгуулсан СХН-ийн өндөр түвшний уулзалтаар “Зүүн Европ, Төв Азийн Бүс нутгийн санхүүгийн хүртээмжийн зөвлөл” байгуулах санаачилгыг авч хэлэлцсэн. Тэгэхээр энэ асуудлыг мөн  албан ёсоор танилцуулж, Захирлуудын зөвлөлөөр батлуулахаар ажиллаж байна.

Тус шинэ зөвлөл байгуулагдсанаар Монгол Улсын санхүүгийн салбарт ямар нөлөөтэй байх вэ?

Зөвлөлүүд ерөнхийдөө бүс нутгийнхаа санхүүгийн зах зээлийг хүртээмжтэй хөгжүүлэх, тулгарч буй сорилтуудыг даван туулахад хамтран ажилладаг. Тиймээс “Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санхүүгийн хүртээмжийн зөвлөл” байгуулагдсанаар Монгол Улс энэ бүс нутгийн нийгэмлэгийн гишүүн улс, байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох боломжийг илүү нээлттэй болгож өгөх давуу талтай.

Өмнөх формуудад СЗХ оролцсоноор ямар бодит үр дүн гарсан бол?

СЗХ өмнөх жилүүдийн чуулганд оролцохдоо бусад гишүүн орны санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагуудтай туршлага солилцох, хамтран ажиллах уулзалтуудыг тогтмол хийсээр ирсэн. Дээр хэлсэнчлэн өнгөрсөн жил Египетэд зохион байгуулагдсан чуулганаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох СЗХ-ны оролцоо хэр ач холбогдолтой байсны илрэл болсон гэж бодож байна. Захирлуудын зөвлөл нь дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл, хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй. Мөн Захирлуудын зөвлөлд гишүүдийг сонгохдоо нэр дэвшигчдийн мэдлэг, чадвар, туршлага, бүс нутагтаа нөлөөлөх нөлөөлөл зэрэг олон чухал шалгуурыг харгалзан үздэг.Тиймээс энэхүү үйл явдал нь СЗХ-ноос явуулж буй санхүүгийн хүртээмжийн бодлого, үйл ажиллагааг олон улсын байгууллага, түүний гишүүн улс орнууд өндрөөр үнэлж байгааг харуулж буй юм.

Уг чуулганд СЗХ-ны төлөөлөгчдийн оролцоо ямар түвшинд байх вэ?

Захирлуудын зөвлөлийн гишүүний хувьд СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн хэд хэдэн томоохон уулзалтад оролцоно. Өчигдөр буюу чуулганы эхний өдөр шинээр байгуулагдах бүсийн зөвлөлийн асуудлаарх уулзалтад оролцсон. Өнөөдөр нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн уулзалт, мөн Зүүн Европ болон Төв Азийн улсуудын удирдлагуудын дугуй ширээний уулзалтад оролцоно. Маргааш төр, хувийн хэвшлийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтад оролцохоос гадна чуулганы дөрөв дэх өдөр буюу есдүгээр сарын 6-нд “Санхүүгийн хүртээмжийн инновац” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Ажлын хэсгүүд болон нийгэмлэгийн бусад ажлын хэсэгт СЗХ-г төлөөлөн ажилладаг төлөөлөгчид тус тусын хурал, уулзалтуудад оролцож, санхүүгийн хүртээмжийн дэвшилтэт шийдэл, шинэ санаачилгыг хэлэлцэн, хамтын шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна.

Ярилцсан Ц.Ундрал

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2018.09.04 №169 (6462

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага