Д.Будзаан: ФБ-ийн оргил ачааллын үе болох 23.00-03.00 цагийн хооронд хүүхдүүд их ордог
2018 оны Septemberын 10

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хэрэглээ хэрээс хэтэрч, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох тохиолдол их гарах болсон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-Хүүхэд холбогдсон, хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Оны эхний хагас жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь улсын хэмжээнд 15 орчим хувиар буурсан. Харин гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон 1000 орчим мэдээлэл улсын хэмжээнд бүртгэгдэн цагдаагийн байгууллагад шалгаж байна. Энэ байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас судалгаа хийгээд үзэхэд, хүүхэд хохирсон гэмт хэрэгт холбогдогчийн 90 орчим хувь нь насанд хүрэгчид байна. Хүүхэд, хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тун бага. Хүүхэд хулгайлах, танхайрах, булаах гэмт хэрэгт ихэвчлэн холбогдож байна.Мөн сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэргийн гаралт буурсан. Хүүхэд ахуйн хүрээнд, гэр бүлийн орчинд, гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргийн хохирогч болж, тэднийг олонхдоо насанд хүрэгчид хохироодог. Энэ төрлийн гэмт хэргийн 60 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн хувь нь орон нутагт үйлдэгдсэн. Аймаг, орон нутгийн онцлогоос хамаардаг.

Гэмт хэрэгт өртөж хохирсон хүүхдийг хэрхэн хамгаалж, түүний сэтгэл зүйг зөв засах талаас нь яаж анхаарч байна вэ?

-Гэмт хэргийн үйлдлээс шалтгаалаад хохирлын хэмжээ янз бүр. Хүүхэд эрүүл мэнд, сэтгэл зүй, эд хөрөнгөөрөө хохирдог. Тэдгээрээс бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон бол насан туршийн хохирогч болж үлддэг. Тухайлбал, 12 настай хүүхэд гар утсаа хулгайд алдлаа гэж бодъё. 10 хоногийн дараа хүүхэд шинэ гар утас худалдаж аваад “Нэг удаа гар утсаа алдаж байсан даа” гэхээс өөр сөрөг бодол хүүхдэд үлдэхгүй байх жишээтэй. Гэтэл бэлгийн хүчирхийллийн хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл зүйд үүссэн гэм хорыг арилгахад маш хүндрэлтэй байдаг. Сэтгэлзүйчтэй маш удаан хугацаанд ажиллах шаардлагатай. Нөгөө талаар цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн шатанд үүсдэг байсан нэг асуудал байхгүй болсон. Энэ юу гэхээр нэг өрөөнд дөрвөн мөрдөн байцаагч суугаад хэрэг шалгаж байхад хүүхдийг насан хүрсэн этгээдүүдээс тусгаарлалгүй мэдүүлэг авдаг байсан. Энэ хүүхдийн эрхийг зөрчиж байгаа бөгөөд тэд бусдын нөлөөнд орж өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл авах ч эрсдэлтэй байсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтраад, санхүүжилтын асуудлыг нь шийдвэрлүүлэн гэмт хэрэгт холбогдсон, хохирсон хүүхдээс мэдүүлэг авах орчин үеийн техник технологиор тоноглогдсон өрөөг цагдаагийн байгууллагын 30 нэгжид шинээр байгууллаа. Өмнө нь 11 газар, хэлтэс өөрсдийн нөөц бололцоогоор ийм өрөө тохижуулсан. Ингэснээр мөрдөн байцаалтын шатанд хүүхдийн эрх зөрчигддөг, ямар нэгэн байдлаар хүүхдийн мэдээлэл алдагдах, тэдний нэр төрийг гутаан доромжлох асуудал буурч, арилна гэж харсан.

-Цахим гэмт хэрэгт хүүхэд холбогдсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн юм бол. Ер нь хүүхдийн замбараагүй цахим хэрэглээг хязгаарлах, цэгцлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Оны эхний зургаан сарын байдлаар цахимтай холбоотой 100 орчим гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ төрлийн үйлдлийг хүүхэд өнөөдөр сураад маргааш хийж буй асуудал биш юм. Ийм буруу зүйлд суралцаж, цахим орчинд удаан хугацаагаар байж мэдлэгээ дээшлүүлж байхад эцэг, эхчүүд хаана байв аа? Өнөөдөр манай улсын иргэдийн 2.1 сая нь фэйсбүүк хэрэглэдэг түүний 70 орчим хувь нь идэвхтэй хэрэглэгч гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын интернетийн үйлчилгээ үзүүлдэг 67 ISP байгууллага байна. Эдгээрийн хяналтаас үзэхэд шөнийн 23:00-03:00 цагийн хооронд хандалт өндөр байдаг. Гэтэл энэ цагт хэн интернетээр аялж байна вэ гэхээр хүүхдүүд байна. Тэдэнд унтаж, амрах шаардлагыг хэн тавих вэ гэвэл мөн л эцэг эхчүүд болоод байгаа юм. Манай улсад 650-700 мянган өрх гэр байна. Тэдгээрээс интернетийн сүлжээнд холбогдсон айл бүрийн хаалгыг тогшоод “танай хүүхэд унтсан уу? Хүүхдээ цахим гэмт хэргээс хамгаалаарай” гэж хэлэх боломжгүй. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай байна. Зарим аав ээж хүүхдээсээ дор мэдлэгтэй учраас ухаалаг утасныхаа түгжээг хүүхдээрээ тайлуулах, шинээр кодлуулах гэх мэт үйлдлийг хийлгэдэг. Ингээд утсан дээр үзэж байсан мэдээ, мэдээллээ хүүхэддээ алдах эрсдэл үүсдэг байна. Таны хүүхдийг цахим ертөнц хүмүүжүүлж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болж.

-Тэгвэл хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрүүлэхгүй байх арга байна уу. Та бүхэн судалж үзсэн үү?

-Манайд үүрэн телефоны дөрвөн оператор үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдүүд ухаалаг гар утас ашиглан тэдгээрийн 3G, 4G сүлжээг ашиглан нийгмийн сүлжээнд нэвтэрдэг. Бид Харилцаа холбооны зохицуулах холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хүүхдийг интернет ашиглан сөрөг агуулгатай цахим сүлжээнд орох эрхийг хаах шүүлтүүрийн программ нэвтрүүлэхээр ярилцаж байна. Энэ ондоо багтаан дугаар бүртгэлжүүлэх ажлаа хийгээд 2019 оноос дараагийн шатны үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнийг амжилттай хэрэгжүүлчихвэл хүүхэд сөрөг мэдээлэл, контент үзэх боломжгүй болно гэж харж байна.

-Мөн хүүхдүүд РС буюу цахим тоглоомд донтож, тоглох мөнгөө олохын тулд хулгай хийдэг гэх мэт сөрөг тохиолдлууд гардаг. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй эдгээр газрыг хааж болдоггүй юм уу?

-Цахим тоглоомын үйл ажиллагаанд хяналт тавих журам 2013 онд батлагдсан байдаг. Үүнд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар стандарт, шаардлага хангасан газарт олгох тухай заасан. Гэвч тухайн журмаар өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулахад хүндрэлтэй зүйлүүд гардаг. Таны хэлсэнчлэн цахим орчинд тоглож байгаад хүүхэд гэмт хэрэг үйлдэх сэдэл авдаг, гэмт хэрэгт холбогдсон тохиолдол ч гарсан. Цахим тоглоомын газрууд хүүхдийг хонуулж тоглож буй нь тэдний эрхийг зөрчсөн хууль бус асуудал. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг тогтмол хийдэг. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 50 цахим тоглоомын газрын үйл ажиллагааг бүрэн зогсоох саналыг Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд шийдвэрлүүлсэн. Хамгийн сүүлийн тоо баримтаар улсын хэмжээнд 600 орчим цахим тоглоомын газар буйгийн 65 орчим хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Цахим тоглоомд донтсон хүүхэд тоглох мөнгөө олохын тулд автомашины эд анги хулгайлж байгаад баригдсан. Гэтэл эцэг эх нь хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж явааг нь мэдээгүй байсан. Тэгэхээр цагдаа, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч бүгд нийлж хүүхдүүдээ муу зүйл, буруу зуршлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр юу хийж байна вэ?

-2017 онд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр батлагдаж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн. Үүний хүрээнд “Өсвөрийн сэргийлэгч” төлийг боловсруулан хэрэгжүүлж байна. ХЗДХ-ийн болон БСШУС-ын сайдын хамтарсан журам баталсан. Сургуулийн орчинд хүүхдүүдийг зөв хандлагад уриалах, тэдэнд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор сургуулиудад 600 орчим клуб байгуулсан. Улсын 600 гаруй, хувийн 100 гаруй дунд сургууль байдаг. Мөн бага насны хүүхдүүд болон дунд сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Сэргийлэгч хүү, зөвлөгч охин” үндэсний контентыг “Dream box” сувагтай хамтраад хийхээр болгосон. Энэхүү хүүхэлдэйн дүрээр хүүхдэд эрх зүй, танин мэдэхгүйн мэдлэгийг сонирхолтой, хүүхдийн анхаарлыг татахуйц байдлаар олгоно. Эцэг эхчүүд ч хүүхдүүдтэй хамт үздэг сонирхолтой нэвтрүүлэг болно гэдэгт итгэлтэй байгаа.

Б.Анир

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага