“Хонхны дуу”-тай мөнхөрсөн 1990 он “жиба”, “шаг” хоёртой, хүн бүхэн хийрэхсэн он жилүүд
2018 оны Septemberын 15

1990 он

\өгүүлэг\

“Хонх” хамтлагын “Хонхны дуу” хаа л явна хангинана.

Урд шөнө би зүүдэллээ

Урт гар намайг зовоож

Хэлэх үгийг минь боогдуулж                                                                                                          Харах нүдийг халхалнаа гээд л ёстой нэг хадаж өгдөг байсан үе сэн. Би тэр үед 16 нас дөнгөж хүрч байсан юм. Амьдрал миний хувьд чухам юу гэдэг нь ойлгомжгүй, бодож санасан юу ч байхгүй нэг л их том “аавын цээж” байж дээ. Миний хамгийн сонирхдог зүйл бол нуулгүй хэлхэд “жиба” байлаа. “Жиба” гэдэг нь орон гэрээсээ дайжсан хаа ч хамаагүй хонож өнжиж явдаг охидууд. Эр хүн болох гэж байсан ухаантай юм уу даа. Тэр үеийн хөвгүүд “жиба”-тай унтаж хэвтэж үзээгүй гэвэл одоогынхоор бол “PC тоглож үзээгүй хүү” гэдэгтэй адилхан шал худал сонсогдоно. Нэг мэдсэн бүр хадуураад явж байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихав гэдэг шиг юм болох нь гэхдээ л 90 оныг эргэн дурсхаар хамгийн түрүүнд л “жиба”, “шаг” хоёр санаанд ороод байдаг гэх үү дээ.

                     Хоёрдугаарт би зураг зурдаг түүндээ бас их дуртай байсан юм. Ер нь ирээдүйд зураач болно гэж санаж явсан хэрэг байх аа. Зургийн дугуйлангийн багш маань харин нэлээд сэтгэлийн хөөрөл ихтэй, гав шув гэсэн хурдан хөдөлгөөнтэй, ам нь хуурай байнаа нэг байхгүй, яриа гэж тамтаггүй шар хүн байсан юм. Манай дугуйлангийн хүүхдүүд үзэсгэлэн гаргах юм болж бид хирэндээ их ажилтай байлаа. Бүгд л ямар зургаа үзэсгэлэнд тавих вэ гээд өөрсөдөө мэдээд тавьчих юм шиг л бие биенээсээ асууцгаан тэрүүхэн тэндээ хөөрхөн яриа болдог сон. Хэн нэг нь:                                                                               – Багшаа би энэ зургаа үзэсгэлэнд тавимаар байна гэхэд нь багш                                              – Юу яриад байгаа юм бэ. Чи мэддэг болоо юу. Та зураг гэж юу байдгийг мэдхүү. Сэргэн мандалтын үеийн зураачид бол… гээд л урд өмнө сонсож байгаагүй, асуусан асуулт, өөрийн хүсэлттэй огт холбоогүй есөн шидийн гадаад хүний нэр хэлээд л “тэрний зургийг үзсэн үү? энэ хэн бэ?” гээд бөөн асуултанд дарагдаж мад тавиулаад буцна. Би багшийн занг муухан мэдээд бас мэдэхгүй улалзаж зогсхоос төвөгшөөн зурсан зураг ч үгүй тэгс гээд л тойроод яваад байв. Тэгсэн нэг өдөр багш гэнэт дуудаад:                                           – За эрхэм шавь ямар зураг зураад байна даа гэдэг байгаа би ч толгойгоо маажаад л зогсоод байв. Тэгсэн багш:                                                                                                          – Чи хөрөг зур. Ер нь хөрөг зурах хүн алга. Нөгөөдөр ирэх дээ хөрөг зурж ирнэ шүү гэхээр нь би ч дотроо элдвээр хэлүүлсэнгүй салж байгаа даа баярлаж                                    – За багшаа гэв.                                                                                                            Бараг хоёр өдөр ноцолдож байж нэг эмэгтэйг зурлаа. Тэр үед ямар одоогийнх шиг өнгөт сэтгүүл элбэг байсан биш. Хаанаас билээ дээ нэг зураг олоод л түүнийгээ гэрэлд харж байгаад балын харандаагаар байдгаараа мэрийн мэрийн зурав.                                                          Багш миний зургийг их л анхааралтай ширтэж байсанаа “Дөхсөн байна шүү. Аайн” гээд надруу хальт хараад дахин мөнөөх зураг уруу харж эхлэв. Тэгсэнээ гэв гэнэт цочтол өндөс хийгээд                                                                                                                                    -Чи хар даа энд Монгол эмэгтэй харагдахгүй байна. Анатом нь европ харагдаж байна. Чи Монгол хүн. Монгол эхээс төрсөн Чингис хааны удам шүү дээ. Бид нэг хэсэг хэлэх эрхгүй байсан. Одоо тэр үе өнгөрсөн шүү гээд бас л нялх бидэнд ойлгомжгүй юм яриад эхлэв. Ярьж ярьж дуусав бололтой                                                                                     – Ойлговуу гэхэд нь би сандрахдаа юу ч ойлгоогүй байж                                                                        -Ойлголоо багшаа гэвэл                                                                                                                 – Сайн байна. Сайхан засаад ир. Ээжийгээ хар, эгчийгээ хар. Монгол эхчүүдийг хараад бай тэгээд л чамд Монгол дүр аяндаа л буугаад үзэгдээд эхэлнэ гэх нь тэр. Би юм хэлсэнгүй дотроо “одоо яаж заснаа” гэж бодсоноо л санадаг юм. Гэртээ ирээд мөнөөх гайтай хөрөгөө шкафан дээр тавиад л мартаж орхижээ. Хэд ч хоносон юм бүү мэд ямарчиг л байсан арав гаруй хоносон байхаа сургууль дээр гүйж явсан зургийн багштай яг туллаа шүү.

Тэгсэн багш                                                                                                                    – Хөөе нөхөр минь өнөөдөр үзэсгэлэнд тавигдах зургууд авах сүүлийн өдөр шүү. Үдээс хойш аваад ирээрэй гэхэд нь зургаа засахаа таг мартсанаа гэнэт санаж                         -Багшаа би зөндөө оролдоод огт засаж чадахгүй юмаа. Би болих уу гэхэд минь       – Юу донгосоод байнаа. Тэгж ярихгүй шүү хө. Аваад ир гэж лүндэн буулгав.         Айж салгалсан амьтан арай чүү хөлөө зөөсөөр нөгөө муу гайтай хөөтэй зургаа тэвэрсээр ирлээ дээ. Багшаасаа айж байна гэж жигтэйхэн. Ядаж байхад манай дугуйлангийн хүүхдүүд яасан ч гоё гоё зургууд өгөөд байв даа. Хулмалзаад л суугаад байдаг. Хүссэн хүсээгүй миний ээлж ирж бослоо. Багшдаа зургаа өгчөөд буруу хараад л, буруу харж байгаагаа утгатай болгох гэж үүдний тэр хавиас ядаж л хэрэггүй хог байвал ухас хийгээд очоод авчих гээд хайгаад байдаг. Гэтэл юу ч харагддагүй.                                                    Тэгсэн хачин юм боллоо шүү. Багш маань сүр сар гээл босох чимээ гарлаа би гэж амьтан эгээтэй л зүрх амаар гарчихсангүй далжигас хийтэл                                                                 -Болж миний хүү. Жинхэнэ зураач болох хүү байна шүү гээд намайг тэвэрч аваад үнсдэг байгаа. Юу болоод байгааг ойлгоогүй намайг багш минь чангаас чанга тэврэв.Тэгсэнээ үнэхээр сэтгэл нь хөдлөж буй бололтой                                                                    – Хар… энэ жинхэнэ Монгол эхийн төрхийг үнэхээр гайхамшигтай гаргажээ. Үхэж байсан өнөөх европ төрхийг чи яаж ингэж өөрчилвөө. Энэ бол жинхэнэ авъаяс шүү дээ. Та нар сурч ав. Гээд л нөгөөл үл ойлгогдох ардчилал,  хүний эрх, эрх чөлөөгөө ярьлаа.    Харин би тэр шөнө унтаж чадсангүй. Учир нь огт засаж янзлаагүй арав гаран хоног шкафан дээр хэвтсэн зураг минь яагаад гэв гэнэт гайхалтай Монгол эмэгтэйн хөрөг болчихвоо гэсэн бодолд дарагдаад нойр хульжсан биз ээ.                                             Хэзээ хойно би энэ бүгдийн учрыг ойлгоод “Хнн… 1990 оноо гэж” хэмээн их уртаар сүүрс алдаж билээ.                                                                                                                                             Нээрээ ч 1990-ээд он нэг иймэрхүү л хүн бүхэн хийрэхсэн он жилүүд байсан даа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага