Брежнев даргад бичсэн захидлын төсөл дээр “Бид цаашдаа ингэж амьдарч чадахгүй” гэж бичиж байсан Бал дарга
2018 оны Septemberын 17

Миний мэдэх Бал дарга

Манай ард түмний хайрт асан Монголын түүхэнд хамгийн олон жил буюу сангийн сайдаас нь өгсүүлээд 44 жил төрийн жолоог барилцсан хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын эзэнт гүрнийг анх эмхлэн байгуулсан их хаан эзэн Чингис 21 жил хаанчилж, дараа нь гуравдахь хүү Өгөөдэй залгамжлан 12 жил, ач хүү Хубилай 34 жил гэх мэтээр түүний дараа дараагийн үр удмын их бага хаадууд үүнээс олон жилээр бидний үеийг хүртэл төрийн тэргүүнд сууж байсангүй. Энэ гашуун үнэн нь атаач жөтөөч олон хүний зүрхэнд одоо хүртэл шар ус хуруулдаг ч байж магадгүй.
Хэдий дэргэд нь хамт ажиллаж амьдарч яваагүй ч өчүүхэн миний судалж ойлгож, мэдэж мэдэрснээр энэ хүн тухайн цаг үед аргагүй өөрийн төрөлхийн авьяас билэг, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээр тасархай байсан учир дээдчүүд болон дэргэдэх нөхдөдөө үнэлэгдэж энэ олон жил алдаа дутагдал гаргахгүйгээр түүхэн хэцүү цаг үеийг туулан улс эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хадгалан авч үлдсэн гэдэгт би эргэлздэггүй. 
Бал даргыг ардчиллын он жилүүдийн эхээр учиргүй буруутган муулж тэртээ тэргүй хүний газар цөлөгдөн хоригдож байсан түүнийг тохуурхан доромжилсоор нүд аньсан хойно нь ч ясыг нь өндөлзүүлж байсанд одоо зарим хүмүүс ичиж нүүрээ хийх газаргүй явдаг болов уу гэж боддог юм. Эхнэр Анастасия Ивановна нь Алтан өлгий дэх түүний шарилын дэргэд хэлсэн эцсийн үгэндээ ”…Миний ханийн хийсэн бүтээснийг монголын ард түмэн үнэлэх цаг нь тун удахгүй ирнэ…” гэж итгэл төгс хэлж байсан дуу нь одоо ч чихэнд сонсогдох шиг.
ЗХУ тэргүүтэй дэлхийн социалист систем хэмээх зуу зуун сая, тэрбум хүнийг нэгтгэсэн хоорондоо угсраатай хүчирхэг том жижиг дугуйнууд араа шүд нь тачигнан эргэж байлаа. Үүний нэг жижигхэн араа нь монгол улс байсан бөгөөд хуйлран эргэлдэх энэхүү агуу механизмыг ухраах, зогсоох тэр бүү хэл хурдыг сааруулах хүч хаа ч байгаагүй билээ. Түүнийг сөрөх гэсэн өчүүхэн төдий оролдлого ямар эмгэнэлтэйгээр төгсөж байсныг ардын хувьсгалын гэгдэх эхний жилүүдэд долоон төрийн тэргүүнээ алуулж сор болсон гурван түмэн иргэдээ булшлуулж байсан бидний үе хэзээ ч мартахгүй ээ. Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино.
Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан авч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулан Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасныг бид сайн мэдэх билээ. Тэр үед түүнд Москвагаас тулгаж байсан ЗХУ-тай бүх талаар ойртон нягтрах бодлогыг улс төр эдийн засгийн хүрээнд яаж эсэргүүцэж байсныг ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн дурсамжинд тодорхой өгүүлсэн байдаг. Тэрээр өөрийн зарчимч шударга зан чанартаа эхнээсээ эцсээ хүртэл тууштай байж чадсан хүн юм.
1963-1966 онд хэрэгжсэн Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй “БНМАУ-д ажиллаж, амьдарч, суурьшсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүх иргэдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс хөөн гаргах тухай.” Тогтоолыг Хятадууд эрс эсэргүүцэж, Монголын элчин сайдын яамны гадна “Цэдэнбалын нохойн толгойг хага цохь” гэж бичиж, Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар “Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна.” Гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: “Би дөөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно.” гэсэн хариу илгээж байжээ.

Бал дарга багаасаа ядуу зүдүү амьдрал туулж өнгөрүүлсний хувьд эх орон, элгэн саднаа богино хугацаанд өөд татахын тулд өөрийн хүч авьяас билгээ дайчлан ажилладаг байсныг харуулах олон баримт бий. Тэрээр өөрийнхөө бага насыг дурсан ярихдаа “Тэр үед манай нэг авга ах Улаангомын хүрээнд шавилан суудаг байсан юм. Би түүнийг дагаад сайн лам болохыг үнэхээр хүсэж байсан боловч манайх чинь ам бүл олуулаа, амьдрал ядуу хувцас хунар муутай байлаа шүү дээ. Надад лам дээл байгаагүй учир хүсэл маань хойшлогдож танхимд \сургуульд\ орчихсон. Би танхимд орохдоо тун дургүй байлаа. Гурван ч удаа оргож баригдаж билээ. Сүүлийн удаад баригдахдаа багшаасаа тун айж байлаа. Гэтэл багш маань зодсонгүй, харин нэг домбон ёотон өгөөд толгойг минь илж дахиад ингэж битгий оргож босож байлдаа гэж билээ. Би ч үнэхээр баярлаж дахиж оргоогүй шүү” гэж ярьж байжээ. Энэ хүнийг хар багаасаа хайрлан хүндэтгэж явдгийн хувьд түүнтэй хамран зүтгэж улс эх орноо гэсэн нэгэн сэтгэл зүрхээр ажиллаж амьдарч явсан хүмүүсийн дурсамжтай танилцаж заримтай нь уулзаж учирч ярилцаж явахад түүний тухай ам нэгтэй өгүүлэх хэд хэдэн чухал чанарууд байдаг юм билээ.
Цэдэнбал гуайд одоогийн төрийн өндөрлөгийнхөн шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсарт бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулжээ. 1988 онд буцаж ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг нь дээрээс зориуд зохион байгуулан гаалийн үзлэгээр дахин оруулахаар болжээ. Дарга тэр үед өөрт нь бэлгэнд өгсөн байсан бүх буу сэлэм, мөнгөн аяга зэрэг үнэт эдлэлүүдийг улсын эрдэнэсийн сан, НАХЯаманд тушааж, үлдсэн зүйлүүдээ нэгэнт боож баглачихсан байж. Гэрийнхээ хуучин тавилгыг хүртэл сангийн яамаар үнэлүүлэн тэр үеийн ханшаар 13 мянган төгрөг тушааж, таван тоннын чингэлэгт ачуулахаар бэлдүүлэн жагсаалтыг нь гаргасан байж. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин энэ үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлтэл тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. Хорин цаасан хайрцагт нь дан ном, үлдсэн хэдэн хайрцагт хуучин хувцас ор дэрний цагаан хэрэглэл байжээ. Итгэмээргүй байгаа биз?
Түүнд тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч доллар байсангүй. Ямар сайндаа тэр үед Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь манайхан буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж шогтож байхав. Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, монгол дахь ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү.
Өөрийгөө улс орноо хөгжүүлэх үйлсэд бүрэн золиосолж чадсан ганцхан хүн. Түүнд хувийн гэх амьдрал бараг байсангүй. Бусадтай адил зугаа цэнгэл хөөх мөч заяа түүнд оногдсонгүй. Эргэн тойрон харуул хамгаалалт, идэх хоол, ярих уулзах хүнийг нь дэргэд нь үргэлж цагдах хатуу орос эхнэр ийм л “халамж” нүдэнд бууна. Тэрээр ан гөрөө хийх ч юм уу тоглож наадаж хайран цагаа өнгөрөөнө гэхээс ёстой толгойтой үс нь арзайдаг байж. Дарга мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж чөлөөт цагаараа ном л уншиж тархиа “амраадаг” байж. Түүний үлгэр жишээгээр ажиллахаар олон хүн хичээж байсан авч хоногт гурав дөрөвхөн цаг унтаад “амарсан болчихдог” чанарыг нь тухайн үеийн хэнбугай ч дагаж дууриаж чаддаггүй байсан гэх. Тэдний хувийн номын санд арав гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л энэ номнууд байжээ.
Тэр үед хамт ажиллаж байсан ерөнхий сайд асан Д.Содном гуай дурсамжиндаа “ Биднийг Цэдэнбалыг тойрон хүрээлж байсан гэдэг шалтгаанаар найман жил хүртэл шоронд хорих ял төлөвлөөд прокурор хоёр жил мөрдсөн. Намайг яллах гэж байсан нэг зүйл нь Цэдэнбал гуайн хадгаламжийн мөнгийг Орос руу гуйвуулж, өөрт нь өгсөн хэрэг байлаа. Тэр үед Цэдэнбал гуай улсад 40 гаруй жил ажиллахдаа авч байсан цалингаасаа банкинд хуримтлуулсан нэг сая төгрөг байсан юм. Хойно гэр бүлтэйгээ амьдарч байхдаа “тэр мөнгөө гуйвуулж аваад ашиглъя” гэсэн. Би Сайд нарын зөвлөлийн дарга байсан учраас зөвшөөрсөн. Хүн өөрийнхөө хувийн юмыг аваад ашиглъя гэхэд хориг тавина гэдэг юу гэсэн үг вэ. Хэрвээ хүний өөрийнх нь хувийн хөрөнгийг ашиглах эрхийг нь хаана гэвэл би өөрөө хүний эрхийг зөрчсөн хэрэгтэн болох байсан. Намайг буруу хэрэг хийсэн гэж шүүх шийд гаргавал шүүх өөрөө хүний эрхэнд халдсан шийд гаргасан болно шүү гэсэн тайлбар хэлдэг байлаа. Ямар нэгэн аргаар буруутгах гэж хоёр жил гаруй биднийг зовоосон доо. Дуудахаар нь очоод өнөөхөө л хэлдэг. Тэгж тэгж нэг юм дуусч нийслэлийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх авч үзээд ямар ч хэрэг хийсэн юм алга гээд хурал энэ тэр бололгүйгээр шийдээ гаргасан даа. Ийм л муухай зүйл болж байсан юм. Ийм явдал болсныг одоогийн залуучууд мэдэж байх ёстой” гэсэн байдаг.
Бал дарга Эрхүүд сургууль төгсөж ирснийхээ дараахнаас 23 насандаа ядуу улсынхаа сангийн яамыг удирдан ажиллаж 1939 оны Халх голын дайнд монголын зэвсэгт хүчний арын албыг удирдан зохион байгуулах амаргүй ажилд томилогдон үүргээ гарамгай амжилттай гүйцэтгэжээ. 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тэрээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож улмаар армийн комиссар цолтойгоор улс төрийн газрын даргаар хавсран томилогдож байжээ.

Дарга бол хүн чанар ноён нуруугаа хэзээ ч алдаж үзээгүй хүн байсны нэг баримт бий. Өөрт нь эцэг шиг нь ханддаг байсан маршал Чойбалсангийн гаргасан нугалаа, тахин шүтэж байсан асуудлыг Хрущевын шүүмжлэлийн адилаар сөхөн тавихыг дээрээс нь Кремль, дэргэдээс нь хамтран зүтгэгч нар нь гарган дахин дахин шахалт үзүүлэхэд тэрбээр “Тэр хүний алдаа оноо, алдар гавьяаг алсдаа түүхэн цаг хугацаа харуулна” хэмээн гүрийсээр байгаад асуудлыг дорвитой авч хэлэлцэлгүй бүр хөшөө дурсгалыг нь хүртэл хөндөлгүй байлгасаар бидний үед шилжүүлэн өгч чадаж байжээ. Би энэ хүнийг хар багаасаа хайрлан хүндэтгэж явдгийн хувьд түүнтэй хамтран зүтгэж, улс эх орныхоо төлөө гэсэн нэгэн зүрхээр ажиллаж явсан хүмүүсийн дурсамжтай танилцаж, заримтай нь биечлэн уулзаж ярилцаж явахад түүний тухай ам нэгтэй өгүүлэх хэд хэдэн чухал шинж чанарууд байдаг юм билээ.
БХЯ-ны сайд асан Ж.Ёндон гуай нисдэг тэрэгтэй чоно хөөж яваад осолджээ. Үнэ цэнэтэй онгоц эвдсэн хэрэг мандан Санжийн Батаа тэргvvтэй тургай комисс томилогдож,. МАХН-ын УТТ-оор оруулан “зад авч” байтал Ю.Цэдэнбал дарга ам нээж “Чи тэгээд тэр чоноо алж чадсан уу” гэж асууснаар Товчооныхныг хөгжөөж уур амьсгалыг зөөлрvvлсэн аж. Ингэснээр эцсийн шийдвэр нь уг онгоц хуучин муу, актлах хугацаа нь болсон эд гэж vзээд төлбөр ялбаргvй салж, Ёндон генерал цол бууран, Цэргийн дээд сургуулийн захирал болсон тvvхтэй.
“Бидний дунд Цэдэнбал шиг мэдлэг боловсролтой хүн байгаагүй” гэж улс төрийн товчооны гишүүнээр олон жил хамт ажилласан Майдар гуай дурссан байдаг. Бал даргад эх орон ард түмэндээ мартагдахааргүй байгуулсан гавьяат үйлс олон буй. Үүний дотроос онцгой нэг зүйл бол бүх нийтийн боловсрол. Энэ хүний ач гавьяагаар бичиг үсэггүй таг сохор мэт ард түмэн богино хугацааны дотор нийтээрээ бичиг үсэгт тайлагджээ. Дөчөөд оныг хүртэл цаасан дээр бичсэн захидал бичгийг уншдаг хүн хөдөөд ховор байсан учир айл саахалт руугаа тавь жаран км газар давхилддаг байсан гэдэг. Бүх нийтээр бичиг үсгийн боловсролтой болгосон оронд олгодог ЮНЕСКО-гийн тусгай шагналыг 1970 онд манай улсад олгож байжээ. Энэ бол том үзүүлэлт. Тэрээр дайны хүнд бэрх жилүүдэд буюу 1942 онд ЗХУ-ын тусламжаар МУИС-ыг байгуулж монголын үрс эх орондоо дээд мэргэжил эзэмших үүд хаалгыг анх нээж байсан юм. Түүний эхнэр Анастасия Ивановнагийн хичээл зүтгэлийн үр дүнд хөдөөгийн сум бүрт цэцэрлэг ясли барьж байгуулж байсантай маргах хүн байхгүй болов уу.
Бусад социалист оронтой харьцуулахын аргагүй хөрөнгө оруулалтыг ЗХУ-аас салгаж авч дөнгөдөг байж. Жил бүр улс ардын аж ахуйд шаардагдах хөрөнгөний 30 гаруй хувийг тэндээс шууд авч байжээ. газартариалан биеэ даасан салбар болж тариа ногоогоо өөрсдөө тарьж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон юм. Эрчимжсэн мал аж ахуйн эхлэл тавигдаж мах сүүгээр төвлөрсөн газруудыг хангаж эхэлжээ. Түүний үед л хөдөөгийнхөн мотоциклтой, айл бүр радио зурагттай болсонтой хэн ч одоо маргахгүй дээ. Ю.Цэдэнбал даргын хvсэлтээр тэр үеийн СЭВ-ийн удирдагчидтай зөвшилцсөний дүнд Ардчилсан Герман улс Улаанбаатарын мах комбинат, Хивсний vйлдвэр, Унгар Дарханы мах комбинат, Сонгино дахь биокомбинат, Румын улсын цирк, Болгар Чойбалсан хотын мах комбинат, Шарынголд хvнсний ногоо даршлах үйлдвэр, Польш хөнгөн бетоны vйлдвэр, цагаан тоосгоны завод, Чехословак улсаар Дархан хотын цементийн завод, Улаанбаатар хотын арьс, ширэн эдлэлийн үйлдвэр байгуулж авсан нь манай эх орны хөгжил, дэвшилд ихээхэн хувь нэмэр болсон билээ.

Монгол улсын ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн дурдатгалаас

Би Бал даргатай нэг их ойр дотно байгаагүй, олон удаа ч уулзалдаж байсангүй. Тэгэхдээ хэд хэдэн удаа түүнтэй албаны шугамаар уулзаж байсан тэр тохиолдлууд миний санаанаас гардаггүй юм.
Анхны удаа энэ хүнтэй би 1969 оны 2 сарын 18-нд уулзсан. Тэгэхэд би статистикийн төв газар залуухан мэргэжилтэн, манай улс ардын аж ахуйн балансын зарим үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийгээд танилцуулга бичдэг байж. Манай эдийн засагт тэр үед гарч эхэлж байсан зарим алдаа оноог тусгасан эдгээр танилцуулгаа харьяа Сайд нарын зөвлөлд биш бүр Улс төрийн товчооны гишүүдэд шууд явуулдаг байлаа. Нэг удаа газрын дарга Цэнд гуай манай өрөөгөөр орж ирээд: – Бал дарга чамтай уулзана гэж байна шүү яах гэсэн юм бүү мэд гэлээ. Би тэр үед ихээхэн хөөрч энэ уулзалтанд бэлдэн цайны ганц костюмаа өмсчихөөд долоо хоног явлаа байдаггүй ээ. Уур хүрээд нэг өдөр нөгөөхөө сольж муу хуучин, бөгсөн дээрээ том гэгчийн нөхөөстэй өмдөө өмсчихөөд ажил дээрээ сууж байтал ажил тарах үеэр төв хороон дээр Бал дарга дуудаж байна гэх нь тэр. Хувцсаа ч сольж чадалгүй төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч Ренчинпэлжээ, сангийн сайд Содном, манай газрын дарга Цэнд гуай бид дөрөв түүн дээр ордог юм байна.
Дарга эхлээд алба ажлын талаар жаахан ерөнхий юм асууж байснаа гэнэт: –Манай улс сүүлийн үед гадаад худалдаанаас нилээд ашиг олох юм, үүнийг та бүхэн юу гэж үздэг вэ гэлээ. Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хариуллаа. Намайг нэг муу мэргэжилтэн юу гэж тоогоо аж гэж бодож суутал дарга:
–Чи юу гэж бодож байна гэж тулган асуув. Би нилээд сандарч байсан боловч, Ренчинпэлжээ гуайтай санал нэг байгаагаа хэлэхийн сацуу манайх аж үйлдвэрийн талаар нилээд хоцрогдсон болохоор хөгжингүй орны бараа манайд нилээд үнэ хүрдэгтэй ч бас холбоотой гээд туучихлаа. Гэтэл дарга нэг хэсэг дуугүй болсноо: -Та нар явж болно, Цэнд та хоёр түр үлд гэдэг юм байна.
Тэгснээ над руу хандан: -Чи тэр улс ардын аж ахуйн балансыг яаж тооцож гаргадаг талаараа надад дэлгэрэнгүй яриадах гэв.
-Хэдий хугацаанд багтааж ярихав гэсэн чинь -Xичнээн л бол хамаагүй гэдэг юм байна. Тэгээд л эхэлчихсэн чинь бүтэн хоёр цаг гаруй энэ сэдвээр бид хоёр ярьчихсан байж билээ. Одоо эргээд бодоход төрийн тэргүүн хүн жирийн нэг муу мэргэжилтэнтэй одоо ингэж нарийн зөвлөлдөж ярьдаг болов уу гэдэгт би эргэлздэг юм.
Түүний дараа 1970 оноос Үнэ стандартын улсын хороо байгуулах тухай асуудал яригдаж Жасрай гуай бид хоёр тогтоолын төсөл дээр сууж ажиллалаа. Бид хоёр ийм хороог дангаар нь байгуулах шаардлагагүй юм байна гэсэн дүгнэлт бичсэн боловч намар нь ийм хороо байгуулах тухай шийдвэр гарч Жасрай гуайг даргаар нь намайг орлогчоор нь томилчихож билээ.
1976 оны 2-р сарын эхээр бидний хэсэг улсууд зөвлөлтийнхөнтэй бараа таваарын үнийн хэлэлцээр хийхээр Москва явлаа. Тэнд харилцан нийлүүлэх барааны үнийн талаар бараг гурван сар хэлэлцэн маргасан боловч нэгдсэн тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь Зөвлөлтийн нөхдүүд манайхаас авдаг мал болон малын түүхий эдийн үнийг улам бууруулж тогтоогоод байсан хирнээ өөрсдийнхөө нийлүүлдэг өргөн хэрэглээний барааны үнийг нэмэхээр зүтгээд байсан учир бид хатуу байр суурин дээр гэдийгээд зогсчихсон хэрэг. Тэр үед Зөвлөлтийн талынхан Гадаад худалдааны яамны нэгдүгээр орлогч байсан Дорж гуайд улаан цайм намайг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс гаргах санал тавьж байсан гэж ярьдаг юм.
Биднийг 5-р сард Москвагаас ирсний дараахан Цэдэнбал дарга дуудлаа. Би ч дотроо Зөвлөлтийнхөнтэй тохирч чадаагүй учир арга хэмжээ авахуулах цаг болжээ гэж бодсоор орлоо. Тэгэж бодох ч бас өөр шалтгаан байлаа. Урьд нь 1972 онд Эрдэнэтийн талаар оросуудтай гэрээ эхэлж байгуулж байхад бид байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх ёстой гэж тэдэнтэй маргаж бас бөөн юм болж байсан билээ. Тэр үед Сангийн сайд байсан Долгормаа, Бямбажав нар болон Чимэддорж гуай нар байсан санагдана, бид нар үгсээд тогтоолд гарын үсэг зурахгүй гээд гүрийчихсэн юм. 1973 оны эхээр Эрдэнэтийн асуудлаар оросууд ирэхэд нь Очирбат бид хоёр бас зарим зүйл дээр зөвшилцөж чадалгүй бөөн юм болж байлаа. Түүнээс хойш бид нарыг зөвлөлтийнхөнтэй хэлэлцээр хийж чаддаггүй гэсэн яриа Улс Төрийн Товчооны зарим гишүүдийн дунд гарч байлаа. Тэр удаа дарга надад урьдаас харин Үнэ стандартын хорооны дарга болох санал тавьдаг байгаа даа. Энэ бол миний даргатай уулзсан хоёр дахь ганцаарчилсан уулзалт байсан юм.
Гурав дахь удаагийн уулзалт эхнийхээс арван жилийн дараа буюу 1979 онд болсон. Би Монголд чанарын алба бий болгох бодит шаардлага үүссэнийг тайлбарласан тогтоолын төсөл боловсруулж ийм алба байгуулах тухай нилээд хүч тавин хөөцөлдсөн боловч энэ ажил урагшилдаггүй яг зогсчихоор нь уур хүрч баярын өмнөхөн 7 сарын 8-ны орой Цэдэнбал дарга дээр биечлэн очиж тогтоолынхоо төслийг танилцууллаа. Тэгсэн чинь тэрээр нилээд анхааралтай сонсчихоод:-Hаадахаа орхичих, хоёулаа наадмын дараа болъё гэлээ.
7 сарын 15-нд намайг дуудахаар нь очсон чинь тэрээр: -Би үүнийг чинь нилээд судаллаа, энэ чинь яах аргагүй шаардлагатай юм байна гэснээ тогтоолын төсөлд шууд гарын үсэг зурж орхив. Би дотроо гайхсан боловч дуугарч чадсангүй, учир нь энэ асуудал Сайд нарын Зөвлөлөөр яригдаагүй, Улс Төрийн Товчоогоор ч оролгүй шууд ерөнхий дарга зурчихна гэдэг санаанд багтмааргүй зүйл байлаа. Бал дарга надад: -Чи намайг зөвшөөрсөн гэж хүнд битгий хэлээрэй би цаадуултай чинь өөрөө ярина гэлээ. Маргааш нь над руу утасдаж тогтоол бэлэн болсон шүү гэж байна. Тэгсэн чинь мань хүн өөрөө эхэлж зурчихаад Улс Төрийн Товчооны гишүүдийг нэг нэгээр нь дуудаж танилцуулж зуруулсаар байгаад бүгдээр нь зөвшөөрүүлчихсэн байж билээ. Асуудлыг шаардлагатай үед ингэж шуурхай шийддэг хүн байсан даа. Түүний дараагаар мэдээж би дээд дарга нараасаа тэднийг алгасан асуудлыг шууд дээгүүр шийдвэрлүүлсэн гэr нилээд банга сонссон юмдаг.
80-аад оны эхээр гаднаас ирж буй бараа таваарын үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан үнийн системд өөрчлөлт оруулах санал манай хороо тавиад байдаг ажил бас явдаггүй ээ. Зөвлөлтийн тал Эрдэнэтийн зэсийн баяжмалыг хямд үнээр худалдан авдаг үүнээс нь болж Эрдэнэт үйлдвэр бөөн алдагдалд орж үүнийг нь оросын тал зарим үед дотаци төлж цайруулж байгаа юм шиг харагдуулдаг байлаа. Тэр үед Зөвлөлтийн үнийн хороонд ажиллаж байсан нэг нөхөр надад ам нь халсан үедээ илэн далангүй нууц дэлгэж манайхаас нийлүүлж буй баяжмал дотор нилээдгүй алт мөнгө дагалдаж ирдэг талаар ярьсан юм. Энэ тухай би Батмөнх даргад хэлж эксперт томилуулан ажиллуулсны дүнд нэг тонн баяжмалд зөвхөн алт л гэхэд дунджаар дөрвөн грамм орчим агуулагддагийг шинжлэн тогтоолгож билээ. Ингээд бид зэсийн баяжмал дотор байгаа алт мөнгө бусад ховор металлуудыг тус бүрд нь үнэлэн тогтоож нийлүүлэх санал Зөвлөлтийнхөнд тавьж эхэллээ. Мэдээж үүнийг Оросын тал үүнийг яаж хүлээн авах билээ. Тэгээд дээр нь зэсийн баяжмалыг Зөвлөлтийн дотоодын үнээр биш дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэх талаар санал тавьж эхэлсэн нь Оросуудын уурыг бүр хүргэж орхисон байсан.
Бид 1982 оны хоёрдугаар сараас нэг хэсэг барааны үнийг өөрчилсөн нь тухайн үед энд байсан Оросууд бөөн бөөнөөр нь худалдан авч хойшоо зөөдөг боловч манай дэлгүүрүүдэд бараг байдаггүй гадаад тамхи, архи, булган малгай, туулайны арьсан малгай, хивс гэх мэтийн бараа байсан юм. Тухайн үед Зөвлөлтийн худалдааны төлөөлөгч байсан Кузьмин гэгч нэг өдөр над дээр ирээд хачин уурлаж,
-Чи зөвлөлтийнхний эсрэг бодлого явуулж байна гэхчлэн хашгичиж байсан билээ. Би тэр үед нь түүний ярьсан зүйлийг нь нэгд нэггүй тэмдэглэл хөтлүүлж аваад Батмөнх, Моломжамц гуай нарт өгчихлөө. Хэд хоногийн дараа Батмөнх гуай надтай уулзахдаа, “Энэ яриаг битгий тоож үз гэхдээ тэдэнтэй болгоомжтой харьцах нь зөв шүү” гэж хэлсэн юм.
Гэтэл 7 сард Улс Төрийн Товчоо дахин хуралдаж зарим барааны үнэ нэмсэн нь ард түмэнд хүнд тусаж байгаа, жишээ нь мотоциклын үнэ нэмснээс борлогдохгүй байгаа гэх зүйлийг Майдар гуай ярилаа. Тэр хурал дээр Цэдэнбал дарга хачин уурлаж, намайг үнийн бодлого ямар санаатай буруу явуулж байгаа талаараа ярь гээд л загнаж гардаг юм байна. Би босож нилээд тайвнаар: -Дэлхийн зах зээлийн үнийг дотоодын зах зээл дээрээ одооноос харгалзаж үзэж өөрчлөлт хийж эхлэхгүй бол алсдаа тун аюултай байдал үүсэхийг сэрэмжлүүлж, жирийн ард түмний өргөн хэрэглээний барааны үнэ одоохондоо огт нэмэгдээгүйг баримт тоочин ярьтал дарга нилээд тайвширч байдал учрыг ойлгосон юм.
Үүнээс болж Улс Төрийн Товчооны гишүүд дотроо хуваагдан бөөн маргаан дэгдэж, зарим нь бүр барилцаж авахдаа хүрэх нь тэр. Тэгсэн Цэдэнбал дарга тэднийг харж харж байснаа: -Хөөе, хөөе больцгоо, больцгоо, хурлыг хойшлууллаа гэснээ писхийтэл инээд алдаад гараад явчихаж билээ.
Бид хоёрын дараагийн уулзалтын сэдэв нэгэн захидлын тухай байлаа. Тэр үед Зөвлөлтийн тал манайхаас авч байгаа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур тогтоон авдаг талаар Цэдэнбал даргад ярьж ойлгуултал намайг Брежнев даргын нэр дээр шууд захидлын төсөл хийж ирэх үүрэг өглөө. Би орос хэл дээр энэ бүх байдлыг тайлбарласан захидлын төсөл хийж аваад ортол, Бал дарга тэр удаа надтай нэг их олон юм ярьсангүй, захидлын төслийг нилээд анхааралтай уншиж дууссанаа нүүр нь гэнэт хувьсхийн улаан харандаа шүүрч аваад “Бид цаашдаа ингэж амьдарч чадахгүй” гэж захидлын доод талд оросоор бичсэнээ:-Үүнийг одоохон явуул гэдэг юм байна. Би ямар Брежнев даргатай шууд харьцах эрх мэдэл байсан биш Батмөнх дарга дээр энэ захидлын төслийг аваачиж өгсөн. Тэгтэл дараахан нь Содном гуай намайг дуудаж: –Чи асуудлыг дандаа дээгүүр шууд авч ордог гээд баахан загнаснаа тэр захидлыг маань буцаагаад надад өгчихсөн юм. Энэ бол дөрөвдэх уулзалт нь байсан юм болов уу.
Тэр хавар нь Майдар гуай үнийн хэлэлцээрээр Москва явж ирснийхээ дараагаар Содном, Долгормаа, Жасрай, Бямбасүрэн нараас бүрдсэн Зөвлөлтийн бодлогын эсрэг бүлэг манайд байна гэж үзэж байна гэсээр Удс Төрийн Товчооны хурал хийлгэсэн юм байна лээ. Рагчаа гуай биднийг тэр хурал дээр өмөөрч, бидний хүн тус бүрээр нь Төв Хороонд тайлан бичүүлэх болсноор хэрүүл, маргаан түр намжсан юмдаг.
1983 оны арван сарын сүүлчээр Зөвлөлтийн Үнийн хорооны дарга манайд ирлээ. Тэр хүнтэй даргыг уулзахын өмнө нь би орж байдлыг танилцуулан тэр үеэр яригдах асуудал болоод түүнийг нь манай тал хүлээн авах боломжгүй нөхцөл байдлын талаар даргад дэлгэрэнгүй ярьж тайлбарлалаа. Гэтэл дарга:-Чи яагаад энэ асуудлыг Улс Төрийн Товчоонд оруулаагүй юм хэмээн зэмлэв.
-Дарга минь би ийм асуудлаар Улс Төрийн Товчоонд орж урьд нь яаж буруудаж байлаа даа гэсэн чинь тэрээр Намсрай даргыг дуудан асуудлыг төв хороогоор яаралтай шийд гэсэн үүрэг өгөөд гаргалаа.
Тэр өдрийн үдээс хойш Зөвлөлтийн үнийн хорооны даргыг Бал дарга хүлээж авч ердөө гучаадхан минут уулзсан юм. Зөвлөлтийн үнийн бодлогын талаар түүний ярьсан зүйлийг Цэдэнбал дарга тун анхааралтай сонсож дууссанаа огт өөр юм ярьж эхлэхэд нь бид нилээд гайхаж байсан боловч түүний тактикийг нилээд хожуу ухаарч билээ. Тэрээр Халх голын байлдааны үеийг дурсаж тэнд Зөвлөлтийн олон баатрууд бидний газар нутгийн төлөө яаж тулалдаж байсан энэ тэр гээд зөндөө юм ярилаа. Үүгээрээ Бал дарга тэр хүнд бид өнөөдөр ийм юм яриад сууж байх улсууд хэрхэвч биш, бидний харьцаа үүнээс илүү чухал зүйлээр гагнагдсан гэдгийг л цаагуураа хэлж байсан болов уу. Тэгснээ яриагаа дуусгаж, “За бидний нөхцөл байдал өнөөдөр их өөр болжээ, бид та нөхдийг дагаж ирсэн дагах ч болно гэхдээ энэ удаа эдгээр асуудлуудыг хүлээж авах боломжгүй гэж бодож байна” гэж тасхийтэл хэлчихээд шууд босоод явчихаж билээ.
Уулзалтын дараа нөгөө хүний царай хачин барайж, Цэдэнбал даргаас тийм үг сонсоно гэж бодоогүй явсных тэр үү надад ч хэцүү байлаа. Ядаж тэр уулзалтын дараа бидний унаа ирдэггүй хориод минут ордны гадаа зогслоо, их л хүнд цохилт болсондоо. Урьд нь Зөвлөлтийн талаас хэн нь ч ийм үгийг Монголын төр засгийн тэргүүний амнаас хэзээ ч сонсож байгаагүй нь мэдээж.
Энэ бол Бал даргатай болон Зөвлөлт төрийн дээд удирдлагын хэмжээнд болсон миний сүүлчийн уулзалт байсан юм. Сүүлд нь энэ ярианы протоколыг аваад үзсэн чинь даргын хэлсэн хамгийн сүүлчийн үгийг хасчихсан байлаа. Энэ уулзалтан дээр надаас гадна Рагчаа дарга байсан бөгөөд би тэр үед протокол хөтөлж байсан Ариунаа гэгч эмэгтэйд сүүлчийн тэр үгийг заавал оруулахыг сануулж байж билээ. Энэ нь архивт түүх болж үлдэх байсан учраас тэр. Гэтэл тэр протоколыг би дараа нь ерөнхий сайдаар хэсэг хугацаанд ажиллах үедээ ч архиваас хэрэг болгож хайгаад олоогүй юмдаг. Бодвол зөвлөлтийн талынхны тусгай архивт л орсноос зайлахгүй.
Ингээд би удалгүй 1984 оны 1 сарын 14-нд ажлаа өгч, Бал дарга маань үүнээс долоон сарын дараа өөрчлөгдөж байжээ. Энэ уулзалт мань хүний талаар тэр үед гаргасан Зөвлөлтийн удирдлагын шийдвэрт ноцтой нөлөөлсөн болов уу гэж би боддог юм. Тэр үед чинь Зөвлөлтийн бодлоготой зөрөлдсөн хүнийг Монголын засаг төрийн өндөр албанд ажиллуулахгүй гэсэн Зөвлөлт-Монголын засгийн газар хоорондын 1929 оны нууц хэлэлцээр хүчинтэй хэвээрээ байсан юм шүү дээ.
Хамгийн сүүлчийн уулзалт 1991 онд нас барсны дараа түүний шарилын дэргэд болсондоо. Эрүүлийг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд Дашцэвэгээр толгойлуулсан оршуулгын комисс тэр үед ажиллаж байлаа. Би Бал даргыг хэдэн талаас нь ойрхноос авсан зургийг үзсэн. Хоёр гуя нь улаан эрээн болчихсон, хөлний өсгий нь цоороод идээ бээр гарчихсан байсан. Дашцэвэг надад ирж энэ хүн өвчнөөр биш цусанд нь халдвар орсноос нас баржээ, харин ч их бие сайтай хүн байж, хөлний тэр хатуу өсгий нь хүртэл идээлж цоортол амьд явсан байна шүү дээ гэж ярьж байсан юм. Оршуулганд нь намайг оролцож хэрэггүй гэж тэр үеийн төрийн албаныхан хориглож байсан боловч би зөрж: Монголд амьд ерөнхий сайд нь үхсэнийгээ оршуулах анхны тохиолдол болж байгаа учраас би заавал очих ёстой гэж зүтгээд очсон. Оршуулгын өглөө нь маш эрт намайг бараг хулгайгаар шахам оруулж, би шарилынх нь дэргэд ганцаараа зогсож хүндэтгэл үзүүлээд гарсан юм даа.
Цэдэнбал дарга дөнгөж төрийн дээд албан тушаалд очсон эхнийхээ үед магадгүй марксизм ленинизм, интернационализм, ах дүүгийн найрамдал гэх зэрэг үзэл сурталд баригдан Зөвлөлтийн талыг хэтэрхий баримталдаг байсан байж магадгүй. Гэхдээ Зөвлөлтийн тал далаад оны дунд үеэс Монгол улсыг өөртөө нэгтгэх асуудлыг далдуур янз бүрийн байдлаар тавьж ирсэн үеэс улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө түүний үзэл бодол шал өөрөөр эргэсэн гэж би боддог.
1978 оны “Энх тайван социализмын асуудлууд” сэтгүүлд Цэдэнбал даргын бичсэн нэг өгүүлэлд “Бид үндэснийхээ эрх ашгийг нэн тэргүүн ээлжинд тавьж дараагаар нь олон улс интернационализмын тухай асуудлыг авч үзэх ёстой” гэж бичсэн нэг өгүүлбэрээс тэр хүний үзэл санааны гол зангилаа харагддаг. 1979 оны 1 сарын 24-нд шиг санагдаж байна. Берлин хотноо болсон коммунист ажилчны намуудын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн дээр Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн Понамарев нэр заахгүйгээр Цэдэнбал даргыг тэр өгүүллээр нь дайруулан их шүүмжилсэн байдаг. Миний хувьд л гэхэд тэр өгүүлэл, Брежнев даргад бичсэн захидлын төсөл дээр “Бид цаашдаа ингэж амьдарч чадахгүй” гэж бичиж байсан явдал мөн Зөвлөлтийн үнийн хорооны даргад өгч байсан шууд хариулт зэргээс авч үзэхэд Бал дарга маань тэр үед цэл залуугаасаа Зөвлөлтийн талаас хичнээн дарамт шахалтан дор ажиллаж амьдарч байсан ч улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч хүн байжээ гэж бодогддог.
Ингээд үзэхээр тухайн үеийн нийгмийн тогтолцоо ямар байснаас үл харгалзан Цэдэнбал дарга бол хорьдугаар зуунд өөрийн улс орноо зөв мэргэн жолоодож явж ирсэн агуу удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм билээ.
Тэр үед Москвад сууж байсан Элчин сайд Ц.Гүрбадам “Түүхэн үнэний тухай бодрол” номондоо Бал даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн Намын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлын тухай бичихдээ “Бүгд хурал урьд өмнө нь хэзээ ч ийм чимээ аниргүй, гунигтай байдалд болж байсангүй. Моломжамц гуайн хоолой үе үе зангиран Ерөнхий нарийн бичгийн даргын олон жилийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн магтахыг сонсож суухад нас нөгчсөн хүний оршуулган дээр хэлж байгаа үг шиг. Үгээ хэлж дууссаны нь дараа нь танхимд нэг хэсэг чив чимээгүй болов. Нэг ч хүн нэг ч үг дуугарсангүй. Тэр өдрийнхөө үдээс хойш АИХ-ын чуулган чуулж тогтоол гарган Ю.Цэдэнбалыг биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан “өөрийн нь зөвшөөрснөөр” гэсэн тодотголтойгоор үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргав. Өөрөө зөвшөөрсөн гэдэг ам яриа байснаас бус бичиж өгсөн зурвасыг хэн ч үзээгүй” гэсэн байдаг

Монгол орон Монголын ард түмний сайн сайхны төлөө өөрийн бүхий амьдралаа зориулчихаад эцэст нь хүний нутгийн тэнгэрт хальсан бурхан болоочийнхоо эцсийн захиасыг нь биелүүлж эх оронд нь авчран хөдөөлүүлж, сүүлчийн салах ёслолоо дөнгөж хийгээд халуун нулимсаа арчиж амжаагүй байхад нь А.И.Филатоваг байцааж байсан баримт болон түүний тухай нэгэн гэгээлэг дурсамжаар энэхүү нийтлэлээ жаргаамой.

ГЭРЧИЙГ БАЙЦААСАН ПРОТОКОЛ

БНМАУ-ын Прокурорын газрын онцгой хэргийн мөрдөн байцаагч Г.Уранцэцэг би, мөрдөн байцаагч Дамдинрагчааг байлцуулан 1991 оны 4 сарын 29-нд Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг байцаав.
Рязань мужид 1920 онд төрсөн, орос, намын гишүүн бус, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, Москва хотын А.Толстойн гудамжны 12 дугаар байр, 23 тоотод хүүгийн хамт амьдардаг.

ХЭРВЭЭ ЭДГЭЭРИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БОЛ БИ ТӨЛЬЕ

Асуулт: -Таныг Хvvхдийн төлөө фондын даргаар ажиллаж байх vед нэгдүгээр гарын үсгийг яагаад та биш, Дашдовдон зурдаг байсан юм бэ?

Хариулт: -Би хэл мэддэггvй байсан учраас санхүүгийн хариуцлагыг хvлээхийг хvсдэггvй байсан, тэгээд ч би Зөвлөлтийн харьяат байсан. Гэхдээ би Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж байсан. Мөнгөний будлиан гарсан, тэр нь юунаас болсныг би мэдэхгvй, мөнгөний зарцуулалттай холбоотой асуудлыг бид хамтран шийдвэрлэдэг байсан. Баримт бичиг монгол дээр бичигдсэн нөхцөлд би гурван орлогчоо гарын үсэг зурсны дараа зурдаг, энэ нь бичиг баримтыг зөв үйлдэхийн үүднээс байсан юм.

Асуулт: -Дараах актуудын талаар танд хэлж ярих зvйл байна уу?

1.Ta хүүхдийн төлөө фондоос 15058 төгрөг 41 мөнгөний эд зүйл авсан атлаа одоо болтол хэрхэн зарлагадсан тухай тайлан өгөөгvй байна. 2.Та мөн фондоос 3543 төгрөг 44 мөнгөний видео магнитофоны 12 ширхэг кассетыг аваад үнийг нь төлөөгvй байна. З.Та Финляндад явах vедээ бэлгийн фондноос 21040 төгрөг 37 мөнгөний бэлэг авчээ. Эдгээр актыг та төлөх ёстой.
Хариулт: – Хэрвээ эдгээрийг би төлөх ёстой л юм бол би төлье, хадгаламжийн дэвтрээсээ төлөхөд бэлэн байна.

Асуулт: -1980 онд Геологийн яамны сайд Хурц таны төрсөн өдрөөр 5929 төгрөгийн үнэтэй 25,3 гр алт бэлэглэж байжээ. Энэ алтыг Хурц төлөх ёстой, гэхдээ одоо тэр үүнийг танаас нэхэмжилж байна, энэ талаар юу хэлэх вэ?

Хариулт: -Би үүнийг санахгүй байна. Гэхдээ Хурц сая надад энэ алтыг бэлэглэсэн, ямар хайрцагтай байсан талаар тайлбарласнаар би чулуунд алт шигтгэсэн байсныг саналаа, 1988 онд бид эд зүйлээ янзлахаар ирэх үед сав нь хоосон байсан, гэхдээ би үүнийг алт гэж бодоогүй, энэ мөнгийг ч би төлье.

Асуулт: -Талийгаач Цэдэнбалд улс орны удирдагчийн хувьд гадаадаас олон бэлэг ирүүлдэг байсан, энэ бэлгүүд одоо хаана байна, танд музейд өгөх юм бий юу?

Хариулт: -Эдгээр бэлгийн заримыг Улаанбаатарын музейд, заримыг Увс аймагт шилжүүлж өгөхийг бид хүсэж байна. Зөвлөлтөд одоо юу ч байхгvй, бүгд энд миний байшин дахь цоожгүй шүүгээнд хадгалагдаж байсан. Нийт гурван шүүгээ байсан. Намайг 1988 онд ирэх үед бэлгийн зарим нь алга болсон байсан. Би одоо чухам яг ямар зүйл хэзээ алга болсныг хэлж чадахгүй, учир нь надад эд зүйлийн нэрсийн тодорхой жагсаалт байгаагүй.

Асуулт: -Та чухам ямар үнэт зvйлс байгааг нэрлэж чадах уу?

Хариулт: -Тажмахалаас ирүүлсэн мөнгөн бумба 2 бил үү, 3 ч бил үү санахгүй байна, зааны ясан соёо байсан.

Асуулт: -Талийгаач Цэдэнбалд зарим хүмүүс алт, алтан зоос, мөнгөн аяга зэргийг бэлэглэж байсан, эдгээр нь энд алга байна, хаана байгаа вэ?

Хариулт: -Эдгээр нь түүний сейфэнд байсан байж болох юм. Би ямар ч аяга, алтан зоос хараагүй. Гэхдээ манай талийгаач надад ямар ч алтан бэлэгний талаар ярьж байгаагүй.

Асуулт: -Бидний хамгаалж авсан хөрөнгөнд хуучин хувцас, мөн хэрэгцээ хангахааргүй эд зүйл байна

Хариулт: -Бидэнд хэрэггүй эд зүйл гэж байгаагүй, талийгаачийн төрөл төрөгсдөд нь үзүүлэхгүй юу. Тэдэнд хэрэгтэй байж болох юм, тэд авахгүй бол устгачихна биз.

Асуулт: -Эдгээр эд зүйлсийг холбогдох байгууллагууд устгах тухай акт гаргасан.

Хариулт:-Тэгвэл устгаг л дээ

Асуулт: -Эдгээрийн дотор гэрэл зураг, нэрийн хуудас, ил захидал, захидал зэрэг зүйлс байгаа юм?

Хариулт: -Захидлыг хамаатан Аюушид дамжуулна уу. Нэрийн хуудсыг нь харин устгаарай.

Асуулт: -Таны хадгаламжийг бид битүүмжилсэн, та 1981 онд хадгаламжиндаа 51000 төгрөгтэй байжээ. Энэ мөнгийг хаанаас авсан бэ?

Хариулт: -Би ажил хийж цалин авч байсан, миний мөнгө бэлнээр байсныг би хадгаламжийн кассанд хийсэн юм.

Асуулт: -Та ажиллаж байх үедээ уран бүтээлийн шагнал авч байсан уу?

Хариулт: -Ийм шагнал авч байгаагүй, төрийн шагналыг Хүүхдийн фондны төлөө авсан, мөнгөн шагналыг нь би хүүхдийн фондод өгсөн.

БИ ХҮҮХДИЙН ФОНДНООС ХЭЗЭЭ Ч ЮУ Ч АВЧ БАЙГААГҮЙ

Асуулт: -Дүгэрсүрэн танд 2 алтан зоос бэлгэнд өгсөн гэж байна. Эдгээр зоос хаана байгаа вэ?

Хариулт: -Хүүхдийн фондод байгаа болов уу. Дүгэрсvрэн надад хоёр алтан зоос өгсөн юм болов уу санахгүй байна. Хэрвээ тэр хоёр гэж байгаа бол хоёр л байх ёстой. Би алтан зоосыг аваагүй, би хүүхдийн фондноос хэзээ ч юу ч авч байгаагүй.

Асуулт: -Цэдэнбалын хадгаламжинд cap бүр 500 төгрөг орж байжээ. Энэ мөнгө үндэсгүйгээр шилжигдэж байсныг бид тогтоосон бөгөөд хураан авах болно. 1967 оноос 1984 он хүртэл cap бүр хийсэн 500 төгрөг буюу 1.000.000 гаруй төгрөг болох юм.

Хариулт: -Та бүхний мэдээлснээс үзвэл энэ мөнгийг сангийн сайд Содномын тушаалаар хадгаламжийн кассанд шилжүүлж байжээ гэдгийг би олж мэдлээ. Үүнийг Содномын тушаалаар хийсэн болохоор энэ асуудлыг тэр өөрөө хариуцах ёстой байх.

Асуулт: -Майдар, Хишигт зэрэг гэрчүүдийн мэдүүлснээр Шинжлэх ухаан техник соёлын ордныг таны шаардсанаар хэд хэдэн удаа төсөл хийж, илүү зардал гаргаж байж, энэ талаар та юу ярих вэ?

Хариулт: -Би зураг төслийн институтыг захирч байгаагүй. Тэд өөрсдөө зөвлөгөө авахаар ирдэг учраас би зөвлөдөг байсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг тэд өөрсдөө л гаргадаг байсан шvv дээ.

Асуулт:-Санхүүгийн байгууллагын бэлгийн фондноос нэг сая төгрөгийн бэлэг авсан явдалд нь Цэдэнбалын нэр дээр акт тавьсан явдлыг та юу гэмээр байна?

Хариулт: -Энэ талаар би юу ч хэлж мэдэхгvй байна. Энэ бэлгийг тэр авсан гэж үү? Хэрэв түүний гарын үсэг байхгүй байгаа юм бол та яагаад түүний нэр дээр акт тогтоосон гэж байгаа юм бэ? Би үүнд чинь итгэхгүй байна, түүний нэрээр өөр хүн л авсан байх.

ТҮҮНД ХОЁР ДАХЬ УДАА БААТАР ЦОЛ ОЛГОХ ГЭХЭД ТЭР ЭРС ЭСЭРГҮҮЦСЭН

Асуулт: -Пэлжээ, Молом, Лувсан зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр Цэдэнбал алт, алтан эдлэл өөртөө бэлэглэхийг шаардаж байжээ. Та юу гэж хэлэх вэ?

Хариулт: -Энэ бол шал худлаа, би өөрийн нөхрийг мэднэ, тэр дэндүү даруу хvн байсан. Жишээ нь түүнд хоёр дахь удаа баатар цол олгох гэхэд тэр эрс эсэргүүцэж, баатар хүн зөвхөн нэг л удаа байж болно гээд аваагүй. Энэ талаар тэр Москвад байхдаа Моломжамцтай утсаар ярьсан. Мөн түүнийг маршал цол авахгүй гээд байхад нь мөн л олгосон.

Асуулт: -Та хүүхдүүддээ мерседес болон вольксваген маркийн машинуудыг яаж худалдаж авсан бэ?

Хариулт: -Машиныг НАХЯ-ны 3 дугаар газраар дамжуулж авсан. Машины үнийг бүрэн төлсний дээр сэлбэгийг нь худалдаж аваад үнийг нь бүрэн төлсөн.

Асуулт: -Цэдэнбал болон түүний тойрон хүрээлэгчидтэй холбогдолтой мөнгө болон эд зvйлийн асуудлыг хөндөх тохиолдол болгонд гэрчүүд үүнийг Цэдэнбалын шаардлага болон хүсэлтээр шийдвэрлэсэн гэдэг мэдүүлэг өгч байна, энэ талаар танд хэлэх зүйл байна уу?

Хариулт: -Би үүнийг эрс эсэргүүцэж байна, мөнгөний холбоотой асуудалд тэр маш хатуу ханддаг байсан, бүр гэр бүлээсээ хүртэл тайлан шаарддаг байсан, ийм учраас түүнийг ингэж эд мөнгөний асуудалд холбогдуулж гүтгэж байгаа явдалд би маш их дургүйцэж байна.

Асуулт: -Та НАХЯ-ны 3 дугаар газрын хөрөнгөөр бариулсан Жуковка дахь зуслангийн байрны талбайг томсгохыг шаардаж байсан чинь үнэн үү?

Хариулт: -Байрны төслийг огт өөрчлөөгүй, харин онгорхой байсан тагтыг нь өргөсгөж шиллэсэн юм. 1981 онд зуслангийн байр барих асуудал яригдахад Цэдэнбал мөн эсэргүүцсэн. Ингээд 1982 онд бид өөрсдийн хүч хөрөнгөний бололцооны хэрээр жижигхэн зуслангийн байшин барихаар болж барьж эхлэх үед НАХЯ-ны сайд Лувсангомбо уг байрыг барих ажлыг 3 дугаар газарт даалгах санал гаргаад өөрөө энэ ажлыг гардан хийсэн.

БИДНИЙ ОЙГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ТЭМДЭГЛЭХИЙГ ЦЭДЭНБАЛ ГУЙЖ БАЙГААГҮЙ

Асуулт: -Хувийн машин, зуслангийн байр болон танай хүүхдүүд болон мөн хувийн урилгаар ирсэн зочдод үйлчилсэн үйлчилгээний зардал зэрэгт 370000 төгрөгийг улсаас зарцуулсан гэх мэтээр хэргийг шалгасны дараа хохирол төлөгдөх асуудал гарах учраас бид таны зарим эд хөрөнгийг худалдах болно. Үүнийг та юу гэж үзэж байна?

Хариулт: -Холбогдох актуудын зарим нь их эргэлзээтэй байгаа тул эдгээр актуудыг албан ёсоор дахин шалгаж үзээсэй гэж хүсэх байна. Би болон Цэдэнбал ч тэр бидний ойг улсын хөрөнгөөр тэмдэглэхийг хэзээ ч гуйж байгаагүй. Мөн ойг тэмдэглэж байсныг санахгvй байна. Шаардлагатай бол эд зүйлийг комиссын худалдаагаар худалдуулна биз.

Асуулт: -Актуудыг бид хурандаа Чулууны гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн тогтоосон, энэ баримтууд хэр үндэслэлтэй гэж та бодож байна?.

Хариулт: -Би мэдэхгүй, бидний бүх санхүүгийн асуудлыг Чулуун шийдвэрлэдэг байсан.

Асуулт: -Та бvх эд зүйлээ Монголд орхисон гэж ярьж байна, гэтэл 1988 онд та явахынхаа өмнө таван тоннын 2 контейнер ачуулж байсан, мөн Нанзад ч галт тэргээр эд зүйл явуулж байсан байна, энэ ямар учиртай юун эд зүйл болохыг та тайлбарлахгүй юу?

Хариулт: -Бүгд бидний хувийн эд зүйлс байсан, цайны сервиз, ор дэрний хэрэгсэл, хувцас, ном гэх мэт. Мөн мөнгийг нь төлж 3-р газраас авсан хуучин мебель байсан. Эдгээрийг Монголын гааль бүгдийг нь нэг бүрчлэн шалгасан шүү дээ. Нөхөр маань өөртөө савхин эдлэл, нэхий дээл, хувцас авсныг нь Нанзад галт тэргээр явуулсан.

Асуулт: -Таны бүх хөрөнгө, хадгаламж битүүмжлэгдсэн, таны хууль ёсны эрх ашигийг хэн хамгаалах вэ?

Хариулт: -Аюуш хамгаалах юм болов уу, хэрэв тэр зөвшөөрөхгүй бол Монголд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалах өөр хүн байхгүй.

Асуулт: -Тэгвэл бид танд өмгөөлөгч томилох болно шүү?

Хариулт: -Би ямар ч өмгөөлөгч танихгүй, ийм нөхцөлд миний эрх ашгийг хэн ч хамгаалж чадахгүй.

Асуулт: -Танд буу зэвсэг байсан, хичнээн тооны буу байсан бэ? Гоц үнэтэй буу байсан уу?

Хариулт: -Манайд олон буу байсан, тэнд 16-17 зуунд хийгдсэн Жуковын бэлэглэсэн мушкет байсан, мөн Югослав, Чехословак, Ардчилсан Германд үйлдвэрлсэн ангийн буунууд байсан, жагсаалт надад байхгүй. Нанзад, Гэндэндаржаа нар мэдэж байж болох юм. Үүнээс гадна маузер, прабеллум, ТТ гэх мэт гар буу байсан байх. 1988 онд биднийг явах үед нэг бууг нь дурсгал болгож авахыг хүссэн боловч III газрын ажилтнууд зөвшөөрөөгүй. Хуйн дээрээ шигтгээтэй ганцхан ширхэг үйлдвэрлэсэн Тулан буугаа талийгаач дурсгал болгож үлдээхийг хүсэж байсан санагдана.

Асуулт: -Энд байгаа ямар эд зүйлийг өөртөө үлдээхийг та хvсэж байна?.

Хариулт: -Надад юу ч хэрэггүй, энэ байцаалтаа хурдан дуусгахыг хүсэж байна. Энд юу үлдсэнийг ч санахгүй байна.
Мөрдөн байцаагч Уранцэцэг 23.цаг 44 минутанд дуусгав гэжээ

Ш.Пүрэвсүрэн

Ю.Цэдэнбал гуай маш хүнд шийдвэрийг 1963 оны 01 сарын 25-29 нд гаргасан байна. Түүний насан турш дагаж явах хар сөрөг үр дүнтэй байв. #ЦЭДЭНБАЛЫН_ҮНЭН_ТҮҮХ! http://www.tusgaar.mn/news/%D1%8E-%D1%86%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD%D0%B1%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD-%D2%AF%D0%BD%D1%8D%D0%BD-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85

Posted by Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ on Tuesday, May 30, 2017

One thought on “Брежнев даргад бичсэн захидлын төсөл дээр “Бид цаашдаа ингэж амьдарч чадахгүй” гэж бичиж байсан Бал дарга

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага