Валютын ханшийн өөрчлөлт дийлэнхдээ мөнгөний захаас илүүтэй макро эдийн засгийн шалтгаантай
2018 оны Septemberын 20

Америк долларын ханш өсч, 2500-г давлаа. Та энэ удаагийн ханшийн өсөлтийн суурь шалтгааныг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ? Уг нь валютын урсгал, ГВУН, алт худалдан авалт өсч байгаа гээд эдийн засагт олон эерэг үзүүлэлтүүд гарч байгаа шүү дээ. Гэтэл ханш юуны учир хөдлөх болов?   

-Монгол улсын эдийн засгийн ихэнх үзүүлэлт болон валютын зах зээлтэй холбоотой дээрх үзүүлэлтүүд сайжирсан нь үнэн. Гэхдээ валютын ханш өөрчлөгдөж байгаад дараах үндсэн шалтгаанууд нөлөөлж байна.

Үүний хамгийн гол урт хугацаанд бидний сайжруулж чадаагүй суурь нөхцөлүүд болох эдийн засгийн бүтцийг сайжруулж валютын тогтвортой орох урсгалыг бий болгоогүй байдал юм. Мөн 2016 он хүртэл эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр хүчтэй унаж хямралын нөхцөл байдалтай байсан. Үүнээс шалгаалж гадаад дотоод өрийн дарамт нэмэгдсэн байсан. Үүнээс үүдээд өнөөгийн валютын ханшийн өөрчлөлтийн богино хугацааны шалтгаанууд бий болж байна. Үүнд:

  • 2017 оноос эдийн засаг эргэн сэргэхийн хэрээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бизнесийн болон өрхийн тодорхой хэсэгт долларын эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлс бий болсон. Энэ нь гадаад худалдааны тэнцэл, импортын өсөлтийн мэдээнээс харагдаж байна.
  • Улс орны эдийн засаг сайжирч төсвийн тэнцэл эерэг гарч байгаа ч өмнө бий болсон өрийн дарамтаас шалтгаалж энэ орлого зарим талаар валютын урсгалыг бууруулах чиглэлд буюу өрийг дарах чиглэлд зарцуулагдаж байна.
  • Сүүлийн үеийн нөхцөл байдалд сүүлийн үеийн өсөлт нь улирлын нөлөөлөлтэй холбоотой гэж бөгөөд 8-9 сард эдийн засаг, нийгмийн идэвхжил бий болдог болон газар тариалангийн салбартай холбоотой тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаантай хэмээн үзэж байна.

Дээрх валютын ханшийг өдөөх шалтгаанууд байхад нөгөө талд нь орох урсгалыг гол нэмэгдүүлдэг гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн сэргэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг сүүлийн саруудад сөрөг утгатай болгож валютын нөөцөд нөлөөлөх хандлагатай болж байна.

 

-Ханш ингэж алгуур боловч бага багаар өсч байгаа энэ үед төв банк ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Төв банкны хувьд валютын ханшийн өөрчлөлтийг удирдахад оролцох боломжтой боловч бүрэн хяналтандаа байлгах боломжтой субъект биш гэж би хувьдаа үздэг. Учир нь валютын ханшийн өөрчлөлтийн дийлэнх шалтгаан нь мөнгөний захын гэхээсээ илүү макро эдийн засгийн шалгаантай байдаг. Ийм нөхцөлд төв банкны зүгээс валютын захад өмнө нь дурьдсан суурь нөхцөлүүдийг сайжруулахад холбогдох байгууллагуудтай хамтарч, анхаарч ажиллахаас  өөрөөр хүчтэй нөлөөлөх боломж бага харагдаж байна. Нөгөө талаас мөнгөний бодлогын бусад арга хэрэгслийг ашиглаж валютын эрэлтийг өдөөхгүй байх арга хэмжээг авч болох юм. Энэ талаар Монголбанкны зүгээс 2018 оны 3 сард авч хэрэгжүүлсэн ЗБНөөцийн хэмжээг төгрөгийн хувьд бууруулсан шийдвэр нааштай нөлөөлж байгаа гэж харж байна. Учир нь энэ шийдвэр гарсанаас хойш буюу 2-р улиралд валютын хадгаламж буурсан үзүүлэлттэй байна

-Зарим хүн Төв банк яаралтай интервэнц хийх хэрэгтэй. Тэгж байж, ханшийг бууруулж, иргэдийн амьжиргааг хамгаалах ёстой гэж байна. Интервэнц хийх нь таны бодлоор шийдэл мөн үү? 
-Төв банкны валютын ханшид нөлөөлөх гол арга нь интервенц мөн. Тэр ч утгаараа нийтийн хүрээнд төв банкыг энэ арга хэрэгслийг ашиглах ёстой гэж үзэх хандлага байгааг буруутгахгүй юм.

Харин миний хувьд энэ арга хэрэгслийг ашиглахын өмнө Монголбанкны валютын нөөц хангалттай түвшин байж чадаж байгаа юу? суурь болон улирлын шалтгаантэй өсөлтийг удаан барих боломжтой юу? гэсэн асуултуудад хариулттай байх ёстой гэж үзэж байна. Мөн одоо байгаа нөөцөөрөө ханшийг барих нь ирээдүйд ямар эрсдэлийг дагуулж болох эсэх нь дээрхээс ч чухал асуудал юм. Бид 2020 оноос хойш өрийн өндөр төлбөрүүдийг төлөх шаардлагатай байгаа бөгөөд тэр үед бидэнд одоо байгаагаас хэд дахин илүү валютын нөөцтэй байх шаардлага бий. Өнөөдөр түр зуурын ханшийн өсөлтөөс хамгаалах зорилгоор нөөцөө ашиглах нь ирээдүйд эрсдэлийг бий болгох талтай юм. Энэ бүгдийг тооцсоны үндсэн дээр Монголбанк валютын зах зээлд шууд оролцох оролцоогоо тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

-Ер нь төв банк ханшийг хариуцана, хариуцахгүй гэх маргаан одоо ч үргэлжилж л байгаа. Энэ талаар таны бодол?
-Юуны өмнө валютын ханш юунаас хамаарч өөрчлөгддөг, хэн хариуцах тал дээр нэгдсэн ойлголттой болох нь чухал юм. Энэ талаар нэгдмэл үзэл баримтлал байхгүйгээс валютын ханшийн хөдөлгөөн нь Төв банктай холбоотой, Засгийн газар хамаагүй мэтээр бүх түвшиндээ ойлгож, ярьсаар байна.

Дэлхийн жишгээр харахад валютын ханшийг Төв банк хариуцдаг, хариуцдаггүй хувилбар аль аль нь бий. Гэхдээ валютын орох, гарах урсгалын нийт бүтцээр харвал ханшийг бүрэн хариуцах боломж Төв банкинд байхгүй юм. Төв банк нь валютын нөөцийг хадгалах удирдах үүрэгтэйг дээр дурдсан.

Нэмэгдүүлэх боломж нь алтны худалдан авалт болон гадаад активын удирдлагаар бараг хязгаарлагдана. Своп хэлцлийг ашиглан түр аргацааж байгаа боловч тэр нь гэрээний хугацаатай. Тэгвэл эдийн засагт валют орж гардаг маш олон урсгал байдаг бөгөөд түүнийг төрийн зүгээс нийгэм, эдийн засагт чиглэсэн цогц зөв бодлогоор хангах боломжтой харагддаг. Иймээс миний хувьд төв банк үнийг хянах чиглэлд ажиллах, валютын хувьд дэмжих үүрэгтэй оролцох нь зүйтэй гэж үздэг. Харамсалтай нь банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн Төв банкны тухай хуулиар энэ асуудал төгрөгийн тогтвортой байдал хэмээн хуучин хэвээр үлдсэн бөгөөд хянах, хариуцах эзнийг тодорхойлоход бэрх байгааг эргэн харах нь зүйтэй болов уу.

Монгол Улс 2020 онд томоохон гадаад төлбөрүүдээ төлөх ёстой. Үүнд бэлдэхийн тулд одооноос валютын нөөц хуримтлуулж байх ёстой юу?

Хүлээгдэж буй их өрийг дарах валютын нөөцийг Монголбанк дангаараа алт худалдан авах замаар бүрдүүлэх боломжгүй юм. Үүний шалтгаан нь эдийн засагт энэ хэвээр валютын урсгалын сөрөг дарамт байсаар байвал бидний валютын нөөц тэр хэмжээнд нэмэгдэх боломжгүй юм.

Иймээс өрийг дарахын тулд эдийн засаг, төсөв, мөнгөний бодлогыг хамтад зөв чиглүүлэх шаардлагатай юм.

Эцэст нь бид зөв бодлого, эрх зүйн орчноор бизнесээ дэмжих замаар эдийн засгаа бүтэц, чанарын хувьд сайжруулж тогтвортой валютын тэнцвэрийг бий болгоогүй цагт валютын ханшийн асуудалтай байсаар байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага