АРХИДАЛТ: Улсын их дэлгүүрт ороход ч бүх лангуу нь хов хоосон 2 кг савалсан бор давсанаас өөр юмгүй л байсан
2018 оны Septemberын 22

Соёлт Баярсайхан

АРХИДАЛТ

/Өгүүллэг/

Энэ өгүүллэгийг бичигч би тэр үед жаахан хүү байж. Хөдөөнөөс манайх нүүж ирээд Улаанбаатар хотынхон ихэвчлэн 9-р дэлгүүр гэж ярьдаг гэр хороололд хашаа байшин 5 мянган төгрөгөөр худалдаж авсаныг сайн санадаг юм. Муу ээж минь л 5 мянган төгрөг олно гэдэгч тоглоом биш юмаа гээд л толгой сэгсэрч суусаныг сонссон болоод л сайн мэдэж байгаан тэр. 9-р дэлгүүрийг тойрсон айлуудын ихэнх нь хятадууд байдаг байлаа. Үе үе хятад монгол залуус муудаж зодоон хийнэ гээд сүйдтэй юм болж бие биенээ хүнд гэмтээх, аль нэгнийгээ алсан гэж лав дуулаагүй. Өөрчлөн байгуулалт болж Орос оронд хөл үймээн болж эхлэхэд манай улсад бас л ардчилсан хувьсгал гарч билээ. Бүхий л юмны үнэ ойр ойрхон хэд дахин нэмэгдэж Монгол оронд өлсөх аюул тулгарч хүнсний бараа эрс ховордож эхэлсэн үе. Одоо хүн бүхэн ярьдагдаа. Улсын их дэлгүүрт ороход ч бүх лангуу нь хов хоосон 2 кг савалсан бор давсанаас өөр юмгүй л байсан юмдаг. Цагаан халат өмссөн хов ярьсан хэдэн хүүхэн, чанамал жинс, цагаан ултай хар хятад шаахайгаар хэн хэн гангарсаныг л харж ярьж сууна. Хааяа нэг жаахан боорцог ирнэ. Түүн дээр жинхэнэ алаан болж дуусдаг байлаа. Удалгүй улс орон даяар хүнсний бараа картын системд орж 1 хүн өдөрт 1 төгрөг 20 мөнгөний дугуй талхыг 4 хуваасны 1-ийг идэх дүрэм гарсан. Өөрөөр хэлбэл 4 ам бүлтэй айл 1 талх, 6 ам бүлтэй бол 1 бүтэн хагастай гэх мэт.

Яг энэ үед манай хажуу хашаанд Паламынх гэж айл байлаа. Эхнэр 2 хүүхэдтэйгээ 4-үүл амьдарна. Хүү охин 2 нь царайлаг гэж яаваа. Надаас хоёул насаар ах, охин нь бол 1-2 насаар л эгч байсан. Би түүнийг чи гэж дууддаг байсан юм. Миний мэдэж байгаагаар бол одоо хөөрхөн, сайхан охидыг мөнгөтэй баян эрхэмүүд л эдэлж хэргэлдэг болж. Тэр үед бол энд тэндэхийн сайхан охидыг хавь ойрын овгорууд л авдаг байлаа. Аргагүй шүү дээ өөр хүнтэй уулзуулах биш эргүүлэх гэж ирсэн заримыг нь зодоод хөөж явуулаад байхаар ямар сонголт байхав дээ. Палам гуайн эхнэрийг Тунгалаг, хүүг нь Содоо, охиныг нь Цэцгээ гэнэ. Удалгүй хүү Содоо нь  бэрээ дагуулан ирсэн нь мөн л Тунгалаг гэж хадам ээжтэйгээ ижил нэртэй ёстой л тэдний гэр бүлийн гишүүн баймаар цэвэрхэн царайлаг хүүхэн байв. Царайгаар болдог бол шүү дээ. Палам гуай 2 том тэрэгтэй бидний үеийнхэн пүүлэн гэж ярьдаг байсан маш урт ачаатай тэрэгнүүд байлаа. Нэг машинаа жолооч хөлслүүлэн бариулаад нэгийг нь өөрөө барьж хот хоорондын тээвэр хийнэ. Тэр үед ямар одоогийнх шиг том том машин элбэг байсан биш улс даяар ачаа зөөдөг 27-р бааз гэж ганцхан газартай байсан байх тэр баазын хэдэн тэрэг хувьд гарсаныг мань эр сүйхээ гаргаж 2-н 2-г авсан биз. Мөнгийг ёстой хүүлдэг байсан байхаа. Айхтар чинээлэг айл байлаа. Тэднийх хашаандаа 2 том байшинтай, ар талын урт байшин нь хархад нэг боловч 2 хаалгатай тул 2 айл байна. Түүний нэгэнд Содоо ах тусдаа гарч урд талын байшиндаа жижигхэн нарийн боовны цех ажиллуудаг байж билээ. Тэдний хашаанаас сайхан нарийн боовны үнэр эргэн тойрноор тарж картын бараагаар гол зогоодог хүмүүс үнэрийг нь авч нууцхан шүлсээ залгиж явдаг байсан биз хөөрхий.

Би л лав үе үе тэр сайхан үнэрийг үнэрлэж гадаа мод хөрөөдөж суудагсан. Хэдий тэгж суусан ч муу аав, ээж минь биднийг өлсгөж дааруулаагүй. Хүүхэд л юм хойно амтат үнэрээс яаж татгалзахав дээ. Тэр үед видео кино газар авав. Жинхэнэ баячуудын хэрэгцээнд л видео байна. 1 киног 20 төгрөгөөр үзэх гэж бөөн юм болдог байлаа. 20 төгрөгтэй гарвал дэлгүүрээс бүх юмаа авдаг байсан даа. Махаа, гурилаа, талхаа, элсэн чихэрээ гээд л бүгдийг нь авч хүрэх мөнгө. Бүр хариулт ч ирж мэднэ. Одоогийн бол 30.000 төгрөг л гэсэн үг юмдаа. Тийм их үнэтэй гаргана хүн пиг үзнэ. Содоо ахынд тэгэхэд видео 2ш байдаг байсан гээд боддоо. Тэр хавьдаа кино гаргасан бол жигтэйхэн их мөнгө олж болхоор байсан боловч тэднийх тэгээгүй л юмдаг. Тэрнийг гаргасан гаргаагүй Палам гэдэг айл тэр хавьдаа толгой баян байсан юм. Содоо ахтай би их дотно. Тэр намайг хашаан дээгүүр гарч ирэн шүүгэлдэн дуудахад нь би год хийгээд л гарч очно. Хоюулаа зүсэн зүйлийн юм ярьдаг байж билээ. Тэр хавийнхны тухай бүх мэдэх зүйлээ ярьна. 8-р анги төгссөн зун би 9-р дэлгүүрт ачигч хийсэн юмдаг. Улаанбаатар хотод архи, пиво зардаг цөөхөн хэдэн дэлгүүрийн нэг нь манай дэлгүүр. Энэ хавьд зүсэн зүйлийн хүмүүс эргэлдэнэ. Дээр нь дэлгүүр маань Сүхбаатарын районы бүх албан газруудын хүнсний дэлгүүрийг бодвол бараа маш ихээр ирнэ. Тэгээд л энэ хавиар ирэхгүй хүн үгүй. Би тэр хавьдаа бас л хэрэгтэй чухал хүн болж хувирав. Газар газрын овгорууд ирнэ. Тэд надаас архи, пиво авч өгөхийг их гуйна. Би хүн амьтаны ар өврөөр гүйж байж тэдэнд хүссэн бүгдийг нь авч өгдөг байсан тул тэд намайг худал магтан тэр хавьд надад чанга дуугардаг хүн үгүй болсон юмдаг. Хятад монголгүй л надад тал засна. Чнамал жинс, араб алчуур, цагаан ултай хар хилэн шаахай бол тэр үеийн Gucci, Armani байлаа. Би хятадуудад арын хаалгадаж мах авч өгвөл дээрх бүгдийг хахуульд нь өгнө. Би гэж хүн жинхэнэ авилгач болж байсан даа. Ганган гэж яаваа. Нэг муу дэлгүүрийн грушк гэхэд тогос шиг амьтан явна.Надаас өөр хүүхэд тийм юм өмсвөл дороо л дээрэмдүүлнэ дээ. Намайг бол тэгэхгүй шүү. Содоо ах намайг дуудан гоё гоё видео үзүүлнэ. Тэнд хүн амьтан видео үзэх гэж байдгаа барж очерлон мөнгөө цацаж байхад би тэр видеог Содоо ахын гэрт гав ганцаараа үзнэ. Содоо ах надаас тэр хавийн хятадуудтай танилцуулахыг мөн ганц 2 нөлөө бүхий овгоруудтай танилцуулж өгөхийг гуйна. Би тэр ёсоор болгож 3-4 удаа видео үзье гэж 5-6 хүн дагуулж ирсэн юмдаг. Содоо ах эхнэр аваад 3 жил болоход хачин хөөрхөн хүү, охинтой болж картын боовоороо үлэмж их баяжиж тэр хавьдаа саятан Содоо гэж дуудуулдаг болсон цагсан. Тэдний гэр бүлийнхэн ааш зан сайтай, амьдрал ахуй нь чинээлэг ёстой атаархмаар сайхан айл байлаа. Дутуу гачуу нэг ч зүйл үгүй үнэхээр амгалан амьдардаг байсан харин Цэцэгмаа томрох тусмаа өнгө нэмсээр хачин сайхан хүүхэн болж хятад, монгол залуус тэдний үүдэнд нилээд хэдэн удаа ширүүн зодолдож билээ. Содоо ах миний танилцуулсан хятад залуусаас гахай гахайгаар нь бараа авч мөн л миний зуучлан нөхөрлүүлсэн хэдэн овгоруудыг дагуулан Оросруу бараагаа зөөж нилээд явсаар улам улмаар баяжсаар байлаа. Оросоос ирэх бүртээ намайг дуудна.

-Хөөе сэргэлэн бацаан нааш ир гэнэ дээ. Би Содоо ахтай бас л элдэвийг ярьж тэр хавийнхаа сонинг дуулгана. Харин нэг их удалгүй Оросруу яваад таг чиг алга болчихов. Уул нь их удахдаа л 1 сар болоод ирдэг байсан хүн 2-3 сар таг чиг. Би тэднийхээр хааяа орход ээж Тунгаа нь Содоо ахыг ярьж уйлаж дуулаж суудаг байсанаа сүүлдээ энд тэнд согтуу явж харагддаг болов.

Удалгүй шөнө дөлөөр тэдний хашаанд орилоон хашиграан болж шил толь хагарах чимээ гарах нь ихэссээр. Маргааш нь хашааны завсраар хэрэгт дурлан хархад юу ч болоогүй юм шиг нам гүмхэн байдаг байж билээ.

-Чи муу новш ганц хүүгээ тэжээж чадахгүй явуулсан.

-Битгий хуц гээд бөөн орилоон хашиграанаар би сэрэв. Палам гуай эхнэртэйгээ архидаж сүүлдээ зодоон болж хувирчээ.Хашаандаа орилж хашигран цонхнуудаа нядаах эхнэрээ хорьж дийлсэнгүй цагдаа дууджээ. Хоёр хөөрхөн ач нь зэрэг зэрэг уйлцгааж бэр нь 2 хүүхдээ манай хашаанд оруулав. Би тэднийх рүү байнга ордог тул үргэлж давахаас залхан нэг банзаа сулалсан байсан юм. Түүгээр Цэцгээ 2 дүүгээ дагуулан орж ирж, хөөрхий бэр хадмуудаа зохицуулах гэж гүйнэ. Энэ байдал эцэстээ улам даймжирсаар тэднийх өдөр алгасалгүй архиддаг болж нэг ороход баахан хятадууд, дахиад ороход бөөн монголчууд гэхчилэн учир замбараагаа алдан уудаг боллоо. Палам гуай эхнэр бэр хоёртойгоо 3-лаа нийлж уудаг болжээ. Нэг жил архидсаны эцэст Палам гуай тэсээгүй бололтой тэднийгээ хаяж өөр хүнтэй суун амьдрал зохиох болж том тэргээ асаагаад яваад өгч 2 машиныхаа нэгийг зараад уучихсан гэж би Цэцгээгээс л тэдний амьдарлын зарим нарийн ширийнийг дуулдаг байв. Содоо ахаас сураг гарсангүй жил 6 сар болоход тэдний сайхан амьдарлаас бараг юу ч үлдсэнгүй. Тэр хавийн хачин муухай архичдын овоорч цуглардаг газар болж хувирав. Цэцэгмаа ч гэрээсээ дайжин  ор сураггүй болж, гэрийн эзэн Тунгалаг, бэр Тунгалагтайгаа 2 ачтайгаа л үлдлээ. Хамаг өөдтэй өнгөтэй гэсэн бүгдээ зарж талыг нь хоолонд үлдсэнийг нь архинд өгсөөр 2 хоосон шахуу байшин үлдсэн байлаа. Хэнээс гэдгийг нь бүү мэд лав л Содоо ахын хүүхэд бишийг би сайн мэднэ, бодвол нийлж архиддаг эрсийнх нь л нэгнийх биз бэр Тунгалаг нь жирэмсэн болоод хадам Тунгалагтайгаа таархаа больж тэр 2 үе үе зодолдон бие биесээ сонсохын эцэсгүй муу муухай үгсээр доромжлон үстэлцэн зодолдож тэр хавийн айл амьтаны амны зугаа, доог тохуу болдог байлаа. Содоо ахыг, бас 2 хөөрхөн хүү охин 2-г нь үнэн голоосоо өрөвдөж хааяа мөнгө олдвол мөхөөлдөс авч өгөн үнсэхээс илүү би үнэндээ өөр зүйл хийж чаддаггүй байсан юм. Тэр 2 бяцхан амьтныг харахаар л гол горойгоод хоолой зангираад байдаг байж билээ. Бэр Тунгалагыг нь Улаанбаатар зочид буудлын үүдээр биеэ үнэлдэг янхан болсон гэж ярьхыг сонсоод хэрэг гарган тэр хавиар эргэлдэж үзэв. Тунгалаг эгчтэй таарахад түүний царай ихэд хачин болон

-Миний дүү юу хийж яваа юм гэв. Би ч түүнтэй таарах гэж, энэ хавьд явдагыг нь мэдэх гэж явсан хирнээ яг тулхаар жигтэйхэн тэвдэж билээ. Одоо эргээд бодоход юу бодож тэгж явсан юм бүү мэд их л хэрэгт дуртай хүү байж дээ. Бодвол Содоо ахын өмнөөс уур минь хүрч хардаж тандаж явсан ухаантай юмдаг уу даа зайлуул. Ажил мэргэжил байхгүй эрх танхи өссөн Тунгалаг эгчид 3 хүүхдээ тэжээх хамгийн амар арга тэр байсан биз. Царайлаг бие хаа сайтай хүүхэн түргэн борлогдож, амар хялбар мөнгө олж байгаа мэт санагддаг байсан биз дээ. Ээж Тунгалаг нь гэр орондоо ч үзэгдэхээ больж өвгөнтийн хөндий гэдэг архаг архичдын газар луу явсан гэнэлээ гэж бас л хүн амьтны амнаас сонссонсон.

Хоёр жилийн дараа Содоо ах ирлээ. Ирэхдээ тэр зүгээр ирсэнгүй, хүний газар элэг нэгтнүүдээ дээрэмддэг бүлэг хулгайч нарын эгнээнд орж цагдаа нарт баривлагдаж ирсэн юм. Дагуулж тухайн үед биеэ хамгаалуулж явдаг байсан овгоруудын ятгалганд автсан биз. Тэрнээс Содоо ах бол хүн амьтан дээрэлхэх хүн бишсэн. Хамар нь нэг талруугаа чихэгдэн муруйж энэ тэндээ халцархай сорвитой нэг л хүйтэн царайтай болсон байв. Би дотроо Содоо ах ирсэн одоо бүх юм сайхан болно доо хэмээн баярлаж эгээ л нэг бурхан ирсэн аятай сэтгэж тэр муусайн архичдыг бүгдийг нь хэмх зодон хөөж явуулаад аав ээж хоёрыгоо авчираад л бүгдийг хуучин хэвэнд нь оруулах байх хэмээн хөөрч айлынхаа амьдарлыг хэрхэн сэргэхийг нь харах гэж орж гарах минь ихсэн гүйсэнсэн. Харамсалтай тэгсэнгүй тэднийд ирэх архичид улам ихсэж бүр зодоон зохион цагдаа салхаа байлаа. Энэ бүгдийг хараад Содоо ахад ямар их гомдож байснаа одоо ч санахаар хэцүү байдаг юм. Тэднийхрүү би дахин шагайгаагүй ээ. Тэгээд ч Содоо ах хашаа байшингаа заран нүүж одсондоо. Хожим нэг гудамжинд байсан залуутайгаа таарч асуухад дөрвөн ханатай гэрт байсаар архины хордлого болон нас барсан гэж дуулсан. Энэ айлын амьдрал ердөө л хоёрхон жилийн дотор л сүйрхийг нүдээрээ үзээд хэдэн зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон юм. Архидалт гэдэг ямар аймшигтайг мэдэрсэн, хоёрдугаарт амьдрал хүнээс нэг л нүүр буруулвал ямар хатуу гэдгийг, гуравдугаарт амьдралд хүн яаж хандана яг тэгж хариу барьдагыг мөн хэлж байгаа үг бодож яваа бодол хийж байгаа ажил зөв бол хөрөнгө чинээгүй ч гэсэн яваандаа амьдрал тэгширдэг гэдгийг сайн ухаарсандаа. Эцсийн эцэст энэ бүгд ганцхан архидалтаас болсонийг л сайн мэдсэн. Бурхан минь архинаас л хол явах юмсан.

Төгсөв.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага