Ирэх оны эхний өдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгоно
2018 оны Octoberын 1

Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоожээ. Энэ журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Иргэдийн хэрэглээний зээлийг яагаад 30 сараар хязгаарлах болсныг Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдаас тодруулсан юм.

ИПОТЕКЭЭС БУСАД ИРГЭДИЙН ЗЭЭЛД ЭНЭ ШИЙДВЭР ХАМААТАЙ

-Шинэ журмын хамрах хүрээг танилцуулахгүй юу?
-Мөнгөний бодлогын тогтоолын дагуу хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар заалаа. Ипотекээс бусад иргэдийн зээлд энэ шийдвэр хамаатай. Мөнгөний бодлогын хороо өмнөх хурлаараа өр орлогын харьцааг 30/70 хувь байна гэж тогтоосон. Ингэснээр жишээ нь тэтгэврийн зээл авах ахмад настан тэтгэврийнхээ 30 хувийг өөрөө авч, үлдсэн 70 хувийг нь зээлдээ төлнө. Энэ шийдвэрийг илүү үр дүнд хүргэхийн тулд хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлах шаардлага үүссэн. Учир нь сүүлийн гурван улиралд юу ажиглагдсан бэ гэхээр иргэд хэрэглээний зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, зээлийн хугацаагаа сунгасан. Ингэхдээ өр орлогын харьцааг хэвээр хадгалжээ. Бид судалгаа хийхэд иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар байна. Тэгэхээр дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Цалингийн болон авто машины лизингийн зээлийг урт хугацаагаар авах тохиолдол бий. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Урт хугацаатай зээл авахын тулд тухайн иргэний ажлын байр төдий хугацаагаар баталгаатай байх ёстой. Гэтэл манай эдийн засаг гадаад сөрөг шоконд 5 жилээс бага хугацаанд өртдөг. Бид уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Энэ салбар гадаад зах зээлтэй шууд холбоотой. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг уул уурхай хангадаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 4 жилээс бага хугацаанд өсөж уруудаж байна. Үнийн өөрчөлтийг дагаад компаниуд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ өсгөх, бууруулахаа шийддэг. Жишээ нь нэг компани үйлдвэрлэлээ бууруулах болбол ажлын байраа танана. Энэ нөхцөлд иргэд ажлын байраа тогтвортой хадгалж чадахгүй. Ажилгүй болсон хүний авсан зээл эрсдэлтэй болно. Иймд иргэдийн хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгосон.

-Энэ шийдвэр худалдаа үйлчилгээний байгууллагуудад хэрхэн нөлөөлөх вэ?
-Зарим ААН-д богино хугацаанд нөлөөлж болзошгүй. Тухайлбал шинэ, өндөр үнэтэй авто машин импортлогчид байна. Тэд урт хугацааны зээл олгодог учраас шинэ журам үйл ажиллагаанд нь нөлөөлнө.

-Банкуудын зохистой харьцааны үзүүлэлтэд өөрчлөлт оруулан, 30 сар гэсэн хугацааг хэрэглээний зээлд цаашид байнга мөрдөх боллоо. Банкууд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?
-Бид банкуудын хэрэглээний зээлийн төлөвийг нэг жил судалсан. Хэрэглээний зээл яагаад өсөв, ямар эрсдэл байна гэдгийг судалсан юм. Ингээд өрхийн өр орлогын харьцааг зайлшгүй тогтоох, зээлийн дээд хэмжээг 30 сар болгон тогтоох шаардлагатай гэж үзсэн. Бид одоо үүсчихээд байгаа эрсдэлд арга хэмжээ аваагүй. Эрсдэл үүссэний дараа түүнийг шийдвэрлэхэд их хэцүү. Өндөр өртөгтэй, эдийн засагт илүү их хохиролтой. Өрхүүдийн чанаргүй зээл нэмэгдсэн хойно биш өмнө нь арга хэмжээ авах ёстой. Сүүлийн жилүүдэд өрхийн өр 40-50 хувиар нэмэгдэн, харин ААН-үүдэд олгох зээл зогссон. 2016-2017 онд энэ үзүүлэлт хасах руу орж, энэ оноос л эерэг болж байна. Сүүлийн арван жилд өрхийн өрийн ДНБ-д эзлэх хувь 2 дахин өссөн. Өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт шинэ зүйл. Өмнөх хямралын үед тохиолдоогүй. Өмнөх хямралын үед өрхүүдийн зээл бага байсан тул хэрэглээгээ багасгах боломж байсан байна. Харин одоо орлогынхоо 70 хувийг зээлд төлж буй өрхийн нэг гишүүн ажилгүй болох эсвэл инфляц, ханшийн нөлөөгөөр орлого нь буурах эрсдэлтэй. Энэ тохиолдолд наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй. Нэг сая төгрөгийн орлоготой хүн 300 мянган төгрөгөөр амьдрах шаардлагатай болсон. Ганц бие хүн бол учиртай. Харин хүүхэдтэй хүнд хэцүү. Хэрэв инфляц өсвөл өнөө 300 мянган төгрөгийнх нь худалдан авах чадвар буурна. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглээний зээлийн дээд хугацааг хязгаарласан юм.Өрхийн зээл чанаргүй болох нь цаашлаад нийт эдийн засгаа татаж унагах эрсдэлтэйг бид бусад орнуудын түүхээс харсан. Жишээ нь АНУ-д 2008-2009 онд ипотекийн зээлд маш бага эрсдэл бий гээд л зээлээ үргэлжлүүлэн олгоод байсан. Бага орлоготой өрхүүдэд олгож байсан хөтөлбөр бүхэл бүтэн санхүүгийн хямрал болж хувирсан шүү дээ.

-2019 оны эхний өдрөөс шинэ журмыг мөрдөнө. Одоо зээлтэй иргэдэд энэ журам хамаарах уу?   
-Хамаарахгүй. Шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай.

-Жишээ нь 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан иргэн зээлээ сунгах бол яах вэ?
-30 хүртэл сар болгон сунгаж болно.

-Хэрэглээний зээлийг хязгаарласан бас нэг зорилго нь бизнесийн зээлийг дэмжих юм байна. Ингэснээр ирэх онд ямар хэмжээний санхүүжилтийг бизнесийн зээлд зарцуулах боломж бүрдэх вэ?
-Ойролцоогоор 1.3 их наяд төгрөг. Гэхдээ энэ нь багцаа тоо. Учир нь банкны шийдвэр болон макро эдийн засаг, иргэдийн шийдвэрээс хамаарна. Банкууд хэрэглээний зээл биш, бизнесийн зээл түлхүү олгосноор олон талын ашигтай. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт өссөнөөр ажлын байр өснө, дагаад иргэдийн орлого ч нэмэгдэнэ. Иргэдийн цалин өсвөл илүү өндөр дүнтэй зээл авч болно. Цаашлаад компаниудын үйлдвэрлэлийг нэмэх, эдийн засгийг өсгөх давуу талтай. Түүнээс санхүүгийн бүх эх үүсвэрээ хэрэглээний зээлд зарцуулах нь буруу. Энэ төрлийн зээлүүд ажлын байр нэмэхгүй, өрийг л өсгөнө. Мөн импортыг тэтгэдэг.

Өмнө нь нийт зээлийн 60 хувь бизнесийн, 40 хувь нь хэрэглээний зээл байв. Харин одоо нийт зээлийн 57 хувь иргэдийн авсан хэрэглээний зээлд ногддог.

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  • Зээлийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд 17.6 хувьд хүрсэн ч дийлэнхийг хэрэглээний зориулалттай, иргэдийн зээл бүрдүүлсэн.
  • 2017 оны гуравдугаар улирлаас хэрэглээний зээл жилийн 40-өөс дээш хувиар өссөн.
  • Харин бизнесийн зээл дорвитой өсөөгүй.
  • Өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, 10587 тэрбум төгрөгт хүрсэн.
  • Энэ нь нийт зээлийн 57 хувийг бүрдүүлнэ.
  • Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөж байна.

-Ирэх оноос шинэ журам хэрэгжиж эхлэхээр ББСБ-аас зээл авах иргэдийн тоо өсөх нь.
-ББСБ-уудыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг учраас бид энэ талаар СЗХ-ны удирдлагуудтай ярилцахаар төлөвлөж байна. Банкуудын хэрэглээний зээлийн хүү ББСБ-ынхаас бага. Тэгэхээр банкны зээлийн эрэлт хэвээр байна. Хүмүүс бага хүүтэй зээл авахыг илүүд үзнэ шүү дээ. Хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгосноор хүү бууруулах боломжийг банкуудад олгоно.

Өнөөг хүртэл банкууд хүүний бус аргаар өрсөлдөж ирлээ. Зээлийн хугацааг уртасгах, өр орлогын харьцааг нэмэгдүүлэх гэх мэтээр нөхцөлөө өөрчилдөг байсан. Харин одоо хүүгээ бууруулах замаар л харилцагч татах зам руу орлоо.

-Энэ шийдвэр банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлөх үү?
-Төдийлөн нөлөөлөхгүй. Ашигт ажиллагаагаа хэвийн хадгалахад олон сонголт бий. Тэд бизнесийн зээлээ нэмэгдүүлэх боломжтой. Мөн харилцагчдаа тодорхой түвшинд хадгалж үлдье гэвэл хүүгээ бууруулж болно. Банкуудад богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ч нийт эдийн засагтаа урт хугацаанд ямар эерэг нөлөө үзүүлэх талаар би түрүүн тайлбарласан.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага