Хурандаа Л.ГАНЧИМЭГ: “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” стандарт (MNS 6655:2017)-ыг шинээр боловсруулан
2018 оны Octoberын 11

ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛЛОО
ЗХЖШ-ын АТГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.ГАНЧИМЭГТЭЙ цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.
Эрүүл мэндийн хэлтсээс 2018 онд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлэе…


-ЗХЖШ-ын АТГ-ын Эрүүл мэндийн хэлтсээс энэ онд “Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн бодлогод нийцүүлэн бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хангалтыг тасралтгүй зохион байгуулах стратегийн болон үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийг боловсруулснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт”-ыг дэвшүүлэн хэрэгжилтийг амжилттай зохион байгуулж байна.

“Эрүүл мэндийн тухай” Монгол Улсын хуулинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлд “тусгай эмнэлэг” гэсэн шинэ төрлийг оруулсан бөгөөд “Тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна” гэсэн заалтыг тусгаснаар үйл ажиллагаагаа төгс явуулах хууль, эрх зүйн орчин бүхэлдээ бүрдсэн. Түүнээс гадна “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” стандарт (MNS 6655:2017)-ыг шинээр боловсруулан Эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн техникийн хорооны хурлаар 2 удаа хэлэлцүүлсний эцэст Стандарт, хэмжил зүйн газраар батлуулсан нь чухал ач холбогдолтой үндсэн баримт бичиг болсон юм.

Энэхүү стандартын талаар нэмж тодруулахгүй юу?

-Стандартын гол зорилго нь цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн тайван цагт үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой. Хэрэглэх хүрээ нь цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл олгоход чиглэгдэнэ. Ингэснээр Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа болон тэтгэвэр, чөлөөнд байгаа алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
Түүнчлэн цэргийн анги, байгууллагын тайван цагт гүйцэтгэж байгаа чиг үүрэг, онцлог, үйлчлүүлэгчийн тооноос хамаарч 1-4 дүгээр зэрэглэлтэй байх стандартыг тогтоосон. Цаашид эрүүл мэндийн төвийн бүтэц, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, лавлагаа, мэдээлэл, арга зүйгээр хэрхэн хангах зэрэг цогц асуудлуудыг шийдвэрлэхэд стандартын ач холбогдол өндөр болох нь мэдрэгдэнэ.Мөн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйл ажиллагаа, өдрөөр эмчлэх, сэргээн засах, чийрэгжүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээ зэргийг бүхэлд нь тодорхойлж, тавигдах шаардлагуудыг тодотгосон нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд ажил, үйлчилгээгээ явуулах тулгуур баримт бичиг болохыг мэдрэх учиртай.

Тусгай зөвшөөрлийн тухайд…?

-Дээрх стандарт батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвүүдийг “Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн шалгалтад хамруулах асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү шалгалтад бэлтгэхийн тулд Зэвсэгт хүчний анги бүр эмч, эмнэлгийн ажилтнууд, байр, багаж, тоног төхөөрөмжөө бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулж байна. Манай хэлтэс Тайланд улс дахь АНУ-ын бүсийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ-тэй хамтарч “Томуу, томуу төст өвчний тандалт” төслийн хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс, Зэвсэгт хүчний 017, 339 дүгээр ангийн эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Энэ оны эхээр улсын төсвөөс хот, хөдөөгийн бүх ангиудад жин хэмжүүр, шүүгээ, сав, өвчтөний ор зэрэг 100 гаруй сая төгрөгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулснаар тусламж, үйлчилгээний чанар сайжирч, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал дээшилсэн. Мөн ангиудын эрүүл мэндийн төвийг яаралтай тусламжийн цүнхээр бүрэн хангасан зэрэг бүтээлч ажлууд их бий. Энэ бүхний үр дүнд Зэвсэгт хүчний 30 гаруй ангид эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоод байна.

Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан сургалтын талаар тодруулбал…?

-Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр явуулж байгаа сургалтын ач холбогдол өндөр байна. Бид жил бүр 25 цэргийн алба хаагчийг хамруулан эмнэлгийн зааварлагчийн дамжааг хичээллүүлж, Зэвсэгт хүчний ангиудад дэмжлэг үзүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэний эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нарын цугларалтыг зохион байгуулж, үр дүнг тооцлоо.
ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ-д их эмч бэлтгэх болон мэргэшүүлэх сургалтад тодорхой тооны бүрэлдэхүүнийг хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, НМХГ, Улсын 3 дугаар эмнэлэг, АУШУҮИС, Цэргийн төв эмнэлэгтэй хамтран 1-3 өдрийн сургалтуудыг зохион байгуулж, холбогдох эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамрууллаа. Түүнчлэн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн Цэргийн хээрийн эмнэлгийн сургалт, дадлагын төвтэй болсон нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг ахиулах, загвар төв болгох эхлэлийг тавилаа.
Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Дарфур мужид цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийг дэлгэж, нийт 8 ээлжээр 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, дадлагыг нэмэгдүүлсэн нь өндөр ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

Бусад чиглэлээр…?

-Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын үед ажиллах эмч нарыг томилгоожуулан нийт 19 аймгийн 1322 иргэнийг үзлэгт хамруулсан ба одоогоор 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлын хэсэгт үүрэг гүйцэтгэх эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажиллуулах бэлтгэлийг хангалаа. Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажилд хамруулах ажлыг тогтмолжуулж, БНӨСУ, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын 2500 гаруй офицер, ахлагчийг үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн дүгнэлт гаргах ажлыг ямар нэгэн зөрчилгүй зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээний дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн К2 зэрэглэлтэй цэргийн алба хаагчдыг ангийн эмчийн, К3, К4 зэрэглэлтэй бие бүрэлдэхүүнийг Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад авч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Цаашид хэрэгжүүлэх ажлын талаар тодруулна уу?

-Зэвсэгт хүчний анги, байгууллагад эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргуулснаар магадлан итгэмжлэлийн шалгалтад орох эрх нээгдэх ба цаашид ангиудын эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломж нээгдэнэ. 

Цаашид шинээр батлагдсан стандартын дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, эрүүл мэндийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой болох, эмч, эмнэлгийн ажилтнуудын дадлага, ур чадварыг ахиулах чиглэлээр сургалтуудыг тогтмолжуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимтэй зохион байгуулна. Мөн АНУ-ын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд болон БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр цэргийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэгтэй болох, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэхийн төлөө зохион байгуулалтын бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт оруулах улсын төсөв, гадаадын орнууд, хамтран ажиллагч байгууллагуудын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар эмийн нөөцийг бүрдүүлэх, эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллагууд, орон нутгийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан мэдээлэл солилцон Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг түшиглэн эрүүл мэндийн сургалт, дадлагын төвтэй болох, эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах болно.
Ярилцсан Б.ОТГОНБАЯР

One thought on “Хурандаа Л.ГАНЧИМЭГ: “Цэргийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа” стандарт (MNS 6655:2017)-ыг шинээр боловсруулан

  1. иргэн

    Ажил хэргийн шугамаар уулзаж байсан. Мундаг бүсгүй шүү.Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага