Тулааны урлагийн “Тамын дэвхцэл” буюу “Хар сүм”-ийн нууц
2018 оны Octoberын 11

Эрт цагт Ар Монголын “Хар сүм” гэгчид монгол лам нарын зохиосон тулааны урлагийн “Тамын дэвхцэл” хэмээх нууц судар хадгалагдаж байсан тухай домог яриа байдаг. Энэхүү нууц судрыг түвд лам нар хулгайлсан гэх бөгөөд энэ тухай “Хар сүмийн нууц” хэмээх гарчиг бүхий нэгэн гар бичмэл байдаг болой. Төгсгөлийн хэсэг нь үрэгдэж алга болсон ч юмуу, хагас дутуу бичигдсэн энэхүү баримтат зохиолыг ямар хүн бичсэн нь тодорхойгүй. Эрт цагийн хүрээ зодоонч лам нарын хэн нэг нь бичсэн байх үндэстэй. Зарим хүн энэхүү зохиолыг 1995 онд “Бадарчин” аялалаар явж байсан Житкундогийн Батзоригийг бичсэн болов уу гэж таамагладаг. Хэрвээ тийм бол “Хар сүмийн нууц” зохиолын төгсгөл хэсэг нь эдүгээ Америкт амьдарч буй Батзоригт байж мэдэх юм. Ямартай ч тэрхүү гар бичмэлийг бүрэн эхээр нь сийрүүлье.

Уд-Шань ууланд ургах наран тусахад “Наран наашлах” хэмээх нэртэй том асрын өмнөх талбайд олон арван лам ургах нартай уралдан тулааны дасгал болох Шань-Хын мэхийг давтаж, хүчит цохилтуудыг зэрэг хийхэд нир нир хийсэн чимээ сонсогдох нь сүртэй. Асрын өмнөх чулуун арслангийн дэргэд ургах нарыг харан зогсож буй туранхай хөгшин лам харцаа өөрчлөлгүйгээр “Тиймээ. Ар Монголд тэр судар байгаа сураг гарлаа. Тэр бол монгол зодоончдын хэдэн үе дамжиж ирсэн “Тамын дэвхцэл” гэдэг нууц судар юм. Ар Монголын “Хар сүм” гэгчид байгаа тэр судрыг заавал олж ирэх хэрэгтэй” гэхэд түүний хэлсэн үгийг тархиндаа шингээн зогсож буй гурван лам чимээгүйхэн толгой дохих ажээ. Гардан тулааны нууц судар олж ирэх заавар өгсөн энэ ламтан бол “Шойлефут” хэмээх нударгалцах ёсыг үндэслэгч Шао-Юй байлаа.

Тэрбээр залуудаа Мөрөн голын сайн эрсийн зүрхийг чичрүүлж, цөсийг хайлуулж явсан нэгэн бөгөөд Шэ-Цюань буюу “Могойн ёс”-ны нударгалцааны их хүн Тай Бая-г тэнгэрт халиасан түүхтэй ажгуу. Түүний энэхүү Мөрөн голыг шуугиулсан домог яриаг мэдэхгүй хүн ховор. Гэвч энэ домог яриан дотор нэгэн хар толбо буйг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Олон жилийн өмнө Ар Монголоос Түвдэд ирсэн нэгэн бадарчинд дийлдэж, хэмхэртэлээ балбуулсанаа тэр хэзээ ч үл мартана. Түүний дотоод сэтгэлд олон жилийн турш зангирсаар ирсэн өш хорсол гэвэл энэ л байлаа. “Цагаан нуга”-ын дээд аманд На ноёны мал сүрэг байх агаад зусланд гарсан айлуудын гэрүүд борооны дараахь мөөг шиг бөмбийн харагдана. Ноёны адуун сүрэг Доод дэрстэйн хөндийд тархан тааваараа идээшилнэ. Саалийн олон гэрүүд зээглэж, хажууханд нь нялх тугалууд тонгочиж, үхэр мөөрөлдөн, хувин хөнөгөө барьсан бүсгүйчүүд саалиндаа гарч яваа харагдана. Тээр цаана Анударь бүсгүй хэдэн тугал хөөгөөд нааш цааш гүйж байгааг харсан ахимаг насны эмэгтэй “Ноён хүний үр гэхэд тусархаг, дорд биднийг ялгадаггүй, хөөрхөн ааштай хүүхэд шүү” гээд түүний зүг өхөөрдөнгүй харна.

Гэтэл үхэр мал үргэж, нохой хуцалдаж, хүмүүс хашгиралдах нь сонсогдов. Доод айлуудын зэлнээс том эр үхэр айлын хүүхэд мөргөж унагаад саалийн хөнөг сав дайран хонь ямаа гишгэлэн бөөн бужигнаан болгов. Хүмүүс “Галзуурсан үхэр, галзуурсан үхэр” гэцгээж гэр гэр рүүгээ гүйцгээнэ. Галзуурсан үхэр нүдээ улаанаар эргэлдүүлж, шороо цацлан урамдсанаа тэртээ голын эрэг дээр тугал гилж явсан Анударь бүсгүй дээр аймшигт нүдээ тогтоон харсанаа ухасхийн харайлаа. Хүмүүс хашгирах чимээнээр Анударь бүсгүй эргэн харахад улаан хэлээ унжуулсан том үхэр тоос манарган айсуй. Бүсгүй цочирдон бараг хөшиж орхилоо. Хүмүүс хий л сандран хашгиралдахаас өөрийг хийж үл чадна. Гэтэл газрын гаваас гараад ирэв үү гэлтэй нэгэн хүн бухын улаан зам дээр хөндөлдөн зогсох нь тэр. Хавчиг үүрэг үүрч, дулдуй малгай тавьсаныг нь харвал лам хүн бололтой. Мөнөөх бух бүсгүйг биш бадарчин ламыг чиглэн улам хурдлав. Хэд харайгаад л хийстэл мөргөхөөр толгойгоо сэжлэн орж ирэхэд лам зөрөнгүүтээ гараа гялсхийлгэх шиг болов. Эрчээрээ ирсэн бух шороо манарган харуулдаж унахдаа өрөөсөн эврээ хугалжээ. Бүсгүй сая л өөрөөс нь зайлах шахсан сүнс нь эргэж биед нь амилах шиг болоход өөдөөсөө ирж яваа хүнийг харлаа. Идэр насны лам дэргэд нь ирсэнээ “Та ч золтой гарлаа шүү” гээд инээмсэглэхэд Анударь түүнийг сая л тогтоож харав. Тэр ламын царай тунгалаг, инээмсэглэх нь нэгэн сайхан хөг аялгууг санагдуулам байлаа. Бүсгүй сэтгэл булаам харцтай, уул шиг ханхар эрийг анх л удаа харж байгаа нь энэ байлаа.

“Та юун хүн бэ” гэтэл лам “Би холоос яваа хүн. Харин таны алдар хэн билээ” гэхэд бүсгүйн амнаас Анударь гэдэг үг урсан гарлаа. Энэ үед морьтой, явган олон хүн гүйлдэн ирцгээж ахайтаныг эсэн мэнд байгааг харж баяр хөөр болцгоов. Тооноор оч хаялан гэрийн дотор дулаахан агаад тулган дотор улаан гал дvрэлзэнэ. Тулганы дэргэд хоёр хүн аминчлан ярих бөгөөд нэг нь Анударь бүсгүйг галзуу үхрээс аварсан залуу ламтан, харин нөгөөх нь голын гарман дээр сүрхий зодолддог үрчгэр бор өвгөн байх ажээ. Залуу лам “Багш минь таньтай нэгэн чухаг хэргийн учир уулзахаар би ирлээ. Хүрээнд Түвдийн Сангрогоос нэг лам дамжаа барихаар ирсэн гэлцэнэ. Гэтэл тэр ламтан Цастын орны тэргүүн зодоонч, Азар-Довдогын зодооны манлай нь юм гэнэ. Тэгээд Ар Монголд сайн зодоонч байдаг бол биеийн чилээгээ гаргах юмсан гэж ярьсан нь хүрээгээр нэг тарж их яриа дэгдээд байна. “Модон бумба” Даргиа, “Сэрчиг” Гомбо нарыг зодолдох байх гэж шуугих боловч тэд үүрэндээ байгаа үнэг шиг таг чимээгүй байцгаана” гэхэд өвгөн тулганд мод хийнгээ “Түвдүүд манай өвөг дээдсийн өвдөгнөөс дээш гарч байгаагүй улс шүү. Захын нэг шалдан банди Халхын довцог дээр тэгэж дуугарч болохгүй байх аа” гэж хэлэхэд хөмсөг нь зангирч байлаа. Энэ өвгөн бол нэгэн цагт Цастын орон Түвдийн тавин зургаан дацанг нударгаараа дарж номхотгож явсан хүн. Түүнийг түвдүүд “Ар Монголоос ирсэн гай” гэдэг байлаа. Нэр нь Дэжээ. Зарим хүн түүнийг тавин бандийн зодоонтой ч гэж ярьдаг байж. Залуу байхдаа нэг дор тавин бандитай зодолдоод дийлж байсан ойгүй бяртай, нөхцөлгүй хурдан хөдөлгөөнтэй, нударганы эрдэмд хосгүй хүн. Майдар хурсаны дараахан На ноёны хашаанд хоёр том асар барьж хөлгүй том найр хийжээ. Хошууны мяндагтан лам нар, ноёд баячуул, хэдэн данжаад уригдан ирж эрэмбэ дараагаараа сууцгаан идээ будаа боллоо. Найрын ширээний дээд талд На ноён, хатан, охин хоёртойгоо суусан байх агаад цаахан талд нь Цоохор данжаад суусан харагдана. Цоохор Пу-Фу ноён, хатан хоёрын ар талаар хулгайн харц сэм гүйлгэн Анударийг харна. Хөгц идсэн дорсгор шар шүдээ гарган худлаа инээхэд нь тачаангуйн гал нүдэнд нь дүрэлзэх авай. Найр ид дундаа жигдэрч байх үед Цоохор данжаад хөөрч онгирсон шинжтэй гурвантаа алга ташихад хоёр хятад гарч ирэн хоорондоо хятадын зодооны мэхийг үзүүлэн нударгалцан наадах агаад тэд агаарт үсрэн өшиглөж, угсран цохиход хүмүүс мэл гайхна.

Энэ үед Цоохор данжаад их л маадгар жүнзтэй архиа шимэж На ноён, Анударь хоёр руу донжтой нь аргагүй инээх нь зэвүү хүрмээр. На ноён Цоохорыг зэвүүцэн харах боловч хатанд нь өгсөн хоргой торго, өөрт нь өгсөн дотор газрын чулуун соруул, хөөрөг зэргийг бодоод худлаа үнэн инээмсэглэх аядана. Хоёр хятадын нударгалцах наадаан дуусах үед Цоохор данжаад На ноёнд хандаж “Танай Монголд ийм зодооны эрдэм бий болов уу?” хэмээн ёжтой асуухад На ноён цочмог халуун зантай нэгэн тул хөмсөгөө атируулсанаа алгаан ташиж “Хөөе, Жамбал” гэж дуудна. Бөх байрын залуу босч ирэхэд Цоохор данжаад нэгэн туранхай хятад руу нүд ирмэв. Жамбал тэр хятадыг шаламгайлан барьж авахаар ухасхийтэл мань хятад маш хурдтайгаар салтаанд нь өшиглөөд, улмаар хулхинд нь хэд хэдэн удаа угсруулан буулгаад зайгаа авч зогсов. Жамбалын дотор нь муухайрч тэнтэр тунтар алхтал хятад эр толгойд нь өшиглөж унагав. На ноён уурсаж “Заяа нь хаясан гэдэг нь. Энэ чөргөр хужааг дийлчих аавын хүү та нар дотор алга уу” гэж зандрахад нэг залуу босч ирэв. Гэвч тэр мөн л элгэндээ хүчтэй өшиглүүлээд хөсөр уналаа. Дараа нь хоёр ч залуу босч ирсэн боловч туранхай хятадыг дийлсэнгүй. Цоохор данжаадын баярласан, На ноёны гонсойсон гэдэг тоймгүй. Ингээд найр нь найр биш нанчилдаан болох нь тэр. Тэнд байсан бүх хүн хятад зодоончдын сүр хүчинд дарагдаад ч гэх үү, хэн ч юу ч дуугарсангүй хэсэг хугацаа өнгөрөв. Тэгтэл энэхүү чимээгүй байдлыг эвдэн “Жа, ноёнтоон. Би нэг үзээдэхвэл яадаг бол” гээд нэг хүн босч ирэв. Хурсан олон сэртхийн харвал үрчгэр бор өвгөн зогсож байх нь тэр. Өвгөнийг харсан хүмүүс “Энэ хөгшин ясаа яйруулах л дутаж дээ” гэж шуугилдана. На ноён ширвэж харсанаа “Хэ цэс” гээд тамхиа нэрэн буруу харлаа.Өвгөн бөгтгөнөн алхаж өнөөх хятадын өмнө очоод навтас болсон дээлийнхээ хормойг шуугаад өрөн зогсов. Хятад эр басамжилсан янзтай ярвайснаа аажуухан дөхлөө. Ийм өгөр болсон өвгөн өөртэй нь хүч үзэхээр зогсож буй нь нэг ёсны доромжлол болох учир нударгаа нужигнатал атгаж хашгиран дайрлаа. Хүмүүс айн ширвээтэж буруу харцгаав. Хятад зодоонч хүчтэй цохилтоор өвгөнийг тонилгохоор довтлоход өвгөн өөртөө байшгүйгээр хурдан хөдөлж намсхийснээ элэг цээжинд нь цахилгаан гялбах мэт угсруулан цохив. Хятад эрийн толгой эргэж, цээжинд нь цус амтагдаад иржээ. Өвгөн хашир зодоончийн хувьд хятад зодоончид сэргэх сөхөө өгөлгүйгээр үргэлжлүүлэн дайрч хүнд нударганы цохилтыг хулхинд нь буулгахын хамт хоёр хөлөөрөө өвдөг, ташаанд нь пид пид хийтэл өшиглөн гуйвуулж, улмаар уранхай монгол гуталтай хөлөөрөө хятад эрийн эрүүнд тангаран өшиглөхөд ам хамраас нь цус садран үхэтхийн унав. Ар Монголын тэргүүн зодоончдын хийдэг “Цагаан азарганы тангараа” хэмээх цуутай өшиглөлтийг үрчгэр бор өвгөн тэвэг өшиглөх мэт хөнгөхөн хийсэн нь үнэхээр гайхаад баршгүй байлаа.

На ноён сая л нэг юм наг наг инээж, харин Цоохор данжаад учиргүй гонсойгоод явчих нь тэр. Үрчгэр бор өвгөн юу ч болоогvй юм шиг хээв нэг нуруугаа үүрсээр явж одов. Хүрээний шавар шавхай болсон гудамжуудыг үдшийн бүрэнхий нөмрөхөд айл бүр хаалга үүдээ түгжиж оройн хоолоо базаах ажээ. Гудамжны мухарт хааяа нэг золбин нохой хуцах нь нэн уйтгартай. Хятадуудын навтгар байшингууд үдшийн үнсэн саарал өнгөнөөс ялгарахгүй сүүмэлзэж харагдана. Аварга гүрвэлийн араг ясыг санагдуулам сэрийж сарайсан шургааган өндөр хашаан дотор залгаж барьсан шавар байшингууд байх агаад цонхоор нь ёлтойсон гэрэл сүүмэлзэнэ. Гинжээ харжигнуулах бяруу шиг том хар нохойг хараад энд амьдардаг хүн ямархан хамгаалалттай болох нь ойлгогдоно. Гэвч цонхоор ёлтойх тэр гэрлийн цаана ямар ёрын санаа сэдэгдэж байгааг яахин мэдэх билээ. Энэ бол баян данжаад Цоохор Пу-Фугийнх бөлгөө. Хар шаахай, бараан зөөлөн эдээр хийсэн хувцас өмссөн Цоохор нуруугаа үүрэн нааш цааш алхахдаа ямар нэг зүйлд зовнисон нь илт байлаа. Цоохор царайт хөгшин луухааныг үхэхээс бусдыг үзсэн хөгшин чоно гэлцэнэ. Алтан хүрээтэй шилний доогуур харцаа тогтоон харахад түүний өмнө таван хятад бөхөлзөн газар ширтэж эзнийхээ үгийг хичээнгүйлэн сонсох ажээ. Цоохорын алтан шүдний завсараар сийгэн гарах хэдэн үг таван эрийн нүдэнд шуналын галыг асаах авай. Төдөлгүй тэд харанхуй гудамжинд уусах мэт алга болцгоов. Маргааш өглөө нь гарам чиглэсэн морин харгуйгаар нэгэн жууз тэрэг аажуухан гэлдрэх бөгөөд хээ хуартай алтан хүрээ нь наранд гялбалзана. Жууз тэргийг хоёр хиа дагалдаж, нэг буурал хөтөч цулбуур барин хааяа мориндоо чимээ өгөн гэлдрүүлнэ. Тэрэгний хөшиг ярагдахад 18 орчим наснй үзэсгэлэнт бүсгүй орчны сайхныг бахадсан нүдээр харах бөгөөд энэ бол На ноёны ганц охин Анударь байлаа. Жууз тэрэг гэлдэрсээр гарманд ойртон иртэл морьд үргэн хамар амаа тачигнуулав. Хөтөч сандран “Хүүе, хаая” болтол зэргэлдээх бургасны араас нүүр амаа далдалсан, хар хувцастай таван хүн үсрэн гарч ирэх нь тэр. Хоёр хиаг морин дээрээсээ бууж ч амжаагүй байтал урт хутга цээжийг нь нэвт сүлбэв. Хар хувцастануудын нэг нь хөтөч өвгөнийг өшиглөхөд цаас мэт хийсэн унав. Хар хувцастанууд жууз тэргийг эзлэн авч, хоёр нь

Анударийн хоёр талд суув. Бүсгүй туйлын ихээр айн сандарч хашгирсан боловч түүнийг хэн ч тоосонгүй. Огцом зуур зүүд зэрэглээ шиг болоод өнгөрсөн энэхүү аймшигт явдал гэнэт эхэлсэн шигээ гэнэт нам жим болов. Хар хувцастанууд жууз тэргийг баасны ялаа мэт энд тэнд нь шавж морины жолоог эргүүлэн хөдлөв. Санасан санаа, зорьсон зорилгоо биелүүлсэн бололтой бүгд л их маадгар байх ажээ. Гэвч бадарчин баярлах болоогүй байлаа. Гарамнаас холдож амжаагvй байтал тэдний зам дээр навтас болсон дээлтэй, ширэлдэж арзайсан шодон гэзэгтэй, үрчгэр бор өвгөн хөндөлдөн зогсож харагдана. Жолоо барьж байсан хар хувцастан “Хаая” гэж хашгираад морьдыг ташуурдсан боловч навсгар өвгөнөөс үргэсэн морьд хамраа тачигнуулаад ойртсонгүй. Тэд хараал тавьсаар хоёр нь жуузнаас үсрэн бууж өвгөн рүү дайрцгаав. Хөлөөрөө маш хурдтай ширвэн өшиглөж буй нь эдгээр хүмүүсийг Хятадын нударгалцааны ёс болох У-шу буюу дайчин эрдмийн чадалтангууд болохыг илтгэх ажээ. Өвгөн өөрт нь байшгүйгээр хурдан хөдөлж, огцом зайлангуутаа өврөөсөө алд хирийн суранд уясан бод малын шагайг шувт татан гаргаад эргэлдүүлэв. Тас няс дуугарч хоёр хар хувцастаны эрүү, цохонд онолдон цохиход тэд дуу алдан унацгаав. Үүнийг харсан бусад гурав нь ч орилолдон дайрцгаав. Өвгөн навтас болсон дээлийнхээ хормойг шуунгуутаа эхний довтлогчийн өрцөнд огцом  өшиглөөд тэнцвэр алдуулав. Тэгээд шагайг нь хавиран бяц өшиглөж унагалаа. Баруун талаас дайрагчийн гар нь гялалзан өвгөний цээжинд цохих гэхэд нь өвгөн зайлангуутаа өрцөнд нь өшиглөж, улмаар гарын хийтэй цохилтоор ширвэхэд мөнөөх хятад гэдэргээ саваж унав. Гуравдагч этгээд хөлөөрөө ээлжлэн ширвэж өшиглөн довтолсон ч амжилт олсонгүй. Өвгөн хажуу тийш бултахдаа зүүн хөлийнхөө өсгийгөөр шүргүүлэн өшиглөхөд тэр суун тусав. Яаран босохыг завдтал ар дагзанд нь нэгэн зүйл хүчтэйгээр дэлсэн унагав. Энэ нь өвгөний даалинтай хөөрөг байлаа. Тулгамдсан үед хөөрөг хүртэл үхлийн зэвсэг болдогийг хятадууд гадарлаж байсангүй. Энэхүү аймшигт үйл явдалыг харсан бүсгүй айх, гайхах хослуулан байтал хажууханд нь ёолох өвгөн хөтчийн дуу гарлаа. Өвгөнийг дэмнэн босгож жуузан дээр гаргаад буцаж гарам руу хөдлөв. Аймшигт энэ газраас хүн, малгүй л холдохын түүс болцгоожээ. Бүсгүй эргэн харж аврагчаа олж харах гэсэн боловч мөнөөх өвгөн гарч ирсэн шигээ гэнэт алга болсон байлаа. Анударь тэрхүү үрчгэр өвгөнийг хаана харсанаа сая л нэг юм санав.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага