МОНГОЛБАНК УЛС ТӨРЧДИЙН ҮГИЙГ ДАГАВАЛ СӨХӨРЧ УНАДАГИЙГ БИД МЭДЭРСЭН
2018 оны Octoberын 22


“Төсвийн зарлагаа сав л хийвэл мөнгө хэвлэн санхүүжүүлэх Засгийн газрын сонирхлыг
хазаарлахын тулд Конгрессоос Холбооны Нөөцийн Банкыг үүсгэн байгуулсан байдаг”
Кристофер Ж.Воллер
Энэ асуултад хариулахын тулд эхлээд яагаад ҮГҮЙ гэж хэлэх ёстой вэ гэдгийг заавал
хөндөх хэрэгтэй. Аливаа улсын Төв банкны үндсэн зорилго нь макро эдийн засаг болон
санхүүгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны
Ерөнхийлөгч асан Бен С.Бернанке 2012 оны гуравдугаар сард Жорж Вашингтоны их
сургуульд тавьсан илтгэлдээ Төв банкуудын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж,
инфляцийг зорилтот түвшинд барихын тулд олон жилийн турш ашиглаж ирсэн гол
хэрэгсэл нь Мөнгөний бодлого байдаг хэмээн онцолжээ.

Дээр дурдсан Төв банкны гол хэрэгсэл болох Мөнгөний бодлого нь улстөрөөс хараат бус
байх тусам инфляци нам дор түвшинд байх нөхцөл бүрддэг байна. Төв банк нь Засгийн
газартай хамааралтай ажилладаг, нөлөөлөлд их автагдах байдал нь өндөр инфляцитай
байх шалтгаан байж болох юм гэсэн таамаглалд эдийн засагчид хүрсэн байдаг хэмээн
профессор Ж.Дэлгэрсайхан онцолж байв.
Жишээ нь улс төрчдийн шаардлагаар Төв банк дураараа мөнгө хэвлээд байвал инфляци
хэт их өсөж, иргэдийн халаасан дахь мөнгө тэр хэмжээгээр үнэ цэнэгүй болно. Төв банк
үндсэн зорилт болон үнийн тогтвортой байдлаа ч хангаж чадахгүй. Хорьдугаар зууны
Герман, Унгар, Эквадор, Боливи, Перу, Зимбабве зэрэг улсу чухам энэ шалтгааны улмаас
гиперинфляцид өртөж мөнгөн дэвсгэртээ түрийвчээрээ бус тэрэг тэргээр зөөдөг болсон
харамсалтай түүх бий.
49 ХУВЬ. Сүүлийн зургаан жилд Монголбанкны хараат бус байдлын тухай гурван
томоохон судалгааг Монголын эдийн засагчид хийжээ. 2011 онд судлаач Д.Түвшинжаргал
Монголбанкны хараат бус байдлын индексийг 49 хувьтайгаар буюу хангалтгүй гэж
дүгнэсэн байна.
Харин 2013 онд судлаач Л.Энх-Орчлон, Б.Дүйнхэржав нар Монголбанкны хараат бус
байдлыг үнэлэхэд мөн хангалтгүй гэсэн дүн гарчээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу
2015 онд СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, Б.Алтанзул нар Монголбанк түүний
мөнгөний бодлогын бие даасан байдал нь алдагдсан бөгөөд хэрэгжилтийн түвшинд хүчтэй
алдагдсан хэмээн дүгнэжээ.
Дүгнэлт нэгэнт ийм байхад Монголбанкны хараат бус байдлыг хангах ямар хөшүүргүүд
Монгол Улсын хуулинд байдгийг сонирхоцгооё. Хуулийн заалтыг сөхөж харвал 1996 онд
батлагдсан Төв банкны тухай хуулийн 31.2-т “Монголбанк Засгийн газраас хараат бус
байна” гэсэн нэг өгүүлбэр бий. Гэхдээ хэрхэн, яаж хараат бус байхыг тодорхой
томьёолсон зүйл алга. Мөн уг хуулийн 6.30-д “Улсын Их Хурал төрийн мөнгөний бодлого
хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцохгүй” гэж заажээ. Гэхдээ Мөнгөний бодлогыг жил

бүр УИХ хэлэлцэж баталдаг нь Төв банкны бодлогыг улс төрчид шүүмжилж,
өөрсдийнхөөрөө “засах” боломж нь байна гэсэн үг юм.
Дэлхийн ихэнх Төв банкууд бодлогоо парламентдаа танилцуулдаг болохоос
“засуулдаггүй”. Гэхдээ Төв банк бодлогоо өөрийн буруугаас хэрэгжүүлж чадаагүй бол
авах арга хэмжээ, хариуцлагын асуудлыг давхар бий болгодог.
38 жилд ДӨРВӨН ерөнхийлөгч. Монгол төгрөгт ганцхан Монголбанкны Ерөнхийлөгч л
гарын үсгээ хэвлэх дархан эрхтэй. Энэ хүнийг Улсын Их Хурлын даргын өргөн
мэдүүлснээр УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог хуулийн заалттай. Хэдийгээр
бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил боловч Монголд бүрэн эрхээ дуустал ажилласан нэг
л Төв банкны Ерөнхийлөгч байсан нь О.Чулуунбат юм. Бусад нь 2-4 жил болоод ихэнхдээ
өөрийн хүсэлтээр ажлаа өгч байжээ.  Энэ цикл УИХ-ын сонгуультай уялдаатай байдаг нь
бүр ч сонирхолтой.
Дэлхийн эдийн засгийг тодорхойлдог АНУ-ын Холбооны Нөөцийн Банкыг 1914 оноос
хойш өнөөг хүртэл 15 Ерөнхийлөгч удирдсан бөгөөд нэг хүн дунджаар 6.8 жил үүргээ
гүйцэтгэжээ. 1979 оноос хойш Холбооны Нөөцийн Банкыг ердөө ДӨРВӨН ХҮН л
удирдаж байна гээд бод доо. Харин дэлхийн хамгийн хүчтэй эдийн засагтай Японы Төв
банкны Ерөнхийлөгчийн ажил таван жилийн хугацаатай бөгөөд 1964 оноос хойш суусан
10 Ерөнхийлөгч бүгд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чаджээ.
Сонгууль болж эрх баригч нам солигдоход хамгийн түрүүнд солигддог албан
тушаалтнуудыг нэг Монголбанкны Ерөнхийлөгч байдаг нь улс төрөөс хараат байгааг
илэрхийлэх нэг сөрөг үзүүлэлт юм. Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд
2012 онд тавьсан илтгэлдээ Төв банкны Ерөнхийлөгчийг сонгож буй УИХ-ын хууль
тогтоогчид Засгийн газрын гишүүн байгаа нь Төв банкны бие даасан байдлыг сулруулж
байна хэмээн дүгнэжээ. Мөн Төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргах эрхтэй
байгаа нь хувь хүнээс хамаарсан тогтворгүй шийдвэр гарах, эсвэл шийдвэр гарахгүй байх
эрсдэл ихтэй гэсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийг парламентын танхимд УИХ-ын гишүүд “загнаж” байгааг
харах нь Монголд шинэ үзэгдэл байхаа больжээ. Тэд ихэвчлэн “долларын ханшаа буулга”,
“тийм төсөл санхүүжүүл” гэх мэт “лүндэн” буулгана. Мөн улс төрчид Монголбанкны
өмнөөс Мөнгөний бодлого ярьж, нийгмийн хүлээлтэд сөргөөр нөлөөлөх мэдэгдлүүд
хийдэг билээ /ам.долларын ханш 3,000 төгрөгт хүрэх нь гэх мэт/. Парламентын гишүүд нь
Мөнгөний бодлого ярьдаг, түүнд нь бүгд итгэдэг улс дэлхий дээр тийм ч олон байдаггүй
байх.
Танилцуулсан Мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага хүлээж огцрох нь
Төв банкуудын Ерөнхийлөгч нарын “хууль”. Харин Монголбанкны Ерөнхийлөгч
зорилгодоо хүрсэн эсэхээс үл хамааран түүнийг томилогчдыг даган солигдож байна.
Хамгийн сайн Төв банк л улс төрчдөд ҮГҮЙ гэж хэлдэг /Экономист/
Монголбанкны хараат бус байдлыг бэхжүүлэх асуудлыг ярихад эргээд хууль эрх зүйн
орчны тухай яриа л сөхөгдөнө.

 

Монголбанкнаас 2017 оны УИХ-ын намрын чуулганд Төв

банкны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Шинэ хуулинд дээр дурдагдсан
Монголбанкны хараат бус байдлын индексийг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн өөрчлөлт
оруулсан. Өөрчлөлт оруулах төсөлд анх “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний
мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдэг заалтыг “Үнийн
тогтвортой байдал” буюу инфляци гэдгийг илүү тодорхой болгохоор зорьж байв.
Ингэснээр бид Монголбанкнаас юу шаардах “эрхтэй” вэ гэдэг асуудал илүү ойлгомжтой
болох байв. Төв банк сонгодог орчин үеийн төв банкууд шиг инфляцийн тогтвортой
байдалд л зорих нь гэж. Гэтэл бусад улс оронд бол Засгийн газарт нь илүү хамаатай
асуудлыг улс төрчид Монголбанкинд үлдээлээ. Ханшийг тогтвортой байлгах асуудал нь
манайх шиг тогтворгүй бодлоготой улсад хамгийн хэцүү асуудал. Ханш хөдлөх бүрт ард
түмэн уурлах учраас Засгийн газраас, эрх баригчдаас холуур мэт асуудал байлгах гэсэндээ
гэж ойлгогдохоор байна. Тийм ч учраас ханш хөдлөхөд ам.доллар оруулж ирээгүй Засгийн
газар бус Монголбанкыг шүүмжлэл дайрдаг. Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулиар
олгогдсон дархан эрхэнд хэн дуртай нь халдаж, эрээ цээрээгүй загнаж нэр хүндэд нь
халдаг жишиг зөвхөн манайд л бий. Гэтэл бусад улс орнуудад Төв банкны
Ерөнхийлөгчийн үгийг анхаарал тавьж сонсдог. Учир нь түүний хэлэх үг парламентийн
гишүүний хэлэх үгээс илүү үнэ цэнэтэй мэдээллийг агуулж байдаг учраас тэр аж.
Дээр дурдсан хүчин зүйлсээс гадна хараат бус байдлыг тэнцвэржүүлдэг нээлттэй, ил тод
үйл ажиллагааг Төв банкууд өөрсдөө бий болгодог. Ингэснээр ард иргэдийнхээ өмнө илүү
хариуцлагатай, илүү баталгаатай Төв банк байж чадна. Дөрвөн жил тутамд амьжиргаагаа
савлуулж, түрийвчээ хоослуулаад байхгүйн тулд Төв банкны бие даан үйл ажиллагаагаа
явуулах бүхий л боломжийг хангаж өгөх нь Монгол хүн бүрт холбоотой асуудал юм.
Үүний дараа л бидэнд улс төржихгүйгээр эдийн засгаа ярих боломж бүрдэнэ!
Б.Бямбасүрэн

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага