Э.Анар: Финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлнэ
2018 оны Octoberын 24

Монголбаннаас “Цахим эринд Цахим төлбөр тооцоо аяныг хэрэгжүүлж эхлээд байгаатай холбогдуулж, Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай цахим төлбөр тооцоотой холбоотой зарим асуудлаар ярилцлаа.  

 

Юуны өмнө аян зохион байгуулах болсон тухай мэдээлэл өгнө үү?

Өнөөдрийн цахим эрин зуунд техник технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломж, шинэ хөгжил дэвшил нэвтэрсээр байна.  Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримталж буй бодлого, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, шинээр хэрэгжиж эхлээд байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, төлбөрийн системийг хөгжүүлэх, шинэчлэх төслийн үйл ажиллагааг нийтэд үнэн зөв, ойлгомжтой байдлаар таниулан сурталчлах замаар иргэд, хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч энэхүү аяныг хэрэгжүүлэхээр санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Төлбөрийн системийг энгийн үгээр тайлбарлаж хэлбэл ямар тодорхойлолт гарах вэ?

Төлбөрийн систем нь 4 зүйлийн нэгдэл юм. Үүнд иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг гүйцэтгэх зөвшөөрөл бүхий байгууллага, төлбөр тооцоог дамжуулах техник, технологийн дэд бүтэц, төлбөр хийхэд ашиглах төлбөрийн хэрэгсэл, эдгээрийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж байдаг.

Аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн системийн хөгжил, түүний тогтвортой байдлын нэг чухал хэмжүүр нь тухайн улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа юм. Хэрвээ төлбөрийн систем тасалдаж, найдваргүй ажиллавал банкууд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болно.

Өөрөөр хэлбэл, иргэд, хэрэглэгчийн мөнгөн хөрөнгө төлбөрийн системээр дамжин өөр хоорондоо солилцоонд орж, эдийн засагт эргэлдэж байдаг тул төлбөрийн систем нь эдийн засаг дахь хурдны зам юм. Өнөөдрийн байдлаар энэхүү зам нь мэдээллийн технологид суурилсан санхүүгийн сүлжээ болон хувьсан өөрчлөгджээ. Иймд энэхүү сүлжээг шинэчлэн хөгжүүлж, түүний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах нь  улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтой юм.

Энэ аяны хүрээнд Монголбанкнаас авч хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Аяны хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь Финтекийн хөгжлийг дэмжих, бэлэн бус төлбөрийн хэрэгслэлийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Төлбөрийн системийн эрх зүйн орчныг бэхжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас “Клирингийн систем ажиллуулах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг батлан гаргана. Энэхүү журам гарснаар Монголбанкнаас зөвшөөрөл авсан хуулийн этгээд клирингийн үйл ажиллагаа, төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болно.

Нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн шинэ зохицуулалт, Монголбанкнаас баримтлах бодлогын талаар хэвлэмэл гарын авлага бэлтгэж нийтэд түгээнэ. Төлбөрийн системийн оролцогч, хэрэглэгчийн дунд хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар  уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Төлбөрийн системийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа. Аяны хугацаанд клирингийн системийг шинэчлэхтэй холбоотой сургалтыг төлбөрийн системийн оролцогч болон Финтек компаниудад зориулан зохион байгуулна.

Монголбанкнаас төлбөрийн хэрэгслэлийн нууцлал аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технологид шилжүүлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь Финтекийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн нилээд чухал алхам болно гэж үзэж байна.

Аяны хугацаанд олон нийтийг хамарсан өдөрлөгийг банк, Финтек компаниудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь  иргэд, хэрэглэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий этгээд бүгд нэгэн дор цугларч үзэл бодол, үйл ажиллагаа, дэвшилтэд технологийг хуваалцах, хамтран судалж, харилцан суралцах боломжийг олгоно гэж найдаж байна.

Аяны нээлтийн үеэр танилцуулагдсан санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зорилго, ач холбогдолын талаар тодруулж өгнө үү.

Энэ цахим эринд дэлхий нийтээр бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, нийтийн хэрэглээ болгох зорилгоор цахим төлбөр рүү эрчтэй шилжиж байна. Санхүүгийн зах зээлд нэвтрээд байгаа мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг өдөр тутмын төлбөр тооцоондоо ашиглаж, цаг хугацааг хэмнэх, орон зайг товчилох шаардлага өнөөгийн бидний амьдралд зайлшгүй тулгарч байна. Иймд, банк, санхүүгийн үйлчилгээ авахын тулд заавал өөрийн биеэр очиж, гарын үсэг зурах эсвэл төлбөр тооцоогоо баталгаажуулах ажиллагааг халах үүднээс энэхүү системийг хөгжүүлэх ажлыг Монголбанкнаас санаачлан эхлүүлсэн.  Өнөөдрийн байдлаар санхүүгийн байгууллагад ашиглагдах тоон гарын үсгийн системийг  Монголбанкны дотоод системд туршиж байна. Цаашид энэхүү системийн хэрэглээг өргөжүүлж, Монголбанкны төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, төвбанкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны системүүдэд нэвтрүүлэхийг зорьж байна.

Аяны үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?

Аяны үр дүнг нэг талаас  иргэд, хэрэглэгч нь Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх,  нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын харилцан хамтын ажиллагааг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно гэж үзэж байна.

Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар мэдээ мэдээллийг иргэд, олон нийт хэрхэн авах  боломжтой вэ?

Аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ болон төлбөрийн системийн талаарх мэдээ мэдээллэл авах хүсэлтэй иргэд, хэрэглэгч, байгууллага өөрийн  санал хүсэлт, асуултаа Монголбанкны цахим хуудсаар болон нийтийн цахим сүлжээн дэх Монголбанкны  facebook хаягаар хандан авч болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага