Р.Амаржаргал: Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна
2018 оны Octoberын 25

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үед та аль чигийн ном түлхүү харж байна вэ?

-Технологийн хөгжилтэй холбоотой номууд харж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой номнууд нэлээд уншиж байна. Орчин цагийн ардчиллын философийн шинж чанартай зүйлсийг судлах гэж оролдож сууна. Ирэх жил бид ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Ууж идэх арга хэмжээнүүдээс гадна Монголын ардчиллын сүүлийн 30 жилийн түүхийг үнэлж дүгнэсэн, анализ хийсэн, хийж бүтээсэн маань дэлхийд өрнөж байгаа трэндүүдтэй хэр зэрэг уялдаж буйг харсан, алин дээр нь нэг зүгт, алин дээр нь гажиж явааг анзаарч судалмаар санагддаг юм. Орчин үед ардчиллын үнэ цэнэ, утга учир, агуулга хэлбэрийн тухай асуудал янз бүрээр яригдаад байна л даа. Дэлхий даяар сүүлийн арваад жил ардчилал унтарч, ширгэлээ гэж яригдаж байгаа. Тоталитар шинж чанартай зүйлс газар авч байна. Ялангуяа засаглалын түвшинд. Тэр чигийн асуудлуудыг судалж уншиж явна. Уг нь болдогсон бол ардчиллын 30 жилийн ойгоор  АН болон Монголын улс төрийн хүчнүүд, төрийн холбогдох байгууллагууд энэ чигээр судалгаа шинжилгээ хийж, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулвал сайнсан.

-Таны ажлын цаг хэдээс эхлээд хэзээ дуусч байна?

-Янз бүр. Би сүүлийн үед замын хөдөлгөөнд их захирагдаж байгаа. Түгжрэлд орчихгүй байх цагууддаа хамаг ажлаа төлөвлөдөг. Гэхдээ надад ажил дуусчихлаа гэсэн ойлголт ер нь байдаггүй. Хэдий орой гэртээ очсон ч үзэх ёстойгоо уншиж л сууна.

-Чөлөө заваар бага амьдардаг юм байна. Хааяа ч гэсэн чөлөөт цаг гаргана биз, жишээ нь энэ зун амарч чадав уу?

-Чөлөөт цаг гаргая гээд хүсвэл гаргана. Энэ зун би өөрөө өөртөө хэд хоног зав гаргалаа. Хөдөөгүүр явсан. Завханд долоо хонолоо. Дараа нь Булганд айраг ууж дөрөв хоносон. Тэгэхээр өөртөө цаг гаргасан юм байна.

-Сүүлийн үед стресс ихэссэнээс үүдэлтэйгээр бясалгал, иог, спорт  гэх мэт өөрийгөө чагнах, хөгжүүлэх зүгт хүмүүс их анхаардаг болж. Та энэ зүгт хэр анхаарч байна?

-Спортод цаг зав гаргаж завдахгүй байна, сүүлийн үед. Нэг хэсэг фитнесст сүрхий явдаг байсан. Томилолтоор ийш тийш явах гэх мэт шалтгаанаар ритмээ алдчихлаа. Бясалгалын шинж чанартай зүйлүүдийг уншиж, судалж, өөр дээрээ туршиж байгаа.

-Жишээ нь ямар туршилт…?

-Хийж байгаадаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тэрнийхээ утга учир, процесс, процедурыг ширхэгчлэн мэдрэх тухай асуудал л даа. Тэр чигээр нэлээд сонирхож, оролдлого хийж байна.

-Тантай ярилцлага хийх гэж өмнө өгсөн ярилцлагуудыг тань шүүрдэж харлаа. Сайн хань, сайн аав гэдэг талаас нь харсан, гаргасан ярилцлага таарсангүй. Та хэр сайн хань, хэр сайн аав бэ?

-Аавын хувьд дажгүй байх. Ер нь хүүхдүүдтэйгээ аль болох ойр байхыг хүсдэг. Ханийн тухайд бүү мэд. Гэр орны ажил руу ордоггүй талдаа хүн. Тэгэхээр тус дэм харьцангуй бага. Гэхдээ нэг их сүрхий гомдол мэдүүлсэн зүйл сонсоогүй (инээв).

-Алтан найз гэж ярьдаг даа. Ингэж үнэлэхээр найз хэр олон бэ?

-Сүүлийн үед үндсэн ойлголтууд орвонгоороо эргэчихээд байна л даа. Найз гэдэг уг нь их л тодорхой байх учиртай ойлголт. Үнэнч, итгэлтэй, ядарсан цагт тусалдаг, биенээ хүнд үед нь орхидоггүй гэх мэт олон үнэлэмж найз гэдэг ойлголтод багтах ёстой байх. Одоо бол найз гэдэг ойлголт огт ондоо агуулгатай болчихсон. Эрх ашиг нийцэж байвал “найз аа” гэж хамтарчихаад маргааш нь ар  нуруу руу нь хутга зоочихоод санаа зовохгүйгээр цааш алхдаг болчихлоо л доо. Үндсэн ойлголт нь ингэж өөрчлөгдөөд байгаа учраас их зовлонтой. Миний хувьд хуучин “школын” хүн гэдэг утгаараа ч юм уу эрт дээрээс найзалсан нөхөдтэйгөө өнөө ч найзалсаар яваа. Ихэнх нь 30, 40 жил нөхөрлөсөн хүмүүс.

-Хүүхэд нас, бага залуугийн мөрөөдлөө биелүүлж чадсан уу. Тэр үеийн хүсч зорьсон зам жимээрээ алхаж байна уу, эсвэл огт өөр жимийг сонгочихож уу?

-Эрхэлж байсан албан тушаал талаас нь харвал нэлээд юманд хүрсэн шиг байгаа юм. Өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх, өөрөө өөрийгөө авч явах этик, ёс зүй гэдэг талаас нь харвал хүрээгүй шат зөндөө. Ялангуяа өөрийгөө хөгжүүлэх чиглэлд нэлээд дутагдал анзаарагдаж байна. Эргээд бодож суух нь ээ гүн ухааны чигийн юм нэлээд үзэх ёстой байж гэсэн ойлголт байдаг. Түүх, урлаг соёл, уран зохиолын чигийн юмыг нэлээд үзэх ёстой юм байна. Өөрийгөө өнөөдөр эргээд харах нь ээ Монголын уран зохиол дээр гэхэд л хоцорсон байна, маш их юм орхиж. Нөхөх гээд оролдоод явна.

-Хүүхэд байхдаа хэр их мөрөөддөг байв?

-Мөрөөдөлгүй яахав. Тэр үеийн хүүхдүүдийн мөрөөдөл цаг үетэйгээ холбоотой. Цэрэг эх оронч хүмүүжлийн асуудал тухайн үед их яригддаг байсан. Тийм хүмүүжил хүчтэй байдаг. Тэрийг дагасан мөрөөдлүүд хүчтэй байсан шүү. Сансрын нисгэгч, мундаг инженер, эрдэмтэн, физикч болъё гэж мөрөөдөх жишээний.

-Таны үеийнхнийг ажиглахад сууж сурсан, ном их уншдаг гэх мэт олзуурхмаар төлөвшлүүд анзаарагддаг. Өнөө үеийнхэн их өөр болсон шүү…?

-Өнөө цагийн хүүхдүүд ингэлээ, тэглээ гэж буруутгах аргагүй. Бидний үед номноос өөр зүйл байгаагүй. Номон дээр дөрөөлж өндийсөн. Номоос ёс суртахууны боловсрол, олон зүйлийг олж авсан. Өнөөгийн хүүхдүүд олон сувгаас давагдашгүй их мэдээлэл авч байгаа. Ингээд бодохоор харин ч өрөвддөг. Энэ их мэдээллээс хэрэгтэйгээ шүүрдэж аваад цаашлах амар биш.

-Нэг хөнгөхөн асуулт байна. Боловсролтой, царай зүстэй, өндөр төлөвшилтэй тан шиг эрчүүд  бүсгүйчүүдийн харж, хүндэлж явдаг хэсэгт гарцаагүй орно. Залуудаа бүсгүйчүүдээс дурлалын захиа хэр авдаг байв?

-Охид ч сонирхдог байсан шүү. /инээв/  Би ч бишгүй сонирхож явсан байж таарна. Гэхдээ нэг их ач холбогдол өгч, зорилго болгож явсан удаагүй. Сургууль, мэргэжил, боловсрол, ажлыг үндсэн чигээ болгож явсан.

-Ижийтэйгээ амьдарсан он жил, ижийгүй өдрүүд тэс өөр өнгөтэй. Өдий насны өндөрлөгөөс ижийгээ бодохоор их зүйл бодогдоно биз?

-Хүн юу ч бүтээсэн ээжийнхээ ачийг хариулж дийлэхгүй. Ижийтэйгээ амьдарсан сүүлийн арваад жилд ганцхан юм бодсон. Сэтгэлийг нь амар амгалан байлгахсан гэсэн ганцхан хүсэл байсан. Ижийтэйгээ байх тэр үед их амаргүй цаг үе байсан. Яг ерээд оны үе. Тэгээд улс төрд орсон байсан үе. Сайн гэхээс илүү саар талын мэдээлэл их. Уншчихаад санаа нь зовно. Битгий тоо л гэдэг байлаа. Сэтгэлийг нь амар байлгахсан, элдвийг дуулгаж, нүүрийг нь улайлгахгүй юмсан гэсэн зарчим барьдаг байлаа.

-Та яг одоо ямар ажил хийж байна вэ?

-Үндсэн ажил маань СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга. Өнгөрсөн хавар тодорхой шалтгааны улмаас сургуулийнхаа захирлын ажлыг авсан. Зургаан сар захирлаар ажиллаад өнгөрсөн есдүгээр сарын 1-ний өмнө ажлаа өглөө. Манай сургууль Монголын дээд боловсролын нүүрийг тахалж байгаа ганц газар. Монгол дотроо л гайгүй нь. Дэлхийн, бүс нутгийн том сургуулиудтай харьцуулвал бас л хол байгаа. Энэ сургуулийн цаашдын ирээдүй гэдэг үүднээс нь шинэ удирдлага орж ирэх ёстой, залуус авч явах хэрэгтэй гэсэн ойлголт дээр үеэс төрсөн байсан. Захирлаар ажилласан зургаан сарын хугацаанд энэ зорилтоо хэрэгжүүлэх боломж олдсон юм. Тэгээд сургуулийнхаа удирдлагыг залууст шилжүүлсэн. Тэд өөрсдийгөө харуулах байх.

-Төр, хувийн ялгаагүй ямар ч байгууллага СЭЗИС төгсөгчдийг авдаг тал анзаарагддаг. Энэ хэмжээнд үнэлэгдэхэд таны оролцоо, зүтгэл их байсан биз?

-Санхүү эдийн засгийн техникум дээр 1991 онд Эдийн засгийн коллеж гэж байгуулсан шүү дээ. Өргөжсөөр өнөөдөр СЭЗИС гэсэн статустай болсон. Гардан эхлүүлж, хэрэгжүүлж өдий хүргэх явцад оролцоотой явсандаа сэтгэл хангалуун байгаа. Дажгүй яваа хоёр, гурван шалтгаан байх шиг. Нэгдүгээрт сургуульд нэвтрүүлсэн соёл. Өөрөөр хэлбэл бүтээлч, чөлөөтэй, нээлттэй, шинийг эрэлхийлсэн хандлагыг хэлээд байна л даа. Магадгүй эхлүүлсэн болгоноо дуусгадаггүй байх. Гэхдээ дандаа шинэ зүйлүүдийг хайж, эхлүүлсээр өнөөг хүрсэн. Тэр соёл нөлөөлж байгаа болов уу.

Хоёрдугаарт сургуулийн өөрийн түүх, нэр гэж нэг юм байна л даа. Уламжлалаа тодорхой хэмжээнд хадгалаад явж байгаа. Ийм хоёр хүчин зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байх. Цэвэр санхүүгийн хүмүүс нэг их ач холбогдолтой биш болчихлоо. Санхүүдээ тулгуурлаад IT технологийг мэддэг байх ёстой. Мэдээллийн технологи дээр ажилладаг байх учиртай. Санхүүдээ тулгуурлаж Big data буюу тоон үзүүлэлтүүдийг ашигладаг, аналитик чадвар эзэмшсэн байх шаардлагатай. Ийм хандлага СЭЗИС-д хүчтэй орж ирж байгаа. Зүгээр нэг мэргэжилтэн бэлтгэх гэхээс илүү хүн болгож төлөвшүүлэх талд анхаардаг. Гуравдугаарт XXI зуунд хэлгүй бол хэцүү. Хэлний боловсрол, соёлыг төлөвшүүлэх чиглэлээр нэлээд анхаарч байна.

-Та Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл төрийн чухал албуудыг хашсан хүн. Тэр утгаараа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг сонирхохгүй өнгөрч болохгүй. Таны идэвхтэй ажиллаж явах үеийн улс төрөөс хэр зөрүүтэй, ялгаатай орчинд бид амьдарч байна вэ?

-Маш том зөрүүтэй. Тухайн үед бид улс төрийг хийж гарч ирж байхдаа их цэвэр байсан. Оргилуун сэтгэл, тэмүүлэлтэй, романтик байж. Бүх л юмыг сайхан болгохын төлөө чармайж явсан. Өнөөдөр бий болсон байдлыг анзаарахаар “Үүний төлөө л зүтгэсэн хэрэг үү” гэж гутрахаар үе олон гардаг. Байшин барилга гэх мэт өнгөн талаасаа нийгэм их өөрчлөгдсөн. Хүн маань нийгмийнхээ шаардлагад хэр нийцэж явна вэ, хүн чанар гэдэг нандин эд нь хэр зэрэг хадгалагдаж үлдэв гэдэг асуудал сүүлийн үед толгой өвтгөж байна. Саяхан би Сингапурын Ерөнхий сайд байсан хүний номыг уншлаа. Тэр хүн дурсамжиндаа “Байшин барилга бариад иргэдийг тосгоноос авчраад амьдруулах амархан байж. Хотын төвийн арван давхар байшингийн зургаан давхарт ямаатайгаа ирээд амьдрах нь л хамгийн хэцүү зүйл” гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ юу гэсэн үг үү?

-Нийгэм хөгжөөд дэлхий шинэчлэгдээд байдаг. Гэтэл хүний сэтгэхүйг өөрчлөх хэцүү. Тэгж болох уу?

-Хүний сэтгэхүй өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдөв гэдэг асуух ёстой л өнцөг. Тэгэхээр хөгжлийг юугаар хэмжих вэ гэдэг асуулт гарч ирнэ. ДНБ-ээр хэмжих үү, экспорт, импортоор уу? Гэхдээ энэ бол албан ёсны статистик, макро эдийн засгийн үзүүлэлт. Хөгжлийг хүнээр хэмжих ёстой юм  шиг байгаа юм. Хүн нь хэр зэрэг соёлжиж байна вэ гэдгээр нь. Энэ шалгуураар авч үзвэл шүүмжлэх юм их. Гэхдээ бүх юм болохгүй байна гэж ярьж сууж таарахгүй. Орчин үеийн залуусын үнэлэмж, үнэт зүйлс арай ондоо харагддаг. Дулаарал дэлхийд халтай, гудамжинд хог хаях, соёлгүй байх муухай, бие биенээ хүндлэх ёстой, эелдэг амьдрах учиртай гэх зүгийн ойлголтууд, хүмүүжлийн суурь элементүүд хүчтэй байна. 2000-аад оны хүүхдүүдэд маш тод харагдаж эхэлсэнд олзуурхаж суугаа. Дал, наяад оныхны хувьд асуудал бий. Гэтэл тэд өнөөгийн гол үйлдвэрлэх, ажиллах хүч.

-Энэ чуулганы, улсын, эдийн засгийн хамгийн гол асуудал бол төсөв, мөнгөний бодлого. Төсвийг хөөсөрсөн, үрэлгэн  гэж шүүмжилж байна. Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төсөл хэр дүр зурагтай орж ирэв гэж та харж байна уу? Та ямар дүн тавих вэ?  

-Шүүмжлээд байгаа хүмүүсийн зөв. Хөөсөрсөн, үрэлгэн, популист төсөв гэдэг нь үнэн. Гэхдээ төсөв батлах процесс, төсвийн хэрэгжүүлэлт гэдэг өөр зүйлүүд байдаг. Эдийн засаг гэхээс илүү улс төр нь давамгайлаад байна л даа. Тэр өнцгөөс нь харах ёстой. Энэ төсөв гайхамшигтай, шинэ төсөв биш. Сүүлийн хорь гаруй жилийн зургийг харахад сонгуулийн өмнөх жилийн төсөв иймэрхүү л байдаг. Улс төрийн давалгаа нь илүү гарчихаад, эдийн засгийн хөгжлийн асуудлууд эргэлзээтэй байгаа нь үнэн. Арван жилийн дараах хөгжлийнхөө суурийг тавьж байна уу, хөрсийг нь бэлдэж эхэлсэн үү гэсэн асуултын хариу нь тийм өөдрөг биш. Тийм болохоор төсвийг оруулж ирснээр батлаад явуулах ёстой гэж бодож байгаа. Угаасаа ч тэгэх байх. Шүүмжлээд байх юм үгүй. Хөөсөрсөн, сонгуулийн өмнөх үрэлгэн төсөв гээд бүх юм нь ойлгомжтой. Нүүрсний үнэ, хэмжээг өөдрөгөөр авсан гэх мэт бүх шүүмжлэл үнэн учраас нэг их сүрхий яриад суух шаардлага хэтээсээ байхгүй. Тэртэй тэргүй биелэгдэхгүй төсөв.

Энэ жил гэхэд  улсын төсвийн орлого, татварын орлого нь сая есдүгээр сард биелэгдчихлээ. Үлдэж буй гурван сард нэг их наядаас илүү татварын орлого орох гэж байна. Тэгэхээр татварын орлогын төлөвлөгөөгөө долооны нэгээр л алдчихсан байгаа. Ийм их хэмжээний мөнгийг дутуу тооцоод ороод ирчихсэн байж. Байнд нь биш юмаа гэхэд банзан дээр нь онож байх ёстой. Гэтэл энэ жил хэрэгжиж буй төслийг харахад  татварын орлого нь ийм их хэмжээгээр зөрчихсөн байна. Би андуураагүй бол хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 300-400 тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа. Ийм төсөв боловсруулсан хүмүүс ирэх оны төсвийг гайхамшигтай боловсруулаад оруулаад ирчихсэн гэдэгт итгэх ямар ч үндэс байхгүй. Улсын төсвийн зарлагыг 11 их наядаар оруулж ирж байх шиг байна лээ. Бараг хоёр их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай. Тэгэхээр тодорхойлолтоороо ихэнх нь биелэгдэхгүй. Зарим нэг сэргэлэн гишүүн нь төсвөө түрүүлж авах гэх мэт хандлага гарах л байх.

-УИХ төсвийн төсөл дээр сайн ажиллаж чадвал аятайхан төсөв батлагдах магадлал бий гэдэгтээ та санал нийлэх үү?

-Засгийн газрын өргөн барьж байгаа төсвийг УИХ хэр зэрэг оролцож батлах ёстой вэ гэдэг дээр зарчмын асуудлууд бий. Логикийн нэг зүйл байгаа. УИХ Ерөнхий сайдаа томилдог. Дараа нь Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа нэрийг оруулж ирдэг. Тэгээд УИХ нь томилдог. Тэгэхээр УИХ гүйцэтгэх засаглалын хоёр гол албан тушаал дээр хэнийг томилохоо шийддэг. Өөрсдөө томилдог. Итгэж тавьсан хүнээ ямар нэг асуудал оруулаад ирэхэд нь хүн танихын аргагүй болгоод, гадны хүнтэй харилцаж байгаа мэт аяглаад байдаг. Ийм систем байж болохгүй. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр хүн гарын үсгээ зурсан бол тэр баримт бичгээ хариуцах ёстой. Ийм эзэнтэй байх тогтолцоо манайд алга. Төсвөө задалж хаяад хүн танихын аргагүй болгоход Сангийн сайд нь яах ч үгүй. Зүй нь тэр хүн “Та нар надад итгэж томилсон бол ингэж болохгүй. Нэг бол намайг огцруулаадах” гэж хэлээд суух учиртай. Харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалд нь болж сууж байгаа нь тод харагдаж байна. Товчхондоо төрийн  бодлого барьж суудаг хүн биш болчихсон.

-Хамгийн сайн төсөв батлагдсан жил байна уу, ингэхэд?

-Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед А.Базархүү гуайг Сангийн сайд байхад төсөв нэлээд чамбай орж ирдэг байсан. Хоёрдугаарт төсвөө батлуулж явсан сайд нар нь ч зангарагтай байсан юм. Амнаас нь гарч буй үгс нь жинтэй байлаа шүү дээ.

-Сангийн яамны хэдхэн дарга Сангийн сайдтайгаа нийлж ажиллаад төсөв оруулж ирдэг байдал сүүлийн 10 гаруй жилийн туршид давтамжтай анзаарагдаж байна л даа. Тэгэхээр төсөв уул нь хар ухаанаар улам л сайжраад явмаар юм?

-Нэгдүгээрт тийм шалтгаан бий. Хоёрдугаарт төсвийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт нь бэлдэх ажлын хэсэг байгуулна гэдэг. Гишүүд ажлын хэсэгт нь багтах гээд гүйчихдэг. Тэгээд ажлын хэсэгт орсныхоо дараа гацаана, дэгээ тавина, саад тотгор учруулна. Тэгж байж өөртөө ашигтай заалтуудыг багтааж авдаг. Ийм л дүр зурагтай удаж байна.

-Төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлгээс анзаарахад л УИХ иргэд рүү, эдийн засгийн хөгжил рүү хандсан бодлого гаргахад анхаарахаа больсон шиг харагдах юм…?

-Сүүлийн үед УИХ төсвийг хэлбэр төдий хэлэлцэж баталж байгаа. Яг жинхэнэ хууль боловсруулж байгаа хүмүүсийнх нь хувьд том бизнес болчихсон. Эцэст нь гишүүдээр дамжуулж лобби хийгээд хуулиа батлуулдаг. Тэгэхээр төрийн бодлогыг том компаниуд, олигархиуд, мафиуд боловсруулж байна. Хоёрдугаарт хууль хэлэлцдэг процедураа анзаарах ёстой. 1990-ээд оны үед парламент анх үүсч байхад хуулийн заалтыг ширхэгчлэн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч санал хураадаг байсан. Одоо тийм юм байхгүй. Зарчмын зөрүүтэй гэсэн ганц хоёр зүйл дээр санал хураагаад явчихаж байна л даа. Хуучны заалт болгоныг баталдаг байсан тогтолцооны хувьд ул суурьтай, тал бүрээс нь хэлэлцэх бололцоо байсан ч маш удаан байсан юм. Эдийн засаг хурдан өөрчлөгдөж байгаа үед ингэж удах  нь сул тал гэдгийг үгүйсгэх аргагүй.

-Нэг бүрчлэн заалт бүрээр нь хянаж яагаад болохгүй гэж? Намуудын бүлэг нь байна. Бүхэл бүтэн УИХ-ын хуулийн хэлтэс гээд том алба байна шүү дээ?

-УИХ-ын гишүүд олон тийш явж хөгжилтэй орнуудаас туршлага судалсан. Өндөр хөгжилтэй орнуудын хууль хэлэлцэж баталж буй процесс манайхтай хэлбэр талаасаа адил мэт боловч цаанаа  дэд бүтэц нь тэс ондоо. Хамгийн наад зах нь парламент нь маш хүчирхэг шинжээчдийн групптэй. Намын бүлгүүд нь хүчирхэг. Ард нь чадалтай институтууд ажиллаж байдаг. Тийм учраас оруулж ирж байгаа хуулийн заалт, үг үсэг, таслал, цэг бүрийг шинжээчдийн түвшинд хянаж цэгнэчихээд, зарчмын үндсэн асуудлуудаа чуулган руугаа оруулж ирдэг. Гэтэл манайд тийм юм байхгүй. Манай АН-ын бүлгийн аппаратыг аваад үз л дээ. Таван хүн л бий. Тэр хүмүүс маань хуулийн эксперт, шинжээчдийн түвшинд хэр зэрэг бэлтгэгдсэн билээ. Хуулийн төсөл оруулж ирж байгаа яамдад ажилладаг төрийн албан хаагчдын чанар чансаа хэр билээ. Чадварлаг, мэргэшсэн хэсэг бий. Гэхдээ ихэнх нь даргын цүнхийг барьж явсан хүмүүс. Өгүүлбэрээ хүртэл алдаатай бичдэг хүмүүс яам, тамгын газарт ажиллаж байна.

-Төв банкны одоогийн ерөнхийлөгчийг өмнөх удирдлагаасаа сул, аймхай, бодлогын ямар  нэг арга хэрэгсэл ашиглахгүй, долларын ханшийг зөнд нь тавиад суучихлаа гэж шүүмжилж байна. Төв банкны ерөнхийлөгч үнэхээр ажлаа хийж чадахгүй байна уу?

-Төв банкны бодлого бие даасан, хараат бус байх ёстой. Засгийн газраасаа хараат бус, дарамт шахалтад нь орохгүй байна гэсэн санаа. Хоёрдугаарт УИХ-ын дарамт шахалтаас ч гадна байна гэсэн үг. Хараат бус байдлыг нь тунхагласан боловч үнэн хэрэгтээ хэрэгжүүлж чадахгүй байна л даа. Хоёрдугаар асуудал нь төв банкны үйл ажиллагааны хүрээнд Засгийн газартайгаа хамтарч ажиллах механизм, суваг, хэрэгслүүд бүрэн төлөвшиж өгөөгүй. Хараат бус байна гэдгийг хоёр тийшээ хараад суучихна гэж ойлгоод байх шиг санагддаг. Зүй нь нэг л эдийн засгийг удирдаж байгаа. Нэг нь мөнгө талаас, нөгөө нь зарлага, сангийн бодлого талаас нь удирддаг. Н.Золжаргалын хувьд их олон санаачлага зоригтой гаргаж тавьж байсан. Тэр бүхнээ уялдуулж хослуулж, зүгшрүүлэх чигийн зүйл хийгдэхгүй байна л даа. Валютын ханш, зээлийн хүү өнөөдрийн халуун сэдэв болж байна. Монгол банк энэ асуудлуудыг дангаараа хийж амжихгүй.  Хүссэн ч чадахгүй. Засгийн газартайгаа хамтарч, бодлогоо уялдуулж байж хийх ёстой. Гэтэл тэрийгээ хангаж чадахгүй байна л даа. Н.Баяртсайханы анхаарлаа хандуулах ёстой нэг асуудал байсан. Яаж Засгийн газар, бусад байгууллагатайгаа хамтарч макро эдийн засгийн бодлогыг явуулах вэ гэдэгт анхаарах ёстой байсан юм. Гэтэл энэ ажил хийгдсэнгүй.

-Доллар өслөө, шатахууны үнэ нэмэгдлээ, өргөн хэрэглэээний барааны үнэ өндрөө авч байна. Ийм үед төв банк инфляцийг багасгаж хэллээ гэсэн шүүмжлэл хэлэх эдийн засагч олон бий. Инфляци зургаан хувь хүрээгүй гэж төв банк хэлж байгаа, нөгөө талд эдийн засагчид 10 давчихсан гэх юм. Таны бодлыг сонсъё?

-Та бид хоёрын ярилцаж суугаа аравдугаар сарын 16-ны өдрийн янзаар бол инфляциа алдах нь тодорхой байна. Валютын ханшаа ч гэсэн туугаад тавьчихна. Энэ асуудлыг шийдье гэвэл Засгийн газартайгаа хамтарч байж нэлээд дорвитой, шийдэмгий арга хэмжээнүүд авах ёстой.

-Инфляцийг барих ямар арга, шийдэл байна. Танд гарц харагдаж байна уу?

-Инфляцийг барих уу, үгүй гэдэг нь тухайн орны хөгжил, өмнөө тавьсан зорилттой холбоотой асуудал. Зарим улс инфляцитай байхсан гэж мөрөөдөж байна. Жишээ нь Япон. Манайд инфляци бол нийгмийн хүчтэй цохилт өгдөг. Ядуурлыг улам нэмдэг хүчин зүйл учраас хүлээн зөвшөөрөхөд хэцүү эд. Гэхдээ энэ маань эдийн засгийн өсөлттэй уялдаатай. Эдийн засаг 17, 18 хувиар өсч байхад зургаа, найм, цаашлаад арван хувийн инфляци юу ч биш. Харин эдийн засгийн өнөөдрийнх шиг бага хувьтай, өсөлтийнх нь гол шалтгаан уул уурхай болчихсон тохиолдолд найм, арван хувийн инфляцийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү.

-Үнэ бүрэн чөлөөлөх ёстой, эрчим хүчний үнийг эхний ээлжинд чөлөөлөхгүй бол зах зээлийн жамаараа урагшлахад төвөгтэй гэсэн байр суурь бий. Эрчим хүчний үнэ чөлөөлөхийн давуу болон сөрөг тал нь юу бол?

-Өнөөдөр эрчим хүчний үнэ татаастай байгаа. Орлого багатай, орлого сайтай айл байна гэж төсөөлье. Эрчим хүчний хэрэглээн дээр хамгийн их татаас авч байгаа нь их хэрэглээтэй чинээлэг айлууд. Нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгааг өөгшүүлж байгаа хэрэг. Баячууд нь улам их татаас авч, сайхан амьдраад байдаг. Ингээд харахаар нийт ард түмний тусын тулд үнэ чөлөөлөх боломж алга гэсэн тайлбар худлаа болж таарч байна. Энэ утгаараа эрчим хүчний үнэ чөлөөлөх нь зөв. Их хэрэглэдэг хүмүүс нь их, бага хэрэглэдэг нь бага төлдөг систем нь байх ёстой. Гэхдээ хүн амын ерөнхий бүтцийг нь харахаар манай улсын баян өрхийн хувь бага. Манай улсын ядуурлын түвшин 29 хувьтай гардаг. Гурван хүний нэг нь шахуу гэсэн үг. Тэгэхээр үнэ чөлөөлөхөд хөлд нь үрэгдэх хүмүүс олон болчихоод байгаа юм. Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлт, татаас хүрэх ёстойдоо очих учиртай. Тэр механизмыг бүрдүүлж амжаагүй нөхцөлд эрчим хүчний үнэ чөлөөлнө гэж ярих дэндүү гэнэн хэрэг.

-Төр уул уурхай гэх мэт мөнгө ихтэй бизнес рүү хүчтэй оролцох сонирхолтой нь анзаарагддаг. Ер нь төр бизнес рүү орох нь зах зээлийн зарчим талаасаа хэр зөв хандлага вэ?

-Уул уурхайн салбар руу төр орох гээд байна гэхээс илүү хувь хүмүүс, ашиг сонирхлын бүлгүүд, мафи, олигархиуд л орох гээд байгаа шүү дээ. Энэ хэсэг хүмүүс төрөөр дамжуулж орон зай, нэр нөлөөгөө хүчирхэгжүүлэх гэж оролдоод байна. Ер нь макро төвшинд эдийн засгийн зохицуулалтын арга хэрэгслүүд зайлшгүй хэрэгтэй. Төр орох юмандаа орж чаддаг байх ёстой. Орсон бол бодлоготой, бэлтгэлтэй, дорвитой ордог байх учиртай. Орохгүй юм гэж бас бий.

-Төрийг чадамжтай болгохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам гэвэл та юуг онцлох вэ?

-Төрийн албыг бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албанд чансаатай, экспертүүдийн төвшинд ажиллаж чаддаг арми бий болчихвол УИХ-ын гишүүн бөх, дуучин, яруу найрагч байх эсэх нь чухал биш. Сайд дарга нь хэн ч байсан хамаагүй хэрэг болно. Ерөнхийлөгчийн барьж авах гол асуудал энэ л дээ. Хоёрдугаарт төрийн албанд хүмүүсийг гаргаж ирдэг механизм дээрээ анзаарах ёстой. Мэдлэгтэй, чадвартай, шударга, ёс суртахуунтай хүмүүсийг гаргаж ирдэг механизм байхгүй болчихсон. Ганц шалгуур нь мөнгө болчихоод байна л даа. Зүй нь ийм хүмүүсийг намууд гаргаж ирэх ёстой. Гэтэл намууд цүнхийг нь барьж явсан хүмүүсийг гаргаж ирдэг тогтолцоо руу хальтирсан. Үүн дээр улс төрийн намууд онцгой анхаарах ёстой. Гуравдугаар асуудал хариуцлагын тогтолцоотой холбоотой. Сүүлийн үед бүх юм Үндсэн хуулиас боллоо, өөрчилье гэх боллоо. Цаг нь болсон бол өөрчлөх ёстой. Гэхдээ тал бүрээс нь бодож байж өөрчлөх учиртай. Бүх юмыг ард түмэн тэглээ гэж халхавчилна гэдэг бол том аюул.

-Монгол Улсын аюулгүй байдал, хоёр хөрштэйгөө харилцах харилцаа ямар түвшинд байх ёстой вэ?

-Гадаад бодлого тууштай, залгамж чанартай байх ёстой. Хоёр хөрштэйгөө маш сайн харилцаатай байх учиртай. Энэ бол манай улсын гадаад бодлогын амин сүнс. Харамсалтай нь бид хоёр хөрштэйгөө яаж харилцах ёстой вэ гэдгээ одоо хүртэл ойлгоогүй явж байгаа. Гадаад бодлогын үйл ажиллагаанд сэтгэлийн хөдөлгөөн байж болохгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах хандлагууд анзаарагдаад байна. Гадаад бодлогод хувийн бизнесийн ашиг сонирхлоор хандаж болохгүй. Төрийн өндөрлөгт гарч ирсэн хүмүүс хувийн бизнесийнхээ үүднээс гадаад бодлогыг явуулах гэж оролдоод байх шиг. Ийм гурван зүйл ажиглагдаж байна. Болгоомжлох хэрэгтэй.

-Дэлхийн улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж магадгүй гэсэн дүгнэлт сонсогдож эхэллээ. Хэрвээ үнэн бол бид ч дэлхийтэй яаж харилцах тухайгаа бодож эхлэх ёстой байх, тийм үү?

-Их том өөрчлөлтийн эхлэл үед байх шиг байна. Тав, арван жилийн дараа дэлхий дээр улс төрийн газрын зураг, хүчний харьцаа талаасаа нэлээд өөрчлөгдөх байх. Европын холбооны үүрэг цаашид ямар байх, АНУ, Хятад яах юм, одоогоор хэлэхэд эрт байна. Би саяхан Грхэм Алисон гээд Харвардын профессорын “Дайнд хөтлөхүй” гэдэг номыг уншлаа. Хамгийн том гүрэн нь байр сууриа алдахгүйн төлөө чармайдаг, шинээр хүчтэй өндийж буй гүрэн нь орон зайгаа тэлэх гэж оролддог, тэр хоёрын хоорондын зөрчил нь дайнд хүргэдэг гэсэн эртний Грекийн Афин Спарта хоёрын тулалдаан байдаг юм. Тэр дайны түүх дээр тулгуурлаад энэ нь орчин цагт ямархуу байж болох вэ гэдгийг бичсэн сүрхий ном бий л дээ. АНУ супер гүрэн, ноёрхлоо хадгалах чиглэлээр байж болох бүх хэрэгслээ бүрэн ашиглаж байна. Гэтэл хажууд нь БНХАУ гээд маш хүчирхэг гүрэн гарч ирж байна. Ер нь дэлхий дээрх хүчний харилцаа нэлээд өөрчлөгдөх байх.

-Нам төлөвшиж байж төр төлөвших юм байна. Төр засгийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр гол намын төлөвшиж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Сайн ч муу ч шалгарсан намууд. Өнөөгийн ертөнцөд түүхэн үүргээ гүйцэтгэж чадаж яваа эсэх дээр шүүмжлэх зүйл бий. Төрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг улс төрийн хүчин биш болчихлоо л доо. Төрөөр дамжуулж эрх мэдэлд хүрээд улсын юмыг хулгайлж хувааж иддэг хэсэг бүлэг хүмүүсийн хэрэгсэл болчих аюул анзаарагдаж байна. Тийм шинж тэмдэг тод харагдаж байгаа нь хамгийн том аюул.

-МАН-ын дотоод хагарал хурцдаад байна. Төр тогтворгүй байхын том шалтгаан нь эрх баригч намын хагарал. Нам доторх хагарлын талаар таны санаа оноог сонсъё?

-Гайхахаар содон зүйл огт биш. Хагарлаа шийдэж чадах лидер хоёр намд алга. Сонгогчид сэтгэлийн хөдөлгөөнөөр сонголтоо хийдэг болчихсон. Яг нарийн учир утгыг нь ойлгож дүгнээд бие даасан байр сууриар сонголт хийдэг байдал сонгуулиас сонгуулийн хооронд багасаад байна. Сэтгэлийг нь хөдөлгөсөн хүн л сонгогдож байгаа. Монгол ялна гээд хашгирвал сонгогдох магадлал хамаагүй илүү. Зохистой асуудлыг сөхөөд, тэрэндээ анализ хийгээд ярьж байгаа хүн сонгогдох магадлал маш бага. МАН-д өнөөгийн байдлаар гайхамшигтай хийж бүтээсэн юм бага байна. АН-ын хувьд МАН-д болж буй үйл явдал дээр маш том анализ хийж сургамж авах ёстой. АН-ыг зангидах зүйл нь юу байна вэ гэдгийг одооноос судлаад хүнээ гаргаж ирэх ёстой юм л даа.

-Дахин засаг унах уу? Зарим нэг хүмүүс засаг унах магадлалтай гэх юм?

-За да засаг унахгүй л болов уу даа. Миний харж байгаагаар. Гэхдээ бас хэлж мэдэхгүй шүү дээ. Юм чинь яаж ч эргэж, хөрвөж болохоор болчихсон байна шүү дээ?

-АН шинэчлэл ярьж эхэлсэн. АН-ын давуу, сул тал гээд сонирхвол танд хэлэх зүйл бий байх…?

-Шинэчлэл ярих нь зүйтэй. Гэхдээ яаж шинэчлэх вэ гэдэг асуудал нь өөрөө их чухал. Дарга нараа нийт намын гишүүдээрээ сонгоно гэж байна. Нэг бодлын гоё юм шиг. Ардчилалтай, нээлттэй юм шиг харагдаж байна.

-Та намынхаа ажилд оролцож байна уу?

-Нэг их оролцохгүй байгаа. Холоос харж байна. Холоос хараад чимээгүй сууна гэдэг намын ажилд оролцож байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож суугаа. Намын удирдлагад төлөвлөсөн, санасан юм бий. Өөрсдийнхөө харснаар төлөвлөснөө хийх хугацааг нь өгөх ёстой. Харин дараа нь шүүмжилж болно.

-Улстөрч хүн чинь мартагдахгүйн тулд идэвхитэй ажиллах ёстой юм биш үү?

-Уг нь тийм. Гэхдээ би тийм хүн биш шиг байна.

-АН өнгөрсөн сонгуулиар яагаад ялагдчихав аа? Есхөн суудал автлаа нам тавиуллаа шүү дээ? Шалтгаан нь…

-Ялагдсан шалтгаан нь маш тодорхой. Намын эв нэгдлээ хангадаг механизмаа бид бүрдүүлж чадаагүй. Хариуцлагын тогтолцоогоо бид хэрэгжүүлж чадаагүй. Нам доторхи үл ойлголцол бас нөлөөлсөн. Ийм гурван алдаанаас болж есхөн суудал автлаа ялагдсан.

-2020 оны сонгуулийг хэрхэн харж байна вэ, та нэр дэвших үү?

-Нэр дэвших эсэх нь надаас хамаарах асуудал биш. Намын шийдэх асуудал. Одоогийн байдлаар бол надад нэр дэвших орон зай байхгүй. Үлдэж буй хугацаанд юу болох юм бүү мэд. 2020 оны сонгуулиар АН, МАН-аас хэдэн суудал илүү авах байх. Гэхдээ үнэмлэхүй олонхи болж чадахгүй. Үлдэж байгаа суудлууд дээр нь эрээвэр, хураавар юм их гарч ирэх болов уу. Тэгэхээр 2020 оны сонгуулийн үр дүнд их л эрээвэр, хураавар парламент бүрдэх болов уу гэсэн бодол байна.

П.ОЮУНСУВД

“АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН

One thought on “Р.Амаржаргал: Монгол төрийн бодлогыг том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

  1. ЗОЧИН

    Нээх л ном уншсан, бодолд автсан, зөөлөн чимээгүй, хүнд гай тарихгүй бөөрөнхийлсөн шаал сонин санадчихлаа

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага