​Ж.Сарангэрэл: Залуус уургийн бэлдмэл, сэргээш ихээр хэрэглэж байгаа нь тархины цус харвахад хүргэж байна
2018 оны Octoberын 26

Монголын нейрологийн нийгэмлэгийн тэргүүн, мэдрэлийн их эмч, анагаахын ухааны доктор Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.     

 

Монголд тархины цус харвалт жилээс жилд нэмэгдэж ДЭМБ-аас гаргасан харвалтын тархалт өндөр орны тоонд багтаад байгаа. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд манай улсад тархины цус харвалт нэмэгдэх хандлагатай байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Харвалт бол зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа.  Харвалтыг төгс эмчлэх боломжгүй байдаг тул урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Харвалтын анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байдаг. Анхдагч урьдчилан сэргийлэх эмчилгээ гэдэгт нь хүн бүр өөрийн зүгээс харвах эрсдэл байна уу гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Өдөр тутмын стресс хэр их байна, хэр их хөдөлгөөнтэй байна, хоололтоо хэр их анхаарч байна, даралтаа ойр ойрхон хэмжиж байна уу, чихрийн шижингийн урьдчилан сэрийглэх үзлэгт хамрагддаг уу гэх зэргээр өөртөө анхаарч, өөрийгөө хянах шаардлагатай байдаг. Хоёрдогч урьдчилсан сэргийлэх гэдэг нь дахин харвахгүй байх, өмнө нь яагаад харвасан тухайн шалтгаанаа тодорхой болгож, анхаарал хандуулах шаардлагатай.  Амьдралын хэв маяг дээрээ анхаарах ёстой гэсэн үг.

Тархины цус харвахад хүргэж байгаа гол шалтгаан нь даралт ихсэх өвчин тул даралтаа тогтмол хянах шаардлагатай. Зарим хүн өглөө бүр даралтаа хэмждэг, зарим нь сард нэг удаа хэмждэг. Зөв хэмжилт нь өдөр бүр  хэмжих юм. Түүнээс гадна даралтны эмийг тогтмол хэрэглэх  шаардлагатай.

Мөн харвалтад зүрхний эмгэг нөлөөлнө. Ер нь харвалт бол зүрх судасны өвчний тоонд багтдаг.  Зүрхний өвчлөл дээр онцгой анхаарах ёстой. Харвасан хүн бүр зүрхний эмчийн онцгой хяналтад байх ёстой. Зүрхний бичлэг хийлгэх, эхо шинжилгээ хийлгэх шаардлагатай.

 

-Даралтыг эм уухгүйгээр буулгах арга бий юу?

-Даралт ихсэх өвчин гэж бий. Энэ бол бие даасан өвчин. Даралт ихсэх өвчин нь ихэнх тохиолдолд удамшлын шалтгаантай байдаг.  Удамшлын шалтгааныг өөрчлөх боломжгүй.  Эмийн бус эмчилгээнд дараах хүчин зүйлс багтана.

Нэгд, даралт ихсэх өвчинд нөлөөлдөг хүчин зүйл удамшлаас гадна хоололт,  давсны хэрэглээ нөлөөлдөг. Тогтмол бага хэмжээгээр хооллох ёстой. Хэт их хоол идэх нь даралтыг хэт буулгадаг. Хэт их хэт их буулгахчихаар дараа нь огцом ихсэх эрсдэл бий болдог. Огцом буурч, огцом нэмэгдэж буй даралтны хэлбэлзэл цус харвахад хүргэдэг. Тиймд идэж буй хоолны хэмжээндээ анхаарах ёстой.

Хоёрт, архины төрлийн ундааг хэт их хэрэглэх үед даралт буурч судас тэлдэг. Маргааш өдөр нь хүний бие организм хорыг гадагшлуулах явцад судас хэт их агшиж даралт огцом өсөх аюултай болдог. Энэ үед харвах эрсдэл маш өндөр байдаг.   Архины хэрэглээгээ багасгах, хянах шаардлагатай.

Гуравт, хоол хүнснээс гадна хөдөлгөөн чухал. Цаг  30 минут ширээний ард хөдөлгөөнгүй суух юм бол бодисын солилцоо зогсонги байдалд орж даралт ихсэж эхэлнэ. Тиймд цаг тутамд боломжтой бол 30 минут тутамд хөдөлж байх ёстой.

Дөрөвт, эмийн бус аргаар даралт буулгах  хамгийн сайн арга бол нойр.   Бүтэн нойр аваагүй хүний даралт маргааш нь заавал ихэсдэг.

Ахмад настай хүмүүс л харвадаг гэсэн ойлголт, хандлага бидний дунд байдаг. Гэтэл сүүлийн үед залуу хүмүүс тархины цус харвах тохиолдол нэмэгдэж байгаа гэлээ. Өвчлөлийн насжилт яг ямар байна вэ?  

-Сүүлийн үед 19, 20 настай залуус харвах тохиолдол их гарч байгаа. Залуу хүмүүсийн харвалтад нөлөөлж буй гол хоёр хүчин зүйл бол удамшлын судасны эмгэг, зүрхний эмгэгүүд байна. Түүнээс гадна амьдралын хэв мяаг байна. Хэт их стресстэх, нойроо хасах, хөдөлгөөний дутагдал нөлөөлж байна. Залуус маш оройтож унтдаг, орой унтахын өмнө фэйсбүүк, гар утсаа удаан хугацаагаар шагайдаг. Цахим хэрэгслийн хэт их хэрэглээ бол хүнийг нойргүй болгочихдог. Нойргүй удаан явж, хэт их стресстэй ажилласнаар харвахад хүргэж байгаа юм.

Мөн фитнессээр ихээр хичээллэж, уургийн бэлдмэл, төрөл бүрийн сэргээш хэрэглэж байгаа нь залуусыг тархины цус харвахад нөлөөлж байна. Фитнессээр хичээллэх нь мэдээж хэрэг эрүүл мэндэд сайн. Хүнд дасгал хөдөлгөөн хэрэгтэй.  Фитнессээр хичээллэхийн хажуугаар нэмэлт уургийн бэлдмэл, төрөл бүрийн сэргээш хэрэглээд байна. Энэ нь зүрх судасны тогтолцоог хэт их сэргээж, даралтыг ихэсгэж, зүрхний ачааллыг ихэсгэдэг.  Улмаар тархины цус харвахад хүргэж байна. Финтессээр хичээллэж болно,  нэмэлт уургийн бэлдмэл, сэргээш хэрэглэж болохгүй.

Ходоод хоолноос биш сэтгэцээс болж өвчилдөг

-Нойргүй удаан явж, хэт их стресстэх нь  тархины цус харвахад хүргэж байна гэлээ. Нойргүй удаан явснаар сэтгэцийн эмгэгтэй болох уу?

-Нойр хүний тархи оюун ухааныг амраахаас гадна хүний бие организм, дотор эрхтэн, дотоод шүүрлийн тогтолцоо тэр чигээрээ амарч, сэргэж авдаг.  Нэг хоногоос илүү хугацаагаар нойргүй явж болохгүй.  Нойргүй удаан явах нь сэтгэцэд нөлөөлнө. Амархан уурлана, оюуны хөдөлмөр эрхлэх чадвар буурна гэх зэргээр.

Хүн ядрах гэдэг бол амьдралын хэв маяг дээрээс нь сэтгэл санааны байдлаас хамаардаг.  Хэт их ядарна гэдэг өдөр тутмын хийх ёстой ажлаа хийх чадвар нь буурахыг хэлж байгаа юм.  Уг нь ядрах өвчин, ядрах онош гэж байхгүй. Мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж манайхан их ярьдаг. Тийм онош байхгүй.  Нойр муудахаар ядарна, харилцаанд өрчлөлт орно, сэтгэл хөдлөл өөрчлөгддөг. Мөн нуруу өвддөг, булчин шөрмөс чангардаг, толгой дүүрч өддөг, хараа өөрчлөгддөг. Хэт их ядарсан стресстэй хүний ходоодны үйл ажиллагаа өөрчлөгддөг. Ходоодны өвчин бол хоолноос илүү сэтгэцээс хамааралтай байдаг.  Ходоод халдварын шалтгаантай биш л бол сэтгэцийн өвчин байдаг.

itoim.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага