Б.ЛХАГВАЖАВ: 33 мянган аж ахуйн нэгж, 34 их наядын ажил, үйлчилгээгээ ил болгосон
2018 оны Octoberын 31

МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын ярилцлагыг хүргэж байна.

УИХ дээр төсөв мөнгөний бодлогыг хэлэлцээд эхэлсэн. Ирэх жил татварын шинэчлэл хийх замаар орлогыг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа нь татварын хэмжээг нэмэх гээд байна уу, хүрээг нь нэмэх гэж байна уу гэсэн эргэлзээг төрүүлж байна. Та энийг юу гэж харж байна?

Яг энэ цаг үед УИХ төсөв хэлэлцэх замаар эдийн засаг гэдэг тэр бүтцэд өөрийн биеэр оролцдог.  Манай төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлж байна. 2015 онд НӨАТ-ын хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баталж өгсний үр дүнд 90 гаруй мянган цэг дээр орлогоо бүртгэдэг болсон. Энэ хавраас хойш яригдаж байгаа татварын багц хуулийн гол зорилго нь энэ орлогын эх үүсвэр дээрээ үндэслээд дараа дараагийн татвараа авах дүрмийг бий болгох гээд байгаа юм.

Татварын өөрчлөлтөөр орлого нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

Орлогоо нэмэх гээд байгаа юм. Саяын 3 жилийн хугацаанд татварынхаа бааз суурийг бүртгэснээрээ дараагийн төрлийн татваруудыг орлогоор нь авдаг болох механизмыг бий болгох гээд байгаа юм. Энэ онд татвар төлөгч бид 2 их наядын татвар илүү төлсөн байна. Буцаагаад тэр 2 их наяд татвар төлөгчиддөө зориулагдах ёстой. Тэрнээс биш төрийн 198 мянган хүний сайн, сайнхны төлөө ч гэдэг юм уу зарцуулагдах ёсгүй. Энэ шинэчилсэн хуулиар өмнө нь авдаг байсан бүх татваруудаа авна. Харин зөрчигдөөд байсан иргэнээ худалдаанд орохыг хориглох, иргэнээ өмчгүй байх ёстой, хөдөлмөрийн харилцаанд чөлөөтэй оролцохыг хориглодог зарчмыг байхгүй болгох зорилготой. Бид 70 жил социализмын ийм хатуу заалтуудаар явлаа.    

Татварын багц хуулиар татвараас зугтаах, зайлсхийх явдлууд алга болно гэж ойлгож болох уу?

Бид гол нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд татварынхаа бааз суурийг бүртгэлжүүлсэн. Одоо энэ бүртгэсэн дээрээ дараагийн төрлийн татварын орлогоо ахиухан авдаг механизмыг хийж байна. Өмнө нь Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргаж, дараа нь НӨАТ-ын системийг иргэндээ буцааж олгодог механизмыг оруулж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны дүнд өнөөдөр үр шим нь бий болж байна.

Одоо энэ өргөн барьсан татварын багц хуулийн өөрчлөлт бол татвараас зугтаадаггүй, татвар төлдөггүй тэр механизмыг халж өгч байгаа гэсэн үг. Бид хуучин нийт авах ёстой татвараа авч чаддаггүй байлаа. Төр маань авах ёстой татварынхаа 30-40 хувийг л авдаг, харин 50-60 хувь нь хар зах зээл буюу татвар авагддаггүй хэсэг байсан. Харин сүүлийн 3 жилд энэ хар зах зээлээс авдаг болсон. Энэ онд татварын орлого 2 их наядаар давж биелэх юм. Бид орлогын бүх цэгийг бүртгэж чадаж байна. Ялангуяа худалдаа, үйлчилгээний цэгүүдийг. Харин үйлдвэрлэл, уул уурхай ч юм уу том цэгүүдийн бүртгэлийг сайн авч чадахгүй тохиолдол байна.

2 их наяд төгрөгийн илүү татвар төлсний нууц нь юундаа байна вэ? Татвар төлөгчдөө дарамт үүсгээд авсан уу?

Манай баялаг бүтээгчид 2012 оноос эхлээд хямралын 4 жилийг давж гарч ирсэн. Том зовлон дундуур туулсан 4 жил байлаа. Ёстой ажлын байраа алдахгүй, цалингийн төлөө л ажилласан. Энэ бүхнээс гарахын тулд эрх чөлөөг өгөх юм байна гэж үзээд ил тодын хуулийг батлуулсан. Үүний үр дүнд 33 мянган аж ахуйн нэгж, 34 их наядын ажил, үйлчилгээгээ ил болгосон. Үр дүнд нь улс орон үр шимийг нь хүртэж байна.

Манай төр дэндүү энэрэнгүй загнаад байгаа учраас авах ёстой татвараа авч чадахгүй байна. Авах ёстой л бол авах ёстой гэж та хэлж байсан. Энэ талаар?

Ер нь гол асуудал бол татварыг жигд авах ёстой гэдэг шудрага зарчим бий. Харин манайд өнгөрсөн хугацаанд татвараа өгдөг нэг хэсэг байсан. Улсын төсвийн 93 хувийг бүрдүүлж байгаа 500 компани л байдаг. Байнга тайлангаа өгдөг энэ хүмүүстээ манай татварын систем маш их дарамттай. Гэтэл хажуу талд нь авах ёстой хүнээс нь авч чадаагүй манай төрийн буруу. Татварыг авах ёстой хүнээс нь авах л ёстой. Өмнө нь манай татварын системүүд татвараас зугтаах нөхцөлийг бүрдүүлж байсан.

Тиймээс энэ өргөн бариад байгаа татварын багц системээр дамжуулан тэр зугтаадаггүй механизмыг оруулж ирэх гэж үзээд байгаа юм. Үүнийг манай бизнес эрхлэгчид дэмжиж байгаа. Тэд шудрагаар саналаа тавьдаг болсон. Жишээ нь хэн татвар төлж байна, тэр зах зээлийн эзэн больё, түүнээс биш татвараа төлдөггүй этгээдэд тэр зах зээлийг өгөх хэрэггүй. Тэр хуушуур зарж байна уу, уул уурхай эрхэлж байна уу хамаагүй. Нөгөөтэйгүүр татвараа төлснөөрөө улсаа баян болгоё. Татвар төлөхгүй байгаа юм чинь улс ядуу байх нь аргагүй шүү дээ.

Саяхан алтны форум дээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэлэхдээ “энэ жил 22 тн алт олборлосон. Түүний 12 тн иргэд тушаасан. Харин цаана нь бид 20 тн-тэй тэнцэхүйц алтыг бүртгэж чадсангүй” гэж хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл 800 сая долларын алтаа авч чадаагүй байна гэдэг бол төр ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Бүхэл бүтэн лиценз олгочихоод татвараа авч чадахгүй юм бол төр гэж байгаад яах юм бэ. Бараг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах хэмжээний алтнаас татвараа авч чадаагүй л байгаа байхгүй юу. Үүнийг хянадаг татварын механизм одоо манайд алга.

Одоо бидний татварын системийн өөрчлөлт нь хуушуурын бизнесээ хянадаг болчихлоо. Гэтэл манай төрийн нийтийн хамааралтай өмч дээр тоглож байгаа энэ уул уурхай, нүүрс, зэс, алт, жонш, төмөр гээд энэ бүгдээсээ бид 100 хувь татвараа авч байна уу гэдэг л асуудал болоод байна. Сүүлийн 27 жил төрийн нийтийн хамааралтай өмчийг хамгаалсан хууль гаргаагүй. Үндсэн хуулин дээр өмчийн эрхийг хуулиар хамгаална л гэж байгаа. Энэ хууль зөвхөн улс төрийн эрх мэдлээр дамжиж хэсэг бүлэг хүмүүст төрийн нийтийн хамааралтай өмчийг очих нөхцлийг бүрдүүлж байна. Сүүлийн 4 жилийн хямралын оношийг тогтоох юм бол төрийн нийтийн хамааралтай өмч дээр эзэн суусан хүмүүсийн, эздийн хоорондын зодоон болсон.

2019 оны төсөвт татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дээр 600-700 орчим тэрбум төгрөг орж ирсэн байсан. Зарим гишүүдийн хувьд ингэж хөнгөлж, чөлөөлөх хэрэг байна уу, татварын орлоыгн бүрдүүлэлт чинь хүрэхгүй юм биз дээ гэсэн хандлага байсан.

Татварын шинэ багц хуулийг баталчих юм бол аж ахуйн нэгжийн өсөх, хөгжих байгалийн жамынх нь амжилтанд зориулсан татварын систем оруулж ирж байгаа юм. Эхний 2 жил татвар төлөхгүй, 1 хувийн татвараа төлнө, өндөр үедээ өндөр татвар төлнө, буурах үедээ бага татвар төлнө гээд. Одоо байгаа 150-аад мянган аж ахуйн нэгжийг бүртгэдэг орлогын албан татварын систем мөн орж ирж байгаа юм шүү.

Сүүлийн 25 жилийн татварын хууль эрх зүйг судлаад үзэхэд манайд 150-аад янзын өөрчлөлт орсон байдаг. Үүний 90 нь лобби байдаг.  Сонгодог жишээ нь 2001 онд Бро Гоулд дээр алтыг тэг татвартай болгосон. Үүнийг далимдуулаад маш их хөнгөлөлт эдэлсэн.

Эдийн засаг тэлж байгаа юм шиг харагдаж байгаа ч бүтээмж дээшлээгүй юм шүү. Бид татвар авдаггүй субьектээсээ татвар авдаг болсноор эдийн засаг өссөн юм шиг харагдаад байгаа. Гэтэл бүтээмж дээшлээгүй байгаа тохиолдолд энэ илүү гарсан жоохон орлогоо битгий дахиад энэ хатуу бүтэц рүү тараачих вий гэдгийг анхааруулаад байгаа. Хатуу бүтэц гэдэг нь зам, барилга, эрчим хүч гээд. Одоо зөөлөн бүтэц рүүгээ ажлын байр, үйлдвэрлэл, технологид зарцуулах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага