Энэ бөгсөндөө пуржинтэй юм шиг товарищ ч нилээн жанцантай
2018 оны Novemberын 5

Н. Нарантуул

ЛАМ & БӨӨ
Өнөө өглөө Эрдэнээ захирал өрөөндөө ороод хэсэг байзнаснаа тир тар, тас няс болоод хаалгаа дэлбэлэх шахам гараад ирлээ. Гараад ирлээ ч гэж дээ бараг бөмбөг шиг ойгоод ороод ирэв. Тэр гээд амьсгаадаад өрөөнийхөө зурагт руу заагаад үг хэлж чадалгүй хэсэг түгжрэлд орсны дараа уужим амьсгаа авч “Хэрлээн ус, ус” гэж орилов. Хэрлэн ажилдаа ирээгүй л дээ. Балжидмааг ус хийж өгсөний дараа жаал тайвшираад “Чи нааш ир” гэж над руу дохисноо, “За, за болохгүй юм байна, Алив ахлах менежерүүд ороод ир” гэлээ. Надтай холбоотой маапаантай хэрэг дэгдэх нь дэгдлээ дээ. Ямар хэрэг өдүүллээ гээд байж ядан сууж байтал нөгөө хэд гарч ирээд надаас дөлөөд хоорондоо л шивэр авир гэх нь миний тэвчээрийн хүлээсийг тас татлаа. Өөрийн мэдэлгүй “Юу болсон юм” гээд орилчихов. Юу ч болоогүй гэх тэдний дүйнгэ царай улам бачимдуулав. Эрчүүд “тамхилъя” гээд намайг орхиод гарлаа. Араас нь гаралтай биш сууж байтал хүүхнүүд хоорондоо маш аяархан “сүнс” гэсэн нь чихний далбанд ойгоод тархи руу орж ирмэгц өчигдөрийн явдал санаанд орлоо.


Ажлаа дуусаагүй надад орой Эрдэнээ захирал хоол, цай, бас миний захисан рулет авчирч өгөөд явсан юм. Араас нь гараад жийчихмээр байсан ч камертай болохоор цаг гаран нэт ухаж хэсэг суулаа. Ажил уу? Аль хэдийн дуусчихсан. Илүү цаг бичүүлэх гэж л нохойтож байгаа нь тэр. Саваагүй зан хөдлөөд камераа хакердлаа. Нууц үг нь үнэн амархан. Нөгөө Анугийн утасны арын дөрвөн тоо байдаг юм даа. Өөрийнхөө сууж байгаа видеог хувилаад шөнийн дөрөв хүртэл суусан болгож байснаа гэнэт дүрсгүйтмээр санагдаад. Та нар санаж байна уу? Оюутан цэрэг гэдэг хошин шог дээр гардаг цагаан хувцастай урдуураа үсээ унжуулсан сүнсний дүрсийг өөрийнхөө энэ тэрүүгээр баахан тойрч байгаа маягаар монтажлаад хадгалчихав. Тэрийгээ өглөө мартчихаж. Эрдэнээ захиралыг өглөө болгон камер шалгана гэж яаж мэдэхэв.
Үдээс хойш хоёр ламыг залаад иржээ. Намайг дуудаад бид хэд хамтдаа өчигдөрийн камерийн бичлэгийг үзлээ. Би ч навтайгаад л айсан дүртэй амьтан л суулаа. Нөгөө хоёр ламын нэг
-Орны даавуугаар биеэ ороогоод үсээ задгай тавьсан царай нь тэр гэж бараг танигдахаар сүнс байдгийг одоо л үзэж байна. Шарилын газар тойрч даян хийж байхдаа би л лав ийм юмтай таарч байгаагүй юм байна. Хотын сүнснүүд ганган байдаг юм байнаа гэж егөөдөөд Эрдэнээ захирал руу харахад номтой ламтай таарлаа гээд баярлаж байгаа бололтой буйдан дээр завилан суугаад, нүдээ анин, том гүзээн дээрээ алгаа хавсран ачсан хирнээ нүүрэндээ инээмсэглэл тодруулна.


Хонх дамар тачигнаад ном эхлэхэд дэмий л захиралыг дууриан алга хавсарсан болоод нэг нүдээ нээгээд сэмээрхэн хартал нөгөө лам бас нэг нүдээрээ намайг харж байдаг байгаа. Лам нар ном уншиж байхдаа “Өнөөдөрийн сүнс лаг хөөрхөн сүнс байна” гэж бодож байгаа болов уу гээд инээчихсэнээ анзаараад ахиад нэг нүдээрээ хартал намайг өрөөсөн нүдээрээ бас харж байна шүү. Архи, сүү, цагаан идээ зэргийг ийш тийш нь өргөснөөр ном өндөрлөлөө. Ах лам номоо баринтаглаж байснаа миний тархин дундуур нэг сайн татаад авлаа. Харин Эрдэнээ захиралд зөөлхөн адис хүртээж байна гээч.
-Энэ бөгсөндөө пуржинтэй юм шиг товарищ ч нилээн жанцантай нөхөр байна гэж намайг заагаад айлдаж байна. Жанцан гэж супер, аугаа, эрдэмтэй гэсэн үг болов уу гэж горьдоод чангаар
-Жанцан гэж юу гэсэн үг вэ? гэхэд
-Та нарынхаар бол но-той гэсэн үг гэж өөдөөс түлдэг юм даа.
Оройхон хирд хоёр хүүхэн ороод ирлээ. Эрдэнээ захирал намайг архи, вино, тавгын идээ аваад ир гэж зарахдаа бөө байгаа юм гэж шивэгнэж байна. Худлаа даа вино уудаг бөө гэж хаашаа харсан юм байдаг юм. Захирал шоудах л гэж байгаа биз гэж толгойд бодогдоод салсангүй. Нар жаргаж харанхуй болмогц нэг хүүхэн хэнгэрэг цэц дэлдээд үнэхээр бөөлж байна. Манай өрөө болон захиралын өрөөнд таазанд тогтоосон чанга яригч байдаг юм. Юунд ч ашиглаж байгаагүй эдийг тагнуулын хэрэгсэл болгон ашиглахаар захиралын өрөөний чанга яригчийн хэлхээг өөрчилж өөрийн комын СОМ гаралтад холбочихсон байсан юм. Шаардлагатай үед чанга яригчийг микрофон болгон ашиглана гэж тооцсон эд. Энэ удаа тэгэх шаардлага байсангүй. Нэтээс янз бүрийн дуу авиа татаад захиралын өрөөний чанга яригч дээр тоглуулаад байлаа. Хэнгэрэг цангын дуу өндөрсөөд эмгэн хоолойгоор “Яв чи, зайл чи” гэх нь тодхон сонсогдоно. Тэгж тэгж гэнэт чимээгүй боллоо. Салхийг нь тавь гээд л захиралын өрөөний хаалгыг хэн нэгэн онгойлгоход өрөөний голд нөгөө бөө тэрий буужээ. Дээрээс нь тонгойх улаач хүүхэндээ нэг юм хэлэхэд “Алив явъя, бид хоёрыг гаргаад өг” гээд орилж байна. Цүнхтэй юмыг нь аваад нөгөө хоёрыг гаргаж өгөхөд, хоёр талаас тас сугадаад “Ямар аймаар газар вэ? Бушуухан харъя” гэх нь шоучин охидуудыг санагдууллаа.

Эрдэнээ захиралын талаархи хошин цуврал Наймаахүү Нарантуул хуудсан дээр бараг нэг жил үргэлжлэн гарч байгаа юм. Та бүхэн миний хуудсаар орж өмнөх хэсгүүдийг уншиж үзвэл ойлгомжтой, улам сонирхолтой байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага