Орон гэрээс нь оргуулж босуулсандаа ч гэх үү, угийн хортой шартай, ажилч хүнийхээ аяар ч гэх үү, идэх уух, өмсөх зүүхээр хүний дор оруулсангүй
2018 оны Novemberын 5

Зохиолч Ц.Түмэнбаяр
Буруу энгэртэй дээл
… Улаан борыгоо унаж л явлаа хө хө
Усанд нь ойчоод сандарч явлаа хө хө
Учирсан амрагтаа очьё гэтэл хө хө
Усных нь багачуул дооглоод горьгүй нь хө хө гэсээр галигуулан ирэх нөхрийнх нь эрдүү цээл хоолой шөнийн намуун хязгаараас наашлан наашлахад Цэмцээ авгай чих тавин чагналаа. Тэрээр ухархай даган урсаж, алтан ээмгий нь мөлчийтөл угаасан нулимсаа арчин, тэрлэгээ ханцуйлаад, лаа барьж, үс гэзгээ янзлав. Аль болох тайван байх юмсан гэж мэрийсэндээ бие нь ялимгүй чичирнэ.
Бадрах уяан дээрээ ирэхдээ дуулахаа больж, тавь хол гарсан настай гэхээргүй сэвэлзсэн хөнгөн алхаагаар гэрийнхээ үүдэнд ирснээ тээнэгэлзэн зогсов. Жилийн өмнө яг л өнөөдрийнх шиг, гэхдээ гэгээн цагаан өдөр гаднаа ингэж хулган зогссон сон.

Хов жив ч бүр аль хэдийнээ хүрсэн. Хагархай хэнгэрэг шиг авгай хүүхнүүдийн яриа эхнэрийнх нь чихийг дэлсээд авсан гэдгийг лавтай мэдэж байлаа. Ядаж долоо хоног гэрийн бараа хараагүй. “За за дүүрч” гээд сэтгэл шулуудан, нэг сайн санаа алдаж аваад орж явчихав. Эхнэрийнхээ өөдөөс гэм хийсэн хүүхэд эцэг эхээсээ эмээх мэт хяламхийн хараад, хоймор өөдөө алхлаа. Цэмцээ ширэв татаад,
– Чи чинь гэрээ мартсан Гэсэр үү? Зүгээр л байгаарай Бадрах минь. Бага элэг бариарай. Хүнд чинь ичиж зовох, айх эмээх юм гэж байдаг. Чи чинь яасан ичих нүүрэндээ илэг наасан амьтан гээч вэ. Чиний өмнөөс би түмний нүүр харж чадахаа байлаа. Ядаж үеийн юм бол яая гэхсэн. Очиж очиж хүүхдээ болмоор нялх амьтантай нөхцөж явдаг. Яасан дүүрчихсэн толгой вэ. Амьтнаас ичээч. Та хоёрын тухай энэ говийн хад нь хангинаж, бут буйлж байна гэснээ хэлэх үг олдохгүй түгдэрсэн үү яасан хэсэг чимээгүй нүүр буруулан сууснаа,
– Чиний нөгөө морь мал уяна энэ тэр гэсэн чинь хаа байна. Чамайг авгай хүүхэн эргүүлж явах хооронд чинь наадам болох нь гэж эгээ л ээж нь хүүгээ аашилж буй мэт загнажээ. Бадрах “морь мал уях” гэсэн сайхан үгний сэжүүр шүүрч,


– Нээрээ тийм л дээ хө. Ер нь Лхүндэв гуайтай уулзъя. Ажил аяа бодъё гээд ухасхийн гарчээ. Гэрээсээ гарахдаа “ёо ёох, ашгүй нэг санаа амарлаа. За яамай ашгүй нэг Чойжин буулаа” гэж амандаа шивнэн, мориныхоо уяа руу сэтгэл амран алхсан сан. Одоо бол яг тэрэн шигээ гэхэд арай л хүндхэн. Урьдын явдал яншуулаад өнгөрсөн. Харин энэ…
Бадрах алгаараа духаа нэг үрчээд гэртээ орлоо. Эхнэрээсээ эмээсэн хэдий ч сэтгэлийн догдлолоî нууж хаахын аргагүй царайд нь тов тодхон. Цэмцээ нэлээд хянуур харснаа нурманд булсан данхтай цайгаа гаргав. Бадрах “Юу гэх бол”гэсэн харцаар авгайгаа зэрвэсхэн хараад, хоймортоо завилан сууж бүсээ аажуухан тайлж, зангидаад орны толгой руу шидлээ. “Юу гэж хэлье дээ” гэж бодсоноо, ялихгүй зүрхээ чангалж ганц хоёр тагш нэрмэл балгасны хүчинд,
– За Цэмцээ минь юу ч гэмээр юм бэ дээ. Муу өвгөн чинь хүүтэй боллоо шүү дээ гэж өөрөө ч төсөөлөөгүй хэнэггүйгээр хэлж орхилоо. Цэмцээ түүний үгэнд цочсон ч үгүй. Тэртэй тэргүй л ингэх гээд байсан юм чинь.
– Дуулсаан! гэж сулхан агаад нухацтай хэлэхэд хоолой нь ялимгүй чичрэхийг Бадрах анзаарлаа. Гучин жил ханилсан ханиа, учиргүй гомдоогоогүй гэхэд баярлуулахгүй үг хэлж суугààдаа харамсах ч хэцүү, байх ч хэцүү.
Дэмий л өрөвдөв.


Ганган Цэмцээ гэж хот газрын нэртэй гоё хүүхнийг гэрээс нь оргуулж алс холын говь нутагт авчран өрхөө татуулж, цайгаа чануулжээ. Орон гэрээс нь оргуулж босуулсандаа ч гэх үү, угийн хортой шартай, ажилч хүнийхээ аяар ч гэх үү, идэх уух, өмсөх зүүхээр хүний дор оруулсангүй. Улсын наадмаар зүс ижилсүүлэн морь унаж, торгон дээл хослуулан өмсөж, ёстой л “ижил шувуу” шиг гоёж гоодож явсансан. Нутгийн залуус “Наадам үзье” гэхээсээ “Бадрах Цэмцээ хоёрыг харъя” гэж ирдэг гэхэд нэг их хол эндүүрэхгүй. Харин юмтай айлын танхи охин гэхэд ааш зан тэгш, орсон гарсанд ундтай устай, ижий ахай болсон сүрхий бүсгүй гэж хэн ч санаагүй. Гэр орон нь гял цал хийсан цэвэр цэмцгэр шагхийсэн айл болж, үйл үртсээр нутгийн бүсгүйчүүдийн хэнийг ч дагуулахгүйгээрээ гайхагдан тºдºлгүй ганган Цэмцээ нэр нь уран Цэмцээгээр солигдож билээ. Орчлон юмыг тэгшхэн хайрлах биш дээ. Тэр хоёрт үр хүүхэд л заяасангүй. Сэтгэл хөнгөн, заам задгайдуу Бадрах нүдэндээ торсон хүний бүсгүй үрийг зүгээр өнгөрөөнө ч гэж ховор доо. Нутгийн аль нэг сайхан охинтой дэр нийлж, үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болохноо ч ядахгүй байсан ч Цэмцээгээс салчихъя гэх бодол нэгээхэн ч бээр ч төрж байсангүй. Одоо эхнэрээ харахад борвио хүртэл үелзсэн гил хар үс бууралтан шингэрч, тэлмэгэр алаг нүдний нь зовхи буужээ. Гэтэл Бадрах гэдэг хүний шанхны нь үс ялихгүй цайсныг эс тооцвол эр дунд насны гал жавхаа буураагүй тос даасан бор царайд нь хөлс дааварлаж, тэр ч бүү хэл өвлийн тасхийм хүйтэнд ч малгай өмсдөггүй, дотроо шатаж байна уу гэмээр толгойноос нь уур савсаж явна. Ёсыг бодож өвөл зунгүй малгай сагалдаргалавч толгой дээрээ байхаасаа ар шилэн дээрээ хаячихсан явах нь яршигтай гэмээр.
Бадрах нэгэнт ам нээснийх гэсэн үү, дуугүй суух хэцүү санагдсан уу,
– Цэмцээ минь! Юуны төлөө уран Цэмцээ нэртэй билээ. Миний хүүд нэг сайхан дээл хийж өгөөрэй гэчихэв. Бодол болон дээлийнхээ шилбээр оролдож суусан Цэмцээ,
– Цэрэгт явахад нь уу гэж тохуутай ч юм шиг, гомдолтой ч юм шиг дуугарчээ.
Бадрах,


– Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ яарах юу байх вэ хө гэж аргадангуй хэллээ.
…Бадрах эхнэрийнхээ махлаг бэлхүүсээр таалан тэвэрч өөр лүүгээ эргүүлэх гэтэл,
– Яршиг цаашаа, ясаа амраах болохоороо л гэр орон чинь хэрэгтэй болдог. Би ямар чиний буцахдаа залдаг “лам” юм уу. Чи тэр залуу хүүхэн дээрээ очиж, цайгаа чануулж, хөлөө хучуулсан чинь дээр байх аа гэлээ. Бадрах гараа алгуур татан эргэж хэвтэхдээ,
– Цэмцээ минь, чи битгий л нэг санаагүй юм сануулаад байгаарай гэжээ. Түүнээс хойш удалгүй Цэмцээ хүүд буруу энгэртэй хөөрхөн баривч хийж, тэр хоёрын дунд хүүгийн тухай гэм зэмгүй яриа болж, “Чи хаачив, орон гэртээ байсангүй, олон хоног явлаа, орхилоо” гэх үг Цэмцээгийн амнаас гарахаа больжээ. Харин аргадсан гэхэд ч хаашаа, царайчлангуй атлаа анхааралтай харцаар үе үе сүрхий харна. Яагаад ч юм тэр шөнийн ярианаас хойш хөгшин нь улам өтлөөд ч байх шиг Бадрахад санагдах болжээ. Урьд өмнө нь ам мурийж, аяга таваг хангинуулж сүйд болдоггүй байсан ч хүү төрснөөс хойш хэн хэндээ хандах анхаарал нь илүү, урьд урьдынхаасаа илүү дотно эевэргүү, улам хайртай болсон шиг.
Гэтэл дайрлага дайрсан юм шиг хүүгээ ой хүрэхэд Бадрах гэнэтийн ослоор өөд боллоо.
Цэмцээ нөхрийнхөө зургийн өмнө зул өргөх тоолондоо “газар дýýрх ганц үрийнх нь барааг амьд сэрүүнд нь харсан ч болоосой” гэж харамсана. Дэмий л өглөө, оройд саахалтын зайд намаржих Жавхлангийн гэрийг дурандана. Жавхлан хүүгээ тэвэрчихсэн ч юм уу, эсвэл хүү нь хормойноос нь зууран дагаж уйлж буй нь, хүүгээ аргадан гэртээ оруулаад саалт, малдаа гарч байгаа нь харагдана. “Жавхлан энэ олон малтай, тэгээд нялх хүүхэдтэй яаж ч ажил нь амжих билээ дээ. Туслах дэмжих хүнгүй. Ганц гэрээр хэцүү л байгаа даа. Ер нь ингэж ганцаараа аргаа барж сэтгэлээ шаналгаж суухаар Жавхлангийн хаяанд бууж, хүүгий нь өсгөж өгье! Яахав хөөрхий намайг хань ижлээс минь салгаж амьдын хагацал үзүүлсэн биш. Бүсгүй нялх амьтан гэнэдээ л биз. Гэнэдэх ч гэж дээ, миний өвгөн хэний ч сэтгэл татахаар сайхан хүн байсан юм чинь. Надад заяагаагүй үр энэ охинд л төрөх ёстой юм байж” гэж хоîйлойгоо зангируулан бодлоо. “Жавхлан надад гэм хийсэн биш. Бид хоёр элдэв хэрүүл уруул болсон биш, болох л ёстой юм болж байгаа юм шиг өнгөрсөн. Залуу бага юм. Эрх биш нэг хань ижилтýй болох л байх. Надаас зовох юу байхав дээ. Аяндаа учраа ололцоно. Ер нь ойрмогоос Долзодыг гуйж муу гэрээ ачаалаад очъё” гэж шийджээ.


Өвөлжөөндөө дөхөж нүүхээр зэхэж байсан Жавхлан “Холдохоосоо өмнө хүүгээ Цэмцээ эгчтэй уулзуулахсан” гэж бодож байв. “Энд ах дүү, төрөл садангийн хүн гэж байхгүй. Мөдхөн хот руугаа явчих юм гэнэ лээ” гэж хэн нэгний хэлснийг санаад “Хүүгээ уулзуулъя” гэж боджээ. Сэтгэлээ онгойтол яръя. Ингэж бүлх залгисан юм шиг Бадрахын хойноос шаналж явахаар… Цэмцээ эгч бид хоёр адилхан л зовж байгаа. Одоо болсон хойно намайг яав л гэж. Муу санасан бол өдий болтол мөрөөрөө байхгүй. Тэгээд хүү минь баривч оёж явуулсан. Би Бадрахыг салгàад суучихсан биш.” гэж бодлоо. Гэхдээ Жавхлан Бадрахыг “Хүрээд ирээсэй” гэж хүсэж байсан нь үнэн! Хаа нэг ирэхэд нь гэрийн хоймор дүүрч, хүү нь ход ход инээн өвөр дээр нь эрхэлж байх сайхан. Бадрах ёстой л жаргалдаа согтсон, уярч мэлмэрсэн сайхан нүдээр Жавхлан, хүү хоёроо ширтдэгсэн. Гэлээ ч бүсгүй “Манайд хэзээ бүр ирэх вэ, хүрээд ир! Салаад ирээч!” гэж хэлж байсангүй. Яагаад ч гэсэн Цэмцээгээ хаяад ирнэ гэхэд нэг л итгэмээргүй. Ингэж тарчилж суухаар нэг шийд сонсъё гэж “Ирэх үү?” гэдэг үг аман дээр гарч ирэх боловч буцаагаад залгина. Нэг удаа өглөө босоход нь “Та өнөөдөр хэр орой ирэх вэ?” гэхэд “За даа. Танайд хоёр хоночихлоо. Өнөөдөр нэг гэрийнхээ барааг харъя” гэж жишим ч үгүй хэлснээс хойш тэр тухай бодохоо больсон.
Жавхлан гараа гаргаж тавьсан цөөхөн хурууд, өрөм бяслагаа базаан бааданд боогоод, хүүдээ Цэмцээгийн хийж өгсөн буруу энгэртэй дурдан баривчийг өмсүүлэн тэднийх рүү алхлаа. Явах замдаа хүүдээ “Хоёулаа аавынхаа жинхэнэ гэрт очно. Цэмцээ эгчдээ золгоно” гэж баяртай ярьж явснаа “Үгүй энэ чинь юу гэж бодох юм бэ? Бадрахыг цагаан сараар оч гээд байхад нь үгүй гэж зүтгээд очоогүй байж. Гайхуулах гэж очих хэрэг үү? Ядаж Бадрахтай үйлийн үргүй адилхан. Цэмцээ эгч хараад яав ч тэсэхгүй. Улам л зовохын нэмэр. Ерөөсөө больё. Уулзах учиртай бол хэзээ нэгэн цагт уулзах л байлгүй” гээд гэрээдээ буцжээ.
Маргааш өглөө нь Цэмцээ авгайн дурандахад Жавхлангийнх нүүхээр ачаалж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага