Манай нэг найз “ЭНХ АМИРЛАН” гэж эмнэлэг зааж өглөө
2018 оны Novemberын 5

3охиолч Магваны Эрдэнэбат
Үүрийн туяа
Жаргаж буй нарны шунхан улаан туяа яах ийхийн зуургүй алга болов. Өрөөнд чимээ аниргүй нам гүм гагцхүү ширээн дээрх цаг чаг чаг дуугарах нь зүрхний цохилттой хэмнэл хоршино. Харуй бүрий болохтой зэрэгцэн Үүрийнтуяагийн айдас улам нэмэгдэв. Тэрээр хурдхан босож өрөөний гэрэл асааж зүс царайгаа толинд харав. Өөрөө өөрийгөө танихад бэрх болжээ. Бэлцийн улайсан нүд, сэгсийн сарнайсан үс толгой. Даанч яав даа Үүрийнтуяа ингэж ч явах гэж. Нуруу туруу зүс царайгаараа олонд гайхагдаж үе тэнгийнхээ залуусын нүдийг хужирлаж зүрхийг гижигдэж явдаггүйсэн билүү? Одоо тэр тухай бодохийн ч хэрэг алга. Дэндүү дураараа омог бардам явсаныхаа горыг ийнхүү амсах гэж. Өөрөөсөө үе мултарсан ах хүний хүүхэд гаргана гэдэг санаанд багтамгүй юм. За байз Халиунгоо өчигдөр ямар эмнэлэг зааж өгөөд байлаа даа. “ЭНХ АМИРЛАН” гэл үү дээ. тэр эмнэлэг рүү л маргааш явья гэж аяархан хэлээд шийдэмгий босож хүйтэн ус залгилав. Энэ шөнийг яаж өнгөрөөнө дөө. Унтах уймрах хоёрын хооронд хэвтсээр байгаад нойр ч үгүй болжээ. Хувь заяа нь даажигнаж тоглоод цаг хугацааг гацаачихсан мэт. “Тэнэг минь тэр “ЭНХ АМИРЛАН” эмнэлэг рүү хурдан яв гэж Халиунгоогийн хэлсэн үг чихэнд нь дахин дахин сонсогдоно. Тэрбээр утсаа шүүрэн авч Баатар багш руугаа “Боломжтой бол яаралтай залга” гэсэн мессэж бичээд хариу хүлээн гиюүрнэ.
Утас дуугарлаа.


– Чи яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм бэ? Яасан? Юу болсон?
– Би жирсэмсэн болчихжээ. Надад мөнгө хэрэгтэй байна.
– Юу?! Чи тоглоогүй биз.
– Надад тоглох чадал алгаа. Би жирэмсэн болсноо л мэдэж байна.
– Чи хаана байна?
– Байдаг газраа л байна.
– За би одоохон очлоо. Ганцаараа байж байгаарай гэж хэлээд утас тасрав. Дахиад л уйтгартай нам гүм. Үүрийнтуяа их олон хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан, тэгээд нөхөртэйгөө хамт заримыг нь тэврээд заримыг нь хөтлөөд явна. Ямар харагдах бол гэж төсөөлөн бодож өөрийгөө шоолон хөгжилтэй инээдэг байсан. Энэ бодлоо дотны найз Халиунгоодоо хэлээд шоолуулж ч явсан. Гэтэл одоо тэр мөрөөдөл нь салхинд хийссэн мэт сарнин замхарч байгааг мэдэрлээ. Амьдрал яахаараа ийм сонин даажинтай байдаг байнаа. Ёстой заяагүй амьтан гэж өөрийгөө л зүхнэ. Баян Сүхийн ганц сайхан охин гэж аймаг сумандаа гайхагдаж явлаа. Явлаа ч гэж дээ одоо ч тийм л байгаа. Гэтэл гайхагдаж явсан Үүрийнтуяад гайтах нэг өдөр ирдэг ажээ. Оюутан болсон өдрөөсөө л ямар гоё залуу вэ гэж Баатар багшийг гэнэн томоогүй охины зангаар шохоорхож эхэлсэн, ийм л залуутай учирна гэж битүүхэн мөрөөдөж өөрийгөө урамшуулж явсан. Мөрөөдөл нь дэндүү яг таг биелээд байх шиг.
Баатар орж ирэв.
– Яасан гэнээ? Юу юу гээд хүн сандаргаад байна.
– Сандаргаад юу байхав дээ жирэмсэн болчихож.


– Яг биз?
– Би юу гэж худлаа хэлэх вэ дээ.
– За за одоо тэгээд хаана очих гэж байна?
– Манай нэг найз “ЭНХ АМИРЛАН” гэж эмнэлэг зааж өглөө тийшээ очдог юмуу?
– Тэр чинь жаахан үнэтэй эмнэлэг дээ. За одоо яая гэхэв очоод аргалуулчих гээд энгэрийнхээ халааснаас боож бэлтгэсэн мөнгө гаргаж өгөхдөө энэ хүрэлцэнэ гэж итгэл дүүрэн хэлэв. Түүний царайд гайхаж тээнэгэлзсэн аль эсвэл цочирдож догдолсон шинж аль аль нь байсангүй. Түүний хувьд болдог юм болдогоороо л болж байгаа ажээ. Яг л түрээсийнхээ мөнгийг төлж буй худалдаачин мэт.
– Та мэдэж байгаа байлгүй дээ гэж Үүрийнтуяа мөнгийг нь авалгүй огцом эргэж цонхоор харанхуй тэнгэр ширтэн нулимсаа залгиж зогслоо.
– Май ав л даа. За энд тавилаа шүү гэх уцаарлангуй үгс сонсогдож хаалга хаагдлаа.
Одоо Үүрийнтуяад ийм зүрх сэтгэлгүй хүн сүрэгт нийлэхгүйн тулд хүүхдээ гаргахаас өөр зам үлдсэнгүй ээ. Гагцхүү Баатарын хүүхдийг гаргах болсондоо үнэхээр их харамсав. Гэхдээ амьдрал баян бөгөөд урт болохоор одоо яая гэхэв дээ.
Үүрийнтуяа “ЭНХ АМИРЛАН”-д очоод аргалуулчих сүйхээгүй “тэнэг” охин төрүүлж өсгөсөн аав ээж хоёртоо галын зээг нь үнэрлүүлэхээр маргааш өглөөний мандах нарнаар нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага