Cургууль соёлоо хаяад хөдөөний бэр болоод явахад нь ойлгох хүн ховор байлаа
2018 оны Novemberын 7

Хотын бэр


Морин дэл шиг цувраа хөх уулсын дундах харгана бударганатай хөндийд ганц гэр хаврын наран доор бөмбийн харагдана.Өрхний оосор нь хаврын ааш муутай тэнгэрийн хөхөлзсэн хавсарганы үзүүрт пад пад хийн дэрвэх нь тэр хавьдаа л нэлээд чимээтэй байх болой. Гэрийн гадаа дөрөв таван настай болов уу гэмээр хоёр хүүхэд бие биенээ хөөж тоглоно.Тоглоомондоо улайрсан тэр хоёр ээжийгээ аргалдаа явсаныг эс анзаарах аж..
Хөх торгон дээлэн дээрээ нарийн шар бүс ороож эрээн алчуур зангидсан гуч орчим насны бүсгүй бургасан араг үүрч намрын бор аргалыг савардан авч түүх бөгөөд хаврын зүггүй хөх салхи дээлийн хормойг нь дэрвүүлэн хийсгэнэ.Энэ бүсгүйг Саруул гэх бөлгөө.Бүүр хотын төвийн дөчин мянгатын унаган хүүхэд яаж яваад ямар хувь заяагаар алс холын аймгийн бөглүү суманд хөдөөний бэр болоод ирсэн нь хэн хүнд сонин .
Арваад жилийн өмнө Улаанбаатар хотын 013 ангид алба хааж байсан баруун аймгийн нэг цэргийг хамт сурч байсан нутгийнх нь оюутан бүсгүйтэй эргэж очсоноор хайрын торгон харилцаа эндээс эхэлжээ. Саруул өөрийгөө хотын төвийн хүүхэд эгэл хөдөөгийн амьдралаас хол гэж ойлгож байсан ч Дэлгэртэй уулздаг болсоноор энэ бодол нь салхинд хийссэн хамхуул шиг л сарничхав.Дэлгэрийн өдөр шөнөгүй нутгаа ярих ,хөдөө нутгийн үзэмжийг магтах ярианд дуртай болчихсон тэрээр Дэлгэрийг халагдахад нь дагаад хөдөө явахаар боллоо. Аав ээж ах дүү нар нь хориод дийлсэнгүй зөрсөөр явахад нь ухаан муутайг нь гайхаад л хоцров. Саруул эцэг эхээс гурвуулаа айлын дундах охин . Эгч нь гадаадад их сургуульд суралцаж байхдаа Америк залуутай гэр бүл болон одоо Америкт амьдардаг аж.Харин эмэгтэй дүү нь арван жилийн сурагч.Зун нь хадмындаа зусчихаад намар найман сард ирэхдээ аав ээж нь ах дүү нар нь танихааргүй өөрчлөгдсөн хүн ирэв.


Нөгөө уяхан туяхан Саруул хөдөөний эгэл боргил бор бүсгүй болчихсон мөн бие давхар болчихсон ирэхэд нь ээж нь л сүрхий зэмлэв.
-Сургууль соёлоо төгсөөгүй байж жирэмсэн боллоо .Мэргэжил мэдлэггүй хөдөөний хар юмтай яаж амьдрах юм гэж хичнээн үглэж дуулсан ч нэгэнт оройтжээ. Ээжийнх нь бодол Саруулыг сургуулиа төгсөхөөр гадаадад сургах холын бодол байсан ч нэгэнт ийм юм болсонд яая гэхэв. Харин аав нь юу ч хэлсэнгүй . Харцнаас нь харахад дургүй байгаа нь илт. Ангийнх нь найз нөхөд сургууль соёлоо хаяад хөдөөний бэр болоод явахад нь ойлгох хүн ховор байлаа. Харин ч зэмлэх тохуурхах нөхөд олон байв.Гэхдээ хайр сэтгэлээ эн түрүүнд тавьсан Саруулын зоримог занг юу ч зогсоошгүй байлаа. Саруул алдаагүй ээ.Яагаад гэвэл тэр сэтгэл зүрхээ л сонссоны эцэст л энэ шийдвэрээ гаргасан Хадам ээж Сэндэр хөгшин өөрийн охиддоо заасан бүхнээсээ илүүг л бэрдээ заасан. Саруул нэгэнт хөдөөний хүн болсон болохоор чадахгүй мэдэхгүй гэж хойшоо суух эрхгүй л хөдөөгийн ажилд ханцуй шамлан орсон аж. Адуу малаас хол өссөн ч хөдөөгийн бэр болж ирээд удалгүй морь унаж сурчээ. Өмсөх зүүх хувцас, идэж уухаас авхуулаад хөдөөгийн амьдралд дасахгүй зовсон ч сайн хадмууд сайн ханийн хүчинд оёдол үйл сааль сүү боловсруулах зэрэг ажилд хэнийг ч дагуулахааргүй сайн суралцав. Дэлгэрийн гурван хүргэн ахынх нь ээлжлэн Дэлгэрийнхийг гаднаа буулгаж эгч нар нь бэрдээ эхнээс нь хөдөөгийн эхнэр хүний заавал хийх ажлуудыг өөриймсөг сэтгэлээр харамгүй заасан.
.Охиноо хөдөө сумын эмнэлэгт төрөхөд нь хотоос ирсэн ээж нь

-Миний охин ийм орчинд яаж амьдарнаа хэмээн охиныхоо нүдэн дээр уйлахад нь Саруул ээжийгээ тайвшруулж
-Ээжээ зүгээр дээ охин нь ямар эгч шиг хэл ус ёс заншилы нь мэдэхгүй. Гадаад хүний эхнэр болж байгаа биш хэмээн ээжийгээ тайгаруулж байсан нь саяхан.Гурван хүүхэд төрүүлсэн Саруул. Хоёр гуравхан сарын дараа төрөх үрээ нуган үр байгаасай хэмээн горьдоно.Учир нь Дэлгэрийнх хоёр охин нэг хүүтэй.Ганц хүүдээ хань болох нуган үрийг Дэлгэр Саруул хоёр хүснэ.
Амьдралын нугачаа Саруулын аав ээж хоёрыг ухааруулжээ.Хөдөөний амьдралыг бүдүүлэг харанхуй гэж ойлгож байсан ч тэр хоёр одоо харин сайн ойлгосон .Зуны дэлгэр сайхан цагаар цагаан идээн дээр эрүүл агаарт гарна гээд хүргэнийндээ гарч ирнэ. Хүргэн нь тусад нь гэр бариад өгөхөд зуны турш тааваараа амарч байгаад явна.Хоёулаа хотын унаган хүмүүс учир хөдөө нутгийн сайхныг тэр болгон мэддэггүй байж.Ямар сайндаа ээж нь охин хүргэн хоёртоо
-Ээж аав хоёр нь та хоёрыг ойлгохгүй салгах тухай ч ярилцаж байснаа одоо бодоход мөн тэнэг байж дээ хэмээн хуучлах нь охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрч хүргэндээ сэтгэл хангалуун байгаа нь илт.


Нэг үеийг бодоход яст мэлхий шиг удаан ч хөдөөд хөгжил иржээ.Өглөө оройгүй аав ээжийнхээ амар мэндийг утсаар асуучихна.Ганц нэг малын мах цайны сүүг замын унаагаар явуулчихна.Үйлдвэрийн сүү, гахай тахианы махнаас аав ээж хоёроо бараг л гаргачихсан гэж хэлж болно.Амт муутай үнэр танартай гээд хэрэглэхээ больж жинхэнэ байгалийн гаралтай хүнс гээд хүргэнийхээсээ ирсэн мах сүүг өөрсдөөсөө харамлах нь халаг л хэрэглэх бөлгөө.Саруулын ээж уг нь хуулийн хүн. Насныхаа тэтгэвэртээ саяхан гарчихсан. Насаараа хуулийн байгууллагад хуульч өмгөөлөгч зэрэг ажлуудыг хийж байсан хүн.Нэг үе өөрийгөө хөдөөнөөс хол хүн гэж бодож явсан ч одоо ярьдаг ганц юм нь хөдөө очихсон эрүүл агаарт нам гүм сайхан амьдрахсан гэж ярих.Харин аав нь хараахан тэтгэвэртээ гараагүй .Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг Газар тариалангийн чиглэлээр зэрэг горилж ном бүтээл туурвисан эрдэмтэн хүн.Энэ хоёрын ганц мөрөөдөл гадаад дотоод явж газар үзэх бус хүргэнийнхээ нутагт очиж нэг сайхан хашаа байшин бариад өвгөн нь мод чулуу тариад газар тариалангийнхаа чиглэлээр эрдэм судалгаанхаа ажлыг хийх бол харин эмгэн нь хүргэнийхээ хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөж хотын утаа чимээ шуугианаас хол амьдрах хүсэлтэй аж.Хүн хэдий хотод төрж өссөн ч нас өндөр болохын цагт нам тайван амьдрал, чимээгүй орчин байгалийн сайханд тэмүүлэх нь хүн өөрөө байгаль эхийн нэг эд эс гэдэг нь Саруулын аав ээж хоёроос харагдах аж.
Доод хөндийгөөс цагаан тоос босгон адуу туусан хүн айсуй нь гэрийн эзэн Дэлгэр болой. Урт дэлтэй хээр морин дээрээ хэлтгий сууж суналзсан урт бургасан уурга барьсан тэрээр хөл хөнгөнтэй мориныхоо явдалд сэтгэл талбиун явна.Хөх салхины аясаар олон адууны нүргэлсэн төвөргөөг сонссон уяан дээрхи хоёр адуу ижил сүргээ харан янцгаахад гадаа тоглож байсан хоёр хүүхэд сая нэг л тоглоомныхоо их ажлаасаа түр хөндийрч аавыгаа алсаас адуугаа туун ирж явааг хараад гэрлүүгээ гүйлдэн орсон боловч ээжийгээ байхгүй хараад гарч ирээд аргал түүн гэрлүүгээ явж байгаа ээжийнхээ өөдөөс гүйлдлээ.Дүүрэн арагтай аргал үүрсэн эхнэр нь гэрлүүгээ явж байгаа харагдахад Дэлгэр адуугаа гэрийнхээ хажуугаар өгсөөчихөөд эхнэр лүүгээ давхиулав.Тэрээр мориноосоо бууж арагтай аргалы нь өөрөө үүрч гэрлүүгээ хамт морио хөтлөн алхлаа.Хэдийгээр эр хүн араг үүрэх нь хийморьт муу гэж ярьдаг ч хөл хүнд эхнэрээ дүүрэн арагтай аргал үүрээд явж явааг хараад яаж хажуугаар өнгөрч давхих билээ .
Салхины үзүүр бүлээдэж шинэ ногооны үнэр хамар цоргисон хаврын сүүл сарын дундуур Саруул амаржиж хүүтэй болов. Хотоос ээж нь охиныхоо тогоог барьж өгч тэнхрүүлнэ хэмээн яаран сандран ирлээ.Сумын эмнэлэгт гурав хоноод л хөдөө гэртээ гарч ирэв.Ногооны униар дуниартсан зуны дунд сарын нэг өглөөгүүр Дэлгэрийнх ачаалж зусландаа буулаа.Дэлгэр сумын төв орж амбаараасаа нэг гэрээ гаргаж барилаа.Учир нь хотоос Саруулын аав ээж эгч нь дүү нь гэр бүлтэйгээ ирэх тул хэрдээ л юм бэлдэв.


Оройн сааль сүүний дараахан намуухан зуны орой Дэлгэрийн гэрийн гадаа Саруулын аав ээж эгч дүү нар нь хууч хөөрөн байгалийн сайхныг таашаан суух болой.Анх удаа хөдөө хүргэнийдээ ирсэн Саруулын эгч их л сэтгэл өөдрөг байх агаад хүний нутагт хүний хүнтэй амьдрахын хэцүүг туулсан тэрээр олон жил уулзаагүй дүүдээ сэтгэлийнхээ үгийг хэлжээ.
-Миний дүү эгчийгээ уучлаарай чамайг анх Дэлгэртэй суух гэж байхад чинь би ямар их дургүй байсан билээ.Ээжид битгий суулга. Дэлгэрийг хөдөөний тэнэг мангар гэж хэлж байсандаа одоо ч гэсэн харамсдаг .Гэхдээ дүүгийнхээ өнөөдрийн амьдралыг хараад эгч нь дүүдээ баярлаж байна.Миний дүү сонголтыг зөв хийж харин эгч нь алдсан.Эгч нь хөнгөн хуумгай харийн хүнийг дагаж залуу сайхан насаа торонд хоригдсон амьтдын хүрээлэнгийн амьтад шиг тарчилж байгаад ирсэн.Жинхэнэ эрх чөлөө нам тайван сайхан амьдрал энд хөдөөд байдаг юм байна.Эгч нь Монголдоо бүүр ирсэн .Ахиж хэзээ ч хаашаа явахгүй.Эд хөрөнгө, эрх мэдэл албан тушаалынхаа дараа эхнэр хүүхдээ тавьдаг эрх чөлөөт гээд байгаа америкт эр нөхрөөсөө өөр эр хүн харах эрхгүй хардуулж нүдүүлж амьдарч байсан хайран сайхан залуу насыг минь хэн ч буцааж өгөхгүй шүү дээ .Энэ арваад жилийг эх орондоо чадахынхаа хэрээр хөдөлмөрлөж ажилласан бол өдийд гэр дүүрэн үр хүүхэдтэй монголын нэгэн сайхан бүл байх байсан гэж бодохоос өөрийгөө л зүхэх юм гээд нүдэндээ нулмис цийлэгнүүлэн тэртээх алсыг харж байснаа гүнзгийгээр санаа алдан


-Эгч нь Дэлгэрт хэлсэн ээ .
Эгчийгээ уучлаарай эгч нь та хоёрыг сайхан амьдралаа босгох гэж байхад их эвгүй үг хэлж байсанд минь уучил гэсэн.Мөн миний дүүг мөр бүтэн гэдэс цатгалан гэхээсээ илүү хайр халамжаар дутаахгүй хамгийн сайхан нь сэтгэл өөдрөг амьдруулж буйд баярлалаа гэж би хэлсэн гээд
-Дэлгэр ухаантай залуу байна лээ.Миний дүүг ханийн заяа ивээж гэж инээмсэлэхэд нь үнэндээ Саруул хань ижлээрээ бахархаж байлаа.Дөнгөж наймдугаар ангийн боловсролтой ч Дэлгэр амьдралыг арай өөр өнцөгөөр харах хэнд ч байхгүй тэр сайхан зан чанар нь төрүүлж өсгөсөн аав ээж болон аглаг сайхан хөдөөгийн энэ нутагтай холбоотой байх.
Гэрийн гадаа Саруулын аав ээж ах дүү нар нь шуугилдан хөхрөлдөх бүгдийн сэтгэл ихэд өег байгаагийн илрэл болой.Үүд нь дэлгээтэй гэрийн хаалгаар уяан дээрээсээ морьдоо услахаар мордож буй Дэлгэр харагдана.Хэдэн чөдөр ногт барьчихсан том охин нь уяан дээрээсээ цангинатал дуулсаар ирж байгаа нь харагдахад Саруулд диваажинд буй мэт санагдана.Саруулын аав ээж ах дүү нар нь бүгд хөдөө дуртай болжээ.Эгч нь сэтгэл санаа гундуухан ирсэн ч байгалийн сайханд хэд хоноод сэтгэл санаа нь бүүр хөнгөрсөн тэрээр
-Ямар сайхан юм бэ.Ийм нам гүм газар амьдрахсан.Хүмүүс нь ч ямар амар амгалан сайхан сэтгэлтэй юм бэ гээд ээж аав хоёрыгоо энд амьдарвал би ч гэсэн энд хөдөө амьдарнаа гэнэ.Харин бага дүү нь саяхан төрсөн тул тэрээр намар хүйтэртэл энд хүргэн ахындаа байхаар болов.Саруул энэ бүхэнд сэтгэл нэн өег байх бөлгөө.Саруулыг анх хөдөөний бэр болж байхад бүгд эсрэг байсан гэр бүлийнхэн нь одоо бүгд Саруулын зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гагцхүү мээмээ хөхөх нуган үр нь нүдээрээ үнэгчлэн унтаж байгаа нь жинхэнэ жаргал мэт.Энэ хүн аавынхаа гал голомтыг ингээд аваад явна гэхээр хүүгээ илүү хайрлах хүсэл төрнө.Амьдрал ийм сайхан болой .Салаа замаар зүтгэж байсан улс нэгэн зам дээр эргэж уулзаад нэгэн зорилгын төлөө зүтгэх нь энэ ажгуу.

Багабанди овогт Намхай Тайванжаргал 2017 .03,11

2 thoughts on “Cургууль соёлоо хаяад хөдөөний бэр болоод явахад нь ойлгох хүн ховор байлаа

  1. ХҮНДЭТГЭСЭН

    САЙХАН ТАЛААС НЬ БИЧЖЭЭ ХАТУУГ БАС ГАРГАЖ ӨГЧ ЯВААРАЙ ЮМЫЙГ БИЧИХДЭЭ САЙН МУУ ТАЛЫГ АДИЛХАН ГАРГАЖ БАЙВАЛ АМЬДРАЛД ОЙР БАЙХ БОЛОВ УУ ГЭЖ БИ МУНХАГ УХААНДАА БОДНОМ

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага