Б.ЛХАГВАЖАВ: Ард түмэн шудрага бус зүйлийн эсрэг ТЭСРЭХЭД БЭЛЭН БАЙНА
2018 оны Novemberын 7

МҮХАТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын зарим гишүүн зээл авсан нь баримтаар тодорхой болсон нь сүүлийн үед шуугиан тарьж байна. Энэ асуудалд иргэд, бизнесмэнүүд гомдож, сэтгэл нь гонсойж байх шиг ээ. Та байр сууриа илэрхийлээч?

-Ард түмний мөнгө эргээд тэдэнд очиж байна уу гэдэг нь улам л эргэлзээтэй болж байна. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр илэрч байна.Манай нийтийн санхүү эрх баригчдын бузар гарнаас хамгаалагдаж чадахгүй байна. Өнөөдөр дурын эрх баригчийн албан тушаал томрох тусам нийтийн санхүү дээр гараа угаадаг үйл явц хавтгайрсан. Тиймээс манай танхимын холбоод, бизнес эрхлэгчдийн зорилго бол нийтийн санхүүг хяналтанд оруулах юм. Нийтийн санхүүг хяналтанд оруулах гол механизм бол Үндсэн хууль. Манай Үндсэн хуульд нийтийн санхүүг хамгаалах нэг ширхэг заалт ч байхгүй. Улсын төсвийн бүх зардал УИХ-ын онцгой эрхээр зохицуулагдана гээд 25.1.7 дээр заасан байгаа. Онцгой эрх нь онцгой үүрэгтэй байх байтал манайх үүргийг нь мартчихсан. Онцгой эрхээ “онцгой эрхлэх” гээд ойлгочихсон.

Хэдэн улс төр хөөсөн бацаанууд тэнд ёстой эрхэлж өгч байна шүү дээ. Манай төрөөр нэг эрхэлж байна. Дээр нь нийтийн санхүүг угааж эрхэлж байна. Энэ эрхээрээ хатсан амьтдад ташуурын амт үзүүлэх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа үед нийтийн санхүү гэдэг бүлгийг оруулж өгөх хэрэгтэй. Ийм хамгаалалт байхгүйгээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө завшиж байна шүү дээ. Өнөөдөр манай бизнесменүүд маш их уурлаж байна. “Бид эрүүл мэнд, сэтгэлээ өгөн байж зоос болгоноосоо 20 мөнгийг нь татварт өгдөг. Тэд “Бидний цуглуулсан мөнгийг ямар ч хайр найргүй үрлээ” гэж уурлаж байна шүү дээ. Хамгийн аймшигтай нь зах зээлээ эвдэж байна. Санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг эвдэж байна. Зах зээлд тэгш оролцох зарчмыг эвдэж байна шүү дээ. Хамгийн эвгүй нь энэ асуудалд улстөрчид оролцсоноос болоод улс нь мафижсан системд орчихлоо. Хоёрдугаарт, /Чидун/ Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ жимс, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын асуудлыг ойрын зургаан жилийн хугацаанд дүгнээд хариуцлага тооцчих хэрэгтэй.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө хулгайлсан хүмүүст эхний ээлжид ямар хариуцлага тооцох ёстой вэ. Манай улсад албан тушаалаасаа огцроод л хариуцлагаас мултарчихдаг гаж тогтолцоо дэлгэрээд байх шиг ээ?

-Манай ард түмэн маш ухаантай. Бид 2012-2016 онд эдийн засаг хүндэрснийг ойлгосон. Макро эдийн засагтаа, Мөнгөний бодлогодоо буруу зүйл хийсэн юм байна гэдгийг ойлгоод 65 суудлыг МАН-д авч өгсөн шүү дээ. Энэ чинь ард түмний өгсөн итгэл шүү. Ард түмэн 2012-2016 оны болсон үйл явдалд дүн шинжилгээ өгөөд “дүгнэхийг нь дүгнээд, хариуцлагыг нь үүрүүлээрэй” гэж МАН-д эрх өгсөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд өмнөх Засгийн газрын алдаануудад үнэлэлт, дүгнэлт гаргаагүй. Хариуцлага ч тооцоогүй. Бид 2012-2016 онд таван тэрбум ам.доллар үрсэн шүү. Тэгээд ард түмний өгсөн итгэлийг МАН ашиглаж чадаагүй. Харин бүр өөрсдөө тэрбум, тэрбумаар хулгайлчихсан явж байгаа биз дээ.

Энэ мөнгийг авсан УИХ-ын гишүүдэд хэн итгэх юм. Тиймээс болдог бол эдийн засаг мэддэг хүрээлэнгүүд бие даасан байдлаар үндэсний том зөвшилцөл хийгээд эдийн засагт болсон бүх үйл явцыг гаргаж ирж задлаад, жинхэнэ мэргэжлийн, бие даасан байдлаар дүгнэлт гаргаж хариуцлага тооцмоор байгаа юм. Үүнд гол нь бие даасан хүмүүс хэрэгтэй шүү. Манай ард түмэн мөнгөгүй, хоолгүй байна. Юуг бол юуг тэсдэг ард түмэн.​ Бие даасан биш, тухайн эрх баригчдыг дагалдсан эдийн засагч нэртэй хүмүүс энэ нийгмийг алаад байна шүү дээ. Тухайн даргын үг зөв гээд л явж байдаг. Өөр дарга гарвал зөв гээд л гүйж явдаг. Ард түмэн 65 суудал өгч байхад өөрсдөө унаж байвал хохино гэж хэлмээр байна. Үүнд оролцсон УИХ-ын гишүүдийг бүгдийг нь Үндсэн хуулийн Цэцэд егөх ёстой.

Тэр бүү хэл УИХ-ын дарга өөрөө хүсэлт тавьж өгөх ёстой. Ийм тохиолдолд гаднын ихэнх оронд спикер нь өөрөө асуудлыг шийддэг. Хэрвээ огцруулах үндэслэлтэй гэвэл зүгээр л явуул. Өнөөдөр хулгай хийсэн том, жижиг хулгайч нартай тэмцэх хэрэгтэй. Нийгэм, ард түмэн шударга бус зүйлийн эсрэг дэлбэрэх гээд байна. Эвгүйтвэл Төрийн ордноо хүртэл дэлбэлэх гээд байгаа биз дээ. Ерөнхийлөгч хүртэл аргаа бараад “өлсгөлөн зарлана” гэж байгаа нь шударга ёсны төлөө дэлбэрэх гэж байгаа л үйл явц шүү дээ. Надад бол үнэхээр зэвүүн санагдаж байгаа. Саяхан л салбарын сайд нь манай бизнесмэнүүдэд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн бид шударгаар дүгнэж байгаа. Одоо 100 компани авна. 1,100 өргөдөл ирсэн” гээд л байсан. Ямар шударга зүйл байгаа юм. Нийгэм итгэлгүй болж байна шүү дээ. Манай ард түмэн мөнгөгүй, хоолгүй байна. Юуг бол юуг тэсдэг ард түмэн. Энэ ард түмэн шударга ёсыг үнэлдэг. Сүүлийн жилүүдэд шударга ёсыг тоглоом, шоглоом болгох, үнэ цэнэгүй болгох үйл явц их болсон. Гэхдээ шударга ёс монгол хүн болгоны дотоод сэтгэлд байдаг. Тэр нь дэлбэрэх юм бол эвгүй байдал руу орно шүү.

-Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тус хуулийг шинэчилснээр валютын орох гарах урсгал эзэнтэй болно гэдгийг хууль санаачлагчид онцолсон. Та тус хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ам.доллар гурван жилийн өмнө асар их унасан. Ялангуяа 2016 онд ам.доллар еврогийн эсрэг суларсан шүү дээ. Валют гэдэг зах зээл дээр бид сайн тоглогч байж чадаж байна уу, гэдэг асуудал байгаа юм. Арилжааны банкууд Валют зохицуулалтын хуулийн дагуу маш том бүтээгдэхүүнээ Төв банкинд алдаж байна. Би Банкны холбооныхонд хэлсэн. ‘Та нар ямар арчаагүй юм бэ. Валют зохицуулалт гэдэг нэрийн дор валют гэдэг том хөдөлгөөнийг чинь Төв банк булааж авлаа. Үүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийгээч ээ” гэж хэлсэн. Төв банкинд данс нээснээр ямар үйл явц болох вэ гэвэл арилжааны банкууд зах зээлээс арчигдана л гэсэн үг.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Валют зохицуулалтын хууль нэрийн дор хэд, хэдэн “но”-той зүйл бий. Интервенц хийж ам.долларын ханшийг хүчээр барьж байгаа. Гэтэл биржээр валютын арилжаа хийх үйл явц одоо болтол хүчин төгөлдөр болоогүй. Өнөөдөр бид интервенц хийх гээд 180 сая ам.доллар гаргаж байна. Тэрний нэг төгрөгийн нааш, цааших ханшийг хэн мэдэж байгаа юм. Өнөөдөр хүртэл Төв банк арилжааны банкуудын хооронд тухайн өдрийн ханш зарлачхаад маргааш өдөр нь хэрэгждэг шүү дээ. Секунд тутамд алдаагүй явж байх ёстой үйлдлийг манайх хэдэн цагаар хоцроодог. Дотор нь маш том луйвар ядагддаг байхгүй юу.

Валют солилцооны биржийн хамгийн сонгодог зах бий болоогүй тохиолдолд энэ их мөнгөний урсгалыг сүүлийн хэдэн жилийн ажиглалтаар алдаатай буюу хэсэг хүмүүс голоос нь зувчуулдаг болохыг харлаа, валютын ханшийг албаар өсгөнө. Унагана. Хэд хоногийн өмнө ам.долларын ханш 100 төгрөгөөр савлалаа шүү дээ. 100 төгрөгөөр савна гэдэг чинь 100 сая төгрөг гэсэн үг. Тэр бүх эрх мэдэл нь хаана байдаг вэ гэвэл валютын ханшийг тогтоож байгаа Төв банкинд байдаг. Ний нуугүй хэлэхэд бүх зүйлийг задлаад үзвэл, валютын зах зээлийн ил тод, шударга биржээр явагдаж байгаа үйл явц өнөөдрийг болтол байхгүй байна.

-Төв банкны зүгээс бид ам.долларын ханшийг барьж чадахгүй. Зах зээлийнхээ зарчмаар тогтдог зүйл гэж хэлээд байгаа шүү дээ?

-Сайн ажиглаарай. Төв банк алт дилерийн хэргээс болоод Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн үед дөрвөн тонн алтаа алдсан шүү дээ. Тэр үед валют гэдэг зах зээл дээр тоглогч болох гэж байсан юм. Анхны тоглогч байсан залуучуудад алдсан ч үе бий, олсон ч үе бий. Алдсан нь дөрвөн тонн алтаа Лондон руу өгч байсан. Тэр нь 1992 оны үйл явц шүү дээ. Энэ нь валют гэдэг зах зээлээр тоглогч болох гэж байсан эхний оролдлого. Тэгээд тэр дөрвөн тонн алтаа алдсаны дараа Төв банк тоглогч бэлдэхээ байсан. Нэг ёсондоо унтаа байдалд орсон. Өнөөдөр Төв банкны ханш тогтоолт ойлгомжтой шүү дээ.

Хамгийн эмгэнэлтэй нь ам.доллар бусад валюттай харьцаад суларч байх үед манайх ам.долларын ханшаа унагадаггүй. Харин ам.доллар чангарах үед нь л давхар чангараад байдаг. 2017 онд валютын дайн болоод дуусчихсан юм. Тэр үед евро асар их чангарсан. Гэтэл манайд ам.долларын ханш огт хөдлөөгүй. Уг нь еврог дагаад ам.долларын ханш унаж байх ёстой. Хоёр жилийн өмнө ам.долларын ханш 1.18 байсан. Өнөөдөр 1.12 руу очсон. Хэлбэлзэл яваад байгаа биз. Гэтэл манайд сулардаггүй. Гэтэл ам.доллар дэлхийд чангарах үед чангараад байдаг. Манайд ийм нэг гажиг тогтолцоо байдаг. Үүнийг би гайхаад байдаг юм. Дэлхий дээр нефтийн ханш унахад манайд унадаггүй атлаа ханш нь ОХУ-д өсөхөөр дагаад л өсөөд байдаг.

Энэ хамаарлууд юуг хэлж байна вэ гэвэл нефть, валют ялгаагүй хэдэн монопольчуудын тоглолт явагдаж байна гэсэн үг. Энэ бол цаанаа цэвэр буруу зохицуулалтаар явагдаж байгаа үйл явц. Хэрвээ чөлөөтэй гэвэл чөлөөтэй хая л даа. Манай валют зохицуулалт чөлөөтэй гэдэг буруу мэдээлэл өгдөг. Уучлаарай, 2012-2016 онд чөлөөлөөгүй л байсан шүү дээ. Энгийн, жижиг зах зээлд оролцогч нарт чөлөөтэй харагддаг. Тэр үед ам.доллар 2000 хүрч байхад шатахуун импортлогчдод 1,640 төгрөгөөр ам.долларыг худалдсан шүү дээ. Бидэнд хямдхан шатахуун өгч байгаа юм шиг хэрнээ цаад талдаа 360 төгрөгийн зөрүү гарч байгаа биз. Тэрийг татвар төлөгч биднээс Монголбанкны алдагдалд оруулаад л авчхаж байгаа юм. Монголбанкны алдагдлыг Засгийн газраар дамжуулаад татвар төлөгч бид нар төлдөг юм.

Наанаа сайхан хямдхан бүтээгдэхүүн эдлүүлж байгаа юм шиг хэрнээ цаагуураа татвар төлөгч биднээс давхар шулж байдаг. Ийм нэг гажиг байгаа. Тиймээс өнөөдрийн Төв банкинд 5-6 тэрбум ам.долларын хөдөлгөөнийг хийж чадах менежмент байхгүй. Хоёрдугаарт, биржээ байгуулаагүй байна. Харин эсрэгээр нь манай арилжааны банкууд болдог бол консорциум байгуулаад голоосоо хүчирхэг сервисийн баг гаргаж ирээд хийж болно. Бүр болохгүй бол гаднын банкууд орж ирэг л дээ. Тодорхой үе шаттайгаар 2021-2025 он хүртэл графикчилсан том хөтөлбөр гаргаж ирэх хэрэгтэй. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэн хийх вэ гэвэл арилжааны банкууд нийлж хийх ёстой. Төв банк хийхгүй шүү. Хэрвээ Төв банк хийнэ гэвэл арилжааны банкнуудаа дампууруулна гэдгээ шууд л зарлачих хэрэгтэй. Тиймээс “Монголын банкны холбоо сэргэлэн байгаач ээ” гэж хэлээд байгаа юм.

-“Монголын банкны холбоо сэргэлэн байгаач ээ” гэж та хэллээ. Өмнө нь алдаж байсан гашуун туршлага бий юу?

-2009 оны Оюутолгойн гэрээ руу оръё. Энэ гэрээ тэр оныхоо аравдугаар сарын 7-нд зурагдсан. Зурагдахаас нь өмнө би иргэний хувьд олон зүйлийг нааш, цааш нь хөдөлгөж улсдаа ашигтайгаар шийдвэрлэж байлаа. Тус гэрээнд “В нэмэх зэрэглэлтэй банкаар санхүүгийн үйлчилгээ авна” гэдэг заалт гэрээнд орсон шүү дээ. Тэр үед банкны холбоо дуугарахгүй яасан юм. Өөрсдөө В нэмэх болохын төлөө явах ёстой байхгүй юу. Огт мэдээгүй шүү дээ. Хоёр дахь эмгэнэлтэй зүйл нь юу вэ гэвэл манай Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дээр “Стратегийн ордод хөрөнгө оруулсан компани өөрийнхөө хөрөнгийн арван хувийг Монголын хөрөнгийн бирж дээр зарна” гэсэн заалт орсон.

Гэтэл 2009 оны гэрээн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дугаар заалтыг мөрдөхгүй гэчихсэн. Тэр үед би маш их гайхаж байсан. Монголын хөрөнгийн биржийн бүхэл бүтэн салбар босож ирэх байсан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дугаар заалтыг мөрдөхгүй гэснээр Монголын хөрөнгийн биржийн цэцэглэх гэж байсан үйл явц бүгд үгүй болсон. Үүн дээр яг бодлогыг нь барьсан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хоёр огт дуугараагүй. Дуугарах нь битгий хэл бараг мэдээгүй дээ. Ийм гашуун туршлага байна. Тиймээс өнөөдрийн энэ нөхцөлд Монголын банкны холбоо боломжоо алдаж болохгүй гэж хэлмээр байгаа юм.

-Валютын зохицуулалтын хуульд дотоодын валютын хяналтыг сайжруулснаар эдийн засагт эергээр нөлөөлнө гэж заасан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Аль ч хуульд гоё заалтууд байдаг. Би энэ хуулийн хойд талын хариуцлагыг харсан. Хоёрхон хариуцлага байна билээ. Гэхдээ огт юу ч хариуцахгүй гэсэн заалт байсан. Хэрвээ хариуцдаг байсан юм бол төгрөгийн ханшийг сүүлийн зургаан жил хоёр дахин унагасанд хариуцлага тооцох байлаа. Шинэ хуулийн хойд талд доод тал нь 40 зүйлтэй хариуцлага ярих ёстой. Манай Үндсэн хуульд ”Төр иргэдийнхээ төлөө эдийн засагт орж болно” гэдэг заалт байдаг. Түүнчлэн Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуйн нэгжийн эрх хөндөгдвөл эрхээ сэргээлгэж төлбөр авч болно” гэдэг заалттай шүү дээ. Хоёрдугаарт, хэдийгээр Төв банкны хуулиуд шинэчлэгдэж байгаа ч УИХ-ын харьяа байгууллага.

Төв банкны бие даасан үйл ажиллагаа байхгүй шүү дээ. Арилжааны банкууд сайн ч, муу ч эрсдэл үүрч байгаа шүү дээ. Тэр бүү хэл банк бус санхүүгийн байгууллагууд арилжааны банкнуудаас илүү үүрэг үүрч байгаа. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын хүү нь хоёр дахин их байдаг. Арилжааны банкууд Валют зохицуулалтын хуулиар маш том бүтээгдэхүүнээ Төв банкинд алдаж байна. Валютын том хөдөлгөөнийг Төв банк булаагаад авчхаж байна. Арилжааны банкуудад үүнийг хийх боломж байгаа гэдгийг дахин дахин хэлмээр байна. Өнөөдрийн Засгийн газар, Монголбанк таван жилийн өмнөхтэй харьцуулж болохгүй.

Тэр үед эдийн засаг нэмэх 17 хүрч байсан. Гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт байлаа. 2013 оны нэгдүгээр сард эдийн засаг нь эрчимтэй унасан. Гадаадын хөрөнгө оруулалт 2013 оны дунд үеэс 100 сая ам.доллар дээр очсон. Харин өнөөдрийн нөхцөл байдалд орлогын ямар ч тасралт байхгүй. Алт, зэс, нүүрснээс 5.2 тэрбум ам.доллар олж байгаа. Татварын орлого хоёр их наядаар давж биелсэн. Энэ орлоготой байгаа үедээ зөв менежмент явуулах ёстой. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт бол зөвхөн цаасан дээр байгаа. Иргэддээ хүрэхэд 2-3 жил шаардлагатай.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага