Гэртээ орж буугаа хойш хураагаад, дээлээ сольж шурдхийн гарлаа. Чи ингээд хүн доромжилж бай
2018 оны Novemberын 7

Магваны Эрдэнэбат
Хар хүн
Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаах уяан дээр морьд багширч, хөл ихтэй найрын дуу хуур саахалт газар сонсогдом аж. Лимбэн нарийн хоолой шуранхайлж, хөлчүү улсын дагаж түрэх давалгаа жалга судгаар оволзох хаврын шар усны чимээ шиг шаагина. Хөлтрөгтэй, их таван ханатаас дөч эргэм насны дамжаа хар хүн гарч уяатай морьдын тэнтэр тунтар алхах нь бодолдоо хөлчүү явна уу, сархдад ихэд хөлчүү явна уу мэдэгдэмгүй байлаа.
Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон, их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Хээр морь нь уяанд эргэн хоргодож хэдэнтээ удаа хазаар дугтарч толгой эргүүлсэн боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.
Тэнгэрт бүртийх ч үүлгүй. Харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ. Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол хуваалцан хичнээн замыг ийнхүү туулсан юм бүү мэд. Гэхдээ үргэлж ингэж бодолд дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах том цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даан ч олон.
Хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засах Хар Олдохын ажил эхэлнэ. Айл саахалт, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаа ярина. Хаврын хаварт ингэх бөгөөд нутгийн олон энэ явдлыг сайн мэдэх учир зарим нэг илүү үгтэй нь “Хар Олдох алаагүй хэдэн тарваганыхаа арьсаар наймаа хийж явна” гэж шоолох боловч ихэнх нь тэрнийг тоох ч үгүй.. Олдох худлаа хэлэхгүй ээ. Дуртай нэг нь наймаа хийж л байна. Тэглээ гээд Олдохыг муу хэлэх хүн энэ голд байхгүй. Түүний нүгэлтэй ч гэмээр, шившигтэй ч гэмээр энэ явдалд эхнэр Хажид жаахан дургүйцэж


-Миний өвгөн намар хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч дээ
-Ганзага цустах тарвагачны тэнгэр хаяагүй ээ хө. Намар хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө.
Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга. Тэр бодолдоо дарагдан, дотор нь бачуурч явлаа. “Юу юу гэнэ вэ. Муу сагсуу новш. Тэрний цатгалан тэндээ л биз. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ” гэж өөрөө өөртэйгээ ярьж явлаа. Хөл ихтэй, хүн олонтой найран дээр Олдох шинэ гэрийн хархүүд халзан цагаан хонь амласан юм санж. Хөрөнгө чинээ сайтай Баадгай гэж угийн овилгогүй нэгэн халамцаад
-Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал болж өвчигнөх яахав. Тэрэнд орохнээ цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Үргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү.
Баадгайн дайруулсан үгэнд үйлах ихдэж, уурлах багадаж, хүний сайхан наадмыг “хуц уль” гэж сандаасангүй гарч яваа нь энэ.
Шанааны судас нь гүрэлзэж, хоёр түүшин рүү нь дагаж урссан хөлс халтар зам татуулан хатжээ. Олдох баярлах гомдох хоёрыг бишгүйдээ л үзсэн. Гэхдээ ингэж хэлүүлж үзсэнгүй. Түүний самсаа шархирч нулимс нь цийлэгнэх боловч арай л доош нь урсгачихалгүй хээрийн хөх салхинд эгшээж явлаа. Тайтгарч чадалгүй бухимдсаар явтал нэг мэдэхэд гэрийнхээ урд хамар дээгүүр тонгойж байв. Гадаа тоглож байсан хэдэн хүүхэд нь “аав ирлээ, аав ирлээ” гэж хашгиралдах дуунаар Хажид оёж байсан зүйлээ хойш тавьж найранд их хөөр болж явсан хүн ийм эрт ирмээргүй дээ гэж бодон дэлгээтэй үүдээр харвал Олдох уяан дээрээ бууж байлаа. Олдох гэртээ орж ирээд ганц ч үг сольсонгүй. Хажидын аялгалж өгсөн цайг хурдан оочилж, тарваганы тосонд хайрсан хүрэн улаан боорцог ховдоглон идэхийг нь харвал найр наадамд биш адуу малын эрэлд яваад ирсэн хүн гэлтэй. Хажид түүнийг харж сууснаа,
-Найр сайхан болов уу? гэж асуулаа.


-Сайхаан, сайхан боллоо
-Чи тэгээд яасан эрт ирэв ?
-Оройн гараанаар ганц дош сахиж хэвтэх нь дээр ч юм уу даа.
-За яршиг даа. Ганц өдөр яадаг юм. Сүйд болох гэж. Өдий насалчихаад айлын найранд ч тохитой суучихаж чадахгүй. Чамайг улс юу гэх юм. Хар Олдох найранд явна гэж гэрээсээ гарчихаад дош сахиж хэвтэнэ лээ. Тарвагачин хүний заяа гэж ийм л байх юм даа гэж захын хүн хэл амаа билүүднэ дээ.
Хэдэн хүүхэд нь аавынхаа өвөр түрийг уудлан чихэр боов эрцгээгээд,
-Гарцгаа, гарч тогло гэж ээждээ загнуулан уван цуван гарч оджээ. Олдох ч төдөлгүй хувцсаа сольж, бага гэрээсээ буугаа аваад мордов. Чимээгүйхэн мордоод явсан нөхрийнхөө араас харж зогссон Хажид ”Муу өвгөнийг минь хэн нэгэн гомдоож дээ. Өглөө найранд явна гэж хичнээн хөл хөөрцөг боллоо. Ямар нэгэн юм болоогүй бол оройхон улаа бутарсан амьтан найрын сонин ярьсаар ирэхгүй юу. Юу болоо юм бол доо. За яахав, яваг яваг. Хээр гарч дотроо онгойлгож яваад ирэг” гэж бодсоор гэртээ эргэж орлоо.
Хажид усанд явуулахаар хоёр том хүүгээ дуудсан боловч хариу алга. Гэрт ямар ч чимээ аниргүй эл хуль байгааг анзаарсан Хажид “Үгүй, энэ хэдэн хүүхэд хаашаа явчих ваа” гэж өөртэйгээ ярьсаар хүлээн авагчийнхаа товчийг эргүүлтэл нэвтрүүлэгчийн цээлхэн дуу гэр дүүрэн хадаж амьдрал үргэлжилж байна хэмээн хэлэх мэт. Хажидын сэтгэл бага боловч уужирч данхтай зэлгээхэн цайнаас аягалж түр амсхийлээ. Энэ радио бол Олдохын дотнын нөхөр юм. Зав л гарвал түүнийгээ чагнаж, энүүхэн ус голдоо л ухуулагчийн ажил хийнэ. Мөн өнгөрсөн хуучирсан ч хамаагүй сонины тасархай гарчиглана.
Тэгээд засаг төрийн ордонд суудаг хүн шиг “тэр дарга тэгж хэлсэн, энэ хурал ингэж шийдсэн, энийг ингэх ёстой, тэрийг тэгэх ёстой” гээд ярьж гарна. Олдох худлаа ярьж байгаагүй учир түүний үгэнд эргэлзэх хүн энэ хавьд байхгүй.
Олдох хээр гарч тамхи татан хэсэг суулаа. Нар баруунаа хэвийж энд тэндгүй тарвага хошгирно. Ганц нэг сум тавьсан боловч нэг бол шороо пурхийлгээд нэг бол агаарт сум исгэрүүлээд тун болсонгүй. Хар Олдохын ингэж буудахыг үзээгүй хүн бол яасан ч итгэхгүй. Хамгийн сайн чаддаг зүйлээ ч хийж чадахгүй өдөр хүнд тохиолддог аж. Олдох даллуур, буу хоёроо зэрэгцүүлэн тавиад тэнгэр ширтэн хэвтлээ. “Би Баадгайд гэм хор хийх нь битгий хэл ам мурийж үзээгүй. Гэтэл тэр намайг яаж доромжлоно вэ” гэхээс уур нь хүрч дэргэд нь байсан бол гарт тааралдсан юугаар ч хамаагүй нам цохиж унагамаар санагдана. Бусадтай адил надад мал хөрөнгө байхгүй нь үнэн. Муу аав минь, айл орон болж байгаа энэ залууг их ажилтай сайн хүү гэж магтдаг байж билээ. Эцэг минь байсан бол ганц хонь өгөх байсан даа. Сайн аавынхаа нэрийг бодьё гэхдээ л хонь амласан юм. Ядарсан ч гэсэн ганц төлөгний мэдэл Олдоход байж болно биз дээ” гэхчилэн элдвийг эргэцүүлэн хэвтлээ.
Арав гаруйхан настай байхдаа гэрийнхээ хаяанд тоглож байгаад нэгэн учир битүүлэг яриа анх сонссон юм. Энэ ярианы учир хожим олдож билээ. Эцэг нь хожим тэрэнд ярьж өгсөн юм. Энэ бол цэрэгт мордохын өмнөхөн юм даг. Талийгаач эцэг нь дэргэдээ суулгаад ийнхүү өгүүлсэн билээ.


…Тээр жил их цас унаж, хэд хоног шуурч хамаг адуу уруудсан юмдаг. Манай нутгийн эрс цөмөөрөө хэдэн адууныхаа араас шуурга даган мордоцгоолоо. Бид ч бас гурвуулаа хэд хоног явж сураг эс гаргаад эсэн мэнд дээрээ харья гэцгээж шуурга сөрөн буцаж явлаа. Эцсэн морьтой бид гурав арай л гэж газар хороож явтал зурвасхан харанхуйлаад, би нөгөө хоёроосоо тасарлаа. Хамт яваа хоёроо дуудаж, тэрүүхэндээ эргэлдэж байтал чихний үзүүрт хүүхэд уйлаад ч байх шиг, шуурга исгэрээд ч байх шиг. Чих тавибал гарцаагүй хүүхэд уйлж байна. Айсандаа ухаан алдах дөхлөө. Нөгөө хоёроос минь бараа сураг алга. Олон хоног нойр хоол муутай явснаас болж хий юм л сонсоод байна гэж өөрийгөө тайтгаруулж явтал нүдний үзүүрт нэг бараан юм үзэгдлээ. Хариугүй цасанд булагдах гэж байгаа тэр зүйлийг хараад очиж ч болдоггүй, яаж ч болдоггүй хэсэг зогсов. Саяхан л хүүхэд уйлах шиг болсон доо гэхээс бас явж болдоггүй. Зориг гарган дөхөж очив. Тэгсэн юу байсан гээч. Хөвөнтэй дээлэнд хулдаж орхисон ой хүрээгүй нялх хүүхэд дөнгөж л амьсгаатай байв. Яах ч учраа олохоо байлаа. Эргэн тойронд нь шуурганд бүдгэрч амжаагүй тэмээний мөр байхыг үзвэл дөнгөж л саяхан хүн орхиод явсан бололтой. Амьд байгаа нялх амьтныг чинь орхиод явж зүрхэлсэнгүй, аваад л өвөртөллөө. Гэтэл ашгүй нөгөө хоёр маань хэдэн адуу туугаад чимээ шуугиантай ирж явав. Бидний адуу биш боловч манай энэ хавиас уруудсан адуу байсан юм. Би өнөө хоёртоо хүүг үзүүллээ. Гэтэл хамт явсан халзан Сүнгээ учиргүй сэжиглэж, уурлаж уцаарлан галзуурах дөхөв.
Саяхан үүгээр нэг тэмээтай хүн явах шиг болсон. Өвдсөн хүүхдийг л найдваргүй гэж бодоод хаяж дээ. Алив, одоо амьсгаатай байна уу гэлээ хамт яваа нэг маань асуув.
-Амьсгаатай байнаа. Саяхан бүр часхийтэл уйллаа. Тэгээд би анзаарлаа л даа гэж намайг хэлбэл Сүнгээ,


-Зүгээр л орхичихвол яасан юм бэ. Ямар ч учиртай юм билээ гэж дуугаа хураав. Бид хэсэг ярилцаад тэр адуунаас хоёр морь барьж унаад би түрүүлж явахаар боллоо. Ингээд би өвөртөө байгаа амьтны амьсгааг чагнаж явсаар сайн морины хүчинд төдөлгүй айлын бараа харсан юм. Орой үдэш болсон болохоор амьсгал хураачихсан бол айл амьтанд гай болно гэж бодоод сайн чагнавал яах аргагүй амьсгаатай. Айлд ороод задлахаар юу гарч ирэдэг бол гэж бас санаа зовно. Ямар ч гэсэн хаячихаж зүрхэлсэнгүй. Олон нялх нойтон хүүхэдтэй хээ шаагүй айл таарсан тул харин хэрэгтэй, хэрэггүй олон юм асууж шалгаасангүй. Гэхдээ ч би юу гэж аргалахаа аль хэдийн бэлдчихсэн явлаа. Харин нөгөө хүүхэд маань их мяраалаг хөөрхөн хүү байсан. Өдөр шөнө хоёр халуураад л гайгүй боллоо. Ингэж л чи миний хүүхэд болсон юм даа. Миний хүү чинь хүн болох хувьтай хүү шүү. Одоо ч сайхан ханхар эр боллоо. Цэрэг цуух гээд энд тэнд бишгүйдээ л явна. Өөрийнхөө үүх түүхийг мэдэж явалгүй болохгүй. Харин аав нь дараа жил тэр нутгаар очиж чиний гарал үүслийг олж мэдсэн. Чиний төрүүлсэн ээж ах дүү хоёулаа байж л дээ. Аав, ээж хоёр нь өнгөрч танай ээжийн ах авгай авсан байгаа юм. Бүсгүй амьтан ямар ганцаараа байлтай биш ахындаа байж. Гэтэл чи гарч. Ингээд удалгүй чиний ээж бурхан болсон хэрэг. Нагац ах чинь болох хүн авгайтайгаа хуйвалдан чамайг ад үзэхдээ хээр хаясан юм байна лээ. Одоо ч чамд тэр хүмүүсийн нэр алдар, нутаг усыг хэлээд яахав. Хүнд өс хонзон санахын нэмэр. Мэдэхгүйгээрээ л дууссан нь дээр гэж билээ.
Олдох энэ бүхнийг эргэн санахын учир энэ өдөр үнэхээр их ганцаарджээ. Амьдрахын эрхээр хангай дэлхийгээс хишиг хүртэж нүгэл хураадаг нь үнэн билээ. Гэхдээ хүнд ингэж хэлүүлэх болтлоо хар буруу санаж яваагүй бодогдоно. Тэр гэнэтхэн босож даллуур буу хоёроо аван гэр лүүгээ давхилаа. Гэртээ орж буугаа хойш хураагаад, дээлээ сольж шурдхийн гарлаа. “Чи ингээд хүн доромжилж бай” гэж амандаа үглэн хөмхийгөө тас зуун, найрлаж байгаа айлын зүг давхиж явлаа. Олдох энэ өдөр бүх юманд тэр ч бүү хэл өөртөө өширхөх сэтгэл төржээ.
Хэдэн сарын өмнө тарваганы хорио цээр тавигдаагүй байхад хар Олдох тарвага нухаж байна гэсэн гомдол сумын захиргаанд очсон боловч сумын дарга


-Та нар муу Олдохтой битгий барьц аа. Тэр чинь олон нялх нойтон хүүхдээ тэжээх гэж зүтгэж яваа амьтан хөөрхий гэсэн яриа чихийг дэлсэхэд Олдох нулимсаа гартал баярлаж билээ. Харин өнөөдөр энэ бүхийг бодохоос улам уур нь хүрч юунд ч юм өөрийгөө зүхнэ.
Найрын гийчид шингэрч, найр жаргах дугараа эргэж байхад Олдох гэрт орж ирэв. Найрчдын тарагны сав аль хэдийн бялхаж хийх ажилгүй болоод байсан үйлчлэгч хүүхнүүд архи дарсаар Олдохыг шахаж гарлаа. Олдохын оволзож байсан уур омог бага зэрэг дарагджээ. Гэрийн баруун хаяанд завилж суусан чигээрээ умаахан болсон Баадгайг хараад бүр ч ой нь гутаж, юунд наашаа дахиж ирэв дээ. Жаахан тохь суух юмсан Олдох минь гэж Хажидын үглэдэг санаанд нь орно.
Одоо яая гэхэв, нанчилдая гэхээр хэнтэй нанчилдах, хэрэлдэе гэхээр хэнтэйгээ хэрэлдэх. Олдох ирсэн болгоныг дундалж орхив. Намрын эхэн сарын арван тавны тэргэл сар мэлтийсэн сүүн цагаан шөнө, орчлон дэлхий юутай амар амгалан. Хажид хэдэн хүүхдээ унтуулаад Олдохын ирэхийг хүлээн чимээ чагнан хэвтсээр. Төдөлгүй аргамжаатай морь үүрсэж, гадаа уяан дээр морь тургих сонсогдов. Хажид хурдхан дээлээ нөмөрч гадаа гарав. Олдох уяан дээрээ мориноосоо ч буулгүй донхолзож байснаа Хажидыг дөхөж очмогц мориныхоо зөв тал руу салс хийн уналаа. Хажид түүнийг өргөх аядаж мориноос нь холдуулаад эмээл хазаарыг нь авч байх хооронд тэр гомдож цөхөрсөн хүний хөггүй саарал хоолойгоор,
-Хажид аа Чи намайг хэн гэж бодож байна. Би хэн юм, би хэн юм гэсээр чимээ тасрав. Морийг нь чөдөрлөж дуусаад Хажид түүнийг босгох гэтэл тэр зөөлхөн хурхирч байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага