Тэр ахыг согтуу гэдгийг та хараагүй байж яаж мэдэж байгаа юм бэ? 
2018 оны Novemberын 7

Магваны Эрдэнэбат
Ханхай гэр
Сийлэгмаа ажлаасаа оройтож гарлаа. Хаврын эл орой гудамжны хөдөлгөөн сийрэг харин орчлонгийн шороог түмэн хүн хөдөлгөж явааг илтгэх мэт шингэж буй наран доогуур өлөн цагаан тоос хөшиглөнө.
Эдлэх л ёстойгоо эдэлж яваа хэний ч нүдэнд дүүрэн энэ хүүхэн гэрээдээ тэгтлээ их яараагүй ч эх хүн л болсон хойно хоёр хүүхэд минь яаж байгаа бол гэхчлэн тэрүүхэндээ адгаж л явлаа.
– Хэн бэ?
– Ээж нь байна
– Ээжээ! Ээжээ!
– Аав нь ирээгүй юу?
– Май миний хоёр хүү хувааж идээрэй
– Ээж миний хоёр хүү гэж байх юм. Болдоо ах л хүү, би охин биз дээ.
– Тиймээ миний охин ахтайгаа очиж чихрээ хувааж ид. Ээж нь хоолоо хийе. Аав нь мөд ирнэ.
– Болдоо! миний хүү чинь том хүний дуу дуулаад байна уу даа.
– Ээжээ өнөөдөр манай цонхон дор нэг ах энэ дууг дуулаад байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Би тэр ахыг их өрөвдсөн. Болдоо ах тагтан дээр гарч харсан. Та бид хоёрыг тагтан дээр битгий гараарай гэсэн биздээ.
– За цаад өрөөндөө орж тоглоцгоо. Болдоо чи барагтайхан байгаарай. Чамайг тагтан дээр битгий гараарай гээ биз дээ. Одоо бүр согтуу хүн дагаад дуулж явах чинь дутаа юу.
– Тэр ахыг согтуу гэдгийг та хараагүй байж яаж мэдэж байгаа юм бэ?
– Мэдээж согтуу л биз. Эрүүл хүн юу гэж тэгж хамаагүй энд тэнд дуулж явдаг юм.
– Үгүй тэр чинь энд тэнд дуулаагүй. Ганцхан манай цонхон дор л дуулсан.
– Би чамайг цаашаа ор гэж байна шүү.
Яах гээд байнаа бурхан минь. Бас нөгөөх чинь ирж ойрдоо үзэгдэхгүй амар байсан. Гай газар дороос гэж одоо амар заяа үзүүлэхгүй нь ээ. Ёстой арчаагаа алдсан амьтан. Хүү бид хоёр эртхэн холдсондоо оножээ. Яаж зовоох байсан бол. Харин аз болоход хааяа нэг шөнө өдөр ялгаагүй цонхон дор дуулж суухаас хэтрэхгүй юм. Орж ирээд янз янзын юм яриад байвал яана.


Очирын сэтгэлд л сэв суулгачих байх даа. Болдоо ч том боллоо. Муу сайн юмны зах зухыг гадарлах болж яадаг юм билээ. Би ч гомдоох нь гомдоосон. Гэхдээ муу эр байна даа. Надад л муугаа үзүүлж явахыг бодоход. Уг нь хэнээс ч дутхааргүй дотуур тамиртай шазруун залуу байсансан.
-Болдоо хаалгаа онгойлго аав нь ирж байх шиг байна. Тэр өдрөөс хойш Очирынхоор хүнд дуулгачихаар жигтэй сонин явдал юу ч болсонгүй. Нөгөө согтуу ч цонхон дор нь ирж дуулсангүй. Хавар ч өнгөрч, бүр зун ч өнгөрч. Намрын нэг налгар сайхан өглөө. Гандаж шарласан навчис ганц нэгээрээ агаарт эргэлдэн эргэлдэн буухыг харжээ явахад ямар нэгэн гунигийн дууны төгсгөл мэт.
Сийлэгмаа ажилдаа ирвэл:
– Сийлэгмаа эмчээ, танд захидал. Нэг эмэгтэй өгчихөөрөй гээд саяхан гарсан гээд жижүүр өвгөн ямар нэгэн чухал ажил хэрэг саатуулчихвий гэж эмээсэн янзтай барьсан цаасаа Сийлэгмаагийн гарт лавхан атгууллаа. Хэн надад захиа өгдөг билээ гэж эргэлзэж тээнэгэлзэхийн завдалгүй захидлыг задлан үзвэл:

“Сайн байна уу? Тантай уулзах чухал хэрэг байна. Нялх хүүхэдтэй учир таныг хүлээж чадсангүй. Ах минь өөд болоод сар гаруй болж байна. Ажлынхаа зав чөлөөгөөр заавал нэг очиж уулзахыг танаас хичээнгүйлэн гуйя. Манайх хуучин хашаандаа байгаа. Баяртай Нарантуяа” гэсэн байлаа. Сийлэгмаагийн гараас уншиж дууссан захиа буудуулсан шувуу шиг ойчлоо. Юу болсныг эс ухаарсан жижүүр өвгөн дэмий л нэг Сийлэгмаагийн царай, шалан дээр хэвтэх захиа хоёрыг ээлжлэн харлаа.
“Хөөрхий минь өнгөрчихөж. Би тэр хүнийг тэгтлээ их гомдоож явахдаа нэг өдөр ингээд бүгдийг орхиод одсон байх юм гэж төсөөлж бод луу. Муу ч сайн ч хүүгийн маань … ерөөсөө л одоо очьё. Үгүй үгүй би ямар нүүрээрээ дүү нарын царайг харах билээ. Нэгэнт бүх юм өнгөрсөн ингээд л өнгөрснөөрөө дуусъя. Бас болохгүй, хэзээ нэгэн цагт би Болдоод худлаа ярьж болохгүй. Юу гэж хэлэх билээ? Төрүүлсэн үрийнхээ өмнө нүдээ бүлтэгнүүлэн худлаа ярьж чадахгүй”
– Тэр өдөр Сийлэгмаа ажлаа олигтой хийж чадсангүй. Маргааш өглөө зориг муутайхан сэтгэл шулуудлаа.
… Найман жилийн өмнө энэ гудмаар хүүгээ тэврээд явж байсан нь өчигдөр мэт санагдана. Учир нь өнгөрснийг бид хэнээс дутуугүй санаж байна гэж мурий тахир гудамж, шавар байшингууд хүний хэлээр шивнэх шиг болж байлаа. Хашааны үүдэнд ирээд хэсэг зогслоо. Тэр хүн алга. Бусад бүх юм хэвээрээ. Хүн гээч амьтан цагаа болохоор үжирсэн дээс өмхөрсөн модноос хэврэг эд санж.
– Хэн бэ?
– Сийлэгмаа байна.
– Өө та ашгүй хүрээд ирэв үү. Ор ор.
Тэр хоёр бие биенээ олигтойхон ч эгцэлж харсангүй хэсэг чимээгүй сууцгаалаа.
Нарантуяа сая нэг ам нээж :


– Бид ч нэг иймэрхүү л сууцгааж байна даа гэж хэлээд товчоо товчилсон эсэхийг шалгаж байгаа юмуу ямар ч байсан энгэрийнхээ товчоор оролдож суулаа. Болдоо та хоёрыг хүрээд ирэх байх гэж эхэндээ нилээн хүлээсэн байхаа. Сүүлдээ ч архи уугаад ажил төрөлгүй болсон. Дуу цөөтэй хүн чинь бодол сэтгэлээ хэнд ч хэлэхгүй хэд хоногоор ч хамаагүй алга болчихно. Тэгж яваад элэг нь муудаад бүр сүүлдээ хэсэг хэвтэрт байж байгаад өнгөрсөн дөө. Бие нь муудахаараа ”Болдоо! Болдоо! миний хүү” гэж тамираа тасартал хашгирдаг байсан. Хүүгээ л их санасан даа. Бид нар сүүлдээ танд хэлж Болдоог авчирья гэсэн чинь “Та нар ч мөрөөрөө амьдарч яваа улсад битгий гай бол” гээд тас хориглоод болоогүй юм. Согтуудаа танай тэрүүгээр очсоноо маргааш нь мэдчихээд их санаагаар унаж хоёр гурав хоног хэнтэй ч дуугардаггүй байсан.
Сийлэгмаа яах гэж ирэв дээ гэж өөрийгөө зүхэхийн дээдээр зүхэж чимээгүйхэн мэгшүүлж байлаа. Харин Нарантуяа үе үе дотор нь харанхуйлж царай нь хачин болоод байгаа харагдахаас уйлж унжсангүй. Үнэндээ Сийлэгмаагаас нулимсаа нууж байлаа.
За хоёулаа ахынхаар орьё
Гээд Нарантуяа хадаасанд өлгөөстэй байсан түлхүүрийг авлаа.
Анх айлын бэр болж энэ гэрийн босгыг алхаж билээ. Тэгэхэд энэ гэр шив шинэ байж. Гэтэл одоо их хуучирчээ. Зүүн талд нь юу ч алга. Баруун талд нь ганц ор, нэг авдар бас бус ширээ сандалхан л байх аж.


-Ах сүүлдээ та хоёрыг хүлээж цөхөрсөн юм байлгүй. Эхнэр хүүхэдгүй хүн хүнтэй адилхан бүтэн гэр орноор яах вэ гээд зүүн талынхаа юмыг бүгдийг нь хураагаад амбаарт хийчихсэн. Тэрнээс хойш энэ гэр ийм ханхай байсан гээд жижигхэн авдар онгойлгож
-Би танд гол нь эд нарыг л өгөх гэж дуудсан юм л даа. Май энэ таны ээмэг. Ах таныг явсны дараа хөдөөнөөс ирээд таныг ээмгээ орхиод явж гээд надад үзүүлж байсан юм.
Гээд оюу шигтгээтэй алтан ээмэг өгөхөд Нарантуяагийн хацар дээгүүр нэг дусал нулимс гялганан урсаж шанаанаас нь тасарлаа. Намайг салаад явсан гэж бодолгүй энэ ээмгийг надад авчирч дээ. Хичнээн жил хадгалаа бол доо хөөрхий. Хамаг юмаа зараад үрчихсэн хэрнээ ганцхан үүнийг л… Бас тэгээд дүү нартаа намайг орхиод явсан гэж хэлдэг байжээ. Эвий халаг минь гэж бодсоор ээмгийг авлаа.
– Манайхан хэдэн үеэрээ эдэлж явсан хөөрөг юм гэсэн. Айлын том болохоор ахад байсан юм. Үүнийг л Болдоог том болохоор өгөөрэй гэсэн юм. Сүүлчийн захиас нь л тэр байсан юм. Та хичээж үзээрэй.
-Сэрүүн орохоос өмнө энэ гэрийг нь хураана аа. Аав минь та хоёрыг айл болоход өөрөө төхөөрч байсан гэр. Болдоо ч хаанаас ийм гэрт суув гэж. Гэхдээ юмыг яаж мэдэхэв Болдоог том болохоор гэр орны хэрэг гарвал гэр нь энд байгаа шүү. Хүү сэрээд уйлж байна гэснээ ярих юм дууслаа гэсэн шиг
-Би таныг гаргаад өгье гээд хаалга зүглэн алхлаа. Сийлэгмаа хашаанаас гарч хаашаа явж байгаагаа ч мэдэх тэнхэлгүй хэсэг алхлаа. Олон жил гараагүй нулимс нэг гарахаараа ингэдэгсэн үү өөрийн эрхгүй урссаар л байлаа.
– Тээр жил хөдөө явсных нь урд шөнө Сийлэгмаа орондоо нэг их уйлж билээ. Тэр шөнө бид хоёр сүүлчийн удаа хамт байгаагаа хэн хэн нь мэдээд хөнжил дотор хүйтэн салхи сэвэлзэх шиг болж билээ.
“Чи ингээд хөдөө хэдэн сараар алга болчихно. Нялх хүүхэдтэй би л өмсөж зүүхээр ядмагхан энэ гэрийн чинь мухрыг сахиж үлдлээ гэж шөнөжин уйлж билээ. Гэхдээ тэр үед ч салаад Очиртой суучихья гэж хараахан бодоогүй байсан юм.
“Хол явах гэж байхад битгий муу ёрлож уйлаад бай л даа. Би чамайгаа нэг л өдөр тэр алт мөнгө, торго дурдан гэдгээр ороогоод өгнө өө. Одоохондоо сайн л ажиллах хэрэгтэй байна” гэж аргадаж хэлсэн үг нь одоо ч сонсогдох шиг.
Сийлэгмаа гэнэт юу авч яваагаа саналаа. Одоо энэ хоёрыг яах вэ? Гэртээ авч очиж болохгүй. Үнэндээ тэр хүний сэтгэл төрөл арилжиж алт гэж энэ хүйтэн төмөрт шингэснийг энэ орчлон дээр амьтныхаа хар зөнгөөр Очироос өөр мэдэх хүнгүй болжээ. Сийлэгмаа яван явсаар холын хамаатан болох нэг хөгшнийхийг зорилоо.
-Хэн бэ?
-Ээж нь байна аа .
-Ээжээ! Ээжээ!
-Болдоо ах тагтан дээр гарч удаан зогссон.
-Ээжээ, би зүгээр гадаа ямар байгааг харсан юм. Нөгөө дуулдаг ах ирээгүй.
Би тэгээд ч тэр дууг нь мартчихсан.
-Сийлэгмаагийн сэтгэл өглөөхөн орсон ханхай гэрээс ч долоон дор хоосорчээ.
-Хүүгийнхээ толгойг тэвэрч сая л нэг цурхиртал уйллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага