Ингэж үйл тамаа эдэлж хөөцөлдчихөөд… өөрөө авахгүй юм биш биз. Эсвэл та чинь хахаж цацсан баян хүн үү?
2018 оны Novemberын 7

Магваны Эрдэнэбат
Хайр
Хар савхин малгай донхойлгон, хуучин бор даавуу дээл өмсөж, сэмэрч муудсан нарийхан шар дурдан бүс чанга ороосон өндөр хөх өвгөн чөлөө зөвшөөрөл ч авалгүй шууд ороод ирэв. Ширээ дүүрэн цаас ширтэн тонгойж суусан хуульч залуу сая сэхээ авч толгойгоо өргөн өвгөний зүг хараад “мань өвгөн” гэж бодонгоо нүүрэндээ инээмсэглэл тодруулан мэндлэв. Өвгөн Бор хуульчийн ширээний өмнөх түшлэгтэй сандал дээр сууж түүнийг ажлаа бараглахыг хүлээнэ. Хуульч залуу байдгаараа тонгойн ажлаа хийнгээ
-Юу болж байна даа Бор гуай…?
-За хүү минь, одоо л нэг бүтэх шиг боллоо. Чи нэг хараад орхи. Явдалтай ажил байна шүү.
Ингэж хэлээд өврөө суйлан гэрэлтдэг хавтсанд чихсэн баахан эрээн цоохор цаас гарган хуульчийн өмнө дэлгэв. Хуульч, өвгөн хоёр сүүлийн сар гаруй өдөр болгон шахам нэг л ажлаар уулзсаар сүрхий танил болсон аж. Залуу, өвгөний өвөрт яваа энэ бичиг цаасыг нэг бүрчлэн мэдэх боловч эхнээс нь дуустал нягталж үзээд,
-Одоо яг номоороо гүйцсэн байнаа Бор гуай. Би одоо хоёр бичиг баталгаажуулж өгнө. Та ч мөнгө авахад бэлэн. Ингээд л “саятан боллоо ах минь” гэж тоглоом шоглоомын завсар хэлэв.
-Мөн ч их явж байж бүтдэг эд байна. Над шиг ажилгүй хүнд харин ч нэг ажил юм даа. Ажил төрөлтэй та нар шиг улс бол ч бардаггүй ээ. Энүүний барааг харж, ид шидийг үзэхгүй дэг. Үгүй ээ хүүхээ, энэ мөнгийг чинь одоо яадаг хэрэг вэ? Хандив мандив аваад аятайхан, за хамгийн чухал нь зөв юманд зарчихдаг газар байна уу?
-Бор гуай минь. Ингэж үйл тамаа эдэлж хөөцөлдчихөөд… өөрөө авахгүй юм биш биз. Эсвэл та чинь хахаж цацсан баян хүн үү?


Хуульч залуу ийм юм анх сонсож байгаа тул амаа ангайтал гайхав. Хүн болгон л авах гэдэг, төрсөн ах дүүс энэ хэдэн төгрөгнөөс болж тангараг тасарч байхыг тэр мэдэх юм. Өвгөн бодол болж сууснаа.
-Мөнгө нь ч мөнгө юм. Би тийм ч баян цатгалан хүн биш ээ хүү минь. Ягтаа тулсан тарчиг ч амьтан биш. Нэг л идэж боломгүй оргиод байна, энэ мөнгийг. Нөхөн олговор. Ямар хачин үг бодож олдог улс вэ? Ухаан нь миний эцгийн амийг мөнгөөр нөхөж өгч байгаа юм биз. Буруу хойшоо ч бол доо. Тэтгэврийн хөгшнөөс дор сэтгэдэг дарга сайд нар баймгүй санагдах. Уучлал… Бас нэг тийм хачин юм бодож олсон байгаа юм. Төр миний эцгийн амийг авсныхаа төлөөсөнд уучлал гуйж, мөнгө төгрөг өглөө гэнэ. Энэ бол зүгээр төр засаг нь ард түмнээр тохуурхаж байгаа хэрэг. Засаг ч гэж дээ. Угтаа хүн хүнээрээ наадаж байна шүү дээ. Хүүхдүүд минь. Та нар ч азтай улс. Сайхан үед төрж, хүн болцгоож. Ээ дээ мөн ч аймшигтай цаг байсан юм шүү гээд тээр дороос их уртаар санаа алдав.
Өвгөн нэг амьсгаагаар урсгаж орхисонд хуульч залуу гайхахын сацуу сониучирхан харсаар суув. Өвгөн бодол болох шиг жаахан азнаснаа
-Хүү минь чамайг завтай бол нэг түүх ярьж өгье. Энэ бол яг одоо чиний өмнө бөгтийгөөд сууж байгаа үрчгэр хөх өвгөний туулсан гашуун зовлон юм.
-Тэгэлгүй яахав Бор гуай. Одоо ажил тарах ч болж байна гээд залуу сандлын зөөлөн түшлэг налан тухлав. Өвгөн малгайгаа авч ширээн дээр тавиад яриагаа эхлэв.
…Тээр жил намар орой юм сан. Манай нутагт их цас унаж билээ. Би тав хүрч байсан ухаантай юм уу даа. Юмны учир ухах сөхөөгүй нялх л байсан биз. Тэр үдэш яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Их л онцгой хачин, нэг тийм зэвүүн орой байж билээ. Дөнгөж өвөлжөөлөөд хоёр хонож байтал эцгийг минь сумын төв дээр ир гэв. Манай нутгийн нэг нь хэл хүргэж ирсэн хэрэг. Аав минь бурхан тахил, ном судраа гэрээсээ холхон аваачиж нуусан байх. Одоо л тэгж таамагладаг юм.


-Аав тань лам хүн байжээ дээ? гэсэнд өвгөн яав ийв гэмээр гэнэт уцаарлан
-Үгүй ээ. Тэрнийг чинь ярих гээд байна…
Ингэж огцом унтууцан дуугаа хурааж хэсэг болов.
-Хөөрхий минь. Ямар юмных нь гойд ном байхав дээ. Сүрхий том лам биш ээ. Гэхдээ тэр хавьдаа л уншлагатай хүн байж, зайлуул. Маргааш өглөө аав сумын төв орохоор явлаа. Ах бид хоёр “Голио чихэр авчраарай” гэж захиж байж билээ. Хүүхдийн л зан хойно доо. Өдөржин харуулдаад, гарч оровч хүлээгээд байдаг. Аав ирдэггүй ээ. Өвлийн сар гарсныг хэлэх үү. Үнээ малын дэлэн шувтраад юу арвитай гарах билээ. Ээж минь хоёр үнээгээ хэдхэн шувтарч цайны сүү аваад “Миний хоёр банди гүйгээд малаа хотлуул. Аав нь удахгүй ирнэ. Эзгүйд минь малаа хотлуулчихдаг эр улс хө гэж аав нь магтана даа” гэв. Тээр хойно нар жаргасан хойно аав ирэв. Ах бид хоёр бөөн баяр, ээжийн царайд ч инээмсэглэл гэрэлтэнэ. Аавыг гэрт орж ирмэгц ах бид “голио чихэр дээ, голио чихэр дээ” гээд зүүгдэв. Аав минь хэзээ ч тэгж уурлаж зандарч байгаагүй юм.
-Турж үхэх нь үү та хоёр. Өвөр түрий уудаллаа гэж зандрав. Ах бид хоёрыг гомдолтойгоор хэнгэнэтэл уйлав. Аав одоо л бид хоёрыг аргадаад “Алив миний хоёр хүү. Аав нь зөндөө их голио чихэр авчирсан” гэх болов уу гэж горьдсон байх. Улам чанга уйлалдлаа. Юун голио чихэр. Аав минь налайтал инээмсэглэж суусан ээж рүү үсчин “ажилгүй, анхиагүй, хормойгоо чирсэн эм” хэмээн хэлэх хэлэхгүй үгээр агсарч гарлаа. Би тэгэхэд аавыгаа бараг танихгүй байж билээ.
-Ус халаа, хонь төхөөрнө гээд ах бид хоёрыг хотонд дагуулж оров. Хотонд ормогцоо миний бор халзан хонийг барьж аван тэнгэр харуулав. Би хонио хайрлаад уйлмаар байвч айгаад дуугарч чадсангүй, Дэмий л ах руугаа харан нусаа татвал тэр бас л гайхсан янзтай над руу харан нусаа татаж байна.


Нас гүйцсэн бүдүүн эр хонины хоёр хөлөөс ах бид хоёр чаргуулдан байж арай л гэж гэрт оруулав. Гэрт өөхөн дэнгийн гэрэл сүүмэлзэж, зуухны аман дээр ээж галаа төнхөж сууна. Гэрт хонь нударч байгаа аавын амьсгаа, өвчүү түшиж суугаа ахын нусаа татахаас өөр ямарч чимээ анир алга. Урьд нь хонь гаргасан өдөр ах бид хоёр бөөн баяр болдог байлаа. Хонь төхөөрч өгөхөөр хэн нэгэн хүн манайд ирнэ. Тэгэхэд аав, ах бид хоёрыг “За хө, хоёр хүүгийнхээ түрүүлж дуусгасанд нь үнхэлцэг, зүрх өгнө дөө” гэж бооцоо тавиад ямар нэгэн ажил хийлгэдэгсэн. Энэ орой тийм юм юу ч болсонгүй. Аавыг хонь төхөөрч чаддаггүй гэж ах бид хоёрын боддог байсан нь эндүүрэл байв.
Тогоо дүүрэн мах гал дээр буцалж, тогооны халив дээгүүр тостой шөл хальж, халуун галд шар шур гэж шатна. Шинэ махны нялуувтар таатай сайн үнэр хамар цоргиж, мах идэхсэн гэхээс ходоод гэдэс хуржигнана. Аав тогоо дүүрэн мах урдаа тавьж байгаад ганцаараа идэж гарав. Өөхөн дэнгийн гэрэлд аавын мах идэх сүүдэр хөдөлж бүр аймаар сүртэй харагдана.
Ээж, ах бид гурав аавын мах идэхийг шүлсээ залгиж харж суулаа. Аав ганцаараа идээд л байв. Сүүлдээ тэвчсэнгүй би уйлж гарав. Ээж тэгэхэд намайг аргадан дэргэдээ суулгасан авч, аль хэдийнээ мэлмэрүүлэн уйлж суужээ. Аав идэж дуусаад түмпэнтэй махаа ширээн доогуур түлхээд, биднийг ид ч гэсэнгүй. Өөрийн хоол иддэг том хулаар шөл хийлгэн яаралгүйхэн оочиллоо. Арга барагдсан аймшигтай шөнө байсан юм даа. Өөхөн дэнгийн гэрэлд аягатай шөл оочилж суугаа тэр хүнийг хараад аав минь гэж итгэхэд бэрх байж билээ. Уйлсаар байгаад өнгө зүсээ алдсан хөөрхий эх минь аавыг гарах хойгуур бид хоёрт нэг нэг гогцоо цус бариулав. Аав гаднаас орж ирээд бид хоёрын юм идэж байхыг хараад
-Тавьцгаа, буцаагаад хий. Та нар яасан гэж хоол идэж байгаа юм. Унтацгаа хэмээн зандрав. Ээж оройжин мэгшин уйлж байснаа сая нэг их үерийн ус сад тавин асгарах шиг цурхиртал уйллаа. Ээжийг дагаад ах бид хоёр хоолой мэдэн енгэнүүлэв.
-Дуугүй байцгаа, юундаа гэнгэнэлдээд унав гэж тасхийн зандрахад бид гурав дор дороо чимээгүй мэгшиж байлаа. Орондоо орсон хойноо ах бид хоёр биесээ тэвэрч уйлсаар, нэг мэдэхэд нам унтжээ. Өглөө сэрвэл зуухны аман дээр бөгцийж суусан ээж минь. Ээ халаг. Ээжээ хараад бараг таньсангүй. Үс нь арзайж сэгсийгээд, уй гашуугаас болж нүд нь хавджээ. Уйлж унжиж уруу царайлсан энэ эмэгтэй ээж минь биш, өнгөрсөн зун манайхтай айл зуссан Даариймаа эмээ шиг харагдав. Аавын нөгөө их уур омог дарагдсан ч юм уу, ямар ч гэсэн аягандаа мах хөшиглөж цайгаа ууж сууна.


Аав хол явах бололтой, богцондоо жаахан юм түнтийтэл чихсэн байв. Төдөлгүй цайлж дуусаад богцоо тэврэн гэрээс гарав. Бид гурав араас нь дагав. Тэлмэгэр цэнхэр тэнгэр дээр дүнхийж, орчлонд муу юм болохын аргагүй сайхан өдөр байж билээ. Аав сая л ам нээж
-Та хоёр ээжийнхээ үгэнд сайн орж, ажил сайн хийнэ шүү. Тэр өндөр хөх уулыг харж байна уу? Тэрийг та хоёр намайг л гэж бод. Хэрэв зүггүйтсэн байвал би та хоёрыг эргэж ирээд “турсагыг чинь хуулна гэж мэдээрэй” гэж билээ. Ээж минь бид хоёрын толгой дээр гараа тавьсан чигээрээ уйлсаар л байв. Аав мориндоо мордон эргэж харснаа
-Чи ч гэсэн ямар үхсэндээ гонгиноод байгаа юм бэ? Наад хоёроо аваад гэртээ ор гэсээр цас манарган хатируулж одлоо.
Тэр өвөл их урт өвөл өө. Бид гурав хүн амьтнаар хамжуулж дамжуулж баймааж идшээ төхөөрүүлж нөөцлөв. Ээж байн байн санаа алдаж, үе үе дуугаа хураадаг болов. Ах бид хоёр аавыгаа санана.

-Аав минь хэзээ ирэх бол доо
-Тийм муухай эцгээр яадаг юм. Хүрээд ирвэл та хоёрыг л зодно биз. Эцэг шиг эцэг биш танай эцэг гэнэ. Ээжийг ингэж хэлэхээр аавын муухай ааштай байсан аймшигт үдэш санагдана.
Ингэж л бид хоёр эцгийгээ санан бэтгэрэлгүй хүн болсон юм даа. Тэр үед муу эцэг эх хоёр минь яажшуухан тарчилж байсан бол хөөрхий гээд Бор өвгөн яриагаа дуусгав. Өвгөний яриаг хөдөлгөөнгүй чагнаж суусан залуу сая ам нээж
-Гайхалтай юм. Яасан лут хүн байж вэ?
-Гайхалтайгаа ч хат даа. Аргаа барсан л хүний явдал биз дээ, хөөрхий. Ийм их зовлон зүдүүр үзэж байж хүн болсон би эцгийн минь халуун амины төлөөс гэж өгч байгаа энэ мөнгийг идэж чадахгүй ээ. Юм гэдэг ямар хэцүү байдгийг ийм зовлон амсаагүй та нар мэдэхгүй. Мэдэх гээд ч яах юм билээ. За ямар ч гэсэн энэ мөнгийг авна, гэхдээ идэхгүй гээд Бор өвгөн малгайгаа өмсч гарахаар завдав.
-Хүү минь. Чи надад их дэм болсоон. Урт насалж, жаргалтай сайн яваарай гэв. Өвгөний зөөлөн инээмсэглэх царайнаас дөнгөж сая ярьсан гунигийн сүүдэр сарниж амжаагүй байлаа.
Нар шингэх дөхжээ. Өрөөнд ташуу ягаан туяа улбартана. Залуухан хуульч тамхи асаан цонхоор харж удаан зогсов. Ямар нэгэн цоо шинэ ертөнцийг өөртөө нээсэн шиг санагдав. Өнөө “цоо шинэ юм” чинь энэ шүү дээ гээд барих гэхээр нэг л хоосон. Гэвч сэтгэлийн гүнд нь яахын аргагүй нэг л юм оржээ.
Хар савхин малгайтай, өндөр хөх өвгөн зэргэлдээ байшингийн булангаар тойрч харагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага