Шамбалын дайн ч болно уу, галав ч юүлнэ үү, хамаагүй ээ. Хөгшин хонины насгүй болсон би тэр Шамбалын орон гэгчийг хүрч чадахгүй нүд анина.
2018 оны Novemberын 8

Ц.Түмэнбаяр
Аяны_тогоо
Банзрагчийн хот айлын гадаа яах ийхийн зуургүй буу шийдэм барьсан хэдэн морьтон давхин ирлээ. Давхианд зүрх нь хөөрсөн агсам мориныхоо ам булаалдах эрэгцээн дунд жолоогоо хантайртал татавч тогтоож дийлэхгүй нэгэн лам:
-Шамбалын дайн. Дарнатын хувилгаан Богд Жавзандамба хутагт таалал болсноос хойш, хойт дүрий нь ч тодруулж чадаагүй учир Монгол нутгийг шамбалын дайн нөмөрлөө. Шашныг мандуулж, амьтныг жаргуулагч Очирбатын яамнаас Шамбалын орон болсон Наран ургах зүгт нүүцгээ хэмээн тушааж байна. Юун гамин, юун баронтой жишихийн аргагүй үхлийн аюул айсуй. Тиймээс итгэсэн сүжигтний гэм зэмийг уучилж, цөвүүн цагийн нүгэлийг ариусгах Ванчин Богдын өлмийн тоосонд мөргөн, ивээл өршөөлд нь багтаж, бишрэн дагахаас өөр замгүй хэмээн өндөр дуугаар хашгиран хуйхарна.
Тэр лам Банзрагчийн хорь ч хүрээгүй хүүг нь “Шамбалын дайны шар цэрэгт нэгд гэж тулгаад, хэрэв зөвшөөрөхгүй бол амьдаар чинь шарж, халуун тамд хаяна” хэмээн сүрдүүлэн, зөвшөөрөнгүүт нь бууны ам долоол¬гож “урваж, шаргаж, оргож босохгүй” гэдэг ам өчиг аваад хүчээр дайчлан одсон хүн мөн байлаа.
Морьтнуудаас шийдэм барьсан бүдүүн эр урагшаа сугарч гарч ирээд:
-Ах дүү нар минь хурдлаарай, түргэлээрэй, амь нас, үр хүүхэд, хойт насаа бодож урагшаа хил давах хэрэгтэй. Галт шуурга хойноос ирж байна. Дайны хөлд үрэгдэхээсээ өмнө нүүцгээ, нүүцгээ хэмээн хашгирна.


Зүүн гэрийн Донров өвгөн:
– Шамбалын дайн ч болно уу, галав ч юүлнэ үү, хамаагүй ээ. Хөгшин хонины насгүй болсон би тэр Шамбалын орон гэгчийг хүрч чадахгүй нүд анина. Үхвэл үхнэ биз. Ямарч тамд унах байсан төрж өссөн нутагтаа л ясаа тавина. Заяа минь мэдэж гээд гэрээдээ ортол өнөө шийдэм барьсан эр шалмаг гэгч нь мориноосоо бууж, “Тэгвэл чи ингээд халуун тамд ясаа тавь” хэмээн хаалгыг нь хаан бүдүүн модоор чагтлаад, ноорхой бор гэрийнх нь тал талаас гал өгч, тэнгэрт цоролзсон их түймэр болгож орхилоо. Түүнийг харсан ойр хавийнх нь айл хотлоороо айн сүрдэж, яах ийхийн зуургүй орон гэрээ буулгаж эхлэв. Тэр голын айлууд сандралдан зарим нь бүр тогоон дээрээ буцалж байсан цайгаа амсаж ч амжилгүй, бурхан тахилаа ч хурааж хумьж завдалгүй тэр чигт нь орхин зугтаж байв.
Төдөлгүй хойд зүгээс хүмүүсийн хашгирах, хонь ямаа майлалдах чимээ сонсогдож, адуу малаа туусан, тэмээ, үхэр тэрэгт орон гэр, авдар саваа ачсан айлуудын нүүдэл гарч ирлээ.
Банзрагчийнх ч ялгаагүй санд мэнд нүүлээ. Охин Даариймаа нь арван тавтай бөгөөд гол усандаа гоо үзэсгэлэнгээрээ төдийгүй ажилсаг, малч, үйл үртэст уран удганаараа гайхагдсан сайхан охин билээ. Нутаг усныхан “Энэ айлын заяа буян охинд нь шингэсэн” гэж ярьцгаадаг аж. Даариймаагийн хайртай залуу чухам энэ Шамбалын дайны хөлд хаана, яаж явааг бүү мэд. Аягүй бол ах шиг нь шар цэрэгт дайчлагдаад амьд үхсэний сураг чимээгүй болсон уу, таахын аргагүй. Даариймаа: “Аль эртээс ам ам дамжин хадны цуурай шиг тархсан “Шамбалын дайн” гэгч одоо үнэн болжээ” хэмээн бодоод нулимсаа шудран гүйж, ачаа бараагаа тэрэг рүү зөөнө.
Банзрагчийн эхнэр түмпэн саваа хангинуулан, аяганы өр, хөлийн авдраа дааж ядан өргөхдөө: “Хөгшин эхийгээ насны нь бөгсөнд хүний нутагт ясы нь тавиулах болох нь. Даанч ганц охин минь яах бол гэхээс л эмээж байна. Өнөө муу хүү минь ч хаана явдаг юм. Амьд ч юмуу, үхсэн ч юм уу” хэмээн хоолой зангируулахад нөхөр нь: “Донров өвгөн шиг гэртэйгээ үнс болмоор байна уу, дуугүй наад юмаа бушуул бушуул” гэж зандарна. Ная шахсан хөгшин эх нь юу болж буйг ч бүрэн ухаарсан юмгүй, дэмий л бурхан тахилаа хумьж, хураан: “Ээ атаа таван тэнгэр минь, юу болоод ингэж хуйхад хөөгдсөн юм шиг сандарцгаах нь энэ вэ, Өнөө гамин гээч нь дахиад ирээ юу? эсвэл өнөө гайхал барон гээч нь түйвээгээ юу?” хэмээн үглэнэ.


Үхэр малаа шавхчих шилбүүрийн дуу тас няс хийн, “Чаа, чүү” гэж хашгиралдах, хүүхэд шуухад уйлалдан, хурга ишиг майлалдан, үхэр тугал мөөрөлдөж, эхээсээ төөрсөн өнчин ботго зүгээ мэдэхгүй уйлан буйлан хойшоо урагшаа бөмбөртөл тэшнэ. Энд тэндгүй саах эзэнгүй, дэлэн хөх нь салтаандаа багтахгүй чинэрсэн үнээ явж чадахгүй алцалзан, амь тэмцэн орилох нь зүрх шимширмээр. Өвөг дээдсээсээ өвлөж ирсэн өлгий нутаг нь улаан тоосонд дарагдан үлдэхийг харсан Банзрагчийн гол нь горойж, дотор нь харлана. Эргэн эргэн харсаар уйлж яваа охиндоо: “Миний охин эргэж битгий хар. Тэнд Шамбалын дайн болж байгаа” гэсэн ч өөрөө эргэн харж: “хайран ч нутаг минь” хэмээн шүүрс алдав.
Ийнхүү нүүдэлчид энэ бүхнийг бурханы төрөлд ойртох замд учрах нигууртай саад бэрхшээл, үйлийн үр гэсэн итгэлдээ хөтлөгдөн, гагцхүү бурхан тэнгэрт залбиран хувь заяагаа даатгаж, харийн нутаг руу хөвөрч явлаа.
Х х х
Нохой гаслам халуунд хоёр хоног довтолгож байж арай гэж хилийн дээс алхав. Хүний нутгийн танихгүй үнэр авсан үхэр мал нутгаадаа эргэн гүйнэ. Монголчууд зугтсан малаа буцааж туух гэж үйлээ үзэв. Зарим нь гүйцэгдэхгүй алга болж, зарим нь улдаж үлдэн, тууж гарсан малын тал нь л хүний нутагт иржээ. Мал хүртэл унасан газар, угаасан усаа орхиж чадахгүй нутагтаа хоргодон, амь тэмцэн зүтгэж байхад бид ингэж ч явах гэж дээ хэмээн Банзрагчийн эхнэр нулимс унагана.


Нутгийн дээснээс нилээн дотогшилсны дараа хүмүүсийн сэтгэл санаа жаахан тайвширав. Гэтэл замд нэг жижигхэн хумбагар тогоо хэвтэж байсныг эхнэр нь олжээ. Ер үзэгдээгүй чамин тогоо санж. “Өч төчнөөн айл нүүж яваа болохоор нэгнийх нь ачаанаас гээгдсэн биз. Эсвэл энэ нутгийнхан ийм тогоонд хоол цайгаа хийдэг юм болов уу” гэсэн яриа өрнүүлэн, ихэд л олзуурхан, өөрийнхөө тогоог ад үзэн “Энэ хар хүнд ширмээр юугаа хийх вэ?. Цомхон ам бүлтэй манайх шиг айл, аян замын улсад яг таарсан авсаархан юм гээч, бас нимгэвтэр ширэмтэй, түлшинд ч аривтай, ачаанд хөнгөн” гэцгээн магтацгаав. Чингээд хонин тогоогоо замд хаян хээрээс олсон тогоондоо яах ихйийн зуургүй аагтай шаргал цай даргитал буцалгаж, борцтой, шар будаатай шөл хийж идээд цааш хөдөллөө.
Их үдийн газар яваад нэгэн булгийн эхэнд бууцгааж, эх нь Дариймааг
-Ус аваад ир гэхэд охин нь:
-Ээжээ би энэ хүний нутагт ганцаараа явахаас айгаад байна гэхэд эцэг нь:
-За гэгээн цагаан өдөр хэн яав л гэж… Энүүхэн товгорын доох нь булаг харагдсан. Яваад ир, яваад ир гэж ширүүхэн хэлэхэд охин хичнээн дургүй байвч ээж аавын үгнээс гажиж үзээгүй учир дуртай дургүй явлаа. Үдээс хойш боллоо. Охин нь ирдэггүй. Ойр хавиар хайн:
-Даариймаа Даариймаа, Чи хаана байна хэмээн хоёулаа хашгираад ч таг. Газрын гаваар орсон мэт алга болжээ. Гайхаш тасарсан эх нь:
-Арай чөтгөр шулам шүгэлсэн газар юм биш биз дээ. Охин маань хаашаа алга болчихов доо хэмээн мэгшиж байтал хэдэн морьтон давхиж ирлээ.
Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулж торгон дээл, хантааз өмссөн тэдгээр хүмүүс энгийн биш хэргээр ирсэн нь тодорхой байв. Морьтонгууд Банзрагчийн дэргэд ирэхэд ноёны албат байрын нэгэн эр:
-За амархан сайн байцгаана уу? Аян замдаа сайн явж байна уу? хэмээн их л эелдэг мэндлэхийг бодвол гэмгүй хүмүүс бололтой. Банзрагч:
-Мэндээ, та бүхэн амгалан морилж явна уу? гэлээ. Гэтэл нэгэн магнаг торгон дээлтэй, манжийн үеийн урт улаан залаатай малгай өмссөн эрхэм:
-Банзрагч хэмээгч та мөн үү? гэлээ. Банзрагч:
-Мөн мөн гээд гайхасхийн “бас юу болох нь энэ вэ?” хэмээн дотроо түгшин бодохул өнөө хүн:
-Аа бид энэ хошууны засаг ноён Дансрангийн албатууд байна. Та бүхэн дахин сэргэсэн Манж Го улсын нутагт ирээд байна гээд мориноосоо бууцгаав. Түрүүлж мэндэлсэн эр өврөөсөө алд цэнхэр хадаг гарган Банзрагчид барьж:
-За охиныг тань азийн тэнгэр ивээж, манай ноёны мэлмийн таалалд нийцсэн тул ноёнтон биднийг зарж, та бүхнийг өөрийн орд өргөөнөө саатан морилохыг урьж байна гэхэд эх нь:
-Ээ Лха таван тэнгэр минь. Ганц охиныг минь ямар гээч айл аваад явчихав даа хэмээн өмөлзөхөд эцэг нь:


-Юу юуны духанд хүрэлгүй усан нүдлэхээ боль гэж зандраад, өнөө хүмүүс рүү хандаж, хадгийг авангаа:
-Жа бид нутаг оронд минь үймээн самуунтай цөвүүн цаг ирсэн тул ар Монголоос Шамбалын орныг зорьж гарсан нүүдэлчид билээ. Юутай ч ноёнтонд бараалхаж юу айлдахыг нь сонсох нь зөв хэмээн бодно хэмээгээд эхнэртээ:
-Алив шалвал гээд авдраа уудлаж, өнгөтэй өөдтэй гэснээ өмсөнгөө эхнэр нь
-Ээжийг яах билээ гэтэл нөхөр нь:
-Ээж яах вэ байж л байг. Яав гэж, эхлээд хоёулаа очиж байр байдлыг харья хэмээн өнөө зарлагуудыг даган явлаа. Банзрагч эхнэртээ:
-Одоо яая гэхэв дээ. Охины минь төөрөг тавилан ноёны хатан болохоор зурагдсан ч юм билүү хэн мэдлээ. Заяаны хань зам дээр гэдэг. Өлзий ерөөлөөр энэ нутаг руу ч нүүгээ бил үү. Авралын дээд амьд бурхан Ванчин Богд яав ч буруу тийш нь хөтлөхгүй нь лавтай. Очиж байж л мэдье гэлээ. Эхнэр нь:
-Ээ богд минь, охиныг минь аврал өршөөлдөө багтааж хайрла хэмээн залбирав.
Уяан дээр нь морьд багширсан, хот айлын гадаа хүрч очиход дунд зэргийн таван ханатай зургаан гэрийн дунд нь арван хоёр ханатай том цагаан өргөө засжээ. Банзрагчийг эхнэртэй нь өргөөнд хүндэтгэн залахад урьд өмнө нь ийм айлын босгоор нь алхах нь бүү хэл, бараагий нь ховор харсан тэд энэ хүндэтгэлд самгардан бишүүрхэж, сандарахдаа зүрх нь чичирч, толгой нь эргэж байлаа. Гэрт ороход олон баяд ноёд зочид ид найрлаж байв. Тэднийг баруун талын багананаас хойш урьж суулгав. Охины нь зовхи нь хавдаад, нүд нь улайчихсан байхыг бодоход нилээн уйлсан бололтой. Ээж ааваа үзээд бүр ч эхэр татав. Хошуу ноён сайхан зантай дунд зэргийн насны нүдэнд дулаахан эр байлаа. Бараагий нь хараад л эцэг, эхийнх нь сэтгэл уужрав.
Манжийн хааны хайрласан ноёны жинс отготой малгайг толгой дээрээ духдуулсхийн тавьж, өргөн захтай хүрэн торгон дээл өмсчээ. Халх дээлийг бодвол энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь өргөн, зах энгэр нь дан эмжээртэй аж. Дээлэн дээрээ мөнгөн товруутай хул шар суран бүс бүсэлжээ.

Охин нь нөхөрт гарсан барга эмэгтэйн түнтгэр ханцуйтай, ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийсэн цэнхэр өнгийн эхнэр дээл, гадуур нь таван мөнгөн товчтой ууж өмссөн байна. Уужны энгэрийг өргөн хоргойгоор эмжиж, хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэжээ.
Хар хилэн дугуй малгай өмсөж, мөрний гуу, ээмэг, бугуйвч, бөгжөөр гоёсон бөгөөд уужны хоёр ташаандаа алт мөнгөөр хийсэн хаан бугуйвч унжуулж, хатан сүйх хэлбэртэй бэл, эргэн тойрон шүрэн шигтгээтэй хавчиг татуур хэмээх толгойн зүүлт зүүжээ. Охин нь барга ноёны хатан болсон бололтой.
Эх нь нүдэндээ ч итгэхгүй гайхан бишрэв. Хэний ч нүд булаам сайхан охин нь уйлж бөлцийн, ёроолгүй гунигт автсаныг эс тооцвол тэнгэрийн дагина шиг л харагджээ. “Охин минь намайг бодвол тос өөх, торго хоргойд умбах заяатай төржээ” хэмээн дотроо баярлан, бас л өнөө тогтдоггүй нулимсаа ханцуйгаараа сэмхэн шударч суув.

Идээ будаа, цай унд болсны дараа нутаг орны байдал, хаанаас хаа хүрч яваа зэргээ ярилцсаны эцэст ноён эцэг эхийг нь “манай хаяанд бууж эндээ үлдсэн ч болно. Нэг хэсэг япон цэргүүд орж ирэхэд их хэцүү байсан. Одоо жаахан тогтоод, амгалан тайван болж байна” гэлээ. Охины ээж ганц охиноо бараадан үлдмээр санагдсан ч Банзрагч:
-Бид олуулаа яваа, Шамбалын оронд хүрэх учиртай. Тэнд багш минь хүлээж байгаа. Охин минь танай үүдийг сөхөж өрхийг татах тавилантай бол эндээ үлдэг. Бид явалгүй болохгүй нь гэснээ бас ч ёс төрийг бодож, охиноо айлд өгч байгаа эцэг хүний заншлаар ерөөлийн үг хэлэв. Тэр өмнөө байгаа дунд гарын мөнгөн аягатай айргийг авч амсаад, хоолойгоо засан:
-Өрнөөсөө тасалж,
Өвөртөө өсгөсөн үрийг минь хайрлаж яваарай.
Элгэндээ тэвэрч
Эгнгэртээ өсгөсөн охин минь
Эр нөхөртөө түшигтэй,
Эцэг эхдээ элбэрэлтэй
Гэр нэвт гэгээтэй
Туурга нэвт туяатай
Үрээр өнөр
Үрээгээр баян
Сайхан айл болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье хултай айргаа залгилж орхиод гарах боллоо.


Ноён шинэхэн залуу хатныхаа эцэг эхийг нь дайлж цайлж торго дундан, алт мөнгө өгөөд нутгийн дээснээс гаргаж өгөхийг хиа нартаа даалгав. Тэд нулимстай ч гэсэн охиноо язгуур угсаатай, баян тарган айлд бэр буулгаж орхисондоо сэтгэл өег байв.
Банзрагч ээж аав хоёроо гаргаж өгөхөөр гарч ирсэн охиндоо:
– Усы нь уувал ёсы нь дага гэдэг. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй ч гэдэг юм охин минь. Бүсгүй хүн гэдэг хаан хүнд хатан болдог, харц хүнд гэргий болдог. Хувь заяа гэдэг хүссэн нэгийг хөтлөөд явдаг, хүсээгүй нэгнийг чирээд явдаг гэдэг. Ээж, аав нь цаашаа нүүхээс аргагүй. Бүү уйл. Буянтай сайхан айл шиг байна. Шинэ нутагт төвхөнчихөөд охиноо эргэж ирнэ хэмээн охиныхоо толгойг илэн духан дээр нь үнсээд мориндоо мордоцгоолоо. Охин ижий, аавынхаа араас мэлмэртэл уйлан хоцорлоо.
Х х х
Хошууны нутгаас гармагц аяншиж ядарсан хөгшин эхдээ шинэ шөл уулгахаар хошуу ноёны тасдаж өгсөн хэдэн хониноос нэг төлөг гаргав. Гэдэс арилгаж, цус цутгах хооронд, гурван чулуу түшин аргал зэрэглэж, гал түлээд өнөө хөөрхөн хумбагар тогоогоо тавин, ус хийж, дал, дөрвөн өндөр, шаант чөмөг үйв.
Банзрагч төлөгний сэвс, баасыг холхон жалганд хаяхаар салхин доорхи довцогийн урд руу явлаа.
Нимгэн тогоонд шөл дороо л буцалж, шинэ махны сайхан үнэр хамар цоргино. Гэтэл Банзрагч их л яарч тэвдсэн янзтай гүйх шахам хүрч ирээд тогоотой хоолоо өшиглөж унагахад эхнэр нь гайхан уулга алдав. Банзрагч:
-Чиний наад хөсрийгөөс олсон тогоо чинь үхсэн япон цэргийн малгай байна гэж уурсан хашгираад:
-Сая сэвсээ хаях гэж очсон жалганд хэдэн баргатай таарлаа. Ээ заяа чинь гэж. Цоо буудуулсан толгойноос асгарсан цус нь яг ийм малгайтайгаа гагнагдаж харласан үхсэн японы хүүрийг тэргэн дээр ачиж байхыг хоёр цэхрээрээ харлаа. Ийм ч юм үзэх гэж. Охины минь нөхөр элэнцгийнх нь ноён бол, япон даргын дохио зангаагаар босох суухаа заалгадаг, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг хар буруу элэгтний гар хөл байж гэхэд эхнэр нь:
-Ээ атаа таван тэнгэр минь, гэгээн богд минь хэмээн аймсан хашгирч, хоёр алгаа хавсран мөргөж унаад:
-Элээ, яалаа охин минь, хөөрхий охин минь… хэмээн эхэр татлаа. Банзрагч:
-Шамбалын дайн гэдэг чинь тэнд биш энд болж, үй олон хүний цус урсжээ гээд Банзрагч тэртээ алсад цэнхэрлэх зэрэглээн дунд дайвалзан холдож яваа монголчуудын нүүдлийн араас нүдээ шээхийлгэн хараад: “Бид чинь өөрийнхөө тостой тогоог хаяад өрөөлийн цустай тогоо руу өнгийж явна биш үү” хэмээн гаслантайяа бодоход хоёр хөл нь өөрийн эрхгүй тахимаараа нугаран сөхөрч суулаа.


2017-10-20

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага