Эр хүн ч мөн уйлдаг…
2018 оны Novemberын 8

Л.Энхтуяа

-Ээж минь, хүү нь таныгаа үгүйлэн санаж явдаг шүү!
…Манайх энэ нэгэн байрны 1-р орцны 2давхарт нүүн ирээд нэн удаагүй байсан үесэн. Нэгэн шөнө нойр хулжин ийш тийш хөрвөн хэвтэж байтал гадаа тагтны доор хэн нэгний уйлах сонсогдов. Сэтгэлд нэг л хачин тийм гэхийн аргагүй гуниг төрөөд мөн яагаад ч юм хэн уйлаад буйг нь мэдэх хүсэлдээ автан чимээгүйхэн гэтэн онгорхой буй тагтан дээрээ сэмхэн гараад доош өнгийн харвал нэгэн залуу доод айлын цонхруу харангаа ихэд мэгшин уйлсаар
-Ээж минь, хүү нь таныгаа маш ихээр үгүйлэн санаж явдаг шүү. Таныгаа мөн ч их зовоосондоо, өршөөгөөрэй, тэнэг хүүгээ, ээж минь, өршөөгөөрэй, таныгаа амьд сэрүүн байхад хүү нь өлсөж цангаж байсангүй. Харин одоо хүү нь маш их өлсөж, цангаж байна бас таныгаа маш ихээр үгүйлэн санаж байна, ээж минь гэсээр чимээгүйхэн тэрүүхэндээ үл сонстох төдийхөн бувтнан мэгшин уйлсаар зогсох залуу үнэхээр юутай уйтай, харуусалтай өр өвдөм.
Би чимээ гаргалгүй арагш ухран алхсаар дотогш өрөөндөө ороод хэсэг бодолд автан хэвтсээр сүүлдээ нойрондоо дийлдэн унтсан байлаа.
Өглөө сэрэнгүүтээ өнөөх шөнийн тагтны доор уйлж зогссон тэр залуу хэн байсан мөн доод айлд маань хэн гэгч ямар улс амьдардаг гэх мэтчилэн элдэв бодол намайг эзэмдээд тайван байлгасангүй. Орноосоо хурдхан үсрэх шахам босоод гар нүүрээ хальт угаасан болон аядаад аяга кофе буцалгаж уучихаад гэрээсээ гаран тэр доод айлыг сонирхох хүсэлдээ автан байрны эргэн тойрноор ийш тийш алхлан явтал хэзээний л үүдний манаач аятай байнга л тэнд сууцгааж байдаг хоёр эмээ аль хэдийнээ л гадаа гарцгаасан орцны хажууханд байрлах тэр л түшлэгтэй сандал дээр сууцгааж байгаа харагдана.
Би тэдэн дээр очоод мэнд усаа мэдэлцтэл хоёр хөгшин намайг саяхан нүүж ирсэн хоёр давхарын таван тоотын хүн байна гээд надаас өөрөөс минь асууж мэдсэн юм шиг л ёстой нэг андахгүй сайн мэдэцгээж байнаа. Би ч үүнийг нь далимдуулан өнөөх манай доод давхрын айлд ямар хүмүүс амьдардаг тухай ч асууж мэдэв.


Олон сайхан хүүхдүүдтэй буянтай хоёр буурлууд амьдардаг байсан юм гэнэ. Харин саяхан дөрөв, таван сарын өмнөхөн эмгэн нь насан өөд болоод түүнээс хойш өнөөх энд бас хамтдаа амьдардаг байсан архины донтой хүү нь ч мөн үүгээр ер харагдахаа болиод байгаа гэцгээнэ.
Тэр хүү нь эцгийнхээ үгийг үл ойшооноо бас өөдөөс нь цор цор гээд хоорондоо таарамж муутай байдаг юм билээ. Харин хөөрхий муу эхийнхээ үгэнд гайгүй нэг юм ороод, эх хүн болсон хойнодоо, эв аяын олоод хажуудаа тогтоогоод хамтдаа амьдарцгаадаг байсан биз.
Заримдаа өнөөх гайхал нь ухаангүй юм энд хэвтэж л байгаа харагддаг гэж хоёр хөгшин хуучлангаа өөрсдийнхөө сууж буй түшлэгтэй сандлынхаа араар хуруугаараа заангаа одоо ч бүүр ор сураггүй л алга болж бодвол архины нөхдөө дагаад тэнээд яваа биз.
Харин бусад хүүхдүүд нь бүгд ар гэр, эхнэр хүүхэдтэй, эрхэлсэн ажил албатай сайхан хүүхдүүд ойр ойрхон эцэг, эхээ эргэж тойроод ирээд явцгааж байгаа харагддаг л юм.
Энэ хамт амьдардаг байсан хүү нь эхнэр хүүхдээсээ салж сарниж сүүлдээ сэтгэлээр унаж шаналах бүртээ архинд уусан толгойгоо мэдүүлсээр архины донтой болсон юм гэнэлээ гэж хоёр хөгшин ам уралдан бас нэмж хэлцгээв.


…Үүний дараахан нэгэн орой би гадаа салхилж яваад санаандгүй өнөөх залуугийн уйлаад зогсож байсан цонхруу харвал дутуу хаасан хөшигний завсраар нэгэн сайхан буурлын хөрөгний урд зул асаатай буйн тодоос тод харагдана. Хөөрхий тэр залуу гэрийнхээ цонхоор дутуу хаасан хөшигний завсраар эхийнхээ хөргийг хараад уйлдаг байжээ гэж бодох бүртээ би эвий тэр хүний үрийг өрөвдөх сэтгэл төрж мөн эр хүний нулимс зүрхнээсээ урсдаг юм байна. Нэг л урсаад эхэлвэл зогсдоггүй юм байна гэсэн бодол сэтгэлд минь ихийг бодогдуулан ойр ойрхон ирээд цонхны доор чимээгүйхэн мэгшин уйлах тэр залуутай хамт миний ч мөн сэтгэл зүрх хамтдаа уйлдаг болов.


…Өдөр хоног урьдын адилаар улиран өнгөрсөөр нэг л мэдэхнээ хоёр жил ард хоцорчээ.
Өнөөх залуу дахин үүгээр ирэлгүй удлаа сэтгэлд минь нэг л түгшүүртэй нэг л ер бусын уй гашуудал төрсөөр. Тэвчилгүй би хэд хоног өнгөрөөгөөд дахин өнөөх цонхны дутуу хаасан хөшигний завсраар хартал санчиг буурал сайхан эмгэний хөрөгний хажууд царайлаг нүдэнд дулаахан, сэтгэлд нэг л дотно өнөөх залуугийн хөрөг харагдах ба тэдгээр эх, хүү хоёрын хөрөгний өмнө сөхрөн суугаад зул асаангаа мэгшин уйлж буй нэгэн буурал өвгөнг бас олж харсан юм.
Амьддаа бие биенээ амжиж хайрлаарай! Хүмүүс минь!

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага