Баттулга хүү таталт өгөн царай нь хөхрөөд амнаас нь цагаан хөөс сахраад ирэв
2018 оны Novemberын 8

Амьдрал тоглоом биш … төгсгөл

****


Өвлийн намуухан шөнө зөөлөн цас нь малгайлан бударна. Хотын баруун хороололын есөн давхар байрны айлууд эхнээсээ унтаж буй бололтой гэрэлүүд унтарсаар. Гадаа нам гүм хаяа нэг том машин тачигнан явах их дуун гарахаас үл хэтэрнэ. 9 дүгээр байрны 8 давхарын нэг айл бүх гэрэлээ асаасан харагдана. Энэ бол Данзангийнх. Данзангийнх хөл ихтэй байв. Бүх айлууд унтаж байхад эднийх багахан найр хийж буй нь энэ. Учир нь юу хэмээвээс:
Наагий, Должмаа хоёр тэр нэг өдөр Данзангийнд очсоны маргаашаас явах талаар хөөцөлдөж эхлэв. Хагас сайнд бүгд аавындаа цуглан тэр хоёрын асуудлыг ярилцан, нэг дуугаар зөвшөөрч чадах хирээрээ хөөцөлдөж, тусалж дэмжихээр боллоо. Харин аливаа асуудлын ерөнхий чигийг гаргадаг том ах нь
Миний хоёр дүү эхний удаад хүүхдээ орхиод яв. Тэгвэл виз чинь ч найдвартай байх. Нэгэнт гараад жаахан хөл гараа олчихсон байхад дараа нь хүүхдээ авах талаар учир нь олдоно. Ээж одоо ямар ажил хийж байгаа биш хүүг чинь хэнээс ч дутуугүй харчихна. Ахыгаа мэдэж байгаа биз дээ. Эхнэр бид хоёр хоёулаа оюутан ямар сайндаа л энд ирж хоёрхон сартай хоёрын хоёр ихэр хүүхдээ ээжид орхиод явж байхав. Одоо тэгсэн дэнхийсэн том залуус болж байна гэтэл Должмаа хажуунаас нь
Бид хоёр хүүхдээ санаад байж чадах болов уу даа
За бололгүй яадаг юм. Ямарч байсан учираа олчихсон байхад дараа нь болно зүгээр. Харин миний бодлоор Америк дээр байхаа. Ундрам эгчийн чинь дүү байдаг юм чинь туслаад өгнө биз. Чи ч яахав сургуулийн урилгаар гарчих байх. Наагийг яаж гаргадаг юм билээ, шагын үнээр ч хамаагүй хөөцөлд. Ийнхүү маргаашнаас нь бүгд тал, тал тийшээгээ сураг тавьж, Должмаа ч юмыг яаж мэдэхэв хэмээн нөгөө Америк авгайруугаа имэйл бичлээ. Хэрэгтэй гэсэн бүх бичиг баримт цугласаар. Наагийг хүргэн ах нь өөрийнхөө компанид гайгүй албан тушаал дээр тавин асуудлыг шийдэж сургалтанд явуулах хүсэлт гарган Должмааг мөн хамтатган сурах өөр сургалтын урилгатай, хүүхдээ орхин хамт явж байгаагаар оруулахаар нэгэн хүний зөвлөсөнөөр материалаа бэлдэж эхэллээ.


Данзан, Норжин хоёр ч гэсэн хашаа байшингаа хүнд хөлслүүлэн гэртээ нүүн ирлээ. Юмыг яаж мэдэхэв виз гарчихвал хэмээн, тэгээд ч өдөрт тэр хоёр хөөцөлдөх ажил байгаа тул Баттулгийг харах хэрэг гарсан аж.
Ийнхүү гүйсээр нэг л мэдэхэд ярилцлаганд орох өдөр болов. Должмаагийн виз шууд гарч, Наагийг 3 хоногийн дараа ир, шалгах шаардлагатай хэмээв. Тэр гурван өдөр ёстой л сэтгэл түгшилтийн байдалтай өнгөрлөө. Хөөрхий Адъяа гуай чадахаараа эрхээ эргүүлэн мааниа уншиж, залбирна. Наагий өдөржингөө утас сахин нэргүй ажилтан болж компани дээр өнжинө. Гэтэл ч гурав хоног болж хулган байж очтол виз нь гарчихсан байв. Хоёул хашаанаас гарангуутаа тэврэлдэн бөөн баяр боллоо. За тэгээд явдал суудал гэсээр байтал цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд үдэлтүүд цуварч эхэллээ. Харин энэ өдөр яг халуун бүлээрээ байгаа нь энэ. Наагий, Должмаа хүүтэйгээ гурвуул Адъяагынд байж байгаад сая л гэртээ иржээ. Орж ирээд бичиг, баримт бусад зүйлсээ сайтар дахин нягтлан шалгав. Должмаа хөөрөн юмаа шалгаж байгаад Наагийг дуудтал хариу өгөхгүй байхаар нь гайхан өрөөнд орвол тэрээр хүүтэйгээ хошуугаа нийлүүлэн юм ярин хэвтэх аж. Баттулга хүү мэдэж байгаа ч юм байхгүй аавынхаа ам хамар уруу хуруу гараа хийн өөрөө тэрэндээ баясан ход, ход инээн харагдана. Наагий хүүгээ тэврэн: Миний хүү сайн хүү, эр хүн чинь уйлж болохгүй шүү. Ээж, аав хоёр нь удахгүй хүүгээ авна за … миний хүү эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн ороод Ада эмээ дээрээ очиж байгаарай …. хэмээн эгээл том хүнтэй ярьж буй мэт хэлэн хүзүүнд нь нүүрээ наан шуналтайяа үнэрийг нь үнэрлэнэ. Должмаа тэр хоёрыг хараад тэсгэлгүй нулимас унаган бор хүүгээ их л санах байх даа хэмээн гурвуул тэврэлдэн хэсэг зогсов.


2. Хүний нутагт
Наагий, Должмаа хоёр дамжин явсаар Юта мужид оюутан гэх бэр эгчийнхээ дүү дээр ирлээ. Өөрийгөө Солонго хэмээн танилцуулсан тэр охин та хоёр байр олтол хэсэгтээ зочид буудалд байрлаж бай. Би өөрөө дотуур байранд байдаг болохоор тэндээ байлгаж болохгүй байна. Нөгөөдөр амрахаараа ирж хамт байр үзэж өгье. Тэр болтол та хоёр сайхан амраад ойр орчинтойгоо танилцаж бай. Должмаа эгч хэлтэй гэсэн биз дээ. Тэгэхээр алзахгүй байх. Ингэж хэлээд Солонго газрын зураг, нэг жижиг луужингын хамт өгөв. Гэтэл Наагий энүүгээр яах юм хэмээн асуувал Солонго өөдөөс нь дүрлийн хараад ах минь энд чинь анхандаа зүг чиг алдагдчихдаг юм хэрэг болно гээд инээмсэглэн тэр хоёрыг хоолонд оруулаад буудалд нь буулгаад явав. Должмааг усанд орж байтал Наагий ороод ирлээ. Хөгшөөн хөөс тавьчих. Хамт орье
Өө, энэ банн нь ямар хариугүй жаахан юм бэ. Хоёулаа багтах юмуу гээд Должмаа инээв. Наагий болж л таарна, алив нааш ир хайрт минь. Ойрд ханьтайгаа тухтайхан ч хоёулахнаа байгаагүй юм байна. Тэд хоёр хоног ийнхүү амарсан шиг хоёр биендээ эрхлэнхэн гадагшаа гарахдаа ойр орчиноо сайн нүдлэн гарч хоол идчихээд нойрны солио нь гараагүй тул өдрийн халуунд дуниартан унтсаар өнжив. Хоёр дахь өдрийнх нь өглөө тэр хоёрыг унтаж байтал Солонго ч амалсан ёсоороо хүрч ирэн гурвуулаа гадагш гаран ажил, байр хайлаа. Аз болж Солонгоогийн урд нь ажиллаж байсан зоогийн газарт зөөгч хэрэгтэй гэсэн тул Должмаа хэлтэйгээрээ тэнцэн, Наагийг гуйсаар байгаад угаагчаар оруулахаар болон тэр хавьдаа байр хөөцөлдөн дор нь хөлсний байр олоодхов. Ажил урагштай байгаад олзуурхан бөөн баяр болов. Солонго ч тэр хоёрын азтайг гайхан амжилт хүсээд удахгүй ирнэ хэмээгээд гарлаа. Өдөр хоног ээлжлэн урссаар. Наагий, Должмаа хоёр ч анх ирсэнээ бодвол овоо хөл гараа олсон байв. Цаг хугацаа хэрэн хэрсээр нэг л мэдэхэд жил гарангийн хугацаа өнгөрчээ. Должмаа зөөгчөө хийсээр, Наагий бэлтгэгч болов. Тэр хоёр овоо учираа олоод ирэхээрээ хүүгээ авчирах талаар тал бүрээс нь хөөцөлдөж үзлээ. Нэг л болж өгөхгүй байв. Визных нь хугацаа ч дуусч сургуульдаа явж чадалгүй байсаар хүчингүй болгон харлуулахаас өөр аргагүй боллоо. Ингээд ямар ч найдваргүй болсон хоёрт богино хугацаанд хэдэн төгрөг хураан эртхэн харьсан нь хамгийн дээр арга болов. Гэвч тэр хоёр шантарсангүй ажиг сураг тавин хүүгээ авчирах талаар хөөцөлдсөөр. Наагий нэг өдөр халамцуу байхдаа Должмаад үг хаян: Тэр үед ахын чинь үгэнд оролгүй яаж ийж байгаад хүүгээ аваад л ирэх байсан юм. Учир нь олдох л байсан байна. Би яахав өөрийн гэсэн эрх мэдэлгүй хүн танайхныг хараад. Одоо бодоод байхад ямар тэнэг байсан юм. Яг л бөмбөг шиг ам, ам харан эр хүн байж мэдэлгүй хэцүүхэн байж дээ. Должмаа ч гэсэн дотроо ингэж л боддог байв. Гэвч тэр тэвчихээс өөр аргайгүйг ойлголоо. Тэрээр Наагийгийн өөдөөс харан:
Наагий минь одоо нэгэнт өнгөрсөн юмыг чи, би гээд яахав дээ. Ингээд очлоо гэхэд бид хоёрын энэ мөнгө юу ч болохгүй. Тэгээд ажилд орох гэхээр барагтай бол олдохгүй. Чи өөрөө ч гэсэн мэдэж л байгаа биз дээ. Би ч гэсэн хүүгээ санаж байна. Хөхнөөс нь шууд гаргаад ирэхэд хичнээн шөнө хөх чинэж сүү асгаран, орондоо уйлж хоносныг чи мэдэхгүй л дээ. Тэгэвч би тэвчсээн. Гол нь хоёулаа шантарч л болохгүй. Өдий болтол бүх зүйл захиалсан юм шиг л бүтээд сайхан байна, энэ чигээрээ л зүтгээд байя. Миний хайр битгий дахиж энэ талаар ярьж намайгаа зовоогоорой.
****


Данзан Баттулгыг гадаа салхилуулах гэж гараад төд удалгүй гэртээ ороод ирэв. Норжин
Ямар хурдан ороод ирэв. Гадаа сайхан байхад хүүхэд жаахан тоглуулаадахгүй.
Хүү нэг л унжгар байна. Өөрөө үгүй гээд хажууд унжигнаад байна
Яасан юм бол. Зүгээр л байсан даа. Тэрээр Баттулгыг харвал цаанаа нэг цонхигор харагдав. Миний хүү нааш ир эмээдээ хүрээд ир. Хаана нь ёо, ёо гэж байна. Хүү юу ч хэлэлгүй толгойгоо заагаад байв. Тэрээр толгойг нь барьж үзвэл халуурч байх шиг байлаа. Өвгөөн хүү халуурч байна. Эмийн хайрцагнаас халууны эм аваад ир хэмээв. Баттулгын халуун нэг л сайн бууж өгөхгүй байлаа. Хоёулаа сандран тархи толгой нь хөдөлчихсөн юм болов уу, ханиахгүй л байсан даа … яачихав даа хүү минь. Өглөө өрхийн эмнэлэг орохоос хэмээн ярилцсаар хонов. Хүү нойрондоо жаахан яраглан, халуун нь хэвээрээ. Гэтэл үүрээр хүүгийн халуун бүр ихэслээ. Данзан сандран түргэн дууддаг юмуу хө гээд урд хойно нь гарч бөнжигнөн гүйнэ. Норжин дахин эмийг нь өгөөд одоо хэдхэн цагийн дараа ажил цуглах нь чи цэнхэр спирт, усан эмтэй аваад ирдэг юмуу. Данзан ч за ямар эм авах вэ хэмээн хувцаслаж гарахаар завдтал Норжин сандран өвгөөн түргэн дуудаарай хэмээн орилох нь тэр. Баттулга хүү таталт өгөн царай нь хөхрөөд амнаас нь цагаан хөөс сахраад ирэв. Данзан түргэн дуудаж, Норжин хий л хүү минь яачихав аа…..хэмээн хөл гар, хацар, амыг нь илнэ. Данзан ээж, аавыг нь байхгүйд хүүг нь өвтгөөд чи бид хоёр гэж хэмээн үглэн түргэнийг яаруулав.


Түргэн орж ирэн үзчихээд менингет байж магад яаралтай хэвтүүлэх хэрэгтэй гээд Толгойтод байх хүүхдийн больницод бичиг хийж өглөө. Данзан сандран хэдэн хүүхэдрүүгээ ч утасдсан байв. Гэтэл эмчтэй зөрөн эгч нь орж ирээд эмнэлэгийн хэлээр хэдэн юм ярьсанаа хүүг аван яаравчлан давхилаа. Хүүг оруулангуутаа нимгэн хэсгийг нь цэнхэр спиртээр арчин тариа хийн шуурхай эмчилгээнд оруулан бүх шинжилгээг хийлээ. Гэсэн ч хүүгийн онош нь яг тодорхой гарч ирсэнгүй. Норжин сандран, ээж аавыг нь эзгүйд муу бор хүү минь….хэмээн хий л уйлахаас үл хэтэрнэ. Том охин нь эмч гэсэндээ хаана л сайн нарийн мэргэжилийнх гэсэн бүхэн лүү очлоо.
Должмаа нэг өдөр унтаж байгаад гэнэт хөхөөр нь хатгуулав. Тэрээр хүүгээ инээсээр сөөсөгнөн өөдөөс нь ирж байснаа нүхрүү унаад алга болчихлоо. Тэрээр яаж ч орилоод гаргаж ирж чадахгүй байна гэнэ. Өөрөө тэр нүхрүү орох гэтэл гарынх нь бугуйнаас цааш явдаггүй. Хумсаараа амсарыг нь малтан миний хүү хүлээж байгаарай ээж нь одоохон хэмээн орилсоор хамаг хөлс нь цутган, нулимс нь урсан нүхний амсарыг улаан гараараа малтаж гарав. Наагий түүнийг тас тэврэн миний хайраа сэрээрэй, Должмаа сэрээрэй хэмээн угзчисаар арайхийн сэрээлээ. Должмаа нүдээ нээгээд энэ нь зүүд байсанд баярлан Наагийгаа хүзүүдэн эхэр татаж уйлаад сая хүүгээ ёстой муухай зүүдэллээ. Хүү минь зүгээр л байдаг байгаа даа. Ямар муухай зүүд вэ, нэг ярьдаг юм билүү гээд утсаа автал Наагий одоо юу, за за өөрөө мэддээ хө гээд бие засахаар босон явлаа. Должмаа яагаад ч юм гэрлүүгээ залгаж байхдаа гар нь чичирч байв.
Утасаа авдаггүй…яасан юм болоо! Тэрээр эгчийнхээ дугаарлуу бүр ч сандран залгалаа. Должмаад яагаад ч юм муу совин татаад болдоггүй. Эгч нь бас утасаа авахгүй байв. Тэрээр бүр байж ядан байтал Наагий орж ирэн
Яасан болохгүй байна уу хө?
Харин утсаа авдаггүй, яасан юм бол?, Тэрээр дахин гэрлүүгээ залгаад авахгүй болохоор нь эгчрүүгээ буцаагаад залгалаа. Ашгүй эгч нь авч байна.
Байн уу … та хэд сайн уу, хүү зүгээр үү …. айн … тэрээр шоконд орон утасаа унагалаа. Наагий шүүрч аван хүү яасан бэ хэмээн орилов.
За та хоёр тайван сайн сонс гээд эгч нь үргэлжлүүлэн: Баттулга өвдчихсөн байгаа. Онош нь яг нарийн тогтоогдохгүй байна. Энд бид нар бүх л газраар явж чадах хирээрээ арга хэмжээ авч байгаа. Та хоёр ямар нэгэн аргаар ойрын хугацаанд наанаа хүүгээ авч нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Одоохондоо онц мэдэгдсэн юм байхгүй байгаа. Наад Должмаа чинь зүгээр үү. За ямарч байсан хүүгээ авч наанаа сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хэмээн хэлээд ажилтай байна гээд утсаа тасаллаа. Наагий Должмаа уруу харвал цаадах нь суугаагаараа уйлж байв. Должмаа Наагийг огцом харан хяхарсан дуугаар Монгол явъя хүү дээрээ очье, би одоо л хажууд нь байх хэрэгтэй гэв. Наагий мөрөөр нь тэврэн
Сая эгчтэй ярьлаа. Тэнд эмчилгээ онош нь нэг л сайн болж өгөхгүй байна гэнэ. Урагшаа явж шинжилгээ өг гэсэн гэнэ. Хоёулаа маргааш хэдэн төгрөг явуулъя, тэгээд хүүгээ яаж ийж байгаад энд авчирч эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Хоёулаа одоо очоод олигтой мөнгө байхгүй хүүгийн эмчилгээ тасарна. Үнэхээр наашаа авчирах ямарч аргагүй бол тэр үед нь шууд харъя хэмээн хэлэв. Должмаа юу ч хэлсэнгүй бодолд дарагдан суусаар. Наагий түүнийг энгэртээ тэврэн: Аавын бор хүү яачих нь энэ вэ. Ээж, аав хоёрыгоо санаад байгаа юм болов уу?, Яагаад өвдчихөв дөө. Чи минь тайван байж үздээ….заавал нэг арга байж л таараа, боломж хэзээд байдаг юм хэмээгээд хэнд хандаж байгаа нь мэдэгдэхгүй ярьсаар….
Маргааш нь хүүтэйгээ утсаар ярьтал нэг л сулбагар хэлдэг хэдэн үг нь ойлгогдодгүй. Должмаа ээжээсээ юм битгий нуугаарай гэсэн тул Норжин зүв зүгээр байж байгаад…хэмээн тэр өдрийн явдалаас хойшихийг бүгдийг нь ярьж өглөө. Должмаа утсаа тавин ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй хүүгээ л авчиръя, харин ямар арга байж болох вэ? хэмээн өдрийн бодол болон ажлаа ч олигтой хийж чадахаа байв.


Гэтэл нэг өдөр Солонго хүрч ирэн: Сайн уу Должмаа эгч ээ. Та дүүдээ хэдэн төгрөг зээлж тус болооч тэгэх үү, манай нэг найз шартай суугаад хуримаа хийж байгаа юм. Бэлэг авч өгөх гээд … Должмаа гэнэт шартай суугаад гэдэг бодол толгойд нь харван орж ирлээ. Тэрээр олон юм ярилгүй Солонгод мөнгийг нь өгөөд: Солонгоо миний дүү чамд сайн өмгөөлөгч олдох уу. Чи эгчдээ зуучлаад хэдэн юм тодруулаад өгөөч хэмээн гуйлаа. Солонго учрыг олж ядан гайхасхийн за тэгэлгүй яахав гэв. Солонго хэдэн хүнд утасдаж тодруулсанаа: Энд нэг нь ирээд уулзсан нь дээр гэж байна. Хоёулаа одоо явах уу, яг одоо бол завтай байна гэнэ. Должмаа олон юм бодолгүй за хэмээн Солонгоог даган өмгөөлөгчтэй уулзахаар явлаа.
Должмаа, Наагий хоёр нэг л дуу муутай. Должмаа өдрийнхөө явдалыг хэлэх гэтэл зүрх нь хүрэхгүй байв. Наагий зурагтын суваг сольж байгаа ч үзэж байгаа шинжгүй сууна. Должмаа хооллож дуусчихаад Наагий уруу харан
Чамд ямар нэгэн санаа орж ирэв үү?
Аан, уг нь ч нэг санаа байна л даа. Өөр юм ер орж ирэхгүй байна. Чи харин яасан?
Би ч бас арга бараад нэг санаанаас хэтэрдэггүй. Чинийх юу юм бэ?
Миний хайр зөвөөр ойлгоорой. Одоо нөхцөл байдал яг ийм болоод таараад байна. Чи гомдохгүй биз. Ер нь бол асар их тэвчээр шаардана л даа. Чи эхлээд хэлчих
Зүгээрээ, үрээ авчирах олигтой санаа л бол, би юу гэж гомдохов. Хугацаа л алдаж боломгүй байна. Би эхлээд асуусан, чи хэлдээ
Должмаа …. миний хайр ухаантай хүүхэн, сайн ч хүүхэн. Энэ шийдвэрийг гаргахад надад ямар хэцүү байгааг чи ойлгож байгаа биз. Би хэдэн өдөр л бодлоо, хүн хартай ч уулзлаа. Өөр олигтой оновчтой санаа ер орж ирэхгүй байна. Должмаа …….. хэмээн хэсэг гацсанаа: Миний хөгшин шартай сууж хүүгээ авдаг юм уу. Дараа нь хүүхэдтэй таарахгүй байна гээд салчих. Бүр болохгүй бол хөгшин нь оччихно. Эхний ээлжинд хүүхдээ л авах хэрэгтэй байна. Одоо чинийхийг сонсоё. Чамд үүнээс дээр санаа байх ч юм билүү. Би аргагүйдээ л ийм бодолд хүрч байна. Должмаа өөдөөс нь харан хэсэг сууж байснаа энгэрт нь наалдан уйлаад.
Наагий минь намайг уучлаарай би ч гэсэн ийм бодолтой байна. Өнөөдөр Солонгоог ирэхээр нь хамт өмгөөлөгч дээр очиж уулзлаа. Болмоор юм ярьж байсан. Тэгээд хүнээ аваад хүрээд ир гэсэн. Чи бид хоёрын хүү л зүгээр болж байвал. Уг нь тэр овог нэрийг нь солиод оруулчихмаар байдаг. Тэгтэл тэр нь бүтэхгүй бол бүр хэцүү болох юм билээ. Хугацаа ч алдаад. Энд нэг хүүхэн тэгсэн гэж байсан.
Тэр хоёр олон санаа оргож буцаад яахав хэмээгээд Должмаа үрийнхээ төлөө өөрийгөө золиослохоор болов. Наагий Должмаагаа тэврэн: Миний хайр хэзээ ч надаас урвахгүй тэ. Энэ нь мэдээж хэн, хэнд маань хүнд тусч байгааг ойлгож байна. Би ч гэсэн чамайгаа өөр хүнд өгөөд явуулах ямар хэцүү байна гээч. Чи минь аль болох л хурдан салж ирнэ шүү. Должмаа чимээгүйхэн санаа алдан мэгшсээр…. тэнгэр бурхандаа залбиран зөвхөн үрийнхээ л төлөө шүү хэмээж байв. Тэр хоёр унтахаасаа өмнө гэрлүүгээ залгалаа. Утсаа автал цаана нь хүүгийнх нь часхийн уйлж байгаа сонсогдов. Должмаа дотор нь бачууран уйлсаар яасан хэмээн асуутал эм ууж байгаа хэмээв. Эгч нь эмийг нь өгчихөөд утсаа аван
Та хоёр одоо болтол юу хийгээд байгаа юм. Болохгүй бол хурдан ир. Анхны дүгнэлтээр мэдрэлийн гаралтай өвчтэй байж магад гэсэн онош гарсан.
Юу яагаад вэ, юунаас болоод…..цаана нь хүүхэд уйлсаар. Наагий давхар сонсож байсан тул Должмаагаа түшин нулимсаа дотогшоо залгив. Тэр хоёр хүүтэйгээ ярих гэтэл Баттулга ….ээдээ … ээдээ хэмээн утсан дээр уйлсаар утас тасарлаа. Должмаа хамаг тамир нь барагдан маргаашаас эхэлье хэмээн хэлээд Наагий уруу харвал цаадах нь тэгье дээ гэсэн байртай толгой дохин санаа алдлаа.
Должмаа яаж нөхөр болох гайгүйхэн хүн олох вэ хэмээн тэр оройжингоо бодлоо. Тэгсээр үүр цайхын алдад тэдний байнгын үйлчлүүлэгч ноён Дэвид санаанд нь оров. Дэвид Должмаад байнга сайхан үг хэлж цайны мөнгөөр урамшуулна. Тэр харваас бийлэгжүү нь илт мэдэгддэг байв. Нэг удаа хамт ажилладаг Орос хүүхэн энэ Дэвид эхнэргүй юм гэнэлээ. Чамд ёстой нүдээ өгөх юмаа. Наадахтай чинь хэр баргийн хүүхэн тэсч удаан амьдардаггүй тэгээд л хэсэг байж байгаад салчихдаг юм. Нилээн хүүхэмсэг гар шүү, болгоомжтой байгаарай хэмээн хэлж байсан нь санаанд нь буухад яг мөн хэмээн өөрийн мэдэлгүй чанга хэлж орхив. Наагий гайхан: Чи унтаагүй байгаа юмуу. Юу болсон хэмээн асуувал Должмаа би хүнээ олчихлоо гээд инээмэр аядав.
Должмаа маргаашнаас нь Дэвидийг илт өдөж эхлэллээ. Дэвид ч хандыг ойлгожээ. Наагийгийн хажууд эвгүй байсан тул ажлаасаа ч гарлаа. Должмаа Дэвидтэй болзон уулздаг болов. Дэвид өөдөөс нь харан яаралгүй тамхиа татан сууж байснаа
Чамд ямар нэгэн шалтгаан байна тиймүү. Надад үнэнээ л хэлчих хэн, хэндээ амар Должмаа хоолойгоо засангаа урдах виногоо нэг балгаад
Үнэндээ би нэг хүүтэй. Хүү маань өвдчихөөд байна. Би хүүгээ энд авчирах гэсэн юм. Нөхрөөсөө салчихсан, тэр өөр залуу охин дагаад явчихсан. Надад таниас өөр тусалчих хүн олдсонгүй


За тийм байдаг байж. Үнэнээ хэлсэнд талархаж байна. Харин ингэхийн тулд чи надтай гэрлэх хэрэгтэй, бас надад сайн байх хэрэгтэй. Чи өөрөө бол надад таалагддаг
Тиймээ би мэдэж байгаа. Та ч гэсэн тодорхой хэмжээгээр надад таалагдсан болоод л би таныг хэмээн ирж байна даа.
Төд удалгүй Должмаа, Дэвидтэй гэрлэлээ. Гэрлэхийнхээ өмнөх өдөр нь Наагий дээр очиж уулзав. Тэр хоёр тэврэлдэн хий санаа алдахаас үл хэтэрнэ.
Должмаа, Наагий хоёрын санаснаар болж Баттулга хүү ч удалгүй ээж дээрээ ирлээ. Должмаа хүүгээ тосч аваад шууд Наагий уруу явмаар байвч Дэвид хамт байсан болохоор яаж ч чадсангүй. Наагий холоос хүүгийнхээ барааг харан гараа тас атган хөмхийгөө зуун өөрийгөө зүхсээр хоцорлоо.
Баттулгыг яаралтай эмчилгээнд оруулан шаардлагатай бүх л нарийн шинжилгээг өгүүлэв. Аз болоход хүүгийн өвчин анхан шатандаа байж нэг их хүндрээгүй нь тогтоогдлоо. Монголд гаргасан мэдрэлийн шинжийн өвчин болох нь ч батлагдав. Должмаа зав л гарвал Наагий уруу хүүгээ аван очно. Хамгийн хэцүү нь орой болгон оролдох Дэвид байлаа. Гэхдээ ийм юм болох л байсан. Дэвид тэр хоёрыг юугаар ч дутаадагүй байсан хэдий ч ганцаараа, хүүхдээс хол хөндий хүнд хүүхэд нь уйлах юмуу Должмаа хүүдээ түүнээс их цаг зарцуулж байгаа нь нэг л таатай бус байв.
Наагий эхний хэдэн сар гайгүй байснаа сүүлдээ Должмааг хурдан салж ирэхгүй юундаа тэр хөгшин хар юманд хоргодоод байгаа юм хэмээн агсамнаж эхэлдэг боллоо. Наагийгийн ууж идэх ч ихсээд ирэв. Должмаа нэг удаа мөн л угаалга хийнэ гэж гэрээс гаран угаалгын газар орж хувцасаа хийчихээд Наагий дээр яарсаар очив. Наагий уух нь дэндээд ажлаасаа ч халагджээ, энэ удаа тэрээр бас л согтуу. Должмаа оройн хоол хийж өгөөд хэдэн төгрөг ширээн дээр тавичихаад гарах гэтэл Наагий түүний гараас шүүрэн авч үнсэн оролдож эхлэв. Должмаа хүүхдийн хажууд болил доо. Хүүхэд хараад байна гэтэл Наагий агсран түүнийг орлуу түлхээд
Чи хэзээ ийм болчихсон юм бэ?, чи ер нь яагаад одоо болтол салахгүй байгаа юм. Чи тэр хөгшин хар юмтайгаа сайхан байна уу. Тиймээ би ядуу хүн, анхнаасаа л чамайг зовоож ирсэн. Би чамайг тэр хүнтэй суу гэж явуулсан. Одоо надад хэн байна, хэн ч алга бүр сүүлдээ эхнэртэйгээ ч унтаж чадахаа больж байна….хэмээн түүнийг элдэвээр хэлэн босох тоолонд буцаан түлхэж унагасаар байв. Должмаа хоолой нь зангиран
Наагий чи арай ч дээ, хэтэрч байгаа юм биш үү. Намайг тэнд яаж зовдог гэж бодож байна. Хүүгийнхээ төлөө гээд анхнаасаа хоёулаа ийм шийдэлд хүрсэн биздээ. Одоо тэгээд бүх хариуцлага яахаараа миний толгой дээр ирдэг юм. Тиймээ тэр хүн хөгшин, харь хүн ч гэсэн би шууд ингээд хаяад ирж чадахгүй байна, чи ядаж намайг хардаж ингэж дампуурч ууж байхаар ажил төрөл хийгээч, ингээд хүү бид хоёр ирлээ гэхэд чи яаж тэжээх юм. Хэдий болтол би чамайг харж явах юм. Чи айлын эзэн, эр нөхөр юм бол энэ гал голомтоо аятайхан аваад явчих чадалтай болоодох за гээд үсээ илэн өндийтөл Наагий: Чи муу хэзээ ийм болчихсон юм бэ…..хэмээн заамдан гараа зангидан өргөлөө.
Баттулга гайхан харж байснаа айсандаа ихээр уйллаа. Должмаа түүнийг түлхэн зод л доо чи, харж байгаа биз дээ. Энэ амьдралаа юу болгож байгааг харж байна уу. Наана чинь хүүхэд уйлаад байна, энэ хүүхэд уйлж сэтгэлийн элдэв гэнэтийн хямралд орж болохгүй, тэгээд зодооч, зодчихоод бид хоёрыг явуулаадах хэмээн орилов. Наагий нүд нь эргэлдэн амаараа шүлс үсчүүлэн заамдаж байснаа заамдсан гараа тавин атгаастай гараараа хараал урсгасаар хана цохин сөхөрч уналаа. Должмаа нулимстай нүдээр Наагий уруу харсанаа би чамаас айж байна. Буцаад нийллээ гэхэд чи намайг ийм л байдалтай байлгах юм байна. Би чадахгүй нь гэж хэлээд хүүгээ тэврэн аргадсаар гүйн гарлаа. Тэрээр байрнаас холдонгуутаа жолоогоо дэрлэн эхэр татан уйлан: Би юун дээр алдчихаваа. Бид хоёрын нөгөө сайхан хайр, амьдрал ингээд дууслаа гэж үү. Өөр ямар ч арга байгаагүй …. үгүй алдсан бол хоёулаа алдсан … гэхдээ хамгийн гол нь үрээ авчирч чадсан. Би одоо яах вэ? тэрээр цаг хэдий өнгөрсөнийг ч мэдсэнгүй. Угаалгын газар орж хувцасаа авчихаад шинэ гэрлүүгээ явлаа. Баттулга хүү унтчихаж, тэрээр Дэвидрүү ирчихлээ угаасан юмаа оруул хэмээн хэлэхээр утасдах гэтэл цэнэг нь дуусчихсан байв. За хүүгээ оруулчихаад эргэж гарч ирж хамт оруулъя хэмээн бодоод гэртээ ортол дээд давхарт нь эмэгтэй хүний яраглах, эрэгтэй хүний аахилах дуутай хослон дуугарна. Должмаа хүүгээ тавиад нэг гарах гэснээ энэ чинь боломж юм биш үү хэмээн бодон гүйхээрээ очин хаалгыг нь хүчтэй түлхэн орлоо.
Төгсөл
Номхон далайн эрэг дээр тогтуухан тайван, ямарч салхигүй сайхан өдөр байлаа. Салхигүй тогтуунд ус хүртэл тэр чигтээ тогтчихсон юм шиг дөлгөөхөн зах хязгааргүй цэнхэртэн дуниартана. Должмаа хэдэн найзуудын хамт гэр бүлээрээ наадам тэмдэглэж сууна. Тэд хөгжилдөн элдэвийг ярилцан хүүхдүүд нь далайн эргээр ус үсчүүлэн хөөцөлдөн тоглоно.
Тэр нэг өдөр Должмаа хаалга онгойлгон орвол Дэвид нэг хүүхэнтэй ид үзэж тарж байлаа. Должмаа мушийн инээмсэглэснээ саад болсон бол уучлаарай хэмээн хаалгыг нь тас саван хаав. Тэрээр угаасан хувцасаа оруулаад өөрийн гэсэн юмаа бэлдэж эхэллээ. Дэвид араас нь орж ирэн зөндөө уучлал гуйсан ч Должмаа үгүй хэмээн гүрийсээр. Үнэндээ энэ нь шалтаг байсан тул тэр чигтээ гүрийхээр шийдэн худлаа уйлж, уурлаж хүртэл үзэв. Дэвид ч сүүлдээ арга нь барагдав. Маргааш нь хоёул шүүх дээр очиж салах өргөдөлөө өгөн гарын үсэгээ зурцгаагаад хугацаа заагдан түр хүлээх болов. Дэвид эхэндээ их аргадаж байснаа сүүлдээ угаасаа чи надад хайргүйг би мэднэ. Тэгэхдээ би энэ яваа насандаа олон хүүхнээр тоглосон хүн нэг ч гэсэн хүнд ач хүргэсэндээ баяртай байна. Чамайг явуулъя даа хэмээн хэлээд түүний гаран дээр нь үнслээ. Должмаа толгойгоо өргөн өөдөөс хараад
Чамд үнэхээр их баярлалаа. Би чамд хэзээ ч гомдохгүй ээ. Чи надад маш их тус болсон. Хүү бид хоёр ачыг чинь хэзээ ч мартахгүй. Би чамтай амьдрахыг хүссэн ч үнэхээр чадахгүй байна. Намайг уучлаарай
Должмаа хүүгээ аван тэднийхээс нүүж байхдаа сэтгэл нь цаанаа л нэг сайхан болоод ирлээ. Тэрээр Наагий дээр очмоор байсан ч өөрөө ирж уучлал гуйтал нь очихгүй хэмээн шийдэн хүлээв. Наагийг сураг тавихнээ нилээн архинд орсон дуулдана. Нэг өдөр тэрээр хүүтэйгээ уулзуулахаар очтол элдэвээр доромжлон түүнийг хөөв. Тэрээр ухаангүй согтуу байлаа. Должмаа гомдохын ихээр гомдон тэндээс явлаа. Должмаа өөр байр хөлслөх гэснээ ажилтай ойр байвал зүгээр юм эхлээд ажил олъё хэмээгээд интернэт кафе орон суутал нилээн хэдэн захидал ирсэн харагдана. Эхнээс нь уншиж явтал нэгэн танил нэр гараад ирэв. Тээр жил Хөвсгөлд амарч байхад нэрийн хуудсаа өгсөн Мелани авхайгаас хариу иржээ. Тэрээр уучлал гуйгаад боломжтой үедээ заавал залгаарай хэмээн утасныхаа дугаарыг үлдээсэн байв. Должмаа бөөн баяр болон дор нь залгалаа. Должмаа яг л эгчдээ ярьж байгаа юм шиг өөрийн эрхгүй түүнд бүх л зовлонгоо тоочиж гарав. Мелани авхай сонсож дуусаад над дээр хүрээд ир. Би Лос-Анжельс хотод байдаг. Хугацаагаа хэл тосоод авъя хэмээв. Должмаа ч баярласнаа дахин, дахин илэрхийлээд утсаа тавин эргэлт буцалтгүй шийдлээ. Тэрээр энд Мелани авхай дээр ирэн хамт амьдран сургуульд ч орж, хүүгээ ч цэцэрлэгт өгөн хажуугаар нь ажил хийн авхайг өөрийн эх шиг л санан асрамжилан халамжилна. Хаяа Наагийг санан дугаараа нуун утасдахад согтуу л байдаг байлаа. Сүүлийн үед харин ер холбогдохгүй хэдэн сар болов. Должмаа наашаа ирээд Солонгоод утасдан гэрийн хаяг утасны дугаараа өгөөд ахыгаа харж байгаарай хэмээн захисан аж.


Должмаа хэдий наанаа инээж байвч цаанаа үргэлж Наагийг бодон өрөвдсөөр явна. Би арай л хатуудчихав уу. Эр хүн байна даа аргаа олох байгаа хэмээн үе, үе санаа алдан чимээгүйхэн алсыг ширтэн зогсдог байлаа. Наагий минь чи минь хэзээ нэгэн цагт бүхнийг ойлгоод амьдралынхаа төлөө гээд ирвэл надад чамаас салах бодол алга байна. Хүний анхных гэдэг хэзээд эрхэм байдаг гэж аав минь хэлдэг байж билээ. Чи минь тэнэг хүн биш юм чинь заавал бүхнийг ухаарч ойлгох үе ирж л таараа. Би чамайгаа хүлээнээ.
Наадам хэмээн үндэсний баяраа тэмдэглэн энд ирээд нөхөрлөсөн хэдтэйгээ хөгжилдөн суутал гэнэт хүүхдүүд чангаар орилолдоод хүмүүс далай уруу гүйлдээд унав. Должмаа яагаад ч юм амьсгаа нь давхцаад хөл нь тушигдаад ирлээ. Хүмүүсийн яриа холдож ойртон нэг хүүхэн энэ хэний хүүхэд живчихвээ……..
Тэрээр гүйсээр очтол хүү нь газарт хэвтэж байлаа, хүүгийнх нь дээрээс нэг хүн тонгойн хиймэл амьсгаа хийн усыг нь гаргаж харагдана. Должмаа миний хүү гэсээр гүйгээд очтол Наагий толгойгоо өргөн одоо зүгээр ээ хайраа гээд өөдөөс нь инээмсэглэв. Должмаа Наагийг хараад нүдэндээ итгэсэнгүй. Хүү нь ханиасаар хахаж цацан уйлсаар босч ирээд ээжээ, ааваа хэмээн хоёуланг нь хүзүүдэн авлаа.
Наагий ч намайгаа уучлаарай та хоёр минь, би үнэхээр тэнэг юмаа …… уучлаарай … дахиж та хоёрыгоо хэзээ ч орхихгүй хэмээн хэлээд ээлжлэн үнсэж гарав.
Должмаа ч уйлан тиймээ гурвуулаа дахиж хэзээ ч салахгүй намайгаа ч гэсэн уучлаарай. Дахиж амьдралаараа дэнчин тавихгүй ээ хэмээн тас тэврэлдэн уйлалдлаа. Харин дотроо бол “ Амьдрал үнэхээр тоглоом биш юм байна ” хэмээн бодож урсах нулимсныхаа хамт өнгөрсөн бүхнээ үлдэн хөөлөө.


Төгсөв
2008 он

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага