Ичиж зовсондоо би өнөөдөр хонох амралтын газар руугаа хурдхан очих оо бодож байлаа.
2018 оны Novemberын 8
Н Нарантуул
АМРАЛТЫН ӨДӨР

(Цуврал хошин өгүүллэг)
Жавзангийн хүсэн хүлээсэн амралтын өдөр тохиож цөөвтөр бүрэлдэхүүнтэй бид, хоёр машинд хуваагдан суугаад Хүй долоог зорин довтолголоо. Хүй долоогийн ойролцоох нэгэн уяч айлд Эрдэнээ захиралын амийг нь аварсан морь байгаа гэнэ.
-Морьны амь аварсан гэхээр яасан байхав? гэж Жавзан асуухад машин дотор уйдаж явсан би,
-Яахав дээ, морь гэдэг чинь төмсөгийг нь аваад засчихсан адууг хэлдэг дээ. Тэгээд гүүнд дурлаад гишгэх гэхээр чадахгүйдээ шаналаад, азарганд хасуулж хөөгдсөндөө шаралхаж, хайртай гүүг нь өөр азарга эзэмдэхийг харж гутраад өндөр цохион дээрээс нисэж үхдэг тохиолдол байдаг юм аа.


-Тэгээд тийм морины амийг захирал яаж аварсан юм вэ? гэж үнэн санаанаасаа асуухад улам цаашлуулмаар санагдаад,
-Эгц цавчим хадан хясаа руу Эрдэнээ захирал ямар ч хамгаалалтгүй авирч гараад, морь үсрэх гээд ирэхэд нь “Хай” гэж хашгирч үргээгээд амийг нь аварсан юм гэхэд
-Пээ гэж дуу алдан үнэнээсээ бишрэх Жавзанг шоолон хөхрөлдсөөр зорьсон айлынхаа гадаа ирлээ. Эрдэнээ захирал,
-Бөх, уяч айл монгол ёс, өв уламжлалаа дээдэлдэг хүмүүс байдаг юм. Та нар монголжуу байгаарай гэж сануулаад буулаа. Толгойгоо тотгонд цохисон ч биднийг даган баруун хаяаг бараадах Жавзанд,
-Эмэгтэй хүн гэрийн зүүн хатавчинд суудаг юм гээд зуухны урд галдаа мод нэмэх гэрийн эзэгтэйн зүг заахад, хоймор ханхайх гэрийн эзэн “Зүгээр, зүгээр наанаа суу” гэж найр тавьлаа. Жавзан “Монгол ёсоо баримтланаа” гээд хоёр баганы хоорондуур зүүн хаяа руу зүтгэхэд гэрийн эзэгтэй,
-Хүүе болдоггүй юм гэж уулга алдав. Гэрийн эзэн Жавзан руу их сонин харцаар харна. “Монгол хүн байж баганы хооронд гарч болохгүйг мэдэхгүй хотын годгоносон охидууд уу” гэж бодсон байлгүй дээ. Том хөхтэй, гоё бөгстэй, янзын секси амьтан байна даа гэж бодоогүй нь лавтай байх. Эрдэнээ захирал их л ёсорхуу,


-Даага далантай, бяруу булчинтай сайхан намаржиж байна уу? гэж мэндлэв. Цай цүү уугаад нилээд сууж байсны дараа, Жавзан намайг нудраад байна. Яасан бэ? гэхэд,
-Гарч Далантай гэдэг даагыг нь харъя гэнэ. Манайхан 1000 төгрөгөөр авсан муурын зулзагаа Мянгаа гээд нэрлэдэг шиг хөдөө мал маллаж байгаа хүмүүс 70 кг унага гарлаа. Далантай гэж нэрлэх юм болж байна уу? Энэ чинь одоо. Нөгөө амиа хорлох гэж байсан морийг харъя гэж олны дунд хэлж түлээгүй нь яамай.
Алдарт уяч ахтай малын тарга тэвээрэг, махны үнэ ханшын талаар хөөрөлдөж гарлаа. Гэтэл уяч ах,
-Хэнтийгээс ганц хурдан азарга авах гэсэн үнэрхээд хөдөлдөггүй ээ.
-Хэд гээд байна.
-Арван таван саяаас буудаггүй гээд санаа алдахад, Жавзан хажуунаас нь
-Хөөх, хурдан морьны мах тийм амттай байдаг юм уу? гэж түлэхэд, гэр дотор бараг шумуул шугинасан ч дуулдахаар болж, Эрдэнээ захиралын нүд шилэн дотроосоо бүлтрээд гараад ирэв үү гэмээр сүртэй, аймшигтай харагдана.
Тэгж байтал ашгүй, Эмээлтийн бойноос авсан Эрдэнээ захиралын морийг эмээллээд аваад ирэв.
-Захирал аа, би нэг суугаад үзье гэж Жавзанг хэлэхэд,
-Суух гэдэггүй мордох гэдэг юм аа.
-Мордох байхдаа яахав дээ гээд, юуг аа ч бодсон юм тас тас хөхрөн айлгүйтэн байж,
-Би морин дээр мордох юм уу? Ха ха ха гэхээр нь
-Тэгээд морь чам дээр мордох юм уу? гэж намайг цаашлуулахад,
-Моринд би мордуулаад байх даа яахав дээ гэж улам чангаар тас тас хийн хөхрөх нь гэрт байгаа уяч ахад дуулдсан нь лавтай. Ичиж зовсондоо би өнөөдөр хонох амралтын газар руугаа хурдхан очих оо бодож байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага