Би хүүхнүүдтэй танилцая гэж ихэд хичээх боловч айлын хүн болох нь болж, болоогүй нэгийг нь тэр хавийн залуус юуны ч туханд хүрэлгүй өмчилж аваад хүнд өгөхгүй өөрсдөө эргүүлээд сүйд болохгүй чухам л гүүнд хайртай морь шиг дагаж архайлдаад арга барна.
2018 оны Novemberын 8

Магваны Эрдэнэбат
Бороотой_өдөр
Тээр жил би их сургууль төгсөж ирээд байсан цаг. Хот суурингийн амьдралаа санагалзах надад эл хульхан хөдөө газар чухам л цөллөг мэт санагддагсан. Өглөө нь хэдэн цагийн хичээл заахаас өөр ажилгүй тул бусад цагт сурагчдын дотуур байрны умгархан өрөөнд тамхи баагуулж уйтгарлан хэвтэнэ. Ганц хүний амьдрал ахуйг илтгэх өрөөний байр байдал цэмцгэр атлаа цаанаа л нэг хөндий хүйтэн. Гараад ч явах газаргүй. Хэд алхаад л дэлгүүр хоршоо, эмнэлэг, улаан булан цөм нэг дор байх бөлгөө. Хүмүүстэй хараахан танилцаж амжаагүй болохоор бүхнийг дуугүйхэн ажиглаж явдагсан.
Эргэн тойрон зангий нь мэдэхгүй өөр өөр ааш араншинтай хүмүүс. Хүүхдүүд ч ялгаагүй бүгд л өөр өөрийнхөөрөө. Миний хичээл заадаг нэг ангид урт үс, нумарсан хар хөмсөг эргэлдсэн алаг нүдтэй охин байр байдал, өмсөж зүүхээрээ бусдаасаа ялгарна. Түүнийг Гаамаа гэнэ. Тэр ихэвчлэн ганцаараа явах бөгөөд хичээл номондоо тун тааруухан. Хичээл асуувал шулуухан мэдэхгүй гэж толгой сэгсэрч сууна. Түүнээс охид байтугай хөвгүүд хүртэл цэрвээд байдаг нь сонирхолтой байв.


Би түүнийг хоёр жилийн өмнө хотоос ирсэн эцэгтэйгээ хоёулахнаа амьдардаг болохыг мэдэж авлаа.
Түүний эцгийг Баяндалай гэх ба энэ сумандаа бараг амьдаараа домог түүх болсон нэгэн ажээ.
Олон авгай сольсон орон шоронгоор явсан гээд хүмүүс ам муутай байх боловч ямарч гэсэн арвин намтар түүхтэй эр болох нь тодорхой байлаа. Ингэж байтал нэг удаа санамсаргүй тохиолдлоор Баяндалайтай танилцав. Сумын улаан буланд нийтийн бүжиг болдог байв. Ирсэн цагаасаа хойш би Саранзул гэдэг хүүхнийг онцлон харжээ. Тэр бүсгүй бол сая төрсөн юм шиг ядрангуй шингэн царайтай ч өөртөө тохирсон төв ихэмсэг агаад давхар шүдээ ил гарган инээмсэглэж байх нь тун донжтой. Би хүүхнүүдтэй танилцая гэж ихэд хичээх боловч айлын хүн болох нь болж, болоогүй нэгийг нь тэр хавийн залуус юуны ч туханд хүрэлгүй өмчилж аваад хүнд өгөхгүй өөрсдөө эргүүлээд сүйд болохгүй чухам л гүүнд хайртай морь шиг дагаж архайлдаад арга барна. Харин би клубт Саранзултай ганц хоёр бүжиглэж яриа өдөж амжина.
Үдэшлэг тараад хүргээд өгье гэвэл тохуурхаж байгаа юм шиг баярласнаа илэрхийлээд яваад өгдөг байлаа. Тэр нэгэн орой Саранзултай бүжиглэж байтал үүдэнд хэн нэгэн дуудаж байв. Явж очвол танидаг хүн нэг ч алга. Гадаа гарвал хэдэн залуу тойроод авлаа.
Учрыг нь олж ядаад эргэх гэтэл хэн нэгэн зангиан дээрээс татаж улаан булангаас холдоод,
-Саранзул та хоёр ямар сүлбээтээ юм бэ? гэж асуулаа.


Нүднээс гал бутарч нэг мэдэхэд газар ойчжээ. Намайг энэ тэндээс цохих нь цохиж, өшиглөж байгаад “хүн ирлээ” гэж хашгирах чимээнээр пижигнэлдэн одохыг би чагнаж хэвтэв. Цохиулсан нүдээ гараараа тэмтэрч үзвэл айхтар хавджээ. Эргэн тойронд юу ч болоогүй мэт нам гүм. Гагцхүү улаан булангаас хөнгөн хөгжмийн цоглог аялгуу тодхон сонсогдоно. Хувцасаа гөвөгчөө аядаж хажуудаа ирсэн хүнийг ч анзаарсангүй. Энэ бол зэргэлдээ аж ахуйн хашааны манаач Баяндалай байлаа.
Заанхүү тамхи татан суусаар байв. Үе үе сэвэлзүүр салхи үлээж зуны богинохон шөнө хэвийх янзтай. Тэрээр цааш нь бодов.
Тэгээд Баяндалай ах бид хоёр эр хүний элдэв маяггүй гүдэсхэн зангаар гэмгүйхэн нөхөрлөсөн. Хүн танихгүй энэ газар сэтгэл зүрхийг минь соронздон татдаг байсан Саранзул бүсгүй ч айлын бэр боллоо. Тэр хүнийг айлын авгай болсноос хойш, очдог газар уулздаг хүн гэвэл Баяндалай л болов. Өдөр нь хэдэн цагийн хичээл заагаад өөр хийх ажил тун бага. Тамхины үнэр утаа тортог нэвт шингэсэн манааны шовгорт дүнгэр дүнгэр ярилцан шөнө хугаслах нь олонтаа байлаа. Баяндалай ах өөрийнхөө амьдралыг ярих дургүй байдаг боловч нэг удаа,
-За миний амьдрал гэж хүн сонсоод байхаар олигтой ч юм биш дээ. Залуу зандан насандаа энэ өгөр толгой бүсгүй хүний нус, нулимс хоёроор л бараг хоол унд хийж явлаа. Заримаас нь ч хүүхэд гаргасан хойно, заримаас нь арай л нэг хүүхэд шуухадтай бололгүй салчихдаг байлаа. Хүн ч нэг толгой нь эргэхээрээ тэр чигээрээ яваад байдаг амьтан юм билээ. Ямар салж нийлж үзээгүй биш гээд л яваад байна шүү. Сайхан ч хүүхнүүд байсан даа.


Бүр амьдрал нь тэгширчихсэн мундаг даргын эхнэрийг хүртэл салгаад сууж л явлаа. Миний ид шид гэж юу байхав, харин энэ гарын жаахан ур л тэгж хүүхнүүдийн сэтгэлийг хөдөлгөдөг байсан юм байлгүй. Жаал зугаа алт, мөнгө, нааш цааш нь болгож суусаар л эхнэр солих, эдлэл хийх хоёроор нэг хэсэг амьтны амны зугаа болж явлаа. Нэг хэсэг чинь Улаанбаатарт танихгүй мэдэхгүй хүнгүй, олохгүй долохгүй эдгүй ёстой л хаан суудалтай юм шиг байлаа шүү. Надад есөн сайхан хүүхэд бий. Харин хоёр нь л нэг ээжээс гарсан бусад нь тус тусдаа байдаг юм. Амьд мэнд гэлдэрч явбал хэдэн хүүхдийнхээ сайн сайхныг харах л байх даа. Харин сүүлчийн авгайгаас энэ Гаамаа гарсан юм. Охин хүүхэдтэй болсон чинь нэгэн бодлын цайгаа чануулах охинтой боллоо гэж баярлах нөгөө бодлын туйлж явдаг үе өнгөрснийг хэлээд өгдөг шиг санагддаг шүү. Тэгээд л нөгөө хуучныхаа амьдралыг бага багаар хумьж эхэлсэн. Гаамаагийнхаа ээжтэй л ингээд дуусая гэж бодлоо. Би ч өдөр өнгөрөх тусам амьдралынхаа цар хүрээг хумиад байлаа. Дөрөв таван жилийн дараа ч нөгөө урьдын Баяндалай биш боллоо. Харин ч сэтгэл хангалуун амар жимэр байтал нөгөө авгай минь /Гаамаагийн ээж/ амар суулгахыг байв. Мэдээж л намайг нөгөө урьдын шигээ суусан газраасаа шороо атгасангүй л гэж тойруу замаар дуу тасрахгүй үглээд байх боллоо. Тэгээд намайг чихгүй толгой шиг байхаар цөхрөө биз. Явна л гэж байна.Би охиноо авч үлдэнэ гэсэн чинь баяртай нь аргагүй хургаа голсон зусаг шиг арилаад өглөө. Энэ Гаамаа чинь гуравхан настай надтай үлдсэн. Хотод бид хоёр арваад жил дажгүй сайхан амьдарсан. Хэдэн жилийн өмнөөс нутагтаа нэр цэвэр үхье гэж шийдээд наашаа зүтгэлээ. Тэнэг хүн эд хөрөнгөтэй байгаад улам тэнэг болдог юм. Эмэгтэй хүний өнгө мөнгөнд дурламтгай ялихгүй алдаан дээр хичнээн хүүхэд өнчрүүлэв дээ. Цусны үнэр авсан махчин шиг л бүсгүй хүн шиншилж явсаар сайн ч нэргүй энэ насыг барлаа. Өгөр толгой. Эм хүний үс нь урт ухаан нь богино гэж байна. Хуял тачаал нь хөтлөгдөөд ирэхийн цагт эр хүн ч эм хүн ч ялгаагүй дээ гэж их гунигтай ярьдагсан. Нэг удаа намайг гэрт нь орвол нилээн халамцуухан улаа бутруулан сууснаа авдраасаа шил архи гаргаж ирээд,


-Дүү хүү дээ юм амсуулнаа гэхээр хоёр дунд гарын мөнгөн аяганд нөгөө архиа хувааж дүүргэлээ. Гаамааг гарсан хойгуур сүүмгэр нүдээр намайг тосгуулан харж сууснаа,
-Чи тэр шар хүүхнийг яагаад аваад суучихаж чадсангүй вэ? За яахав ах чинь чиний насан дээр хэд хэдийг сольж явлаа. Онгироод байх ч юм биш. Гэхдээ сайхнаас нь шилж эргүүлдэг байлаа. Олон ч сайхан хүүхнүүд миний гараар орсондоо гээд завилсан чигээрээ элгээ тэврээд толгой унжуулаад суучихав. Тэгснээ гэв гэнэт толгойгоо өргөж.
-Миний Цэрмаа, гэж толгойгоо сэгсэрч сууснаа чамд нэг харуулах юмсан ёстой л үлгэр, үнэн хоёрын биелэл байлаа. Байлаа ч гэж дээ хөөрхий. Одоо ч байгаа л даа. Гэхдээ одоо тэр үеийн юмгүй болоо биз дээ гэж нүдээ анин бодлогоширох нь тэрхүү сайхан бүсгүйгээ сэтгэлийнхээ толинд харж суусан байлгүй.
-Намайг цаагуур чинь юу гэж байна. Олон хүүхний толгой эргүүлсэн өөдгүй панзчин л гэж байгаа биз. Тэгж ярьцгааж л байг. Идсэн ирүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм хойно. Би эд нараар хэлүүлсэн хэлүүлээгүй алдсан оносон хоёроо мэднээ. Ямартаа бага боловч хугацаанд нэр бүтэн яваад үхье гэхдээ нутагтаа ирж энэ хавийнханд элдвээр хэлэгдэн аж ахуй хашаа сахиж суухав дээ. Би насны бөгсөнд нутгаа зорьж ирсэн болохоос эднийг зорьж ирээгүй гэж үглэн хэсэг донхолзон сууснаа ширээн дээрх аягатай архийг нэг амьсгаагаар хөнтөрт орхиод,
-За миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь согтоод хэрэгтэй хэрэггүй юм ярчих шиг боллоо. Чи наадахаа татчих, татчих гээд хоол идээд явна биз ах нь хажуулья гэсээр босож хоймрынхоо орон дээр хэвтээд өглөө. Таван ханатай гэрийн байдал чинээлэг айлын шинжийг илтгэх бөгөөд цаанаа л нэг өег дулаан. Төдөлгүй Гаамаа орж ирэн хоол ундаа хийхээр бэлтгэж эхэллээ. Хоймрын орон дээрээс Баяндалай ахын жигдхэн хурхирах чимээ сонсогдоно. Миний дотор халуу оргиж юунд ч юм сэтгэл хөдөлжээ. Гаамаа найм төгсөөд сургуулиас гарав. Баяндалай ах,


-Муу охиноо энэ хөдөө хатаагаад яахав. Ингэж байсаар энд нэг юмны тогоо хадаад авбал надаас хойш хэцүүднэ хөөрхий. Эх нь явуулаарай гэсэн байна лээ. Энэ бид хоёр бие биедээ хоргодож суусаар хорвоогийн өдөр хоног талийж өглөө гэж ярьсаар хоёр ч жилийн нүүр үзэв. Энэ хооронд Гаамаа ч жимс юм бол боловсорч гүйцээд жавхалзсан бор хүүхэн болжээ. Эр хүн зэрвэсхэн хараад өнгөрөх аргагүй тийм хүүхэн гэрээс гарахгүй аавынхаа тогоог барьсаар суулаа. Би ч бараг тэдний хүн болжээ. Зарим нэг нь намайг Гаамаатай холбоотой болсон гэх, зарим нь Гаамаад санаатай болоод тэднийхээс салдаггүй юм гэх зэргээр олон янз ярьдаг бололтой.
Гэвч Гаамаа бид хоёр төрсөн ах дүү хоёр шиг л байв. Хааяа нэг хачин бодол санаанд зурсхийх боловч тэр бүгдийг нь Баяндалай ахыг бодон өөрөөсөө зайлуулж чаддаг байлаа. Гаамаа элдэв сонин сэтгүүл, дуу хөгжимд дуртай атлаа, сумын улаан буланд болдог бүжигт ганц ч очиж байсангүй. Гэртээ дуу хураагч хангинуулаад л сууна. Нэг орой би Баяндалай ахын манааны шовгорт очтол,
Цаад хүүхэд чинь өдийд аяга хоол дөхүүлээд ирдэг юмсан. Юу болов? Чи нэг очоод ирээч гэлээ. Гэрт орвол Гаамаа толиныхоо өмнө нүцгэн шахуу зогсчихсон бүжиглэж байв. Би эргээд гарч ч болдоггүй дугарч чаддаггүй таг гөлрөөд зогсчихов энэ хооронд Гаамаа ч намайг анзаарч тэрлэгээ шүүрч хөгжим өө унтраагаад,
-Би хаалга түгжсэн л юмсан гэж амандаа шивнэнэ. Гаамаагаас дутуугүй балмагдсан би,
-Аав чинь чамайг хоол унд дөхүүлэхгүй яагаа бол гэхээр нь ирсэн ухаантай гэвэл,
-Би явах л гэж байна гээд цаашаа харав.


-Чи хэрэггүй дээ. Би аваачаад өгчихье. Хаашдаа л би тэр хүрч гэртээ харих юм чинь гэж уриалгахан хэллээ. Би харих замдаа нохойдоо найдаад хаалга түгжээгүйг нь бодож инээд хүрэхийн сацуу Гааамаагийн нүцгэн төрх нь нүдэнд харагдаад байлаа. Эцгийг нь эзгүй хойгуур Гаамаад халдвал халдах хүн ганцхан би. Учир нь тэдний халтар нохой надаас өөр хүнийг урдуураа алхуулдаггүй билээ. Тэр явдлаас хойш Гаамаа бид хоёрын хуучны харьцаа үгүй болж. Харин өөр үл мэлэгдэх шинэ харьцаа бий болов. Би энэ бүгдийг Баяндалай ахад мэдэгдэхгүйг хичээж тэднийхээр орж гарахаа эрс цөөллөө. Тэгэх тусам Гаамаа бодол, зүүд хоёроос минь салахыг болив. Нөгөө л толины өмнө зогсож байсан үзэхүйяа уран галбир төрх гуалиг билхүүс, гуя хас, зөөлхөн булбарай хөх тэргүүтэн нь алганд тэмтрэгдэх шиг болно.
Одоо түүнийг харах бүрий яая даа гэж сэтгэл алдрах болжээ. Ямарч хувцастай байсан нөгөө л толины өмнөх төрхөөрөө гэтэл яаж ч биеэ бариад дийлсэнгүй. Баяндалай ахыг манаатай шөнө өөрийн мэдэлгүй тэдний гадаа сүүтийтэл зогсож байлаа. Юу л болбол болог, одоо бүх юм өнгөрсөн.
-Хэн бэ?
– Заанхүү
-Яасан орой явж байгаа юм. Одоохон хаалганы түгжээ тор хийх чимээ гарлаа. Бүх юм миний санаснаар боллоо.
– Гаамаа битгий уйл даа.
-Ингээд хүүхэн болдог байжээ гэж бодохоор…
– Заанхүү ахаа
– Юу гээв
– Та надтай анх ингэх учиртай байжээ.
– Тийм л


– Тийм л гэнэ шүү. Би таныг яагаад ч ингэхгүй гэж бодох тусам айгаад байдаг байсаан.
-Миний совин зөв таажээ. Та л ийм байхаар эрчүүд бүхэн ийм байдаг байх даа. Надад таниас өөр айх хүн байгаагүй гэсээр нулимстай хацраа ингэрт минь наалаа.
Эмнэг хангал шиг бүсгүйн уран гуалиг биед шунан тачаадаж, ийнхүү уйлж ярьсаар нэг мэдэхэд нам унтжээ. Хаалга тогших чимээнээр юу болж байгааг ухааран ухасхийн боссон боловч нэгэнт оройтжээ. Гаамаагийн сайхан алаг нүдний цог золбоо буурч уйтгартайгаар гөлрөх нь бүх юм өнгөрснийг гэрчилнэ.
-За одоохон гэх Гамаагийн дуу танигдсангүй
Гаднаас,
-Үгүй чи чинь одоо болтол босохгүй юугаа хийгээд хэвтэж байдаг хүн бэ? Алив түргэл гэж огцом дугарах нь сонсогдлоо.
Үүд сэвхийтэл онгоймогц зөрөөд ухасхийв. Хаашаа ч хамаагүй яваад өгмөөр санагдав. Асгартал уйлахад ч бэлэн байлаа. Хүн гэж амьтан байсаар л цагт ийм юм болж байдаг нь хууль шүү дээ гэж өөрийгөө тайвшруулахыг оролдох боловч ингэх тусам сахил хүртээд шал дордов гэгчээр улам сэтгэлийн дарамт нэмэгдэв. Уйтгартай гунигтай өдрүүд хойно хойноосоо үргэлжилсээр…
Элдэв хэл ам ер гарсангүй. Харин намайг тэднийхээр орж гарахаа больсныг хүмүүс анзаарч элдэв янзын цуурхал гарах янзтай. Ядахдаа Гаамаатай уулзмаар санагдах боловч тэднийруу явж үнэндээ зүрхэлсэнгүй. Ингэж будилсаар байтал Гаамаа аль хэдийн Улаанбаатарыг зорьжээ. Надад ямар их итгэж сайхан санадаг байлаа. Хүн тэгж байхад миний байж байгаа царай гэж өөрийгөө мянга зүхээд ч оройтжээ. Тэгээд хоцорч үлдсэн Баяндалай ах, хол явсан нь Гаамаа шүү дээ гэж бодоход гол зурагдаад ирнэ.


Үнэндээ ийм юм болоогүй бол тэр хоёр бие биедээ хоргодоод хэдий болтол хамтдаа байх байсан юм бүү мэд. Сэтгэлд байсан нөгөө дарамт аажим аажмаар алга болжээ. Ингээд нэг мэдэхэд л хоёр гурван жил өнгөрлөө. Гаамаа аавыгаа эргэж ирсэнгүй. Харин аав нь манаагаа хийгээд явж харагдана. Энэ хооронд би гэдэг хүн авгай авч хөөрхөн хүүтэй, өөрийн гэсэн гэр оронтой болов. Болж өнгөрсөн үйл явдал Баяндалай ах бид хоёрын хооронд л хадгалагдаж үлдэв. Ингээд л эндээ сууршиж амьдралын боол болж хоёр нарны хооронд гэм зэмгүйхэн шогшиж явдаг нэгэн болов. Эхнэр хүүхдээ тэжээж гэр орноо айлын дайтай авч явах үүрэгтэй зүтгэсээр л явлаа. Баяндалай ахыг харахад улам өтөлсөөр л байв.
Хааяа түүний өмнөөс Гаамаад уурч хүрэх шиг энэ муу эцгийгээ эргэж тойроход яадаг юм бол гэж дотроо зэмлэнэ. Гэтэл саяхан Бяандалай ах хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Өчигдөр өглөөхөн түүнийг нутаглуулж ирсэн тул би энэ бүхнийг дурсан бодлоо Гаамаа эцгийнхээ оршуулганд цор ганцаараа иржээ. Түүний хүүхдүүдээс ганцхан Гаамаа л байв би оршуулгын ажилд явахаас болж авгайтайгаа сүрхий маргалдаад авсан нь одоо ингэж бодол болон суухад саад болохгүй амар байв. Баяндалай ах минь ганцхан надад л тэр бүгдийг ярьсан байхдаа. Амьд сэрүүнд нь өршөөл уучлал гуйх минь ч яав. Намайг хичнээн жил хүлээсэн бол… гэж болоход нэг хүнд юманд дарагдах шиг болно.
Заанхүү Гаамаа хоёр тухтай уулзалгүй явсаар Гаамааг буцахын урьд өдөр тохиролцсон ёсоор сургуулийн дэргэд уулзав. Хүүхдүүд амарсан тул сургуульд хэн ч байсангүй. Хоёул Заанхүүгийн ангид орж бие биенээ харж хэсэг суулаа. Хоёр биенийхээ тухай л бодож байв. Гаамаа бараг л хэвээрээ аж. Нүүрэндээ оо ингэсэг тавьж уруулаа улаан будгаар тодруулжээ. Үсээ тайруулж богиносгоод задгай тавьсан нь сүрхий зохисон боловч Заанхүү түүний үсэнд юунаас ч илүү харамсаж байлаа. Ер нь Гаамаа бүх л юмаа будаж янзлаад хот газрын дэгжин хүүхний нийтлэг дүрийг олжээ. Урьд нь арай л энгүүн сайхан бүсгүй байсан санагдана. Харин Гаамаа Заанхүүг хараад түүнийг ингэж амархан өтөлсөнд гайхаж байв. Таргалаад бүдүүн болхи болсоны дээр хааш яаш өмссөн хувцас нь өөртөө анхаарал тавихаа байсныг илтгэнэ. Хэдхэн жилийн өмнө ямар дэгжин цэвэрхэн бор залуу байсныг нь өөрийн эрхгүй дурслаа. Тэр хоёр хэсэг ийнхүү бие биенээ сонжиж суутал Гаамаа гэнэт ам нээж ,


-Муу аав минь аль хэр зүдэрсэн бэ? Гээд нулимсаа алчуурынхаа үзүүрт шигээж нүүр рүүгээ унжсан хэсэг үсийг сурмаг нь аргагүй чихнийхээ ард хавчуулав. Шууд л эндээс яриагаа эхлэх юм гэж бодоогүй байсан Заанхүү бага зэрэг тулгамдсан авч,
-Хөөрхий өтөлсөндөө гэж хариулжээ.
-Чи яагаад аавыгаа ганц ч удаа аавыгаа эргэж ирсэнгүй вэ?
-Гэмшил нь хойноо гэдэг билүү дээ. Тийм л юм болсон,
Ирэх гэхээр л завдал болдоггүй байлаа. Яг дараа жил явна гэсээр байгаад хэдэн жил ч болов. Муу аав минь яасан их ганцаарддаг байсан бол гэхээс л арга барагдах юм даа гэсээр уймарч унасан сэтгэлээ арай ядан тогтоон байгаа нь мэдрэгдэнэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр хоёр аль аль нь тайвширч бие барьсан хүлээс аажим аажмаар алдуурчээ. Бүсгүй хүний сониуч зангаар Гаамаагийн алаг нүд Заанхүүгээс бүхий л амьдралыг нь мэдэх гэсэн шиг нэвт шувт ширтжээ. Нэгэнт эцгийнхээ тухай ярианаас хөндийрч Гаамаагийн нүд сэргэхийг ажигласан Заанхүү асуусан бүхэнд нь дуртайяа хариулж суув. Үнэндээ Заанхүүгийн хувьд талийгаачийн тухай яриа сэтгэл зүрхэнд нь эмзэг тусч байлаа. Гаамаа түшлэгтэй сандал дээр тухлан сууж гэдэргээ налаад нарийнхан савхан хуруундаа хавчуулсан “кент” хэмээх урт цагаан янжуураа шившиж утаагий нь зөөлхөн зөөлхөн үлээнэ. Заанхүү түрүүнээс хойш Гаамаагийн зөөлөн янжуураас татсан боловч татсан болохгүй тул өөрийнхөө халаасыг тэмтэрч “пүүшиг” гаргаж асаагад хүчтэй сорж утааг нь савсуулна.
Гаамаа Заанхүүгээс асуух юм нь гүйцэв бололтой хэсэг чимээгүй сууснаа,
-Та бид хоёрын явдлаас хойш аав намайг зэмлэсэн ганц үг дуугараагүй. Харин удалгүй хот явуулсан. Хотод очоод ээжтэй байдаг нэг хөгшин хар юмтай таарахгүй аавыгаа их саналаа. Заримдаа ч аав дээрээ буцаад ирье ч гэж боддог байлаа. Гэтэл нөгөө хар юм нь намайг сургуулийн хаалга татууллаа. Хөдөөний хүүхэд гэж дотуур байранд суув. Тэндээс л миний жинхэнэ амьдрал эхэлсэндээ. Угаас зожиг ганцаар өссөн болохоор хэцүү л байлаа. Та намайг мэднэ шүү дээ. Ямар улаан нойл амьтай байлаа даа гээд тас тас хөхөрлөө. Тэгээд тамхинаасаа нэгийг авч асаагаад,


-Тийм л хүнийг дээд сургуульд оруулчихсан гээд бод. Арав төгссөн гэрчилгээ, бусад баримт яаж бүрдүүлсэн юм бүү мэд. Өө бас болоогүй хэд хэд хөөгдөх дөхсөн. Сургуулиас гарья гэж ээж дээр уйлж очлоо. Дуугүй очиж хичээлээ сайн хий гэхээс өөр юм ярихгүй аавыг л хүүхэд хөдөө аваачаад эргүү тэнэг юм болгож орхилоо гээд тачигнаж гардаг байв. Би аавыгаа тэгж хараалгах дургүй байсан болохоор дахиж ээж дээр очоогүй. Ингээд би амьдралыг өөрөөр харж, өөрөө өөрийнхөө төлөө л зүтгэх хэрэгтэй боллоо. Намайг хоргоогоод салдаггүй нэг сурлага сайтай залууг ашиглахаар шийдэв. Би түүнтэй өдөр шөнөгүй хичээл давтана. Тэр ч уйгагүй заана. Би ч уйгагүй хичээнэ. Ес аравдугаар ангийн хичээлийг дээд сургуулийн нэгдүгээр курст л давхар сурлаа шүү дээ. Би ч тэдний өрөөнөөс салахгүй нэг гэрийн хоёр шиг байлаа. Оюутнууд ч тэгж ойлгоно. Хичээлээ давтаж байгаад өвөртөө унтана. Орондоо ороод л би буруу хараад хэвтээд өгнө. Би түүнийг ч их зовоосон байх аа. Надад өөрөөр түүнийг тогтоох арга байгаагүй.
Тэгэх тусам тэр миний төлөө яахаас ч буцахгүй болдог байсан. Ингэж эхний жилийн ардаа орхилоо.
Зүг чигтэй болсон тул. Дараа жил нь биеэ даагаад зүтгэсэн.
-Нөгөө залуугаа яасан бэ?
-Аа тэрийг үү? Нэгдүгээр курсийн хавар бид хоёр тийшээ болсон доо. Тэр намайг ойлгосон байх, тэгээд ч цөхөрсөн.
-Их гомдоож дээ хөөрхийг.
-Энд одоо гомдол яриад яах вэ.
-За тийм, тийм тэгээд цааш нь,
-Тэгээд яахав дээ. Хичээл номондоо гайгүй боллоо.


Багш оюутнуудтайгаа дотно танилцлаа. Ингэж л оюутны амьдралын дөрвөн жилийг өнгөрөөх шив дээ. Сургуулиа төгсөөд урлаг судлаач болов. Гэхдээ мэргэжлийнхээ ажлыг хийгээгүй ээ. Янз бүрийн л ажил хийсэн. Миний мэргэжил надад ганцхан удаа хэрэг, хэрэг ч гэж дээ. Гай болсон. За энэ тухай сүүлд ярья. Харин би таньд оюутан байхад ааваас ирсэн нэг захиаг үзүүлэх үү? гээд Гаамаа цүнхээ онгойлгож. Жижигхэн цаас гаргаж өглөө.
Сайн байна уу? Охин минь. Хичээл ном өндөр биз дээ. Ямаршуухан явна даа, миний охин? Тэр хичээл номыг нь дийлмээргүй бол орхиж үзээрэй. Тэгэж хүнд муугаа үзүүлж, хүний доог болж явах шиг хэрэггүй юм байхгүй. Чамайг олигтой сурсан эрдэмгүйг аав нь мэддэг болохоор дэмий л эндээс санаа зовж суух юм. Би яахав манаагаа манаад явж л байна. Заанхүү явж харагдах юм. Хаягийг чинь авья гэхгүй болохоор нь өгсөнгүй. Авья гэвэл өгөлгүй яахав. Түүнд чиний мэндийг дуулгасан. За охин минь олны дунд мэдээтэй яваарай. Ээж дээрээ очиж байгаа биз. Би хүнээр мөнгө өгч явууламз. Аав Баяндалай чинь гэжээ.
Заанхүү эвгүй байдалд оров. Харин Гаамаа ам нээж
-Өөрийг чинь ааваасаа дутуугүй санадаг л байлаа. Заримдаа захиа бичье гэж бодогдох боловч. Аавын захианы өнгө хэрэггүй дээ охин минь гээд байх шиг санагддаг байсан юм.
-Би даанч хаягийг чинь гэтэл
-За за гэж Гаамаа төвөгшөөсөн байдалтай хэлэв.
Өрөөнд ялаа нисэх дуулдана. Тэр хоёр тамхи татан хэсэг чимээгүй сууцгаалаа.
-Гаамаа чи хүнтэй суусан уу?


-Өө хэд хэдэн хүнтэй сууж үзлээ. Суугаад, салаад, суугаад, салаад,
Заанхүү тамхиныхаа ишээр оролдон гэм хийсэн хүүхэд шиг их л аядуухнаар,
-Нас чинь явлаа. Одоо сэтгэлд тохирсон нэг юмтай тогтвол дээр дээ гэвэл.
-Тэгж бодох л юм. Ямар санаснаар болох биш дээ. Ажилтай байр сууцтай болчихоод ганцхан нөхрийн мөрөөс болж явахдаа нэг дуучин залууд сэтгэл алдрав аа. Тоглолт бүрийг нь үзнэ. Тоглолтын дараа сэмээрхэн дагаж гэр орныг нь хүртэл мэдэж авав. Урлаг судлаач гэдгээрээ далимдуулж түүнтэй танилцав. Гэтэл нөгөөх чинь эхнэртэй байдаг. Ингээд би ямар ч үнээр хамаагүй түүнийг өөрийн болгоно гэж өөртөө тангараг болгов. Бүх найз нөхдийг нь судаллаа. Дотны найз нараас нь эхнэргүй нэгийг нь эргүүлж эхлэв. Би түүнд шууд таалагдав. Харин надад дажгүй залуу таарчээ. Бид хоёр ч хэдэн сарын дараа нэг гэрт орох болов. Хүний эхнэр болж жүжиглэх ч бас аймаар юм билээ. Өөрөөс минь өөр хэнч мэдэхгүй шүү дээ гэж тайвширдаг байлаа. Баяр ёслолоор нөхрийгөө ятгаж заавал нөгөө дуучныдаа очиж тэмдэглэнэ. Нөхөр минь тэр болгоныг анзаарах ч үгүй. Анзаарсан ч тэр намайг урлаг судлаач урлагийн хүн гэж боддог байсан биз. Би нөхөртэйгээ бүтэн жил амьдрахдаа нөгөө бодлоо нэг ч хором орхиж байсангүй. Дуучинтайгаа ойр байх тутам түүнийг улам ихээр хүсэмжлэх болов. Түүнд би бүсгүй хүн гэдгээ бага багаар мэдрүүлж эхлэв. Гэхдээ би түүнийг яг эгзэгтэй үед хаяж одно. Яриан дундаа ганц нэг шалиг үг хавчуулаад өгдөг болов. Ингэж би түүний сэтгэлийн утсыг сэм сэмхэн хөвөрдсөөр байлаа. Түүний анхаарлыг би бүрэн татжээ. Дуучин маань манайхаар байн байн ирдэг болов. Түүнийг ирэхэд нь би ямар хувцастай байхаа хүртэл боддог болов. Манайд ирэхээрээ тэр миний ил гарсан болгоныг шуналтайгаар харах болсон. Ийнхүү би түүнийг биш, тэр намайг эргүүлж эхлэв. Хааяа би түүний өлөн сувдаг харцнаас далдирдаг болсон юм. Яахаас буцахгүй болчихсон суухад нь би нөхрийнхөө дэргэд очиж суугаад эхнэрийнх нь тухай дахин дахин ярина. Гэтэл нөгөө дуучин ухаанаараа сэтгэлээ барьж эхлэв. Надтай уулзахаас аль болох зугтаж манайхаар ирэх нь эрс цөөрлөө. Энэ байдал нь түүн рүү тэмүүлэх хүслийг минь улам улам оргилуулж өглөө. Нэг удаа би түүнд эгзэгийг нь тааруулж байгаад бууж өгөв. Ингэхээс өөр арга байгаагүй. Миний тэвчээр ч барагдаж байсан юм. Түүнтэй нууц амраг болсноос хойш би жаргалтай байв. Гэтэл нөхөр маань мэдээд найздаа гомдсон уу, надад гомдсон уу шууд л саллаа. Олон таван юм ч ярьсангүй. Миний төлөвлөгөө ёсоор болж байгаад би баярлалгүй яахав. Гэхдээ л түүнд би дасчихсан юм байлгүй, яваад өгөхөөр нь бас эвгүй байсан. Нэгэнт ийм байдалд хүрсэн тул дуучныхаа эхнэрийг замаасаа зайлуулах хэрэгтэй болов. Азаар тэр хоёр хүүхэдгүй, бас тэгээд хадмындаа суудаг байсан болохоор энэ удаа хүсэл маань амархан биелэв. Бүх юм мартагдах өдөр ирнэ гэж өөрийгөө тайвшруулна. Аз жаргалыг амсан эдэллээ гэж өөрийгөө хуурдаг маань жаргал биш болохыг би төдөлгүй ойлгов. Эрчүүд аваагүй байхад авгай сайхан алаагүй байхад үнэг сайхан гэж ярьдаг шиг суугаагүй байхад нөхөр ч гэсэн сайхан л байдаг юм билээ. Жил хүрэхгүй амьдрахдаа би түүнд хоёр удаа зодуулав. Түүнд сэтгэл зүрх гэж үгүй дураараа вааглаж байдаг хүйтэн цустай намгийн мэлхий болохыг даанч хожим мэдсэн. Өмнөх авгай нь салахгүй энэ тэр гэж гүйгээгүй учрыг би тэгж ойлгосон. Түүний дэргэд миний хуучин нөхөр аль ч талаараа эр хүн шиг байж гэдгийг ухаарлаа. Тэгээд дуучинаа хөөгөөд явуулсан гэж уртаар шүүрс алдлаа. Өөрийг чинь би аавыг минь асраад намайг хүлээж байгаасай гэж боддог байлаа. Үнэндээ би таныг бодож сургуульд ухаалаг, тэвчээртэй суралцсан юм шүү дээ. Та надад их ч тэнхээ хайрласан, их ч юманд сургасан. Таниар төлөөлүүлж би эр хүн гэдгийг ойлгосон. Та дөнгөж дэлбээлж буй цэцгийг гэмтээчихээд дахиж сэргээ болов уу гэж арчилж тордох нь битгий хэл эргэж ч хараагүй. Эндээс л миний сэтгэл хүйтэрсэн юм гээд дуугаа хураалаа. Гаамаа энэ бүгдийг нэгэн хэм намуухан дуугаар ярьж дуусгав.


-Заанхүүд хэлэх үг олдсонгүй. Гагцхүү түг түг цохилох зүрхээ чагнаж, дэмий л уруулаа хэмлэж суулаа.
Гаамаа тамхи асааж цонхны дэргэд зогсоод,
-Энэ намрын анхны бороо байхдаа гэж бодлогоширно. Заанхүү “анхны” гэнээ? Гэж аяархан хэлээд Гаамаагийн дэргэд ирж тамхи асаалаа.
-За хоёулаа хөдлөе дөө. Танай эхнэр ч их хайртай гээ биз?
-Тиймгүйсэн бол юу гэж ингэж сургуулийн хүүхдүүд шиг чамтай энд уулзах вэ дээ. Арай тухтай ярьж хөөрөхгүй юу?
– Одоо яая гэхэв дээ. Гэхдээ бид хоёр ярих юмаа ярчихсан гэж бодож байна.
-Тийм л дээ. За хөдлөе гэж Заанхүү хэллээ.
– Өө май? Мартах дөхлөө хэдэн чихэр ганц шил архи байгаа юм гэхэд Заанхүү сая л нэг Гаамааг эгцлэн харж,
-Өө түрүүний хэлэхгүй яасан юм бэ. Хоёул хуваагаад балгачихгүй юу гэвэл.
-За хурдхан яв даа цаад эхнэр чинь харчихвал толгойг чинь хага цохино шүү. Би өглөө эрт явна баяртай гэж хоргодох юмгүй шулуухан хэлэв. Түүний хацар дээгүүр нулимс, борооны дусал хоёрын аль нэг нь гялтагнан урсаж харагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага