Х.Нямбаатар: Би хэн нэгэнд хувьчлагддаг хүн биш
2018 оны Novemberын 12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

-Ирэх жилийн төсвийг УИХ-аар баталсан. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг сайжруулах биш муутгаж баталсан гэдгийг зарим гишүүн хэлээд байгаа. Таны хувьд ирэх жилийг төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Хуулийн хугацаатай учраас улсын төсвийг яаравчлан баталсан. Гэхдээ ирэх жилийн төсөв нийслэлчүүдийн хувьд тун тусгүй төсөв болсон. 2015 онд нийслэлийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх мөнгийг тэг төгрөгөөр баталж байсан. 2018 онд 208 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгаж байсан бол ирэх жил 289 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан. Өөрөө хэлбэл, нийслэлчүүд улсын төсвийн тодорхой ачааллыг үүрнэ гэсэн үг. Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод ч гэдэг юм уу цөөхөн хэдэн аймаг улсын төсөвт мөнгө төвлөрүүлдэг. Хамгийн ихдээ л Өмнөговь аймаг 60 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг бол нийслэлчүүд 300 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаа. Гэтэл нийслэлд шийдэх асуудал маш их байгаа. Дэд бүтэц, агаар хөрсний бохирдлыг бууруулах, орон сууцжуулах гээд маш олон асуудал байгаа. Нийслэлээс татан төвлөрүүлэх мөнгийг хассан бол түгжрэлийг 25 хүртэлх хувиар бууруулах зураг төслийг намын бүлэгт танилцуулсан. Манайхтай ижил төстэй нийслэлүүдэд дүн шинжилгээ хийсэн судалгааны баг ажиллаад 300 орчим  тэрбум төгрөгөөр хөдөлгөөний ачааллыг 25-аас дээш хувиар бууруулах бодит санаачилга оруулж ирсэн ч харамсалтай нь дэмжүүлж чадсангүй. Ирэх жил нийслэлд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мэдээж үүн дээр гишүүдийн тойргуудад сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт шийдэж байгаа.

-Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа маш өндөр зарлагатай төсөв болсон. Сүүлдээ зураг төсөвгүй олон барилга оруулж ирсэн шүү дээ?

-Энэ бол мажоритар тойргийн алдаа. Мажоритар тойрог бол нэгдсэн бодлого гэдэг зүйлийг дандаа гээж явдаг. Заримдаа ардчиллын үнэт зүйл, зарчмын эсрэг явдаг. Мажоритар тойргоор сонгогдсон гишүүд зөвхөн өөрийнхөө тойрогт гэдэг явцуу бодлоор асуудалд ханддаг. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийн дагуу 2016 оны сонгуулийг мажоритар тойргоор зохион байгуулж 76 гишүүн сонгогдсон нь 2019 оны төсвийн нэг алдаа. Хоёр дахь алдаа нь улсын төсвийн бодлогын алдааг нэг, хоёр жилийн дотор засч чаддаггүй. 2012-2016 оны сонгуульд олонх болсон АН бодлогын маш олон алдаа гаргасан байсан. Гаднаас оруулж ирсэн босгосон бонд, зээлийн мөнгийг гарын салаагаар урсгасан. Боловсруулах үйлдвэр ч юм уу, ийм зүйлд бус гудамж, зам хийгээд дуусгасан. Дээр нь маш олон үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Ингэхдээ бэлэн мөнгө хэвлэсэн. Шатахууны үнийг хүчээр барьсан. Бэлэн мөнгө хэвлээд л шатахууны үнийг бариад байсан. Дөрвөн жилийн хугацаанд найман их наяд төгрөг хэвлэсэн. Энэ болгон нь макро эдийн засгийн гүн шоконд оруулсан. Манай гадаад, дотоод өрийн дарамт урд өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн. Энэ бодлогын алдааг МАН-ын бүлэг, Засгийн газар засах гэж хичээж ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй байх гэж бодож байна. Хасах 490 сая ам.долларын валютын нөөцтэй байсан Монгол Улс өнөөдөр 3.4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, зээлжих зэрэглэл өссөн эдийн засгийг бий болгож чадсан. Дотоод өрийн дарамтаас үндсэндээ гарчихлаа. Гадаад өрийн дарамтаасаа гарч явна. Яг энэ зарчмаараа явбал 2023 он гэхэд гадаад өрийн дарамтаас бүрэн гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээд үзэхээр төсөв хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л байна гэсэн үг. Нэг талаасаа гишүүдийн  дарамт, нөгөө талаасаа ОУВС-гийн дарамтан дунд ирэх оны төсвийг баталсан. Хэрвээ дахин, дахин мажоритар тойргоор дахин дахин сонгуулиа явуулбал маш хурдан дампуурал руугаа очно. Яагаад гэвэл энэ төсвөөр улс орны алс хэт рүү чиглэсэн том төслүүдийг санхүүжүүлэх боломжгүй байдаг. Гишүүд тойрог руугаа л хөрөнгө оруулалт татна. Тойрог руугаа татаж байгаа бүхэн сайн зүйл дагуулдаггүй. Нэг сургууль, нэг цэцэрлэг, нэг соёлын ордон байгуулагдахын хэрээр дараа жилийн төсөв дээр тэр сургууль, цэцэрлэг, соёлын төвийн урсгал зардал гэж маш том дарамт ирдэг. Мөн мажоритар тойргоор явах тусам төрийн байгууллагын данхар бүтэц арилдаггүй. 2012-2016 онд төрийн албан хаагчдын тоо 70 мянгаар нэмэгдсэн. Одоо энэ бүтцийг бууруулж чадахгүй явж байна. Өнөөдөр мэдээлэл технологийн эрин зуунд, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ялж байх үед иргэн хүн төрийн албанаас очиж төрсний гэрчилгээ, иргэнийхээ үнэмлэхийг үзүүлж лавлагаа авдаг бүдүүлэг тогтолцоог халах хэрэгтэй. Энэ бүхнийг хийж өгөхийн тулд хэдэн мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тиймээс боломжит бүх үйлчилгээг цахимаар авдаг систем рүү чиглэж байж төрийн албаны бүтцийг багасгана. Намайг Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхад буюу одоогоос 10-аад жилийн өмнө хороон дээр зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн хоёрхон орон тоо байсан. Гэтэл одоо зохион байгуулагч хоёр, хөгжлийн нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, хөдөлмөрийн нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан, 10-аас доошгүй хэсгийн ахлагч, хог орлогын байцаагч, өрхийн эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын ажилтан гээд маш олон орон тоо шинээр нэмэгдсэн байна. Ажлын байрны нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд эдгээр ажлын байрны тэн хагасыг хасах боломжтой. Ер нь би Хөдөлмөрийн яам гэж тусад нь байгуулсанд ичдэг. Хөдөлмөрийн яам  гэж гадаадаас ажиллаж хүч оруулж ирэх зөвшөөрөл, лицензийн тогтолцоон дээр хэсэг хүмүүс хөрөнгөждөг л тогтолцоо. Яагаад Монголын нэг аж ахуйн нэгж гадаадаас үйлчилгээ оруулж ирэх гэснийхээ төлөө Хөдөлмөрийн яамны авлигачдад авлига өгөх ёстой юм. Энэ бол илүү тогтолцоо. Гаднаас орж ирж байгаа ажилчдын ерөнхий тоогоо л хянах хэрэгтэй. Энэ аархал омогшил, хийрхлээ болих хэрэгтэй. Хөрсөн дээрээ буумаар байна. Бид валют олох хэрэгтэй, ажил хийх, татвараа төлөх, хуулиа сахих, сурч боловсрох ёстой гэсэн зарчмаар явахгүй бол хойч үе маань тэнэглэл рүү цуг явж байна.

-Ирэх жилийн төсөвт зураг төсөлгүй объектууд ихээр оруулж ирж батлуулсан гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ. Үүнээс болоод ирэх жилийн эцэст дуусгаагүй олон барилга үлдэх юм биш биз дээ?

-Лав л миний мэдэх тойргууд дээр зураг төсөлгүй барилга батлагдаагүй. Холбогдох яамд бүгд тухайн салбарт барьж ашиглагдах объектуудаар жишиг зураг хийсэн байдаг. Тэр зурган дээр үндэслээд холболтын зардалтай нь уялдуулаад төсөв тавьсан. Гэхдээ энэ тендерийн хуулиар явбал Сангийн яам дандаа тоог жил дамнуулж тавьдаг. Энэ нь мажоритар тойргийн гишүүдийг баясгадаг тогтолцоо явна. Тендерийн хуулиар ямар байна вэ гэдэг дээр өөрийнхөө тойрог дээр ганцхан жишээ хэлье. Манай тойрогт км гаруй гурван замын зураг төсөв тавиулсан. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гээд зураг төсвийн тендер зарласан. Үүний дараа гүйцэтгэгч шалгаруулсан. Гүйцэтгэгч шалгарангуут маргаан үүссэн. Маргаан нь Сангийн яаман дээр очоод шийдэгдэж байгаа юм. Ингээд гүйцэтгэгч ажлаа хийгээд, хийсэн ажлыг нь хүлээж аваад, дахиад орон нутагт хүлээлгэж өгч байгаа юм. Хүлээж авсан орон нутаг дахиад тендер зарлаад 30 хононо. Гэтэл маргаан дуусаагүй. Арванхоёрдугаар сарын 31-нд гүйцэтгэл хийгээгүй бол энэ мөнгийг буцааж татна. Хэрвээ буцааж татахгүй гэвэл хөрөнгө оруулалттай дүйцэх мөнгийг банкинд байршуул гэж байгаа. Хэрвээ энэ худалдан авах хуулиар явал аж ахуйн нэгж дампуурна. Үүнийг засахын тулд Тендерийн хуулиа өөрчлөх эс бол төсвийн жилээ өөрчлөх хэрэгтэй.

-Та тухайлбал, тойрог дээрээ хэдэн сургууль цэцэрлэг бариулахаар төсөвт суулгаж чадав. Хөрөнгө оруулалт нь ирэх жил хийгээд л болоо юу. Он дамжих объект байгаа юу?

-Манай тойрог 2020 оны есдүгээр сарын 1 гэхэд сургуулиуд хоёр ээлжит шилжинэ. Үүний төлөө ажиллаж байна. Үүн дээр улс, нийслэл, орон нутгийн төсөв, гаднын хөрөнгө оруулагчид, хандивлагчдын төсөвбий. Тухайлбал, би ирэх сарын 1-нд 150 ортой цэцэрлэг хүлээлгэж өгнө.  Улс, нийслэлээс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Өөрөө санхүүжилтийг нь босгосон. Ирэх жил дахиад 150 хүүхдийн цэцэрлэг барих төсөл бэлдээд л явж байна. Гаднын хүүхэд гэр бүлийг дэмждэг байгууллага руу би бараг хоёр жил мэйл бичсэн.

-Тэгэхээр ирэх жилийн есдүгээр сарын 1 гэхэд танай тойргийн хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдаж чадна гэсэн үг үү?

-Яг бүгд нь хамрагдана гэж хэлж болохгүй. Гэхдээ нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 88 хувь нь хамрагдана гэж төлөвлөж байгаа. Энэ бидний зовлон 1990 оноос хойш нийслэл рүүгээ бүгд нүүж ирээд хотоо хүнд байдалд оруулсан. Тэгээд бүгд эрх нэхдэг. Гэхдээ УИХ-ын гишүүд гэдэг алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүмүүс биш. Бүхнийг шийдэж чадахгүй. Бидний нөөц, төсөв маш хязгаарлагдмал.

-Гэхдээ сонгуулиар өгсөн амлалтыг чинь л ард түмэн шаардах эрхтэй шүү дээ?

-Бид сонгуулиар бие биенээсээ өрсөж амлалт өгдөг. Тэр амлалтандаа хүрэхийн тулд багахан төсвөө тойрог, тойрог руугаа татдаг. Цаашдаа Монгол Улс хөгжье л гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад хоёр танхимтай, сонгодог парламентын тогтолцоотой орон болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Магадгүй бид үүнийг кнопоороо шийдчихээд 2020 онд би ялагдсан ч надад чухал биш. 1990 оны нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал хоёр өөр. 1990 онд бид 2.2 сая байсан бол одоо 3.3 сая болсон. Дээр нь 1990 онд улс төр сонирхдог хүн хэд байсан одоо хэд болсон. Өдөр бүхэн жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс материаллаг баялаг бүтээхэд оролцохгүй байя, бид улс төрд оролцъё гэсэн зорилготой. Энэ хүмүүсийг доод танхимдаа оруулж ирж төрийн зовлонг мэдрүүлэх ёстой. Нөгөө талаар аливаа асуудлыг хоёр танхимаараа хэлэлцэн батална. Ерөнхийлөгчийг ард түмнээс бус ард түмний төлөөллөөс сонгодог болох ёстой.

-2016 оны сонгуулийн үр дүнгээр 65 суудал авсан танай нам Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадах уу. Тийм боломж бий юү?

-Энэ өөрчлөлтийг хийчэхээд мань мэт заавал улс төрд оролцох шаардлагагүй. Учир нь зөв голидрол. Дэлхийн нийтийн хөгжил. Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу дэлхийн улс орнууд орж байна.

-Таныг гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад хотын дарга болно гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд хотын дарга болох бодол үнэхээр байгаа юм уу. Энэ талаар яригдаж байгаа зүйл байгаа юу?

-Одоогоор алга. Хотын дарга С.Батболд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Сая НИТХ-ын ээлжит хурлаар С.Батболд даргын ажлыг хангалттай гээд дүгнэчихлээ. Сошиалаар элдэв янзын бичлэг байгаа гэсэн мэдээлэл гарсан ч мань хүн үгүйсгээд мэдэгдэл хийчихлээ, хууль хяналтын байгууллагад шалгуулчихлаа. Би нийслэлийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга гэдэг албан тушаалтай байгаа. Д.Сумъяабазар сайд нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон. Нийслэлийн намын хороо тодорхой зорилт, бодлого хэрэгжүүлж ажиллая гэсэн саналаа нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Би яг өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд ч юм уу, нийслэлийн намын хорооны даргатай ч юм уу, өөрийнхөө төвшинд ч, мөн “би нийслэлийн дарга болъё” гэсэн яриа огт яригдаагүй. Холбогдох удирдлагуудын төвшинд огт ийм асуудал яриагүй.

-Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд, намын хорооны дарга хотын дарга, аймгийн Засаг дарга болдог жишиг бий. Үүний дагуу Д.Сумъяабазар сайд нийслэлийн намын хорооны даргын хувьд хотын дарга болох ёстой. Гэхдээ сайд болон гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж хотын дарга болохгүй байх. Тиймээс өөрийнхөө хүнийг хотын дарга болгоно гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Би нэгдүгээрт хэн нэгэнд хувьчлагддаг хүн биш. Д.Сумъяабазар сайдыг нийслэлийн иргэдийн хуралд дэвшиж байхад би Сонгинохайрхан дүүрэгт мэргэжилтнээр ажиллаж байсан. Бид хоёр 2012 онд танилцаж байсан. Би Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазар сайдаар дамжиж очоогүй.

-Хэрвээ танд хотын дарга болох санал тавивал хүлээж авах уу?

-Хэрэв дарга нарын зүгээс намайг нийслэлийн Засаг дарга болооч гэдэг санал тавивал би иргэд сонгогчдоосоо очиж асууна. Намайг томилсон хүмүүсээс очиж асууна. Учир нь би тэр хүмүүсийн итгэлийг дааж ажиллаж байгаа учраас сонгогчдоосоо асууна.

-Сонгогчид тань зөвшөөрвөл хотын дарга болох саналыг хүлээж авна гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Ярилцсанд баярлалаа.

itoim.mn

One thought on “Х.Нямбаатар: Би хэн нэгэнд хувьчлагддаг хүн биш

  1. donj

    BAS IH SANAATAI ER EE HE HEALI DIILSEN TALD NI SANAARAH YUM SHIG BAINA OO

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага