Хятад тэмээгээр биш телевизээр соёлын нөлөөгөө тэлж манай улсад мэдээллийн дайн хийж байна
2018 оны Novemberын 13

Яг одоо дэлхийн гуравдугаар дайн ид өрнөж байна. Энэ бол мэдээллийн дайн. Хүйтэн дайн нь коммунист-либерал системийн хооронд ХХ зууны хоёрдугаар хагаст өрнөж, либералчуудын ялалтаар дууссан билээ. Энэ дайн бол цэвэр мэдээллийн дайн байсан, өнөөдөр ч дуусаагүй үргэлжилсээр байна.

“Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Европ” радиостанцуудын мэдээллийг хаах зориулалттай долгион сарниулагч станцууд коммунист ертөнцийн хил хязгаарт дунд тусгалын цөмийн пуужингаас ч илүү чухал үүрэг гүйцэтгэж байсан түүх саяхных. Тэр үед ЗХУ тэргүүтэй коммунист систем хэвлэлийг суртал нэвтрүүлгийн гол хэрэгсэл болгон онцгой хөгжүүлсэн бол өрнийнхөн радиостанцуудыг гойд хөгжүүлсэн билээ. ЗХУ тэр үед ганцхан сэтгүүлийг сардаа 12 сая ширхэгээр хэвлэн тарааж байхад өрнийхөн радиостанцуудаар довтолгоо хийж байв.

 

Тэр үед телевизийн ”secam” систем коммунист ертөнцийнх, “ntsecam” систем барууных байв. Тиймээс баруунаас авчирсан телевизорын системийг солихгүй л бол, эсвэл систем хувиргагч багажгүй л бол Монголд түүгээр юу ч үзэж чаддаггүй байлаа. Радиогийн хэт богино долгион буюу “fm” өрнийн стандарт, дунд, урт долгион буюу “LM”, “WM” нь коммунист системийнх болсон байв. Бидний сайн мэддэг VEF радио богино долгион барьдаггүй байсан. Хожим “Монголын радио орчин үеийн автомашины радиод баригддаггүй тусгай аппаратаар хээр талд л сонсогддог босогчдын радиостанцархуу юм” гэх онигоо тархсан. Радио телевизийн долгион, систем хүртэл хүйтэн дайны үед хоёр системд хуваагдсан нь энэ.

Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой

 

Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол хоёр ертөнцийн улс орнууд тус тусын иргэдийнхээ тархи, ухамсрыг нөгөө системийнхэндээ “найр тавьж” өгөхгүйн тулд байгалийн долгионыг өмчилснийх. Тэр үед “суртал нэвтрүүлэг” буюу “пропоганда”, гадаад улстөрийн болон дотоод суртал нэвтрүүлэг, “сөрөг суртал нэвтрүүлэг” буюу “контрпропоганда”, “манипуляци” буюу мэдээллийн төөрөгдүүлэлт, “хар”, “цагаан”, “саарал” суртал нэвтрүүлэг, “экспанс” буюу “мэдээллийн цөмрөлт” гэх мэт нэр томъёонууд бий болсон ба хүний оюуныг инженерчлэх, суртал нэвтрүүлэг шинжлэх ухаан болон хөгжиж, үй олон туршилт судалгаанууд явагдаж байв. Товчхондоо бол хүйтэн дайны гол зэвсэг мэдээлэл л байсан юм.

Зөвхөн хоёр системийн хооронд ч бус нэг системийн улс орнуудын хооронд хөршийнхөө соёлын нөлөөлөл, экспансаас иргэдээ, үндэстнээ хамгаалах арга хэмжээнүүдийг авч байлаа. Францууд хэт Америкчлагдахаас хамгаалж телевизийн системээ “mesecam” болгож байхад Өмнөд Солонгос Японы суртал нэвтрүүлэг, мэдээллийн нөлөөнөөс иргэдээ хамгаалахын тулд “ntsc 4.43” хэмээх системийг дотооддоо нэвтрүүлж байжээ. Энэ хоёр системийн зөрүү нь зөвхөн мэдээлэл хаах л зорилготой байв.

Аливаа улс үндэстэн үндэсний онцлог, эрх ашиг, бодлогоо хамгаалахын тулд хамгийн түрүүнд өөрийн мэдээллийн хамгаалалттай байх учиртай ажээ. Энэ бол энгийн зүйрлэлээр мэдээллийн мөндрөөс гэнэн иргэдийнхээ тархийг хамгаалж зулайг нь битүүлж буй хэрэг юм.

Өнөөдөр дэлхий даяар дайн болж байна. Энэ бол мэдээллийн дайн бөгөөд мөнхүү дайны зорилго нь тэртээ цэрэг зэвсгийн хүч хэрэглэдэг уламжлалт дайнаас онцын ялгаатай гэж үү? Энэ дайны зэвсэг нь өөрөө мэдээлэл болж байна.

Нөлөөллийн хүрээгээ тэлэх гэсэн хүчирхэг гүрнүүд мэдээллээр дамжсан гадаад суртал нэвтрүүлгийг ихэд чухалчилдаг. Өмнөд хөрш “соёлоор найрамдах бодлогынхоо хүрээнд” мэдээллийн маш хүчтэй цөмрөлт хийж байгааг та бид харж байна. Эртнээс ертөнцийн төд, дундад улс гэдэг Хятад тэмээгээр биш телевизээр соёлын нөлөөгөө тэлж, Күнзийг кино орлож байна. Хятадын төв телевиз 13 сувгаар дотооддоо мэдээлэл цацахаас гадна олон хэлээр мэдээлэл түгээдэг. 13 дахь суваг нь Шинжаанд зориулагдсан ч Уйгур бус казах хэлээр нэвтэрдэг, яагаад гэвэл энэ өргөн нэвтрүүлэг зөвхөн Шинжаанд төдийгүй Төв Азийн түрэг хэлтэнд давхар хүрдэг. Энэ бүхнийг нь бид өдөр тутам хүлээн авч Хятадын хөгжил, хүчирхэгжилээс айж эмээсээр л байна.

Монгол хэлний нэвтрүүлгийг Өвөр Монголын телевиз хорооны Монгол “Одон” телевизээр нэвтрүүлж байна. Хөх хотын төвд очоод телевизор асаавал “Одон” телевизийг үзэхгүй. Зөвхөн Хятад хэлээр л нэвтрүүлэг үзнэ. Харин “Одон” телевиз Монголд зориулсан нэвтрүүлэг цацаж байна. Монголд зориулсан гадаад улстөрийн суртал нэвтрүүлэг явж байгаа нь энэ юм.

BBC бол Их Британийн төрийн санхүүжилттэй телекомпани, Британийн гадаад суртал нэвтрүүлэг, нөлөөллийн хэрэгсэл. “Дойче Велле” мөн адил Германий гадаад суртал нэвтрүүлгийн хэрэгсэл. Харин дотооддоо гаднын ямар сувгийг, ямар нэвтрүүлгийг үзүүлдэг вэ гэвэл аль ч оронд манайх шиг задгай байдаггүй.

Өнөөдөр Монголд сонин, сэтгүүл, ТВ, радио, цахим хуудас нийлсэн 430 хэвлэл мэдээллийн байгууллага тогтвортой, байнгын үйл ажиллагаа явуулж байна. 430 өөр үзэл бодолтой эзэд 430 янзаар мэдээллийг түгээж байна. Мөнгөө өгсөн нь хөгжмөө захиалдаг гэсэн ерөнхий зарчимтай 430 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тасралтгүй ажиллаж байна.

Монголын залуу үе садар самуун, хүчирхийлэл сурталчилсан кино, нэвтрүүлгийг дуртай сувгаа эргүүлэн үзэж, гаднын соёлын түрэлт, экспансийг ямар ч хориг саадгүйгээр тархиндаа нэвт шингээх бололцоог замбараагүй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар ч хориг саадгүй хийж байна. Хууль тогтоогч, ҮАБЗ-ийн гишүүн кабелийн телевизийн хамгийн том сүлжээний хувьдаа эзэмшиж, эмх замбараагүй гаднын 50-60 суваг тэр дотроо гол хамтран хөрөнгө оруулагч Хятадын гадаад суртал нэвтрүүлгийн монгол, хасаг, орос, англи хэл дээрх сувгуудыг хэнээс ч асуулгүй багцалж хүргэснийхээ төлөө айл бүхнээс хураамж авч кабелиа улам төгөлдөржүүлж байна. Үүнийг МУ-ын ҮАБЗ-ийнгишүүн нь гардан хийж байгааг дахин тодотгоё.

Америкт байшин унахад, Хятадад газар хөдлөхөд, Японд цунами болоход Монголд осол болсноос илүүтэй монголчуудыг донсолгодог, дуртай хүн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан монголчуудыг дуртай зүг рүүгээ залдаг болчихоод байна. Мэдээлллийн хор Улаанбаатарын утаанаас ч илүү монголчуудын тархи оюуныг хордуулж байна. Өнөөдөр Монгол шиг задгай, иргэдийнхээ ухамсар сэтгэхүйг хамгаалалтгүй орхисон улс орон тун цөөн.

Хүйтэн дайн төгсөхөд Монгол Улс ялагдагчдын тоонд орсон. Хүйтэн дайнд, үзэл суртлын дайнд ялагдсан, либерализмд дагаж орсон улсын хувьд нөгөө талаас энэ талаар хангалттай туршлагатай улс орон байсны хувьд өнөөдөр бид мэдээллийн дайнд нэгмөсөн сүйдэхгүй байх тэр системээ эргэн бий болгохын төлөө ажиллах цаг ирж байна. Эргэн тойронд дэлхий ертөнцөд хүйтэн дайн дууссан ч мэдээллийн экспанс, колоничлолын төлөөх тэмцэл буураагүйгээр барахгүй, улам бүр голомтлон өргөжиж идэвхжиж байгааг бид анзаарах ёстой.

Эзэн Чингис хаан “Сэтгэлийг эзэмдвээс бие хааш одох” гэж сургасан нь чухамхүү энэ мэдээллийн дайны тухай, хүний мөн чанарын тухай өгүүлсэн хэрэг. Өнөөдөр Монголчууд тархи оюун, сэтгэл зүрх гадныхны өмнө дэлгээтэй, ямар ч хамгаалалтгүй байна. Монголчууд сэтгэлээ гадныханд эзэмдүүлж, фашизм, либерализм, коммунизмыг шохоорхсон хэвээр байна. Монголчууд ололт амжилтаа гаднаас хайсаар байна. Гадаадынхныг тахин шүтдэг хэвээр байна. Бид сэтгэл зүрхээрээ гадаадынхныг шүтэн биширсээр байна.

Гадаадын бүх мэдээлэл, суртал нэвтрүүлэг, сурталчилгааг тархиндаа шүүлтүүргүй нэвшээж байгаа Монголчууд дээрээс нь нэмээд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа гадны хөрөнгө оруулалтыг задгай оруулж байна. Нөгөө талаас хэвлэлийн эрх чөлөөг эрх баригчдаас эрчимтэй хумихын зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагууд улам бүр олигархжсан, улс төр-санхүүгийн бүлэглэл том компаниудын санхүүжилтэд дулдуйдсан, гадаадын компанийн санхүүжүүлилтээс хараат байдалд орчихоод байна.

Монголын эрх ашгийн эсрэг Монгол мөнгөөр захиалга өгөхөд хэвлэлийнхэн ямар ч шүүлтүүргүй шууд цацаж байгаа ба Монголын эрх ашгийн төлөөх мэдээллийг хааж, дарж байна. Мөнгийг нь аваад Монголын эсрэг хийж байгаа нэвтрүүлгээ цацахдаа хамгийн шударгадаа л “төлбөртэй нэвтрүүлэг” гэсэн титрийг дэлгэцийнхээ буланд байрлуулдаг. Хамгийн олон мэдээллийн хэрэгсэлтэй бөгөөд түүгээр нь мөнгөө л өгсөн бол хэн ч юу ч ярьж болдог байдлыг “хэвлэлийн эрх чөлөө маш сайн хөгжсөн орон” гэж хөөргөдөөд хэн юу дуртайгаа хийж болж байгаа ийм нөхцөлд телевизүүдийн тоог цөөрүүлэх шаардлага ч гарч байна.

Мэдээлэл мэдлэг өгөхөөс илүүтэй нөлөөлөл болсон байна. Хүн төрөлхтөн түүхэн туршдаа солилцсон бүх мэдээлэлтэй тэнцэхүйц мэдээллийг ердөө сүүлийн таван жилд солилцсон гэсэн тооцоо байна. Мэдээллийн хаалт хориггүй, замбараагүй, буруу нөлөөлөлтэй урсгал Монголчуудыг “Манкурт боол” болгон хувиргаж байна. Манкурт боолыг яаж бий болгодог вэ? Олзны хүний үсийг хусаад дөнгөж алсан хонины ширээр орооход хонины үс дотогшоо ургаж хүний тархийг нэвт торлон хэрдэг гэдэг. Ийм боол эзнийхээ тушаалыг биелүүлдэг, өөрийн ухамсаргүй, хүн биш, амьд бараа болдог.

Яг үүн шиг өнөөгийн Монголчуудын тархи руу үй олон мэдээлэл яг хонины ноос мэт шурган орж, өөрийн бодолгүй, өөрийн үнэт зүйл, үзэл санаагүй Манкуурт боол болгон хувиргаж байна. Тиймээс энэ салбарт хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах. Харийн шашин сурталчилдаг, цагаан хоол сурталчилдаг, хятадын, оросын, америкийн бас хаанах нь тодорхойгүй эзэнтэй олон телевиз хэтэрхий чөлөөтэй, ямарваа хяналтгүй ажиллаж байна. Англи, орос, хятад, герман хэлээр нэвтрүүлгээ явуулдаг олон радио станцууд гаднаас биш бүр дотоодоос нэвтрүүлгээ цацаж байна. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрт Монгол хэлээр бүхий л мэдээлэл дамжиж байх хуультай.

Хоёрдугаарт гадаадын мэдээллийн экспанс, суртал нэвтрүүлгээс гадна дотоодын манипуляц, мэдээллийн төөрөгдүүлэлт хийж, үнэн бодат бус мэдээлэл дамжуулдаг, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг цөөнхийн эрх мэдлээс салгаж нийтийн өмчлөл давамгайлсан байдлаар зохион байгуулах шаардлагатай болсон байна. Мөнгөтэй л бол дуртай хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төдийгүй мэдээллийг нь өмчилдөг, олон нийт ямар мэдээлэл авах эрхтэй эрхгүйг шийддэг, сэтгүүлч ямар мэдээллийг яаж олон нийтэд хүргэхийг зааварладаг, өөр өөрийн дураар монгол хүний оюун тархинд шууд халдаж болдог эрх чөлөө нэртэй боолчлолыг халах шаардлага монгол үндэстний өмнө тулгарч байна.

Хэвлэлийн салбарыг либералчлах, хэвлэлийн эрх чөлөөг хангах зүй боловч үүгээр халхавчлан хүсэл зорилгоо олон нийтэд тулган хүлээлгэх ёсгүй билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эздийнх боловч хэвлэлийн эрх чөлөө нь ард түмнийх байдаг. Мэдээлэл түгээхэд ашиглаж байгаа техник хэрэгсэл, байр байшинг эзэд өмчилж болох боловч мэдээллийг өөрийг нь, мөн түүнийг түгээж байгаа агаарын долгионыг эзэд өмчилж болохгүй юм. Энэхүү ялгаа заагийг тодруулан зохицуулахын тулд аль ч мэдээлийн хэрэгслийг олон нийтийн өмч давамгайлсан байдлаар зохион байгуулах хэрэгтэй байна. Гадаадын суртал нэвтрүүлгийн зорилготой мэдээ мэдээллийг хатуу хянах ёстой ч дотооддоо хэвлэлийн эрх чөлөөг өргөжүүлэх, мэдээллийн урсгалыг цөөн эздийн бус олон нийтийн хяналтад шилжүүлэх, ил тод байдлыг хэвлэлээр дамжуулан улам дэлгэрүүлэх нь зүйтэй юм. “Харийнхан Монголд илүү эрхтэй” гэсэн нэвширсэн ойлголтыг ялангуяа мэдээллийн салбарт хамгийн түрүүнд үгүй болгох ёстой.

Гаднаас мянган мянгаар нь ажилчид оруулж ирээд нэг л мэдэхэд монголчуудыг эзлэх гэж байна гэлцэж байх зуур ямар ч шүүлтүүр цензургүй мэдээлэл ямар ч хаалтгүй орж ирээд та бидний, залуу үеийнхний оюун тархийг хордуулан ховсдон эзэлж байгааг анзаарахгүй байж болохгүй. Интернэтээс хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан сайтуудыг хаах нь эрх чөлөөг боогдуулан хааж байгаа хэрэг огтоос биш юм. Бидний тархи хогийн сав биш, мэдээлэлд ч бас үндэсний эрх ашгийн шүүлтүүрээр хандая. Арилжааны сувгуудаар залуу үеийн ёс суртахуун, оюун санаанд гаж нөлөө үзүүлэх нэвтрүүлэг гарахаас сэрэмжлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэргэд олон нийтийн зөвлөл ажиллуулах шаардлагатай болоод байна.

 

Хэрэв мэдээллийн энэ дайнд л монгол үндэстний оюун санааг сүйрүүлэлгүй авч үлдэж чадах аваас бид ялах учиртай юм. Давшилт хийж чаддаггүй юмаа гэхэд ухралгүй, хамгаалж ядаж эрүүл тархитай үлдэх ёстой бус уу? Монголчуудын гал голомт болсон 2,7 сая монголчуудын оюун санааг энэ дайнд алдах аваас бид монгол үндэстний өмнө хамгийн том нүгэл хийсэн ялаа хожим юугаар ч цайруулах аргагүй болох билээ.

Гантөмөрийн УЯНГА

2015/3/15

One thought on “Хятад тэмээгээр биш телевизээр соёлын нөлөөгөө тэлж манай улсад мэдээллийн дайн хийж байна

  1. donj

    Eronhiilogchdoo ene talaar sain zovloorei. Naad nohor chini l ih hiij baigaa shuu

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага