ЖДҮ-ээс зээл авч банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан гэх ЗУРГААН гишүүнээр туг тахиж туг тахиж, гал унтраах уу!
2018 оны Novemberын 16

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын спикер М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг олонхийн бүлгийн даргаас нь огцруулаад байгаа билээ. Харин үүнд нь эгдүүцсэн МАН доторх сөрөг хүчин гэгддэг М.Энхболдын талын “32-ийн бүлэг” нам дотроо хөдөлгөөн хийж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гарын үсгийг Д.Хаянхярваагийн албан бланк дээр цуглуулж эхэлсэн гэдгийг Д.Хаянхярваа өөрөө хэвлэлд мэдээлсэн байдаг. Бүр 26 гишүүн У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл ч цацагдсан.

МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваагийн зүгээс ЖДҮ-ийн зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцохыг шаардсаны төлөө огт өөр үндэслэлээр намайг бүлгийн даргаас авч хаялаа гэх гомдлыг илэрхийлсэн билээ. Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулж, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон гэх шалтгаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгахаар шахаж эхэлсэн У.Хүрэлсүхийн “Их цэвэрлэгээ” нэртэй ажиллагаа Засгийн газрынх нь хувь заяа, цаашлаад намын даргынх нь үнэтэй дүйцэж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэлсэн тул тэрээр аргагүйн эрхэнд УИХ-ын дарга М.Энхболдтой тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал тэд Засгийн газрыг огцруулахгүй байх, М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалд нь хэвээр үлдээх хэлэлцээрийг хөшигний ард амжилттай хийсэн бололтой.  Ингэхдээ, У.Хүрэлсүх, М.Энхболд нарын зүгээс МАН-ын даргын эхлүүлсэн “Их цэвэрлэгээ” нэртэй ажиллагааг арай өөр хэлбэрээр үргэлжлүүлэхээр болжээ.

Тэр нь, ЖДҮ-ээс зээл авч банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй УИХ-ын нэр бүхий гишүүдээр туг тахиж, олон нийтийн дунд ассан галыг намжаах арга юм байна.

Энэхүү туг тахих тохироонд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна гэдгээ зарлаад байгаа Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Энхболд, Я.Содбаатар, Н.Учрал, Б.Батзориг, Б.Ундармаа нарын зургаан хүнийг ёс зүйн хариуцлага тооцох нэрийн дор гишүүнээс нь эгүүлэн татахахын зэрэгцээ Засгийн газарт томоохон өөрчлөлт хийж, М.Энхболдын талын хүмүүсийг ЗГ-т сайдаар томилох тохироог хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг  МАН доторх баттай эх сурвалж өгч байна.

Ийм зүйл яригдсан байж болзошгүй гэдгийг Засгийн газрыг огцруулна хэмээн гүйж явсан Д.Хаянхярваагийн байр суурь эрс өөрчлөгдсөн зэргээс харж болохоор байгаа юм. Учир нь “Намайг огрцуулсан У.Хүрэлсүхийг ч бас адилхан огцруулна” хэмээн мэдэгдэж явсан тэрээр энэ удаад ЖДҮ-ээс хөнгөлөлттэй зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох талаар намын удирдах түвшинд яригдсан тул Засгийн газрыг огцруулах асуудлаа эргэж харна хэмээн байр сууриа эрс өөрчилсөн зүйл ярьж эхэлсэн нь ингэж хардах шалтгаан болж байна.

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа эцэстээ УИХ-ын зургаан гишүүний бүрэн эрхийн үнэ цэнэтэй тэнцэж байгаа нь энэ бололтой.

Х.Онон

zuv.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага