Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол төрийн албанд ажиллуулахгүй
2018 оны Novemberын 16

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ- аар баталсан. Энэ хуулийн талаар хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хуулийг баталснаар нийгэмд тэр дундаа төрийн албанд ямар дэвшил гарах вэ. Хуулийн гол онцлох заалтаас танилцуулна уу?

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийг нэр бү­ хий 12 гишүүн өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд УИХ-д өргөн барьсан. Үнд­сэндээ хуулийн төслийг жил орчим хугацаанд хэ­лэлцээд баталлаа. Хуулийг баталснаар дөрвөн том дэвшил гарна. Нэгдүгээрт, төрийн албыг улс төрөөс ангид болгож байна. Үүнийг олон зүйлээр тайлбарлаж болно. Хоёрдугаарт, төрийн албыг мэргэшсэн тогтвортой болгож өгсөн. Энэ нь төрийн албанд орох хүн доод шатнаасаа эхэлж, шатлан дэвших тогтолцоогоор явна гэсэн үг. Түүнээс биш хэн нэгэн этгээд сонгуулийн дараа нэгний нөлөөллөөр төрийн албанд орох асуудал байхгүй. Тухайлбал, ТЗ 11-д сул орон тоо гарахад үүнд ТЗ 10 дээр ажиллаж буй хүмүүсээс сонгон шалгаруулж оруулна. Энэ бол төрийн албыг мэргэшсэн, тогтвортой болгож буйн илрэл юм. Гуравдугаарт, төрийн албыг хариуцлагатай болгож байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтанг хариуцлагажуулж байгаа. Тухайлбал, буруу шийдвэр гаргасан албан тушаалтан тухайн хүний эд хөрөнгийн буюу мөнгөн хохирлыг хувиасаа төлнө. Ажилтнаа хууль бус үндэслэлээр халсныг Төрийн албаны зөвлөл эсвэл шүүхийн шийдвэрээр тогтоосон тохиолдолд тухайн хүний цалин хөлс, нийгэм болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө төлөх байдлаар хариуцлагажуулж байна. Мөн төрийн албан хаагч алдаа гаргасан тохиолдолд тухайн хүнийг эргүүлж ажилд нь авахгүй байх заалт оруулсан. Дөрөвдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хуулиар хангаж байна. Учир нь, энэ хуулийн үндсэн манаач нь Төрийн албаны зөвлөл юм. Тиймээс энэ зөвлөлийн тогтвортой байдлыг хангах явдал хамгийн чухал.

-Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд өөрчлөлт оруулсан уу. Хэн нэгнээс хараат бус ажиллах нөхцөлийг хэрхэн хангах вэ?

-Төрийн албаны зөвлөл одоо гурван гишүүнтэй байгаа. Энэ орон тоог шинэ хуулиар тав болгосон. Ингэхдээ хоёр гишүүнийг төрийн албан хаагчид дундаас сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлд оруулна. Хэн нэгэн хүний шахалтаар зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахгүй. Ийм байдлаар төрийн албыг тогтвортой байлгах үндсэн баталгаа болсон Төрийн албаны зөвлөлийг хэн нэгнээс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа хуулийн ач холбогдол оршиж байна.

-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд ямар заалт тусгасан бэ. Одоогийн байгаа нөхцөлийг ямар байдлаар хэрхэн өөрчилсөн юм бол?

-Энэ чиглэлд нэлээд заалт бий. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахтай холбоотой асуудалд тодорхой дэвшилттэй заалт хуульд оруулсан. Хоёр зүйлийг онцолж хэлье. Тухайлбал, нэгдүгээрт, төрийн жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс гэж байдаггүй. Үүнийг хуулиар шийдвэрлэсэн. Ажлын хэсгийнхэн цаг наргүй ажилладаг ч илүү цагийн мөнгө авдаггүй. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчид буюу багш, эмч нарын хувьд удаан жилийн нэмэгдэл авдаггүйг өөрчилж тусгасан. Энэ мэт төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг өнөөдрийнхөөс илүү сайжруулж байна. Мөн 36 сарын тэтгэмж гэж ярьдаг. Үүнийг улс төрийн албан хаагчаас бусдад нь ижил олгохоор тусгасан. Энэ бол өмнөх хуулиас төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дээрдүүлсэн томоохон өөрчлөлт гэж бодож байна.

-Улс төрийн албан хаагчаас бусдад нь 36 сарын тэтгэмж олгоно гэхээр нийт хэчнээн хүн энэ тэтгэмжийг авах бол?

-188 мянган төрийн албан хаагч бий. Үүний гурван мянга нь улс төрийн албан хаагч. Тэгэхээр үлдсэн нь 36 сарын тэтгэмж авдаг болно гэсэн үг.

-Төрийн албанд ажилд орох хүсэлтэй хүнд тавих шаардлага, шалгуур маш нарийн болсон гэлээ. Тухайлбал, ямар шалгуур хангасан хүн төрийн албан хаагч болох боломжтой вэ?

-Төрийн албанд орох гэж байгаа хүнд хоёр янзын шаардлага тавина. Тодруулбал, ерөнхий болон тусгай шаардлага гэж бий. Ерөнхий шаардлага нь төрийн албанд анх удаа орж байгаа хүмүүст хамааралтай. Үүнд зургаан зүйл багтаж байгаа. Хамгийн чухал нь авлига болон албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүнийг төрийн албанд хэзээ ч авахгүй. Харин албан тушаалтанд тусгай шаардлага тавина. Дэд түшмэл, ахлах, эрхэлсэн түшмэлд ямар шаардлага тавихыг хуульд тодорхой тусгасан. Жишээлбэл, төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал буюу Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Үүний наймаас доошгүй жилд яамны газар, хэлтсийн даргаар ажилласан байхаар хуульд тусгасан. Ингэснээр аль нэг сонгуулийн дараа хэн нэгэн дуртай этгээд Төрийн нарийн бичгийн дарга болох боломжгүй болж байна.

-Төрийн албан хаагчийг ямар тохиолдолд төрийн албанд дахин ажиллуулахгүй байхаар хуульд тусгасан бэ?

-Энэ талд олон зүйл заалт бий. Тухайлбал, төрийн албаны шалгалтыг буруу зохион байгуулсан хүмүүсийг төрийн албанд дахиж оруулахгүй. Төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан тохиолдолд улс төрийн албан тушаалтныг огцруулах хүртэл, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтныг гурван жил төрийн албанд ажиллах эрхгүй болгож байгаа. Мөн удаа дараа сахилгын зөрчил гаргасан тохиолдолд мөн ялгаагүй төрийн албанд ажиллуулахгүй байх арга хэмжээ авна.

-Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зүйлийг хуулиар шийдвэрлэх асуудал юу болсон бэ?

-Уг нь энэ асуудлыг хуулийн төсөлд анх тусгасан юм. Гэтэл УИХ-ын хэлэлцүүлгийн явцад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуулиар биш журмаар тогтоохоор болсон. Тиймээс цаашид төрийн албан хаагчдын ёс зүйн журмыг Засгийн газар болон Төрийн албаны зөвлөл хамтарч гаргана.

-Төрийн албаны зөвлөлөөс гадна төрийн албан хаагчийн зарим асуудалд Засгийн газар хариуцлага тооцох, томилгоо хийх талаар ярьж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулна. Анх хуулийн төсөлд зарим асуудлыг Засгийн газар шийдвэрлэх байдлаар тусгасныг хэлэлцүүлгийн явцад өөрчилж бүх сонгон шалгаруулалтыг зөвхөн Төрийн албаны зөвлөл явуулахаар болгосон. Төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгах асуудал бий. Ажлын байрны тодорхойлолтоор хүн халах явдал түгээмэл болсон. Иймд ажлын байрны тодорхойлолтыг хүн томилдог албан тушаалтан өөрөө биш Төрийн албаны зөвлөл зургаан жилийн хугацаатай батална. Тиймээс ажлын байрны тодорхойлолтыг ойр ойрхон өөрчилж, хүнийг ажлаас нь халдаг тогтолцоо хуулийг хэрэгжүүлснээр байхгүй болно.

-Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

-Энэхүү хуультай холбогдуулж нийт 38 журам гаргана. Ерөнхийлөгчийн гурав, Засгийн газраас арав гаруй, УИХ-аас зургаа, Төрийн албаны зөвлөл дангаараа болон Засгийн газартай хамтарч журам гаргах ёстой. Тиймээс хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан. Маш чухал, том хууль учраас нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангах юм.

-Хуулийг хэрэгжүүлснээр төрийн албаны бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй өөрчлөлт оруулж таарах нь уу?

-Төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий. Цомхон, чадварлаг болгох нь зүйтэй. Энэ асуудлын хүрээнд дагаж мөрдөх тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч байгаа.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Энэ хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ- ын төлөөлөгчдийн 3/1 нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж тусгасан. Үүнтэй Төрийн албаны тухай хууль зөрчилдөхгүй юу?

-Үүнийг олон хүн асууж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд ажиллах хүнд тавих шаардлага, шалгуурыг нарийн болгосон. Тухайн шаардлага шалгуурыг хангаж байгаа тохиолдолд тэр хүн төрийн албанд орж ажиллаж болно. Төрийн албан хаагчид шатлан дэвших тогтолцоогоор явах учраас гаднаас хүн орох боломжгүй болж байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийг 2019 онд хэрэгжүүлснээс хойш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх байх. Тиймээс ирэх онд энэ асуудлыг зохицуулах болов уу.

С.Юмсүрэн

3 thoughts on “Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол төрийн албанд ажиллуулахгүй

  1. donj

    Iimerhuu yum yarij alban tushaald ochdog ni es bolchihson zolig l doo. Togtogsureng harah l udej aina.

  2. Иргэн

    Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон Хууль хяналтынхантай хуйвалдаж хэргээс мултарсан олон гарууд одоо төрд ажиллаж байна. Судалгааг сайн гаргах шаардлагатай даа.Сумын засаг дарга нараас эхлээд салбар хариуцсан сайд хүртэл шалгах ёстой. Сумын засаг дарга байхдаа сумын засаг даргын тамгын газартаа 12,0 саяаар авсан ланд 80 маркийн машиныг 30,0 саяаар шахсан нөхдүүд байж л байх юм.

  3. зочин

    өөрөө мөрөөрөө ажлаа хийж байсан төрийн албан хаагчийг халж эхнэрээ Чингэлтэй дүүрэгт шахчихаад

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага