Харин миний хоёр хүү хүний дайтай амьдарч бие биенээ хайрлаж яваарай
2018 оны Novemberын 22

Тавилан

Лувсаншаравын Түмэнжаргал

Эхнэр бид хоёр эрхэлж нялуурсандаа ядарсан уу? дуг нойрондоо дугжирч ид сайхан унтаж байхад, хот сахихаасаа илүү гэрийн хатавч хаяалдаж аяга хоол горилхоос хэтэрдэггүй өвгөн банхар минь сөөнгөтсөн дуугаар хуцаж чимээ өглөө.
Би нойроо харамлан муу банхарыгаа хий дэмий дотроо хараах зуур, эхнэр Гэрэл маань машин дуугарч байна гарч нохойгоо хорь гэх нь тэр.
Би нүдээ нухлан байж өндийгөөд нээх сайхан суниачаад өмдөө өмсөн хагас нүцгэн гэрээс гарвал яалтчгүй машины чимээ гарч, сүүмийсэн ганц бүдэг гэрэл манайхыг чиглэн айсуй. Өвгөн банхар маань намайг гарч ирэхтэй зэрэгцэн сөөнгө хоолойгоо улам хүчилж гэрэл өөд харан боргох нь, өтөлсөн болохоос үхсэн биш гэдгийг сануулах мэт тэрхэн зуур миний инээвхийлэлийг хүргэв.
Сохор нүдтэй солгой дуутай машин сүүмгэр гэрэлдээ найдсангүй бололтой гэрээс жаахан зайдуу ирж зогсолоо.
Мэдээж сүүмгэр ч гэсэн гэрэл юм болохоор, харанхуйг хальт мульт цайруулж ойр орчимд харагдах бараа өгч байлаа. Би ч машин уруу дөхмөгц өвгөн банхар өвөг өвөг хажууд дагцалдан хоёул хүрч очвол, хар ногоон өнгийн УАЗ-469 —- ДОА дугаартай машин нил тос бензин ханхалуулаад аахилан зогсох нь тэр. Жолооны ард лагс биетэй баравгар хар сахалтай маш хурц түрэмгий харцтай эр за сайн байна уу? нохой зүгээр үү гэв. Би ч хариу мэнд ус мэдэлцэн бас муу банхарыгаа энэ муу яахчгүй ээ гэж эвгүй байдалд оруулчихгүйн тулд хүзүүвчнээс барин за би нохой барьж байя гэрт орцгоо гэлээ. Гэтэл мань хүн ганцаараа буугаад гэрлүү алхаж байна машины хойд руу шагайвал нээрэн хүн алга мань эр ганцаараа яваа бололтой. Сайх эрийг гэрт ормогц банхараа тавьж түрүүнд унтаж байхдаа шээх гэж дуншаад байсан жаахан зүүрмэглэнгүй юмаа гаргаад гэртээ оров. Эхнэр машин ирэх чимээнээр дэн барьчихсан шөнийн зочинд хүйтэн зэлгээн цай аягалж өгөөд надтай зөрөнгөө ар нуруунаас хуруугаараа хатгаад гэрээс гарав.


За та чинь ийм шөнө орой хаанаас хаа хүрч явна вэ? хэмээн намайг асуухад мань хүн танайхыг зорьж ирлээ хэмээн хүйтэн цайнаас хүд хүд оочлов. Би ч тэрхэн зуур үл таних хичээл насны эрийг гайхаж мөн айж эмээх зэрэгцэн гэрээс гарлаа. Гэрэл намайг хүлээн зогсож байгаа нь илт , за юу болов юун хүн бэ гэж Гэрэлээс асуухад Гэрэл өөдөөс за миний хайр битгий уурлаарай намайг сайн сонс, энэ хүн бол миний чамд яриад байсан хойд аав минь юм, ээжийг өөд болсоны дараа хаашаа ч юм алга болчихсон, эртээд сумын төв дээр тааралдаад манайхаар ороод гараарай шөлний юм ч болов аваарай гээд гэрээ багцаалдаад заагаад өгсөн олоод иржээ гэхээр нь, миний дотор уужраад л явчих шиг санагдаад эхнэрээ духан дээр нь үнсээд хамт гэрт оров. Надад бол тостой хар поошиг, эхнэрт бол тоостой хойд аав жишимч үгүй дэнгийн гэрэлд гэр тойруулан хараа бэлчээж суулаа.

Намайг авдар дээрээс тамхиа авах зуурт, Гэрэлээ аавдаа дахиад нэг цай хийгээдхээч муу ямбий хар тэрэг эгээтэй л намайг хөдөө хонуулж хөө тортог идүүлж хар тос уулгачихсангүй хатаж үхэх нь шахлаа. Ядаж байхад нь сохойчоод гэрэл ч асдаггүй арай гэж өрөөснийг нь онийлгон байж ирлээ. Гэрэл ээдээ аав минь өдрөө алдаж шөнө гэгчээр эртхэн гарахгүй дээ та аль хүрч яваа нь энэ вэ гэхэд, аав нь дээр чамтай сумын төвд тааралдаад тэрнээс хойш буцаагүй л явна хойд бригадаар явж хэдэн авлагныхаа юмийг татах санаатай гэтэл энэ муу ямбий бид хоёрын байж байгаа царай.

За за та цай ууж бай би гарч гал дээр хоол хийе тэгээд сайхан амраад ав маргааш унаа машинаа янзлаад аажуухан хөдлөнө биз гээд түмпэн шанага болоод гэрээс гарав.
Май та тамхил хэмээн хайрцагтай янжуур барихад ах нь тамхи татдаггүй ээ гээд дал мөрөө хайвагнуулан замын хагсаагаа шилгээх далимаар харин зуу байвалч гээд дуугүй болов.
Хэд хоногийн өмнө сум ороод ирэхдээ авчирсан ганц шил архи, азаар хүн амьтаны ходоод баярлуулаагүй авдарын дотор хана налан босоогоороо зогсож байгаа нь нүдэнд харагдаад, би гуд хийн босоод цоожгүй цуургаа мулт гэгч нь татаад , галуун хүзүүтийг угз татан гаргаж ирээд, хойд эцгийн урд пүд хийтэл нь тавиад, шүүгээний нүдийг шур хийтэл нь онгойлгоод, хоёр хундага ён гэтэл нь хавируулаад урд нь ирээд завилан суунгаа саяын хоромхон зуур болсон өөрийнхөө үйлдлийг бодоод инээд хүрэх шиг болов.
Гэрэл гэрт орж ирээд шүүгээ сав онгойлгон хоолны хачир аваад дуугүй эргэн гарав. Би бавагар сахалт бүдүүн гэдэст эрд архи хундаглан барьж өгөөд өөрийгөө бас яаж орхих билээ гээд яг адилхан амсардаж дүүргээд, за ах минь сая би Гэрэлээс таны хэн болохыг сонссон хоёулаа танилцъя намайг Үлэмжзаяа гэдэг гээд гараа сарвайтал, миний дүү ч том эр болжээ ахыг нь Сайнбат гэдэг юм гээд бүдүүн бахим гараараа гарыг минь атгав.

Намайг Үзэмжзаяагийн Үлэмжзаяа гэдэг нэрэндээ тохироогүй туранхай бор залуу Үлэмж гэхээр инээд хүрэх шиг, харин Заяа минь энэ юм байлгүй ээжийнхээ аав ээж хоёроос үлдсэн, хэдэн халуун амьтай бүлээн амтай малыг ээжээсээ өвлөн үлдэж Гэрэл гэдэг нутгийнхаа сайхан бүсгүйтэй дэр нэгтгэж хэдэн жилийн зунтай золгон яваа минь энэ. Гэрэл маань бас л над шиг өнчин өрөөсөн амьтан бага байхад нь аав нь өөд болчихсон айлын ганц охин, ээж нь таван жилийн өмнө өвчний улмаас талийгч болсон харин хойд эцэгтэй байсан гэж ярьж байснаас цаашгүй тэгээд ч би энэ хүнийг огт танихгүй хараачгүй юм. Би аавыгаа ямар хүн байсныг мэддэггүй юм ээжийг жирэмсэн болсон сургаар хаяад явсан гэдэг юм. Ээж маань намайг аавын тухай асуухаар үг дуугүй уйлаад л суучихдаг байсан болохоор дахиж асуухаа больсон юм. Миний ээжийн ээж аав хоёр намайг бага байхад өөд болж ээжтэйгээ хамт би гэдэг хүн амьдарч, эр өсөж эсгий сунахтайн зэрэг, хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрэв үү үгүй юу төрсөн гэр, төрүүлсэн эх хоёроосоо холдож төв суурингийн бараа харахын хүслэн болж Нийслэл хүрээг зоривоо.
Найз нөхдийн ятгалаг бага залуу насны хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд Улаанбаатарт очиж ажиллаж амьдрана гээд явсан хэрэг. Мэргэжил мэдлэг байхгүй, бага ангийн боловсролтой хөдөөний сайран хацартай хэзээний яайран туранхай намайг хотод ирэхэд тосохуу тосох хүн байхгүй, хонуулнаа хонуулах газар олдохгүй нь мэдээж, дагуулж ирсэн найзаа дагаад Дамба ахын хашаа гэлүү Дамбадаржаа ахынх гэлүү мэдэхгүй ээ Дамба Цамба гэсэн нэртэй газарт л бууж байсан санагдана. За тэгээд өлслөө гээд гуйлга хийлтэй биш, олдсон ажил голохгүй хийж хэд гурван төгрөг олохоороо найзтайгаа цуг байдаг ахынд нь хоол унд энэ тэр авч өгөөд л амьдраад л байлаа даа. Найзын ахыг Гунгаа гэдэг харин миний байгаа газрыг Дамба гэдэг юм билээ хэхэ. Хотод ирээд дөрвөн жил болохдоо, хаан бууз, зочин буузанд бууз хамгаалж үзлээ. Шил авдаг газар архины шил угааж цэвэрлэж үзлээ. Оёдлын үйлдвэрт эсгүүрчин хийж үзлээ, архи ууж ажилгүй тэнүүчилж ч үзлээ, харин ээжийгээ л их санаж зүүдэлж бодож явсандаа. Нэг өдөр гэнэт муу мэдээ ирэх нь тэр. ” Ээж чинь өөд болсон бушуу ир ” гэсэн аман захиа толгой түрүүгүй ташуурдаж намайг харамсал гунигийн ангалруу түлхэх мэт болгов. Тэгээд л би гэдэг хүн хамаатан саднаа түшиглэн хаяалдаж явсаар Гэрэлтэйгээ учран тусдаа ганц гэрээрээ хээрэлсэн минь энэ.


Бид хоёрын тавилан үхэл хагацалаар өнчирсөн ив ижилхэн заяатай, хайраараа, сэтгэл зүрхээрээ, яв цав нийлсэн, байгаадаа жаргалтай хангалуун, харин үр хүүхэдтэй болохгүй нэгэн битүүхэн гаслантай амьдарсаар гурван жил болжээ.

Сайнбат ахаа та намайг таньдаг юм уу? гэж намайг асуухад танинаа ах нь ээжийг нь сайн таньдаг байсан юм чи ч жаахан хүү байждээ, хаа явсан газраа чамайг тэврээд л авч явдагсан ээжийнхээ ганц эрдэнэ байсан гэлтэй.
Сайнбат ахаа та манай сумынх юм уу? аймгийн төвийнх юм уу? би таныг огт хараагүй юм байна. Ах нь аймгийн төвд төрж өссөн хүн ажил алба амин зуулга маань танай сумтай салашгүй холбоотой учир би энүүгээр жилдээ хэд хэд ирдэг юм. Муу Гэрэлийнхээ ээжтэй ханилаад бид гурав сайхан л амьдарч байлаа даанч хорвоо гэдэг санаагаар болох бишдээ гээд уртаар санаа алдан хундагтай архиа нэг амьсгаагаар хөнтөрч орхив.

Гаднаас эхнэр орж ирээд зочинд аягатай хоол бариад араас нь цай хийж өгөхийг нь би надад хоол өгч байна гэж андуураад гараа цанган байдалд орон толгойгоо маажив хэхэ. Хайр маань зочинд зориулж жаахан хоол түргэн хийсэнийг нь мэдэж байгаа боловч, орой эрт орондоо ороод хамаг тамир тэнхээ сорж авчаад өлсөж байгааг минь мэдэхгүй байгаа юм уу гэсэн хошин доогтой харцыг минь Гэрэл ажаад инээмсэглэв.
Сайн ах минь халамцсан ходоодон дээрээсээ халуун шөл зооглоод хамаг бие нь задарсан уу яасан за за аав нь хажуулднаа өглөө эрт ямбийгаа ухаад хөдлөмз хэмээн тостой юутайгаа засаж өгсөн орон дээр бүхлээрээ хэвтээд Бат гэгч нь хурхиран нойрсолоо. Үгүй мөн хээгүй хэнэггүй дуу шуу цөөнтэй хүнээ гэж бодон, гарч сордог тамхиа татчаад, сарьдаг тамхиа сулалчаад, гэр гийгүүлсэн Гэрэлийнхээ хажуугаар орж хав харанхуй шөнөөр, Духан дээрээ ганц нүдтэй , Дува сохор айсуй ирж байна хэмээн зүүдлэн үүршив.

Пар пар пар, тар тар тар, цочин сэрвээс хэдий нь өглөө болчихсон Сайн ахын Бат төмөр хүлэг сэрж байгаа бололтой дутуу нойроо Дува сохорт уу хойд аавдуу гэлтэй бишдээ дуртай дургүй орноосоо босч бандагтайгаа гэрээс гараад, нарс модийг нахилзтал, царс модыг цууртал сайн суниачаад болзол ёсоор зогсдог газраа очиж бороошуулав. Гэргий маань аль эрт босоод эзэгтэй н зангаар үнээ малаа саамшуулаад хонь ямаагаа хоригноос нь гаргачихсан цай хоол базааж суулаа.

За ах ямбий ногоон асах нь асаж байна зан авир нь ямаршуухан байна даа. Сайнбатын муутөмөр тослоод өгвөл тордлого авнаа харин энэ өрөөсөн нүд нь таг сохорч өнөө муу Дува сохор гэдэг шиг гээд лүг лүг инээснээ, Үлэмжзаяа дүү минь, цаадах чинь ааль дээр таарахдаа шөлний ганц хонь аваарай гэж байсан тэрийгээ одоо өгнө гэнээ, ах нь та хоёрынхоо хэдээс зулгаагаад яахав надад дутах юм байхгүй авахгүй ээ. Харин аймгийн төв орвол та хоёр манайхаар орж гарч байгаарай ах нь барагтай бол байдаггүй ганц бие надад хөдөөгүүр явах шиг жаргал байдаггүй юм гээд, гунигтайхан том нүдэнд нь үл ялиг нулимс цийлэгнэв.
Та хоёр цайгаа уу гэж дуудах чимээнээр яагаад ч юм аавтайгаа уулзаж ярилцаж байгаа мэт бодол минь сарнин одов. Сайнбат ах тостой гар тортогтой нүүрээ уугааж тоостой өмдөө гүвжчээд, хоол цай болж суунгаа за аав нь хойгуур давхичаад буцахдаа дайрахгүй өнгөрнөө ажил ихтэй яваа учир дараа тухтайхан уулзалдаж хууч хөөрөмц. Харин миний хоёр хүү хүний дайтай амьдарч бие биенээ хайрлаж яваарай төв орохоороо байсан байгаагүй манайхаар ирээрэй гэж хэлэв.

Бага үдийн нар толгой эргэтэл дээр халж Том биетэй Сайнбат ах маань бид хоёрыг духдан үнэрлээд Муутөмөр ногооноо бахируулсаар тоос татуулан алсарваа. Бидэн хоёр нэг хэсэгтээ бодол болон хойноос нь харуулдан харуулдан бараа алдав.
Дараа жилийн хавар эхнэр Гэрэл минь хөл хүндтэй төрөх нь дөхөөд, аймгийн төвд эмнэлэгийн төрөх тасагт, эх үр хоёрын эгнэгт дууг хадаасаар, хүүтэй боллоо хэмээх алтан гарт, мөнгөн халаадтай эмчийн, хүрэл үг намайг магнайгүй болтол, Сайнбат ахыг самсаагүй болтол нь баярлуулж билээ. Ханийн минь хойд аав, надад бол өнөөх тостой хар поошиг, ямбий ногоон тэрэгээ шинэхэн ногоон будагаар өнгөлчихсөн муухай ядар солгой дууг нь хөг оруулчихсан, эмнэлэгийн гадаа хааз өндөржүүлж, эмч эгч нарыг цонхон дээр нь овооруулчихсан сүртэй зогсоно. Эхнэр Гэрэл шинэхэн мэндэлсэн үр, бид гуравыг суулгаад гэрийнхээ зүгт халигуулваа.
Сайнбат ахынд би нэг хоноод эхнэр хүү хоёроо орхиод маргааш нь буцхаар зэхэв. Учир нь мал хуй хашаа хороо эзэнгүй орхисон тул яах ч аргагүй байлаа. Харин Сайнбат ах эхнэр хүү хоёр нь хэд хоног тэнхэрээд буцагдээ ах нь хэрэгтэй юмыг нь дөхүүлээд хоол ундыг нь базаагаад ойр зуурхан тусалж байгаад хүргээд өгнө гээд намайг замын унаанд суулгаж өгөв. Хэдийгээр хойд эцэгч гэлээ хүн юм. Хүсэхэд хясдаг хүний орчлонгийн ээдрээт мянга мянган жилийн гортиг дээр, хүн хүний хүслэн болсон цор ганц биетнүүд болох Сайнбат, Гэрэл, Үлэмжзаяа гуравын уулзсан хувь тавилангийн дээвэргүй гэрийн хаалгийг, нэгэн шинэ хүн тогшсон нь, баяр баясгалан, аз жаргалыг авчирч билээ. Хүүдээ ямар нэр өгөх вэ уншигч олон минь.

Хавар хаяанд ирчихсэн урин таатай, хайртай хань минь хажууд улам гэрэлтэй, хөөрхөн хүү минь өвөр дээр удам зарлаастай, гал голомт минь дүрэлзэн бадраастай сайхан байна. Сайнбат ах эхнэр хүү хоёрыг минь хүргэж өгөөд буцахдаа худаг дээр надтай хамт очиж машиндаа ус хийнгээ надад нэг зураг харуулсан юм. Нилээн эртний зураг бололтой Сайнбат ах махлаг өндөр цагаан залуу зүүн талд нь, голд нь миний ээж, туранхай цайвар хүүхэн ямарч сайхан хүүхэн байсан юм дээ ижий минь, харин ээжийн баруун талд цэргийн хувцастай өндөр бор залуу зогсох аж. Зургийн ард талд нь 19.. тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр хавар Сайнбат, Үзэмжзаяа, Үнэнхүү гэж бичсэн байлаа. Би энэ зургийг хараад шууд л Сайнбат ахыг миний аав гэж бодож бас Гэрэлийн хойд аав хэмээн эргэлзэж гайхан Сайнбат ахын нүдрүү лавлаж харвал, Сүхбаатар аймгийн тэр сумын цэргийн штабын хошууч тэр овогтой Үнэнбат. миний сайн найз, харин ээжийн чинь хайртай залуу, чиний төрсөн эцэг гэлээ.
Удаан ярилцсаны эцэст хил зөрчсөн тэнүүлчдийн араас хөөцөлдөж яваад алтан амиа алдсан учирыг ухаж, намайг ээжийн гэдсэнд бий болмогц зугтан одоогүйг би ойлгосон билээ. Үнэн хэзээ ч нуугддаггүй гэж юутай үнэн үг билээ. Голомт залгах хүү минь Үнэнбат нэрээ Сайнбат авч яваарай.

Өвгөн банхар минь хүү эхнэр хоёрын хажууд сүүлээ шарвалзуулан зогсох нь ямар их баяртай байгаагаа ойлгуулах гэсэн мэт миний инээвхийлэлийг хүргэв.

2015. 07. 22

One thought on “Харин миний хоёр хүү хүний дайтай амьдарч бие биенээ хайрлаж яваарай

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага