Хүн эцсийн амьсгалаа хураахын цагт хоёрхон зүйлийг харахыг чин зүрхнээсээ хүсэн тэмүүлдэг…
2018 оны Novemberын 22

Дорноос Өрнө зүгт

тууж

Хүн эцсийн амьсгалаа хураахын цагт хоёрхон зүйлийг харахыг чин зүрхнээсээ хүсэн тэмүүлдэг…

Тэр бол ээжийгээ бас номин цэнхэр тэнгэрийг эцсийн удаа харахыг хамгаас ихээр хүсдэг билээ…

Аз жаргал гэгч бол их том зүйл биш зөвхөн амар амгалан амьдрал юм.

 

1950 оны 4-р сарын 17. Солонгос улс. Пунчон тосгон.

Ширхэг хурган үүлгүй, цэлмэг сайхан өдөр эхлэхэд тосгоныхон аль эрт ургах нартай уралдан будааны талбайд ажилдаа гарсан харагдана.

Тариан талбайн хажуугаар өнгөрөх зөрөг замаар  хэсэг хүүхдүүд бөөгнөрөн хөгжилтэй алхана. Ямар нэг дууг өнгө өнгийн хоолойгоор цоглог гэгч нь дуулах аж.

Өглөөний нар нутгийн минь

эрдэнэсийг гэрэлтүүлэн гийгүүлж байг.

Гурван мянган миль дүүрэн баялагтай

Миний сайхан эх орон.

/Хойд Солонгосын сүлд дуулал/

Тариан талбайд ажиллаж байгаа хүмүүсийн дундаас 30 гаран насны болов уу гэмээр эцэнхий турь муутай ч царайлаг бүсгүй хүүхдүүд өөд өхөөрдсөн харцаар харан:

  • Хөөе Ан Жэй та нар хаачих нь уу? Худгаас ус авсан уу гэхэд үеийнхэн дундаа гозгор харагдах Ан Жэй охин ээж рүүгээ ч харсангүй
  • Авсаан ээж ээ… бид нар гол руу усанд орлоо.
  • Дүүгээ сайн хараарай усанд унагачихав аа. Анхааралтай байгаарай.
  • Заа ээж ээ…
  • Үгүй мөн хачин хүүхэд шүү гэхэд, бүсгүйн бөөгнүүлэн барьсан үрийн суулгацыг гараас нь хувааж авах өвгөн,
  • Хүүхдүүдийг тайван орхи оо… Өнөөдөр чинь амралтын өдөр, жаахан тоглог дээ гээд тамхиа гарган хий ханиагаад овоолсон сүрлийг сандайлан суув. Ан Жэй зэрэгцэн алхах найз өөдөө хараад:
  • Хөөе чи анзаарав уу? Өчигдөрөөс хойш ямар ч шувууд харагдсангүй.
  • Шувуу унтаж байгаа байхаа гэхэд Ан Жэй хүүгийн толгой руу тоншин:
  • Тэнэг минь чи өөрөө унтаахай за юу. Ийм гоё өдөр шувуу юу гэж унтаж байдаг юм. Ер нь шувуу унтаж байхыг чи харж байсан юмуу?

Голын эрэг дөхөж ирэхэд тоглож наадах их хүсэлдээ хөглөгдсөн багачуул юманд хатгуулсан аятай, годхийн уралдан гүйлээ.

Ан Жэй охин нуруундаа үүрсэн дүүгээ газар буулган модны сүүдэрт суулгаж орхиод шарвааран өмдөө өвдөгөө хүртэл татан шууж гол руу гүйж оров. Тэд усаар байлдан инээж хөгжилдөнө. Түүний хажууд тоглож байсан охин ямар нэг зүйл сонссон бололтой эргэн тойрноо ажиглаж байснаа:

– Ан Жэй зөгий дүнгэнээд байна гэхэд:

– Хаана зөгий байна гэж гэхэд цаана усаар тоглож байсан жижигхэн хүү энэ үгийг сонсон  дэггүйтэх шалтаг олсон бололтой:

– Хүүхдүүдээ зөгий зөгий гэмээн час хийтэл орилж бөөн үймээн дэгээв. Ан Жэй эргэн тойрноо харсанаа чихээ хоёр гараараа нэг дарж, нэг авч сонсож байснаа:

– Нээрээ зөгий дүнгэнээд байна уу даа гэхтэй зэрэгцэн нөгөө охин өмнөд тэнгэрийн хаяа руу хуруугаараа зааж:

– Хөөе Ан Жэй тэрийг хар даа. Чамд харагдахгүй байсан шувууд буцаад ирж байна гэлээ.

– Хөөх ямар олон юм бэ?

Тэнгэрт эгнэн нисэх жижиг хар цэгүүд харагдана. Хүүхдүүд тэр зүг саравчлан харцгаана…. Хөөрсөн хүүхдүүд:

– Шувуу шувуу нисээрэй илүү өндөрт дүүлэн нисээрэй гээд гараа даллацгаана. Ан Жэй тэр зүгт анхааралтай харж байснаа царай нь төв болж

– Хүүхдүүдээ… Энэ шувуу биш байна.

Нөгөөх хар цэгүүд тэдэн рүү ойртох тусам зөгий гэж эндүүрч байсан чимээ  тэнгэр нүргэлүүлсэн их чимээ болж, хүмүүсийн хашгирах, уйлах чимээ гарч эхлэв. Юу юугүй шумбан орж ирсэн асар олон онгоц тосгоныг хайр найргүй бөмбөгдөж эхэллээ.

Араас нь хэзээ ч харж байгаагүй хачин мөөг шиг цагаан зүйлс тэнгэрээр бүрхэж харагдав.

Байшингууд зомгол мэт бут бут үсрэн үймэрч, тариан талбай нэлэнхүйдээ галд автлаа.

Дөнгөж саяхан амар амгалангийн далайд умбаж байсан хайр татам дулаахан тосгоныг хоромхон зуурт тамын гал хөмөрч орхив…

Талбайд ажиллаж байсан хүмүүсийн зарим нэг нь босоо улаан гал болон амьдаараа шатаж хашгиран гүйх нь гол зурна.

Хүүхдүүдийг Ан Жэй охин толгойлж, тосгоны зүг буцаад хурдаллаа.

Ан Жэй дүүгээ үүрэн гүйхдээ хэд хэдэн удаа бүдрэн унаж, хоёр хөл нь энд тэндгүй шалбарч өвдсөн хэдий ч дүүгийнхээ уйлахыг сонсоод:

– Миний дүү одоохон битгий уйлаарай. Энэ замыг өнгөрөөд л хоёулаа аав ээж дээр очлоо хэмээн уйлах хашгирах хоёрыг хольж цааш гүйнэ.

Тосгон дотор орж ирэхэд энд тэндгүй гал авалцаж, хөл гар нь тасарсан, шатсан, цус нөжиндөө хутгалдсан хүмүүс хөглөрч, үнэхээр нүдэндээ итгэмгүй аймшигт автсан байлаа. Чухам яахаа мэдэхээ байсан охин гэрийн зүг хар хурдаараа гүйж хүрэхэд гэр нь юу ч үгүй болж шатаж байв. Охин:

– Ааваа, ээжээ хэмээн орилон уйлаж сөхөрч суутал түүний сугаар хэн нэгэн тэвэрч босгоход нь цочин эргэн харвал нүүр ам нь халтартаж танигдахгүй шахам болсон аав нь байлаа. Охин аавынхаа хүзүүгээр тэврэн орилов. Ээж нь түүний нуруунаас дүүг нь авч өөрөө үүрээд тэд цааш явах гэтэл хажууханд нь бөмбөг тэсэрч тал тал тийш шидэгдлээ.

Ан Жэй босох гэсэн болов ч үнэхээр босч чадсангүй.  Толгой нь дүүрч чухам юу болоод байгааг мэдэх мэдэхгүйн хооронд дүүнгэнэтэн харж хэвттэл хаанаас ч гарч ирсэнийг бүү мэд хэдэн цэрэг гарч ирэн ээж рүү нь дөхөхөд, хүүгээ хамгаалж байгаа бололтой гартаа гишүү барин сарвалзах ээжийг нь нэг цэрэг бууны бөгсөөр цохиж унагалаа. Тэдэнтэй байдаг чадлаараа сарвалзан тэмцэх эхийнх нь хоёр гарыг дарж байгаад эхнээсээ өмдөө шувтлан ээжийнх нь дээр дарж хэвтээд оволзтол хөдлөх харагдана.

Нуруундаа үүрсэн түүний бяцхан хүү тэдэнд дарагдан уйлахад нэг цэрэг дүүг нь ээжээс нь салгаж аваад өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хэнд ч гэм хийгээгүй балчирхан үрийг нь хажууд шатах байшингийн дүрэлзсэн гал руу шидэж орхив. Ан Жэй охин:

– Ээжээ… Миний дүү гэж орилох гэсэн боловч үнэхээр дуу ч гарсангүй нулимс нь урсаж хэвтэв. Хэд хэдэн цэрэг ээжийнх нь дээрээс дарж хэвтээд босож өмдөө татан инээлдсээр цаашаа явсны дараа, үс нь сэгсийж, хамаг хувцас нь урагдаж, хөх дэлэн нь харагдах хөөрхий ээж нь юу ч болоогүй мэт гөлийн босч ирээд ийш тийшээ ямар нэг зүйл хайх мэт харж сууснаа, хүүг нь шидсэн дүрэлзэх их улаан гал руу зүгээр л алхаад орчих нь тэр ээ.

Яс… Цус… Удам угсаа… Хэл соёл… Үүх түүх… Өвөг дээдэс нэгтэй ахан дүүс Коммунизм… Капитализм гэх өөрсдийн зохиосон зүйлээс болж хоёр талцан бие биенээ хөөсөн аймшигт дайн…

*                      *                 *

Намаг шалбааг ихтэй, энхэл донхол болсон ойн зөрөг замаар америк солонгосын цэргийн техникүүд болон дүрвэгсэдийн цуваа хөвөрнө.  Уртаас урт үргэлжлэх уг цувааны эх нь аль хэдийнээ нэгэн өргөн голын гүүрт тулжээ.

Гүүрний наад талын аман дээр цэргийн пост байрлах ба тэд цэргийн цувааг л өнгөрүүлэх бөгөөд дүрвэгсэдийг нэвтрүүлэхгүй торон хаалт татаж нилээн үймээн болж байлаа.

Цэрэг техникийн цуваа өнгөрөнгүүт цэргийнхэн постоо орхин цувааны араас гүйцгээнэ.

Өмнөд, Хойд хэмээн хуваагдаж буй орны энгийн номхон иргэд дайны хөлөөс дүрвэж хойд зүгрүү чиглэжээ. Энэ дүрвэгсэдийн гол хүсэл нь амьд үлдэх. Дүрвэгч Пак Сул хүү ээжийнхээ гараас тас атган зүтгэнэ. Дүүг нь үүрсэн эх ч мөн адил хаачихаа мэдэхгүй ийш тийш харан сандран явна.

Эсрэг талд байрлах нуувчинд америк дэслэгч утсаар ярина. Тэрээр гүүрээр хөврөх энгийн иргэдийг харах агаад нүдэнд нь нулимс цийлэгнэж харагдах ажээ.

– Эрхэм ээ. Энд энгийн иргэд байна. Тэрээр өөрийнхөө сонсож байгаа зүйлд итгээгүй бололтой дахин үгээ давтаж:

– Ойлгосонгүй ноён хурандаа та тушаалаа давтана уу? гээд хөмхий зууж зогссоноо, нуруугаа тэгшлэн бат зогсоод:

– Мэдлээ ноён хурандаа гэхдээ түрүүнээс хойш нүдэнд нь багтаж ядсан нулимс урсаж харагдлаа. Жижиг дөрвөлжин төмөр саванд байх хатуу архинаас нэгэнтээ хөнтөрч орхиод, нэг том амьсгаа авсанаа чичирч салгалсан гараар нөгөөх утас руу очин:

– “Гүүрийг устга” хэмээн хэлэхтэй зэрэгцээд  маш хүчтэй дэлбэрэлт болж асар урт гүүр доош нуран уналаа. Олон зуун энгийн номхон иргэдийн амь эрсдэж, үнэхээр зүрх шимшрэм явдал болж буйг харсан дэслэгч өөрийнхөө гүйцэтгэсэн тушаалаа дийлсэнгүй. Үхэж үргэдэж буй хэдэн зуун хүмүүс рүү мөн цусанд будагдан улаанаар  эргэлдэх мөрөн өөд харж нэг удаа ёслоод гар буу гаргаж, толгойдоо тулгаж байгаад өөрийгөө хороолоо.

Гүүрийг устгаж дэлбэлэхэд өртсөн, шархадсан иргэдээс цөөн хүн амьд үлдэж, тэд усанд оволзон амь аврахыг гуйн орилолдох ажээ. Олон зуун  цогцоснууд хөвөх агаад, тэр дунд  Пак Сул хүү амь тэмцэн сарвалзаж, түүнээс доохон талд  дүүг нь үүрч явсан эх нь ямар ч хөдөлгөөнгүй хөвж харагдана.

*     *     *

Татлагат онгоц түр тар хийн сүртэй чимээ гарган зугуухан хөдлөв. Айж сандарч, шархдаж, өлсөж зовсон түмэн хүн дундуур сувилагч эмэгтэй цаас барин бүртгэл хийж явна. Тэрээр онгоцны хойд буланг бараадан суух хэдэн хүүхдүүд дээр ирэн бүртгэж үзэхэд тэд өмнө зүгээс дүрвэж ирсэн  хүүхдүүд байлаа. Сувилагч хүүхдүүдийн энгэр дээр “Өмнөд” гэсэн бичиг бүхий тэмдэг биччихээд цааш бүртгэлээ үргэлжлүүлэв.  Ан Жэй охин тэдгээр жаалууд руу үзэн ядсан харцаар харна. Тэр хүүхдүүд “Өмнөд” гэсэн бичигтэй гадуур хувцасаа тайлж хүмүүсийн нүдийг хариулан ус руу шидчихэв. Энэ бүгдийг Ан Жэй охин анхааралтай ажигласаар л…

Татлагат онгоц түр тар хийн сүртэй чимээ гаргасаар эрэг мөргөж зогслоо. Орос, Солонгос нийлсэн тусламж үзүүлж байгаа багынхан маш ачаалалтай ихэд шуурхай ажиллаж байгаа бололтой, бүгд л гүйсэн, хашгирсан хүмүүс дүүрсэн байв. Татлагат онгоцон дээр ирсэн хүүхдүүдийг нэг эгнээнд оруулан цувуулж буулгахдаа бүгдийг толгой дээр нь дарж тоолсоор эргийн элсэн дээгүүр эгнүүлэн жагсаах маягтай эмх цэгцэнд нь оруулав.

“Өмнөд” гэж цамцан дээр нь бичээд явсан сувилагч эмэгтэй өөрийн бүртгэлээ барьсаар нэгэн Орос офицерт өгөв. Орос офицер бичгийн харж зогссоноо түүний чихэд нэг зүйл хэлэхэд сувилагч эмэгтэй хүүхдүүд өөдөө харан хэн нэгнийг хайн жагссан хүүхдүүдийг нэг бүрчлэн нүдээрээ гүйлгэн хараад офицерийн чихэнд мөн л нэгэн зүйл шивнэв.

Офицер дэргэдээ зогсох хоёр туслахдаа мөн сувилагч эмэгтэйг өөртөө ойртуулан ямар нэг зүйл хэлэхэд тэд ухасхийн хөдөлж “Өмнөд” гэж бичүүлж байсан хүүхдүүдийг ялган бусад хүүхдүүдийн өмнөөс харуулан жагсаах ажээ. Тэднийг ялгах амархан ажил байв. Учир нь хэдэн зуун км зовлонт замаар бие биенээ түшиж тулан ирсэн бяцхан хүүхдүүд нэгийг нь л жагсаалаас чирч гаргахад, бусад нь уйлалдан, нэг нэгнийхээ гараас чаргууцалдан гарч ирж байлаа.

Хүүхдүүдийг цэргүүд хашиж туусаар нийтийн усанд оруулах газарт аваачин усанд оруулсаар гарч ирж байгаа хүүхдүүдийг халдварт өвчнөөс сэргийлэх тариа хийж мөн л дахин бүртгэж тулгаж үзэж явна.

Төмөр цагаан хоолой барьсан эмэгтэй хүүхдүүдийн нэр дуудсаар аав ээжгүй бүтэн өнчин хүүхдүүдийг ялган жагсаахад, Өмнөдийн хүүхдүүд томчуудын харцыг дагуулж байгаад тэдэнтэй холилдон зогслоо. Энэ болгонд Ан Жэй охин өмнөдийн хүүхдүүдээс хараа ер салгасангүй, маш хүйтэн өшрөхсөн харцаар харсаар л байлаа.

Бүтэн өнчин хүүхдүүдийг ачааны машинд хувиарлан суулгасаар 10 гаран машинаас бүрдсэн цуваа хөдлөв. Машинууд хөдөлсөний дараа өнөөх сувилагч эмэгтэй Орос офицер дээр ихэд сандран хамаг хурдаараа гүйн ирээд Өмнөдийн хүүхдүүд өнчин хүүхдүүдтэй холилдон суусныг хэлтэл, Орос офицер түүний үгийг нь тоосонгүй. Харин ч түүн рүү муухай харсанаа: “Хүүхдүүд бидний дайсан биш. Бүгд Солонгос бас бүгд бүтэн өнчин. Тэд хэтэрхий балчир шүү дээ. Харин чи амаа хамхиж явбал өөрт чинь хэрэгтэй” гээд нухацтай харав.

Монгол улс. Улаанбаатар хот. Буянт Ухаа нисэх онгоцны буудал

Нисэх буудлын талбай дээр албаны болон сурвалжлагч, мөн голдуу цэрэг хувцастай хүмүүс бөөгнөрч харагдана. Тэдний араар цэцэг барьсан хүүхдүүд байх агаад, цаадхан талд үлээвэр хөгжимчид ирж байраа эзлэн хойно урдаа гарч зогсох ажээ. Солонгос хүүхдүүд ирэх сураг сонссон хэрэгт дуртай олон хүмүүс морьтой ирж тэрүүхэн тэнд цугласан байв.

Цаанаас тэр цагийн хамгийн гоё машинд тооцогдох Орос улсад үйлдвэрлэсэн 1936 оны Газ-А тоос манаруулан ирж зогслоо. Залуухан офицер тосон гүйж очоод хаалгыг нь онгойлгоход, дунд зэрэг нуруутай, өргөн улаан кант бүхий өмд өмссөн генерал бууж ирэв. Генерал, өөрийг нь  бишрэн харах цугларсан нөхөд өөд ч харсангүй, өмнөд зүг рүү тэнгэр ширтэн нуруугаа үүрэн хэсэг зогсоход, машины хаалга онгойлгон буулгасан залуухан офицер барьц алдан, хэзээ ёсолж байдлыг илтгэхээ мэдэхгүй байгаа бололтой түнтэгнэн, дэргэд нь сүүдэр аятай дагах ажээ. Генералыг эргэхийг яг анаж байсан залуу офицер тап хийтэл ёслон:

– Нөхөр генералын амрыг эрье хэмээн сүржин мэндчилэхэд генерал огт жишимгүйгээр алсыг харсан чигтээ:

– Буух цагаа өгсөн үү?  гэв

– Тиймээ нөхөр генерал 20 цаг 50 минутад. 5 минутын дараа бууна. Генерал.  цагаа хараад, цугласан олон луу зөөлөн алхангаа:

– Энэ юун цэцэг барьсан хүүхдүүд вэ? Тэр бас юун хөгжимчид яах гэж ирсэн юм.

– Зочид угтах журманд цэцэгтэй угтана, мөн үлээвэр хөгжимтэй гэж заасан байгаа нөхөр генерал:

– Нөхөр ахмад аа. Та галзуурчихаагүй биз. Дайн дажинд нэрвэгдэж  эцэг эхийгээ үхэж байгааг нүдээрээ харсан, хэтэрхий их айсан, хөөрхий бяцхан хүүхдүүдийг даажигнан хөгжим тоглож, цэцэг барин угтах гэж үү? гээд түүн рүү илүү нухацтай харж:

– Ингэхэд нөхөр ахмад та байлдаж явсан уу?

– Үгүй нөхөр генерал

– Тэгж таарна. Энэ цэцэг навчаа, тэр хөгжимчдөө одоохон эндээс зайлуул чи. Ойлгосон уу… гэж дуугаа өндөрсгөв.

-Нөхөр генералаа?… зочид хүлээж авах журманд…

– Дуугүй тушаал гүйцэтгэ!… нөхөр “журам” гуай. Үгүй бол тушаал биелүүлээгүйн төлөө цэргийн шүүхээр оруулна, гэхэд залуу офицер хөлстэй духаа үрчин, маш их сандарч байгаа нь илт болж:

– Мэдлээ гүйцэтгэе… гээд цэцэг барьсан хүүхдүүд рүү гүйж очоод тэндний дунд орж  чирэх шахам дагуулан явах замдаа хөгжимчдийг ахалж яваа нөхрийг бөгс рүү нь амбаардан бүгдийг хамаад шороо босгон арилж өгөв.

1934 онд Ардын хувьсгалын 13 жилийн ойгоор К-5 хэмээх ачааны 2 нисэх онгоц ЗХУ-аас бэлгэнд ирсэний нэг болох онгоц энэ чухал цагт олон улсын нислэг хийж байлаа. Монголын цэлмэг хөх тэнгэрт гарьд шувуу болон дүүлж олон бахдам гавъяа байгуулсан энэ онгоц одоо өвгөрчээ. Хэдий өвгөрсөн ч одоо ч үүргээ нэр төртэй биелүүлж байгаа онгоц зугуухан доошилсоор хүчтэй салхи татуулан, асар их шороо босгосоор газардлаа. Угтагсад бүгд л малгай толгойгоо дарж, нүүр нүдгүй бужигнах шорооноос нүдээ хамгаалан байдгаараа жартайж байсан ч чадах ядахаараа онгоц өөд харах гэж тэмүүлнэ. Пажигнаж пижигнэсэн их чимээ хэдэнтээ тасалдан онгоцны хүчирхэг мотор зогсож хаалга онгойв. Нисгэгч залуу гарч ирэн шатаа буулгаад өөрөө түрүүлэн инээд алдсаар бууж иртэл тэнд байсан хүмүүс түүнийг биш онгорхой хаалгаа өдөө тас ширтэцгээнэ. Тэндээс хэн ч бууж ирсэнгүй хэн ч үзэгдсэнгүй. Хоосон онгоц ирсэн байх гэмээр хачин ажин түжин ноёлов. Хаалгаар хэн ч гарч ирсэнгүй, мөн л хэсэг хугацаа өнгөрөхөд гайхсан нисгэгч буцаад онгоц руу дэгдэн орлоо.

Төд удалгүй нисгэгч мөн л өмнөх шигээ инээд алдан гарч ирлээ. Харин энэ удаа түүний араас үхтэл айсан, үл итгэсэн, нэг нэгнээ бараадаж бөөгнөрч шавсан, нүдэндээ дүүрэн нулимстай хүүхдүүд цувран гарч ирсэнээ, мөн л гацаад зогсчихов. Хүүхдүүдийн араас түрж нэг, түлхэж нэг үзсээр ямар нэг зүйл харь хэлээр хэлсээр нэгэн солонгос эрэгтэй сандчина. Тэрээр нэгэн зүйл бараг л орилох шахам хэлэхэд бүгд шат руу уруудан болгоомжтой бууцгаав. Тэд ямар нэг зүйл чангахан дуугарахад бүгд онгоц руу буцаад ороход бэлэн нилээн удаанаар доошилно. Аймшигт, цуст дайны хөлд нэрвэгдэж зовлонгийн туйлыг биеэр үзэж мэдсэн бяцхан үрс онгоцны шатны өмнө талд ирсэн ч, бас л бөөгнөрөн зогсов. Угтах гэж ирэгсэд ч яг ийм үед чухам яах учраа олж ядан хүүхдүүд өөд гайхан харцгаана. Зарим нэг бүсгүйчүүд нь тэднийг хараад өр нь өвдөж, чимээгүйхэн нулимсаа арчих харагдав.

 

*           *           *

 

Монгол улс. Улаанбаатар хот. Зайсан дахь асрах газар.

Хаалга хүчтэй нээгдэн хамрын үзүүр, духаар нь хөлс бурзайсан хоёр хацар нь улайж үл мэдэг сайр болсон хөөрхөн бор хүү сандран гүйн орж ирээд:

– Ээж ээ… Долгор эгч ээ. Нөгөө гадаад хүмүүс ирлээ хэмээн хэлж өрөө бүрийн хаалга татан гүйнэ.

Холтостой хар модон шургаагаар уйгагүй барьсан урт хашааны наад үзүүрт манаачийн өндөр шовгор байх агаад, түүний дор байх том дааман хаалгаар хоёр орны гэрээгээр дайнаас дүрвэж ирсэн, 200 шахам өнчин хүүхдийг ачсан эхний ээлжийн автобуснууд орж ирэн эгнэж зогслоо. Онгоцноос буусан байдлаа бодвол арай л айх аюул бага гэдэгт итгэж эхэлсэн хүүхдүүд энэ удаа бөөгнөрч айх, гайхах байдал нь өөр болжээ. Орчуулагч залуу хүүхдүүдийг эгнээнд оруулан жагсаана. Байрны өмнө талбайд баруун гараараа нар халхлан харж зогсох монгол багш дээр офицер дөхөж ирээд:

– За багш аа хүүхдүүдээ хүлээж ав даа хэмээгээд хавтастай бичиг баримт дэлгэн үзүүлэнгээ:

– Захирал багш аа гээд, хармаанаасаа хайрцагтай тамхи гарган асаана. Цэрмаа түүнийг тамхи татахаа боль гэж анхааруулаад “Би захирал багш бишээ” гэхэд Долгор цаанаас инээд алдан их л шалмаг гэгч нь алхаж ирээд:

– Би захирал нь байна гэж хавтсыг нь авлаа.

Энэ үед Зайсан толгойн хойгуур захлан баруун зүгт шуудангийн АН-2 ногоон онгоц их чимээ гарган өнгөрөх тэрхэн зуур талбайн захад жагсаж ядаж байсан хүүхдүүд гэв гэнэт учиргүй орилолдон уйлж хашгирсаар тал тал тийшээ бутран зугтааж хаана ч хамаагүй тэрий хадан унаж газраар хэвтэж нуугдах газраа олж ядан бөөн үймээн боллоо.  Багш нар энэ байдлыг харан яах учраа олохгүй мөн л сандралдана.

flash back \Дайны дурсамж харагдана\

 

*             *             *

Хэтэрхий нялх балчир насандаа үнэхээр ахадсан хүнд зовлонг туулж энд ирсэн харь орны өнчин балчир хүүхдүүдэд Монгол түмэн өгөөмөр, тусч зангаа дэлгэж буй нь тэднийг ирэхэд хүлээн авч байгаа нь бүгдээс тодорхой харагдах ажээ. Цэвэрхэн зассан хоолны ширээнүүд дээр төмөр тавганд халуун хоол уур савсуулан байна.  Будаа, ногоог шаазан аяганд хийж савхдаж идэхийг л мэдэх тэд төмөр тавагтай Монгол хоол руу гайхан бие биеэ харна. Цэрмаа сүүлийн ширээнд хоол аягалан нэгэн охины дэргэд ирэхэд нөгөө охин хоёр гардан авахад охины зүүн гар нь бугуйгаараа тайрагдсан байлаа.  Цэрмаа дотор агзас хийж цочсон ч биеэ барин охины толгойг хайрлангуй илээд цааш явахдаа нүднээсээ урсах нулимсаа сэм арчив.

Цэрмаа орчуулагч багшид хоол өгөнгөө  Долгор багшид хандаж:

– Хүүхдүүд хоолоо идэхгүй байна одоо яадаг билээ.

– Бидний бүх зүйл хүүхдүүдэд шинэ байгаа. Тэгэхээр хурдан л дасгах хэрэгтэй. Тэр хоёрын яриаг байгаа байдлаас ойлгосон  орчуулагч багш хүүхдүүдэд хандан:

– Хүүхдүүдээ энэ бол маш амттай хоол тул та нар идэх хэрэгтэй. Та нар хоол идэж байж хүч тамиртай, эрүүл байна шүү дээ. Намайг хараарай хүүхдүүд ээ  хэмээн шулганан хэлээд, хэдийгээр өөрт нь ч таалагдахгүй байгаа хэтэрхий хурц үнэртэй, мах ихтэй хоолыг амтархан идэж үзүүлэв. Хүүхдүүд багшийгаа хэсэг харж сууснаа, энд тэнд ганц нэгээрээ түүнийг дуурайн бага багаар идэж эхэлсэн ч, махны хурц үнэр нь тэдэнд өмхий санагдаж зарим нэг нь ярвайж харагдав.

Ээж дүү хоёроо гүүрэн дээрхи бөмбөгдөлтөнд алдаж, хагацлын хар лайд унасан Пак Сул хүү мухар гарт охинд ойр байж сэтгэлээ бага ч гэсэн тайтгаруулж байлаа. Тэрээр охиныг харж сууснаа өмнөх хоолоо идэж чадахгүй байгааг хараад өөрийнхөө талхыг түүнд  өгөв. Охин түүнийг  аван талархан инээмсэглээд амтархан идэж эхлэв.

Пак Сул хүүг өмнөдийн гэсэн тэмдэгтэй цамцаа тайлж усанд шидэхээс эхлэн ажиглаж байсан Ан Жэй охин гэнэт босон өмнөдийн хүүхдүүдийн дунд суугаа мухар гарт охиныг гараас нь шүүрэн авч дэргэдээ суулгав. Дүүгээ санах бэтгэрч байгаа сэтгэлээ мухар гарт охинооор нимгэлж байсан Пак Сул хүү эхлээд гайхаж байснаа Ан Жэйд хандан:

– Хөөе чи яагаад зүгээр сууж байгаа хүүхэд авч яваад байна.

– Муусайн өмнөдийнхөн та нар энд байх ёсгүй гэж хашгирав. Хүүхдүүдийн шуугих чимээнээр орчуулагч багш хагас босон төмөр аягаа халбагаараа нүдэж хүүхдүүдийн шуугианыг намсгаад:

– Больцгоо. Та нар соёлтой байцгаагаач. Бид Гадаад Монгол улсад байна хэмээн зандраад, Монгол багш нарын өмнө тонголзон уучлал эрэв. Хүүхдүүд орчуулагч багш болон Монгол багш нарын харж байгааг ч үл тоон пир хийтэл босч Пак Сул, Тэ Сун нарын дэргэд хэсэг хүүхэд үлдэж бусад нь Ан Жэй охины дэргэд ирж хоёр хуваагдан сууцгаалаа.

Үзэл суртал гэж энэ байлаа. Нусаа ч арчиж мэдэхгүй бяцхан үрс нь хүртэл Өмнөд, Хойд гэж хуваагдсан энэ байдлыг Монгол багш нар битгий хэл дэлхий ч гайхан харж байсан цаг сан…

One thought on “Хүн эцсийн амьсгалаа хураахын цагт хоёрхон зүйлийг харахыг чин зүрхнээсээ хүсэн тэмүүлдэг…

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага