Ц.ЦОГЗОЛМАА: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2018 оны Novemberын 22

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

/БСШУС-ын сайдын мэндчилгээ/

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэнд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
2018 он нь тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлан хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болж, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам, Гарааны компанийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газраар батлууллаа. Эдгээр журам хэрэгжсэнээр инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, татварын суурийг бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил авчрах юм.
Үндэсний инновацийн шагнал олгох эрх зүйн орчинг шинээр бүрдүүлж, шагналын анхны эздийг тодрууллаа. Энэ нь шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжсэн, бизнес эрхлэгчдийг шинэ амжилтанд уриалсан арга хэмжээ болсон. 


Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх талаар төрөөс дэвшүүлсэн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон болон шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогч Та бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, бүтээлч санаачилга бүхнээс чухал болохыг онцлон тэмдэглэе.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамт олон, бидэнтэй хамтран зүтгэгчид болон инноваци, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэгч бизнесменүүд, шинэ сэтгэлгээний соргог мэдрэмжтэй монголын нийт ард түмэндээ баярын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Эрдэм номын хур ашид арвижих болтугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,
СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

One thought on “Ц.ЦОГЗОЛМАА: ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

  1. Бат

    Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага