Номоороо амьдралыг “зөөллөсөн” зохиолч ээж
2018 оны Novemberын 27

Хүүхдээ өсгөхийн хажуугаар бичил бизнес эрхлэхээс эхлээд гэрээрээ, хувиараа бизнес хийдэгхөдөлмөрч эмэгтэйчүүдийг нийгэмд таниулах зорилготой “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” буланг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад зохиолч ээж М.Пүрэвмааг онцоллоо. Түүнийг цахим ертөнцийнхөн Dali jiguur хаягаар нь андахгүй. Тэрээр будаг нь ханхалсан шинэхэн номынхоо ажилд ороод тун завгүй байгаа юм. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Хүн бүхний оюунд гэгээлэг бодол төрүүлдэг тантай ярилцаж байгаадаа таатай байна. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Мээлсийн Пүрэвмаа гэдэг.  Овогоо сольсон болохоор уншигчид маань их гайхаад байх шиг байна. Олон жил бичиг баримтын асуудалтай байсан.  Саяхан аавынхаа нэрээр овоглож эхэллээ. Би 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Зүүнхараа хотод өсөж торнисон. 2005 онд Чингэлтэй дүүргийн 57, 2010 онд Чингис Соосэ  их  сургуулийг төгссөн. 2012 оноос эхлэн идэвхтэйгээр бичиж,  ном унших ажилдаа орсон. Их олон жилийн  турш ноорог, тэмдэглэл, бичих дадлыг өөрөө нухаж суралцаж явсаар 2015 оноос номуудаа эхнээс нь гаргаж эхэлсэн. Одооноос л  зохиолч гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж байх шиг байна.

-Эмэгтэй хүний амьдралын утга учрыг эх хүн болох гэж боддог юм. Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анх охиноо тэврээд ямар булцгар хацартай юм бэ бодсон. Дараа нь шууд хөлийг нь гаргаж үзсэн. Намайг тийрээд байдаг нөгөө жижигхэн хөл энэ байна гээд л. Өвөртөлж унтсан анхны шөнө харахаас хайр, инээд хүрээд баахан үнссэн. Өмнө нь яаж хүүхэдгүй амьдардаг байсан юм бол. Амьдрах  гэж  өдөр хоног дамжиж явжээ гэх мэт сонин бодол төрсөн шүү.  Би өөрөө дахин төрсөн мэт сайхан мэдрэмж төрж, дэндүү их урам зоригтой болсон доо.

Ээж болохоор илүү их хариуцлага нэмэгддэг. Та хэр хариуцлагатай ээж вэ?

-Миний аав, ээж намайг багаас минь их хариуцлагатай хүн болгож өсгөсөн. Тиймээс би амьдралд тулгарсан саад давааг түүртэлгүй давсан гэж боддог. Цэцэрлэгт байх цагаасаа өөрийн гэсэн бүхэндээ цэвэрч нямбай хариуцлагатай ханддаг байсан. Гэхдээ энэ бүхэн төдийгөөс өдий болтол зөвхөн өөртөө анхаарах хариуцлага байж. Харин одоо бол тэс өөр хариуцлага иржээ. Цагаа хэр зөв зохицуулахаас эхлэн миний охины хооллох горим, хамар нь нустай, ханиад хүрэхгүй байх зэрэг шалтгаалах учраас хоногийн 24 цагийг аль болох зөв өнгөрүүлэхийг хичээдэг болсон. Гэхдээ л чамладаг шүү. Заримдаа фэйсбүүк ухаж хэрэгтэй хэрэггүй юм уншина. Дор хаяж нэг цагийг зориулсан байх жишээтэй. Дараа нь юу уншлаа хэрэгтэй зүйл байсан билүү гэж бодоход огт хэрэггүй  байх жишээтэй.

Би ч бас эх хүн.  Хорвоогийн хамгийн их аз жаргал үе хүүхдээ хараад гэртээ байх хугацаа юм шиг санагддаг. Инээх, уйлах, суух, мөлхөх, алхах ер нь үйлдэл бүрийн хараад л аз жаргалыг мэдэрч, эрч хүчээр цэнэглэгддэг. Хүүхдийнхээ үйлдлийг хараад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Мэдээж хүүхэдтэйгээ өнгөрүүлэх хугацаа бол гайхалтай. Шинээр сурсан бүхнийг нь бахдаж харна, эгдүү хүрнэ. Хамтдаа эрхлээд л байна. Одооноос боловсрол хүмүүжлийг нь ямар байлгах уу гэх мэт зүйлийг төлөвлөөд эхэлсэн. Охиныхоо хөдөлгөөн бүрийг ажиглаж, нэг зүйл хийхэд нь  хүүхэд шиг баярлаж суухдаа надад гэнэт нэг их таагүй бодол төрсөн. Голоо таслан байж төрүүлсэн ийм хөөрхөн хүүхдээ орхиод явдаг ээж, аав нарыг гайхаж цөхсөн. Аав бол яах вэ голоо тасалж амиа хувааж төрүүлээгүй болохоор хаяад явдаг нь байдаг ч хөхнөөс нь сүү асгарсаар байтал хүүхдээ орхиод явах эхчүүдийг ер ойлгодоггүй.  Асрамжийн газрын бичлэг үзсэн. Миний охин шиг нялх хүүхдүүд орон дээр хэвтэж байх юм. Шөнөжин хучлагаа тийрээд хаясан ч, хэн ч хучихгүй, энгэрт нь наалдаж хөхөө хөхгүй, өдөржин хэн ч тэврэхгүй. Энэ мэдрэмжээсээ болоод би шинэ номоо  хүүхдийн сэтгэхгүйхээр орчлонг харж бичсэн. Үүнээс ч илүүг бичих хэрэгтэйг ойлгож байгаа.

-Таныг оюунлаг эрч хүчтэй, эерэг энерги цацруулсан ээж гэдэгтэй монголын ард түмэн санал нийлнэ. Хүүхдээ харахынхаа хажуугаар олон нийтийн оюунд ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?

-“Сайн уу найз минь” гээд шинэ номоо жирэмсэн байхдаа ноорогоо бичээд охиноо гурван сар хүргээд эргэж ажиллаад сая есдүгээр сард уншигчдадаа хүргэсэн. Одоо дахиад ном бичих төлөвлөгөө  байна. Санаа болон ерөнхий дүрслэлээ олон жил бодож явсан болохоор одоо суугаад бичихэд зовох юм алга. Даанч охин мөлхөөд үймүүлээд байгаа болохоор араас нь хөөцөлдөөд ер зав гарахгүй юм. Шинэ уран бүтээл маань гадаадад амьдардаг монголчуудын амьдралын талаар бичнэ. Ялангуяа хүүхдээ орхиод явсан эх хүний сэтгэл зүрх хийгээд энд үлдсэн хүүхдийн амьдрал ганцаардлыг илүү харуулахыг зорьж байна. Энэ чинь эмгэнэл шүү дээ. Улс орны арчаагүй байдлаас болж нялх хүүхдээ орхиод мөнгөний төлөө явж буй ээжид ямар ч буруу байхгүй. Жишээ нь япон, солонгост хүүхэд төрүүлсэн бол тэр ээж ажлаасаа гарч гэртээ байх ёстой. Хүүхдээ л улс орондоо хэрэгтэй сайн иргэн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг юм билээ. Гэтэл манай улсад ээжүүд талх, . Надад олон тийм гашуун түүх, дурсамжуудаа дэлгэсэн ээж нар байна. Гэхдээ эцсийн бүлэгт эх үрсүүд уулзаж буйгаар бичих ч энэ хооронд юу болдог, ямар том  орон зай үлддэгийг харуулахыг хүсэж байна.

– Ном бичих ажлаа хэрхэн яаж зохицуулж байна вэ?

-Охиноо гурван сар хүргээд ажилдаа ороход зун байсан тул гэрийхэн маань ихэнхдээ аваад гадаа байдаг байлаа. Агаарт унтах хооронд нь би ажлаа хийнэ. Мөөмөө идэх гэж орж ирнэ. Ёстой амар байж. Оройн зургаан цаг гэхэд би ажлаа зогсооно. Ер нь хэзээ ч оройн зургаан цагаас хойш би уншиж, бичдэггүй зарчимтай. Харин одоо яаж ажиллахаа сайн төлөвлөөгүй байна. Гэхдээ тархи толгой бүр  бичих ажилдаа орох гээд яараад гар загатнаад л байна. Ямар ч байсан энэ шинэ номын ажилдаа зориулж удахгүй зохицуулалт хийнэ дээ.

 -Таны номыг ихэвчлэн эмэгтэй хүмүүс уншдаг юм шиг санагддаг. “Нэг тийм гэгээлэг хэрнээ хөнгөн гуниг төрүүлчмээр ч юм шиг, эсвэл догдлоод уншдаг шдээ” гэж таны номыг байнга уншдаг бүсгүй хэлж байсан?

-Баярлалаа. Миний номын уншигчдын дийлэнх нь охид бүсгүйчүүд байдаг. Би өөрөө харьцангуй залуу үедээ гэнэн бөгөөд ямар ч эмээх айдасгүйгээр өөрийн дотоод ертөнцөө ухаж гаргаж бичсэн нь охид бүсгүйчүүдийн загатнасан газар нь маажсан болов уу гэж боддог юм.  Охидын гэнэ цагаан сэтгэл, юу хүсч мөрөөддөг, хэрхэн ганцаардаж шаналдаг талаар бичсэн.  Гэтэл би номондоо ганцхан өөрийн үзэл бодол  дотоод  мөн чанараа бичсэн байдаг ч уншсан бүх охид яг л намайг бичсэн юм шиг, яг л миний дотоод хүнийг сэрээх мэт, зөвхөн надад зориулсан мэт  санагдлаа гэх нь олон байдаг.

-Нэг үеэ бодоход ээжүүд мундаг болчихсон юм шиг санагддаг. Хүүхдээ харж байгаач өөрийн гэсэн орлого олдог олон ээж байна. Та ээжүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Хийж чаддаг ажлаа төгс хийдэг хүн гэртээ байсан ч өөрийг нь хүмүүс хайж ирдэг. Салбартаа номер нэг  хүн хэзээ ч орлогогүй сууна гэж байхгүй. Би завгүй ээ л гээд байхад хүмүүсээс таны тухай сонслоо та л энэ ажлыг хамгийн сайн хийдэг гэнэ гээд ирээд шалахад хүн хүссэн цалингаа нэхнэ биздээ. Ийм ээж нар зөндөө бий. Муухан эрээс дээр орлоготой ээж нараар бол бахархдаг.

 -Та ч бас хүүхдээ харангаа орлого олдог ээжүүдийн нэг. Номноосоо хэр их ашиг олдог вэ?

-Харсан болгоноо авах хэмжээнд биш ч хангалттай сайхан амьдардаг. Тогтмол орлого гэвэл дундаж цалингаас арай дээгүүр гэж болно. Мэдээж үүнд хэвлэлийн зардал, татвар зэргээ хасаад цэвэр тооцоогоор бодоход. Яг одоо би энд юу ч хийхгүй сууж байхад тэнд миний орлого  бага ч гэсэн өдөр тутам нэмэгдэж байна. Энэ хэмжээнд хүрэх гэж би олон жилийн турш ямар ч цалингүй өдөрт 8-10 цаг ажилласан байна. Одоогоор үр дүн тун дажгүй гэхдээ би дөнгөж 31-хэн настай залуу байна. Цаашид юу болохыг хэр хэмжээнд хүрэхийг төсөөлшгүй. Бас ажил дөнгөж эхэлж байна.

-Хүмүүс зохиолч, яруу найрагч бүсгүйчүүдийг үргэлж юм бичээд суудаг гэсэн ойлголттой байдаг, Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Нэг хэсэг бол байнга бичсэн. Гурван жилийн турш ямар ч амралтгүй бичдэг байсан. Тэгж байж өөртөө бичих дадал, чадварыг суулгасан. Бас уран зохиолтой танилцсан. Ядаж л бичихгүй үедээ уншдаг. Хорвоо дэлхийн бүх л номыг унших ёстой юм шиг уншина. Унших тусам өөртөө дүгнэлт хийж хөгждөг. Оюун ухаан асар их тэлэгддэг. Охин маань өглөө 9 цагт сэрнэ. Хооллож ундлах, угааж арчих гээд  өдөр болно. Унтах хооронд нь гялс ном уншиж эсвэл жаахан ч гэсэн юм бичиж амждаг.  Сэрээд дахиад л хооллож ундлах, угааж арчих ажил өрнөдөг.  Орой 10 цагт унтахад нь  дахиад жаахан уншина. Уншихгүй бол хорвоо ертөнцөөс хоцорчих гээд байна шүү дээ. Харин шөнийн цагаар би хэзээ ч уншиж, бичдэггүй. Тархи амрах ёстой цаг тул өөрийгөө хүчилдэггүй.

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

-Хайрлах хүн, хийх ажил, эрүүл саруул амьдралыг хэлнэ байх.

-Та Монгол Улсын иргэн залуу үеийн төлөөлөл, ээж хүн. Өнөөгийн нийгмийг хэрхэн дүгнэж хардаг вэ?

-Ээж хүн болохоосоо өмнө залуус  боловсрол, ном эрдэмд их шамдаж байгаагаар нь бахархдаг байлаа. Ер нь  бол болж бүтэхгүй талын олж хардаггүй байжээ. Гэтэл  одоо ээж хүн болоод энэ олон хүүхдүүд өнчирч үлдэж байгаад, гэр бүл салж байгаад., хүүхдээ өсгөхийн тулд харь улс руу зорьж буй олон зуун эцэг эхчүүдийг хараад  зүрх сэтгэл шимширдэг. Эх үрийг салгах шалтгааныг бий болгож буй энэ нийгэмд гомдож байна.

-Будаг нь ханхалсан шинэ номоо өлгийдөн авахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би өмнөхөө давж чадсан болов уу. Уншигчид маань хэрхэн дүгнэх бол гэж боддог. Ер нь бол их эмээнгүй, санаа зовсон байдалтайгаар номоо уншигчдадаа өгдөг. Тэгээд эхний сэтгэгдэл  эерэг ирэхэд сая нэг амьсгаа авдаг. Түүнээс биш хэзээ ч би чадлаа гэсэн баярлаж хөөрсөн байдалтай байж үзсэнгүй. Арван жилийн дараа л тийм болно байх.

-Интернэт орчин хөгжөөд ном унших хүний тоо буурч байна гэдэг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Харин ч интернет орчноо дагаад хүмүүс ном уншаад байна гэж харж байна. Хэн нэгэн нь миний номны тухай пост гаргажээ. Ёстой гоё ном гээд нөгөө найзууд нь хараад дуурайж авдаг. Үеийн найзууд нь ном уншаад гоё сэтгэгдэл гаргаад байхад би яагаад болохгүй гэж хор шарандаа ч юм уу ном уншаад байна гэж харсан. Эсвэл би буруу дүгнээд байна уу. Харин ч нэг нэгнээ өдөөгөөд байна.

-Таны бүтээлийг дэмждэг шүүмжилдэг үргэлж зөвлөгөө өгдөг зохиолч бий юу?

-Миний редактор Ч.Наранцэцэг эгч маань миний чигийг гаргаж өгдөг. Болж бүтэхгүй байгааг болж бүтэж байгааг, дараагийн удаад юун дээр анхаарах зэргийг зөвлөдөг. Насаараа редактор хийсэн хариуцлагатай хүн тул зохиолчдоос дутахгүй уран зохиолын мэдрэмжтэй хүн шиг санагддаг. Зохиолч Шүүдэрцэцэг эгч маань бол харин ч түс тас хэлнэ. Их шударга бас өөриймсөг ханддагт нь баярладаг.  Эхлээд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Магадгүй таван жилийн дараа ч юм арай гэж шүүмжлүүлэх эрхтэй болох байх.

-Ном бол оюуны эм. Та номоо бичихдээ олон төрлийн ном уншиж судалгааны ажил хийсний үндсэн дээр бичдэг үү. Хүмүүс шууд зохиогоод бичдэг гэж ойлгох нь бий?

-“Манго жимстэй цай” ном бол үр хөндөлтийг эсрэг гэж бичигдсэн. Энэ үүргээ ч сайн биелүүлж уншсан охид бүсгүйчүүд маань энэ аюулыг ийм ойлгомжтойгоор ойлгуулсанд баярлалаа гэдэг. Энэ номоо бичих гэж би судалгаа хийж үзсэн. Маш аймшигтай тоо баримт харж байлаа. “Цэцгэн титэм” ном бол загварын ертөнцийн тухайд дурдаг. Загвар өмсөгчид бол хөнгөмсөг гэх мэт муу нэр байдаг даа. Муу ч байна сайн ч байна гэж тэнцүүлж бичсэн. Би өөрөө энэ ертөнцөд 5, 6 жил ороод судалсан учраас бичихэд бодитой болж байгаа юм. Гэх мэтээр өөрийн үзэж туулснаа баяжуулаад уран зохиолын хэтрүүлэгт оруулаад л бичнэ дээ. Ядаж л хөндлөнгөөс харсан амьдралыг бичнэ. Шууд зохиохын тулд ямар нэг суурь ойлголт байх хэрэгтэй.

-Номоо бодит амьдралаас сэдэвлэн бүтээдэг үү?

-“Сахиусан тэнгэрүүд” бол бодит амьдралаас сэдэвлэсэн. Ер нь бүгд бодит амьдралаас сэдэвлэж бүтээгдсэн. Үр хөндөлт бодит амьдрал тийм үү. Бүр анх хүүхдийн уран зохиолын ном бичиж байсан.Тэр маань л өөр байх. Сүүлд бичсэн “Сайн уу найз минь” номонд жишээ нь хорт хавдартай охины тухай гарна. Найзынхаа гэгээн дурсгалд зориулсан. Хөндлөнгөөс харж суусан амьдралыг бичсэн. Чернобилийн хайр дурлал гээд тууж байна. Тэр бас бодит амьдрал. Зохиолч хүнийг зовж, туул дараа нь хүмүүст үнэнийг бич гэсэн шиг бурхан ханддаг байх гэж боддог. Эргэн тойронд юу болж байна түүнийг л мэдэрч бичнэ дээ. Тэр нь ч уншигчдад ойр, дотно санагддаг юм билээ.

С.Ичинхорлоо

2 thoughts on “Номоороо амьдралыг “зөөллөсөн” зохиолч ээж

  1. Уншигч

    Сүүг уудаг. Мөөмөө идэх гэж бичиж байгаа хүнтэй юу ярих вэ. Хүүхэд мөөмөө хөхдөг.

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага