Мөнгөний бодлогын мэдэгдэл
2018 оны Novemberын 27

 

 

Бодлогын хүүг өсгөх тухай

Дугаар: 2018/04

Огноо:  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны ээлжит бус хурлаар Бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна. Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байна.

Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж байна. Иймд, Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжилийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.

Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргалаа.

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

 

Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал – 2018.11.27

Мөнгөний бодлогын хороо 2018.11.27-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Tuesday, November 27, 2018

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээ
Эдийн засаг
Ярилцлага